Нийтлэл 10 сарын 23, 2015

Д.Оюунсүрэн : Монгол улс эрүүдэн шүүхийн хэргийг мөрдөн шалгах бие даасан механизм бий болгох үүрэг хүлээсэн

Монгол телевизийн “Наашаа цаашаа” нэвтрүүлэгт Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа, Монгол эмнести интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн багш Д.Оюунсүрэн нар оролцож эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал, түүнийг тойрсон сэдвээр ярилцсан байна. Тэдний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрүүдэн шүүлтийн талаар ярихдаа эхлээд эрүүдэн шүүлт гэж яг юуг хэлээд байна вэ гэдгийг мэдэх нь зүйтэй байх.

Б.Батаа : Хүмүүс эрүү шүүлт гэхээр бид нарт хамгийн ойр байдаг “Ард Аюуш” кинон дээр гардаг шиг бие махбодыг шаналган зовоож тарчлаасан үйлдэл гэж ойлгодог. Гэтэл Эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн конвенц гэж байдаг. НҮБ хамгийн анх 1984 онд энэ конвенцыг батлан гаргаад 1987 онд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон. Монгол улс үүнд 2000 онд нэгдэж орсон.Уг конвенцын нэгдүгээр зүйл дээр эрүү шүүлт гэж юу юм бэ гэдгийг хамгийн өргөн утгаар тайлбарласан байдаг.

Үүнд :

Эрүүдэн шүүлтийг үйлдлийн шинжээр нь авч үзвэл биемахбодын болон сэтгэл санааны шаналал зовлон учруулсан хууль бус аливаа үйлдлийг хэлж байгаа юм.

Энэ асуудал хэнд хамаатай юм бэ гэхээр төрийн албан хаагч буюу төрийн эрх мэдэл бүхий хүн өөрөө эсвэл өөр бусдаар дамжуулан энэ үйлдлийг хийсэн хүнд хамаатай.

Үүнд өртөх эрсдэл бүхий хүмүүс нь тэдний эршээлд байгаа буюу аливаа нууц мэдээ сэлтийг мэдэж байгаа сэрдэгдэж байгаа хүн юм.

Ямар зорилгоор эрүүдэн шүүлт хийдэг вэ гэхээр тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авах, мэдээ сэлт гаргуулж авах зорилготой хүмүүс хийдэг.

Энэ өргөн утгатай ойлголтыг л эрүүдэн шүүлт гээд байгаа юм. Гэхдээ конвенцоор бас нэг зүйлийг онцолсон байгаа нь хууль ёсны дагуу хүлээлгэж байгаа сахилга шийтгэлийн улмаас үүсч байгаа шаналал зовлонг эрүү шүүлтэд хамааруулахгүй гэж заасан байдаг. Жишээлбэл гэмт хуулт ёсны дагуу буруутайг нь шүүхээр тогтоогоод хорих ял оногдуулахад хэнд ч таатай байхгүй. Мэдээж тэрний улмаас шаналал зовлон, сэтгэл санааны дарамт учирсаныг эрүү шүүлт гэж үзэхгүй.

Тэгвэл манай улсад эрүүдэн шүүлт байгаа юу ?

Б.Батаа : Монгол Улсын Хүний эрхийн комисс УИХ-д жилд бүр илтгэл өргөн барьдаг. Жил бүр өргөн барьдаг энэ илтгэл дээр эрүү шүүлтийн асуудлыг заавал тусгаж байгаа. Монгол улсад эрүү шүүлт байгаа гэдгийг 2005 онд хүний эрхийн үндэсний комисс үндэсний хэмжээнд нээлттэй хяналт шалгалт хийсэн байдаг. УИХ-аар бүтэн хоёр өдөр хэлэлцүүлээд тогтоол гаргуулж байсан. Тэгэхээр тэр тогтоолын үр дүн үндсэндээ Монгол улсад эрүү шүүлт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Эрүү шүүлтийг нөхцөлийн эрүү шүүлт, биемахбодын эрүү шүүлт, сэтгэл санааны эрүү шүүлт гээд дотор нь ангилдаг. Үүнээс гадна манайд төдийлөн байдаггүй ОУ-ын төвшинд яригддаг эмнэлгийн эрүү шүүлт гэж байдаг.

