Та Хятадыг сонирхохгүй байсан ч Хятад Таныг сонирхоно

“Та Хятадыг сонирхохгүй байсан ч Хятад таныг сонирхоно” гэдэг зарчим үйлчлэх эрин үед бид амьдарцгааж байна. Дэлхийн 2 дахь том эдийн засаг, 130 орны хамгийн том худалдааны түнш болсон Хятадын нөлөө өнөөдөр тив дамжин бусад улс орнуудад ч мэдрэгдэж буй олон жишээ бий:

  • Сүүлийн жилүүдэд Хятадын үйлдвэрлэл нь жаахан саарахад л дэлхийн зах зээл дээрх нүүрс металын үнэ навс уналаа. Дагаад Австрали, Чили, Монгол гэх мэт түүхий эд экспортлогч орнуудын төсвийн орлого буурч, ажилгүйдэл өсч байна
  • Хөгжсөн, хөгжиж буй орнуудын үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байр Made in China бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадах эсэхээс ихээхэн хамааралтай болсон. Хятадад үйлдвэрлээд тээвэрлэж авчраад зарахад  нутагтаа хийснээс нь хямд үед үйлдвэрүүд баригдах биш, баригдсан нь дампуурч хаагдаж байна   
  • Шинээр төрж буй 4 тэрбумтан бүрийн 1-ийг “үйлдвэрлэж” буй Хятадын зах зээл маргаашийн бизнесийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж байна. 1 саяас дээш хүнтэй 160 хотуудад нь оршин суух дундаж давхаргынханд нь хэр их бүтээгдэхүүн зарж чадахаас Apple, Toyota гэх мэт мультинационал компаниудын цаашдын амжилт шалтгаалах болно
  • Хятадын өөрийнх нь бодит эдийн засагтай нь уялдаа багатай хувьцааны үнэ савлахад л Нью-Йорк, Лондонгийн бирж дэх хөрөнгө оруулагчид шокийг нь мэдэрдэг болж. Авилгын эсрэг тэмцэл нь Синга, Вегасын казино эсвэл Хонг-Конгийн алт алмазны бизнест ч муугаар нѳлѳѳлнѳ
  • Улам хүчирхэгжиж буй 2.3 сая цэрэгтэй, цөмийн зэвсэгтэй арми нь хөрш зэргэлдээх орнууд төдийгүй  хаа холын улсуудыг ч түгшээнэ. Удахгүй Америк Европыг нийлүүлснээс их хэмжээний CO2-г дэлхийн агаар мандалд ялгаруулах Хятадын үйлдвэрүүд дэлхийн эко орчныг хүчтэй өөрчилж байна

china timeline

Уул нь Хятад 2-р дайн дуусах үед гадны түрэмгийлэл, дотоодын үймээн самуундаа туйлдсан ядуу тариачдын орон байв. Иймд энэ орныг хөл дээр нь босгож ирэхэд эдийн засгийн өндөр өсөлт юу юунаас чухал байлаа. Гэвч Маогийн үед (1949-1976) түүх дурсгалаа устгаж, урлаг соёлоо баллаж, их сургуулиудыг хаан, ард иргэд нь өлбөрч үхэж байсан ч хамаагүй идеологи л чухал байсан тул эдийн засагт сайн зүйл болсонгүй. Харин “Хулгана л барьж байвал муур ямар өнгөтэй байх нь чухал биш гэдэг прагматик үзэлтэй Дэн Сяо Пинь гарч ирээд эхлүүлсэн шинэчлэлүүд өндөр өсөлтѳнд хүргэх замыг нээжээ. Хэдийгээр тэрээр муурны жишээ авсан ч, коммунист оронд капитализм байгуулснаар олон жил чимээгүй унтсан аварга лууг хар дарсан зүүднээс нь сэрээсэн байв. Ингээд Хятад дэлхийн хамгийн баян, хамгийн соёл иргэншил хөгжсөн орон байсан байр сууриа эргүүлж олж авахаар шийдэмгий урагшилж эхлэв.

Шинэчлэл эхэлсэн 1979 оноос хойш ѳѳр аль ч улсын түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалтыг хэний ч хараагүй богино хугацаанд өрнүүлж, Хятадын эдийн засаг 30 гаран жилийн турш жилд дунджаар 10% өсчээ. Гадаад худалдаа болон гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгосон нь хамгийн чухал өөрчлөлт байсан ба ингэснээр хилийн чанадаас мөнгө болон технологийн урсгал давалгаалан орж ирэв. Барууны хөрөнгө оруулагчдын хувьд хямд ажиллах хүч, бизнесийн тогтвортой орчин, хэлсэн үгэндээ хүрдэг тѳр л чухал байснаас хятад хүн коммунист байна уу ардчилалтай байна уу тийм ч сонин биш байв. Улмаар дэлхийд тэргүүлэх бүх л том компаниуд үйлдвэрүүдээ оруулж ирснээр Хятад “Дэлхийн үйлдвэр” гэж нэрлэгдэх боллоо. Шороон замууд ч төмөр зам хурдны замаар солигдон, өмнө нь тариан талбай байсан газруудад хэдэн сая хүнтэй үйлдвэрийн хотууд нүд ирмэхийн зуур босов. Их бүтээн байгуулалтад оролцохоор хөдөөний тосгодоос хот рүү нүүсэн ажилчдын тоо л гэхэд Америкийн хүн амтай тэнцэж байв. 

Хятад дэлхийн No1 гадаадын шууд хөрөнгө оруулалт татдаг улс, хамгийн том үйлдвэрлэгч ба экспортлогч болсон түүх ингэж өрнөжээ.

Эдийн засгийн өсөлт ч бодитоор үр дүнгээ ѳгч 1980-2010 хооронд 680 сая хүний орлого өсөн ядуурлын зовлонгоос гарав. Хөгжлийн энэ их амжилт нь өнөөдөр хятадуудын ирээдүйдээ итгэх итгэл, эд хөрөнгөө гайхуулах хүслээр хүчтэй илэрч байна. Тэд аль хэдийн үнэтэй брэндүүдийн дэлхийд No 1 худалдан авагч үндэстэн болсон ба тансаг бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн ⅓-ийг дангаараа эзэлдэг болжээ. Ѳнѳѳдѳр Малдив, Гавайн резорт дахь буудлуудыг дүүргэж, Парис Лондонгийн брэндийн дэлгүүрүүдийг хоосолж, Токиогийн үнэтэй байруудыг сувенир шиг л худалдаж авцгаах жуулчдын дийлэнх нь хятадууд. Олонхи хятадуудын хувьд боломж л гарвал эх орноо үүрд орхин хаа нэг хөгжсөн орны China town-д очин арай дээр амьдралыг эрэлхийлдэг үе нэгэнт ард хоцорсон. Харин саяхан л Хятад хүнд виз өгдөггүй байсан Америк  500 мянган доллараар ногоон картаа ѳгч, Англи 600 фунтээр ѳдѳрт нь виз олгодог болжээ.

Гэхдээ хөгжил дэвшил зөвхөн жаргалтай түүхийн цуглуулга байсангүй. Шинэчлэлийн эхэн үед нэг шөнийн дотор хэдэн мянган хүнийг Тянанминий талбай дээр танкаар дайран газартай тэгшилсэн нь нэг талаар коммунист нам төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд юуг ч үл хайрлана гэдгийг илэрхийлж байв. Хэдийгээр тариачны орныг аж үйлдвэржсэн улс болгох төлөвлөгөө биелсэн ч Хятадын гол ус нь бохирдож том голуудынх нь 50% амьд организм орших аргагүй болжээ. Өндөр өсөлтийнх мотор болсон үйлдвэрүүдийн утаа нь Бээжин, Шанхай гээд ихэнх том хотуудад агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүргэж, 8 настай хүүхэд ч уушигны хорт хавдраар хорвоог орхих тохиолдол ч гарах болов. Ѳнѳѳдѳр ажлын хэт их ачааллаас болж Хятадад жилд 600,000 орчим хүн офисын ширээн дээрээ амьсгал хурааж байна...Ийнхүү эдийн засгийн аварга машиныг зогсолтгүй ажиллуулахын тулд Хятад орон байгаль орчин, хүн амаа хайр найргүй золиослосоор ч иржээ.