Эмнести интернэшнл байгууллагын хувьд хүний эрхийн олон үйл ажиллагаан дээр ажилладаг. Яг одоо эрүү шүүлтийн асуудал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

Д.Оюунсүрэн : Эмнести интернэшнл байгууллага нь та бүхний ярьсан НҮБ-ын эрүү шүүлтийн эсрэг конвенцын 1984 онд анх батлагдахад нь оройлон оролцсон гол байгууллага юм. Өнгөрсөн жил буюу 2014 онд дэлхий нийтээр эрүү шүүлтийн эсрэг том компанит ажлыг эхлүүлсэн. Яагаад гэхээр эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын конвенц батлагдаад 30 жил болсон боловч эрүүдэн шүүлт дэлхий нийтэд байсаар байна. Тийм учраас улс орнууд конвенцод нэгдэн орсноороо эрүү шүүлтийг устгах, байхгүй болгох, урьдчилан сэргийлэх, эрүү шүүлт үйлдсэн гэмт эмтгээдүүдэд хариуцлага оноох үүрэг амлалтыг авч байгаа юм. Тэр амлалтаа биелүүлэхгүй байна гээд томоохон компанит ажлыг эхлүүлсэн.

Тэр тусмаа Монголд 15 жил өнгөрсөн ч гэсэн 710 гаруй эрүүдэн шүүлттэй холбоотой гомдол ирчихлээ гээд байна. Танай байгууллага үүнийг яаж харж байна вэ?

Д.Оюунсүрэн : НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг гэж байдаг. Тэр дүгнэлт хэлэлцүүлэгт манай байгууллагын зүгээс хөндлөнгийн илтгэл оруулдаг. Энэ илтгэл дээрээ ямар зөвлөмж өгсөн бэ гэхээр 2014 оны нэг сард Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан байдаг. Энэ байгууллага нь эрүүдэн шүүх гэмт хэрэгтээ холбоотой асуудлыг мөрдөн шалгах үүрэгтэй байсан. Гэтэл энэ байгууллагыг татан буулгаад чиг үүргийг нь АТГ руу шилжүүлсэн гэдэг боловч яг үнэндээ бүтэн жилийн хугацаанд эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцох асуудал бүрхэг үлдчихсэн байгаа юм. Тэгэхээр манай байгууллага энэ асуудал дээр Монгол улсад эрүүдэн шүүхийн гэмт хэргийг мөрдөн шалгах, зөрчигчдөд хариуцлага оноох бие даасан механизм бий болгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгөөд байгаа. Манай байгууллага яг хэдэн эрүүдэн шүүсэн хэрэг байна гэдэг дээр судалгаа хийдэггүй. Харин хүний эрхийн үндэсний комисс энэ тал дээр дэлгэрэнгүй судалгаа хийдэг.

Гомдлууд ирсээр байгаа. Гэхдээ эдгээр гомдлуудаас харахад хүний эрхийн талаасаа ямар ямар эрхүүд нь зөрчигдөөд байгаа юм бол ? Яагаад зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм ?

Б.Батаа : Түрүүн хэлсэнчлэн УИХ-д хамгийн сүүлд өргөн барьсан илтгэлдээ хэд хэдэн зүйлийг онцолсон байгаа. Биемахбодын эрүү шүүлт бол угаасаа ойлгомжтой зодож, цохиж биед нь халдаж байгаа үйлдэл. Гэтэл сэтгэл санааны эрүү шүүлтэд айлган сүрдүүлэх,дарамтлах, дарамтад байлгах,хясан боогдуулах гэсэн үйлдлүүдийг оруулдаг. Жишээлбэл, цагдан хоригдож байгаа хүний эргэлт уулзалт авах эрхийг нь хязгаарладаг. Чамайг ингээд хэлчих юм бол, эсвэл чамайг энэ асуудлаа ярьчих юм бол бид нар эргэлтийг чинь өгье гэж ярих ч юм уу. Эсвэл чамайг ийм байх юм бол эргэлт өгөхгүй ч гэдэг юм уу. Нэг бол хясан боогдуулах, нэг бол болзол тавих хэлбэрээр эрүүдэн шүүлт байж байх жишээтэй.

Эсвэл цагдан хорих байр шилжүүлэх, дамжуулах асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчөөсөө туслалцаа авах боломжийг нь тодорхой хэмжээгээр саармагжуулдаг. Дээрээс нь гэр бүлийн гишүүд нь түүнтэй уулзах, тэр хүн ч гэсэн гэр бүлийн гишүүдтэйгээ уулзах эрхийг нь алдагдуулаад байдаг. Үүнээс болоод гэр бүлд нь хүндрэл учирдаг. Жишээлбэл, 461 буюу Улаанбаатар хотод байрлаж байгаа цагдан хорих төвөөс Төв аймаг руу, Зүүнхараа руу, Дархан, Сэлэнгэ гээд шилжүүлээд байвал ар гэрийнхэн нь дагаад явахаас өөр аргагүй болж байгаа юм. Мэдээж хэрэг гэр бүлийн хэн нэг нь цагдан хоригдсон тохиолдолд буруутай эсэхээс үл хамаараад яалт ч үгүй хойноос нь хөөцөөлдөөд явдаг.

Мэдээж эрүүдэн шүүх янз янзын арга байдаг байх л даа. Манайд яг аль арга нь дийлэнх гэдэг юм уу эсвэл сүүлийн үед хүчтэй явагдаж байна вэ ?

Б.Батаа : 2014 оноор авч үзэхэд эрүүдэн шүүлттэй холбоотой 710 гаруй гомдол санал ирсэн байгаа. 2015 оны буюу яг өнөөдрийн байдлаар 549 гомдол бүртгэлтэй байна. Хаанаас гомдол ирж байна вэ гэхээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан цагдан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсвэл хорих ял эдэлж байгаа ялтнаас ирээд байна. Ялангуяа цагдан хоригдож байгаа хүнээс дийлэнх гомдол ирж байна. тэр хүмүүсийн ихэнх нь хэргийн талаар ярьдаг. Түүнийг нь бид хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл би энэ хэрэгт буруутай, буруугүй гэсэн асуудлыг ярьдаг. Үүнийг шүүх шийддэг учраас бид оролцдоггүй. Харин шүүх гэм буруугүй гээд цагаатгасан тохиолдолд тэр хүн төрөөс өөрт учруулсан хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй болдог.

Ямар асуудлыг хүлээж авдаг вэ гэхээр миний өмгөөлөгч авах эрхийг хязгаарлаад байна, эсвэл цагдан хорьсоноос болоод би эрүүл мэндээ хамгаалуулж чадахгүй болчихлоо, хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар хориод байна гэсэн асуудлаар ирсэн гомдлыг хүлээж авдаг.

Нэгэнт эрүүдэн шүүлт байна гэж үзэж байгаа гэж үзэж байгаа юм байна. Гэтэл яагаад энэ асуудал таслан зогсоогдож чадахгүй байгаа юм бол ? Эрх мэдлийн хүрээнд хэн энэ асуудал дээр шийдвэр гаргах юм бэ ?

Д.Оюунсүрэн : Энэ асуудал зөвхөн Монголын асуудал биш дэлхий даяар байдаг асуудал. Дээрээс нь эмнести интэрнешнл байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн дөрвөн улс тутмын 3-т нь эрүүдэн шүүлт ямар нэг байдлаар явагддаг гэсэн харамсалтай тоо баримт гарсан. Тийм ч учраас бид дэлхий нийтээр ЗГ, НҮБ-ын конвенцоор хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлээч, эрүүдэн шүүх явдлыг таслан зогсоогооч гэж уриалж байгаа. Зарим улсад эрүүдэн шүүлтийн ганц нэг тохиолдол гардаг бол зарим улсад бүр системтэйгээр байнга явагддаг. Үүнээс харахад итгэл үнэмшил, өөр үзэл бодолтой хүмүүс, үндэстний болон шашны цөөнх, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс эрүү шүүлтэд өртөх магадлал өндөр байдаг.