Гэхдээ л ѳдийг хүртэл явж ирсэн арга зам нь Хятад мөрөөдлийг биелүүлж ирээдүйд (2059 он гэхэд) хөгжсөн орон болох зорилгод нь хүргэх боломжгүй болоод байна. Учир нь Хятадын эдийн засгийн өсөлтийг бий болгосон “Хөрөнгө оруулалт-Экспорт” загвар нь нэгэнт хязгаартаа тулсан гэгдэж буй. Сая гаруй хүний багтаамжтай хэн ч амьдардаггүй хоосон хотууд (ghost cities) хөрөнгө оруулалтууд нь тийм ч үр ашигтай байхаа больсныг харуулах алдартай жишээ болсон. ДНБ-ийн 300% руу дөхөж яваа өрийн хэмжээ нь ч үр ашиг муутай хөрөнгө оруулалтуудыг цаашид санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал гэдгийг илэрхийлнэ. Мөн дундаж цалингийн өсөлт, байгаль орчны бохирдол, 2008-09 оны хямралаасаа бүрэн сэргээгүй дэлхийн бусад орнуудын сул эрэлт зэрэг нь урьдынх шигээ үйлдвэрлээд экспортлох боломжгүй гэдгийг ч харуулав. Дээр нь авилгал газар авч, баян хоосны ялгаа хэрээс хэтэрч, хөдөөнөөс хот руу нүүх нүүдэл нь дахиад хэдэн зуун сая хүнээр хэмжигдэж байгаа нөхцөлд нийгмийн цаашдын тогтвортой байдал нь ганхах аюул ч тулгараад буй.

Иймд Хятад дээрх асуудлуудаа шийдэхийн тулд өсөлтийн загвараа илүү тэнцвэртэй болгохыг зорин том өөрчлөлтүүдийн дунд явж буй. Энэ бүх өөрчлөлттэй холбоотойгоор Хятадын эдийн засгийн өсөлт саарахад нөлөөг нь дэлхийн нийтээрээ мэдэрцгээж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг 50%-ийг дангаараа бий болгодог Хятад дэлхийгээс хамаарахаас илүү, дэлхий хятадаас хамаарах эрин үед бид амьдарцгааж байна...


Үргэлжлэл бий: Хятадад болж буй ѳѳрчлѳлтийг энгийнээр

 

Хятадын талаарх сонирхолтой статистик

china demand

  • Монголын гадаад худалдааны эргэлтийн 63% нь Хятадтай хийсэн худалдаа
  • Хятад дэлхин ДНБ-ийн 14%-ийг бүрдүүлдэг. ДНБ өсөлтийн 50%
  • Хятадад жилд орж ирдэг FDI 128 тэрбум доллар. Дэлхийд No1
  • Дэлхийн 2-р дайнд 15 сая хүнээ алдсан. Амь үрэгдэгсдийн тоогоор ЗХУ-ын дараа 2-т ордог
  • Маогийн үед 45 сая хүн өлбөрч үхсэн
  • 800,000 өвөрмонгол шийтгүүлж, 30 мянга нь үхэж 120,000 нь тахир дутуу болсон
  • 1978 онд хүн амын 20% нь хотод амьдарч байсан. 2015 онд 55%, 2030 онд 75% болно.
  • 2014 онд 290 тэрбумтан төрсний 71 нь Хятад
  • 600 гаруй сая интернет хэрэглэчтэй
  • Жилд 2 сая орчим хүн утаанаас болж нас бардаг
  • Хятад компаниуд Fortune 500 Global-ын 20%-ийг бүрдүүлдэг
  • Хятадууд тансаг брэндийн зах зээлийн 34%-ийг дангаараа эзэлдэг (2012)

avatar
    • bilguun
    • 103.57.93.*

    Sain niitlel bn er ni bid ch gesen ardchilalaar uls turiig neg bamd uldeej zah zeeliig ardchilald hurgeh heregtei bsiin

    • Зочин
    • 212.205.242.*

    Орчуулга биш бол их аятайхан бичсэн нийтлэл байна.

    • Зочин
    • 202.21.109.*

    2008 оны сүүлээр зэсийн үнэ огцом унахад эмзэг бүтэцтэй эдийн засаг ма

    • Од
    • 5.136.133.*

    Хүссэн ч хүсээгүй ч бид хөршөөсөө яалт ч үгүй хамааралтай.

    • Bat
    • 112.120.53.*

    Good sonirholtoi niitlel bna oilgomjtoi sain bichdeg bolohoor dandaa unshdag shuu amjilt

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%