Та түрүүн яриандаа дурьдаж байсан. Эрүүдэн шүүлтэд хяналт тавих үүрэгтэй Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан гээд. Энэ албыг яагаад татан буулгах болов ? Цаг хугацааны хувьд яагаад тэр үед татан буулгав ? Эргүүлээд энэ албыг дахин сэргээх боломж яагаад гарахгүй байгаа юм бол ?

Д.Оюунсүрэн : Яг яагаад татан буулгасныг чуулганаар татан буулгах шийдвэр гаргасан хүмүүс л сайн мэдэж байгаа байх. Манай байгууллагын зүгээс ямар зөвлөмж өгөөд байна вэ гэхээр Эрүүдэн шүүлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага нь прокурорын дэргэд байна уу эсвэл тусдаа бие даасан байна уу, хүний эрхийн комиссд байна уу ямар ч байсан биеэ даасан хараат бус байгууллага байх ёстой. 2014 онд эрүүдэн шүүлтийн эсрэг нэмэлт протоколд Монгол улс нэгдэн орсон байгаа. Уг протоколоор нэгдэж орсон улс болгон эрүүдэн шүүхийн хэргийг мөрдөн шалгах бие даасан механизм бий болгох үүрэг хүлээсэн байгаа. Харамсалтай нь Монгол улсын ЗГ олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ өдий болтол биелүүлэхгүй яваад байна. Тэгэхээр манай улс 2012 оны 12 сард уг нэмэлт протоколд нэгдэж орсон гэтэл одоо болтол миний мэдэж байгаагаар ямар нэг шийдэлд хүрээгүй байна.

Сэжигтэнг удаан хугацаагаар хуульд заасан хугацааг нь хэтрүүж хорих тохиолдлууд ихээр гараад байна гэж хэлж байсан. Үүнийг тодруулбал ?

Б.Батаа : Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69-р зүйлийн 69.3-т сэжигтнийг яллагдагчаар хорьж, мөрдөх хугацааны хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тэр хязгаар нь хүндэвтэр хэрэг дээр 4 сар, хүнд хэрэг дээр 12 сар, онц хүнд хэрэг дээр 24 сар, шаардлагатай гэж үзвэл 6 сараар сунгадаг хуулийн зохицуулалттай. Гэтэл хүндэвтэр хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорьж шалгахдаа 4 сараас нь хэтрүүлж, үргэлжлүүлэн хориод шалгаад байдаг. Хууль эрхзүйн хувьд үүн дээр нэг шийдэл байгаад байгаа юм. Хэрэг шүүхэд шилжчихээр энэ хугацаа тоологдоно, тоологдохгүй гэсэн маргаан практикт байгаад байна. Өөрөөр хэлбэл яг 4 сарынх нь хугацаа дуусахаас өмнө прокурор шүүх рүү өгчихдөг. Тэгэнгүүт энэ шүүгдэгч болчихож байгаа юм чинь яллагдагчид хамаагүй гэсэн нэр томьёоны хэрэглээний зөрүү үүсээд байна.  Шүүгдэгч гэсэн статус энэ 69.3-р заалтад хамаарахгүй байна. Тиймээс наад хорьж цагдах хугацаа чинь манай шүүх дээр шилжээд ирчихсэн хүнд чинь хамаагүй. Харин шүүх дээр байж байгаад эргээд мөрдөн байцаалтад шилжвэл тэр хугацаа нь үргэлжлүүлээд тоологдоно. Ийм байдлаар тайлбарлаад зөрүү үүсгээд байдаг. Яг үнэндээ бол ямар статустай байхаас үл хамааран тэр субьектэд ижил нөлөө үзүүлж байх ёстой.

Иргэдийн хувьд эрүүдэн шүүлтийн тухай мэдээлэл дутмаг байгаад байна уу ? Илүү ойлголт төрүүлэх ёстой юм болов уу ?

Б.Батаа : Хамгийн том зөвлөгөө бол эхний ээлжинд хуулийн байгууллагатай холбогдох болж байгаа тохиолдолд бололцоотой бол хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч авах явдал юм. Өмгөөлөгч авах нь эрүүдэн шүүлтээс гарах хамгийн том гарц. Өмгөөлөгч авах бололцоогүй байгаа тохиолдолд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль байгаа. Тэр процесыг ашиглаж болно. Эхний ээлжинд очихдоо өөрөө ямар эрхтэй юм бэ гэдгээ судлах хэрэгтэй. Аль нэг хууль зүйн товчооноос зөвлөгөө авах хэрэгтэй. Өөрөө эрхээ мэдэхгүй байгаа нь тэр хүний эрх зөрчигдөх хамгийн том шалтгаан болдог.

Хаашдаа байгаад байгаа энэ эрүүдэн шүүлтийн хэлбэрүүдийг зогсоохын тулд юу хийх шаардлагатай юм бэ ? Дээрээс нь Засгийн газар үүргээ биелүүлэхгүй ингээд яваад байж болж байгаа юм уу ?

Д.Оюунсүрэн : Засгийн газар ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлнэ байх гэж найдаж байна. Яагаад гэхээр Монгол улсын Үндсэн хуульд ч гэсэн “Монгол улсын Засгийн газар ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ.” гээд заасан байдаг. Тиймээс энэ тал дээр ЗГ нэн даруй арга хэмжээ авах байх гэж найдаж байна.

Гарах гарц нь юу байна ?

Д.Оюунсүрэн : 1-рт бие даасан эрүүдэн шүүхийн эсрэг байгууллагатай болох хэрэгтэй. 2-рт соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Эрүүдэн шүүлтээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Эрүүдэн шүүлт гэж юу юм? гэхмэтчилэн. Үүнээс гадна соён гэгээрүүлэх ажлыг хууль сахиулахын ажилтнуудад хийх хэрэгтэй. Яагаад гэхээр зарим хууль сахиулахын ажилтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж сэжигтэн, яллагдагчийг эрүүдэн шүүх тохиолдол маш их байдаг. 

Б.Батаа : Яг үүн дээр би нэг зүйл нэмээд хэлье. Ерөнхийдөө одоо хандлага нилээн өөрчлөгдөж байгаа. Манай хуулийн байгууллагын ажилтнуудын сэтгэлгээ, мэдлэг, ойлголт нэмэгдэж байгаа. Хүний эрхийн комиссоос ч гэсэн хуулийн байгууллага руу чиглэсэн маш олон сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг мэдлэг, ойлголт, хандлага чухал. Гэхдээ нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хандлага хэзээ ч цаашаа явдаггүй. Хууль эрхзүйгээс гадна тэр хүмүүсийн ажлын ачаалал бодитой байх ёстой. Жишээлбэл, тэр хүн дээд хүчин чадлаараа ажиллахаад арваас илүү хэрэг шалгах ёстой байлаа гэж бодоход, тэр хүнд 20 хэрэг өгчихөөд чи шударгаар ажилла, хүний эрх битгий зөрч, үүдэндээ битгий хүн суулга гэхээр эсрэг тэсрэг зүйл болж хувирч байгаа юм. ШУ, техник технологийн ололтыг ашиглах бүрэн боломжийг нь бий болгох ёстой. Зөвхөн асуулт асууж хариулт өгөх замаар байцаалт авч түүнийгээ бичих мөрдөлтийн ажиллагаа хаана ч байхгүй болж байгаа.

Тиймээс төр засгаас анхаарах гол зүйл бол эрүүдэн шүүлтийг арилгахын тулд мөрдөн байцаалтын бүх байгууллагад техник технологийн дэвшлийг хүчтэй нэвтрүүлэх хэрэгтэй. Төсвийн хүрээнд ямар боломж байна түүнд нь тултал нэвтрүүлээч ээ. Дээрээс нь энэ хүмүүсийн ажлын ачааллыг бууруулах, бодитой болгох, зөв зохистой байлгах асуудлыг анхаараач ээ гэж хэлмээр байна.  

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon