ҮҮЛЭН ЦЭЛМЭСЭН САРУУЛХАН ХӨДӨӨД ҮНЭНХҮҮ ЦЭМЦГЭР АМЬДРАХЫН ТӨЛӨӨ!

Дээхэн үеийн нэг найз минь намайг

“Дэлхийн бөөрөнд наалдсан хорт хавдар” гэж егөөдөв

Нээрээ ч хүн бид эх дэлхийгээ сааж амьдардаг

Нэгэн төрлийн хорт хавдар юмсанжээ...

Эх болсон газар шороондоо бид

Эрдэнийн үр суулгах учиртай байтал

Энд тэндгүй өм цөм онгичиж

Эрчит техникээр онгон хөрсийг нь сийчиж

Балт сүх, хүрз, жоотуу атгаад

Байгалийн эсрэг байлдаанд морджээ...

Сураг нь тасарсан Улаан нуур

Сувдран долгионтох Таацын гол

Орхон, Сэлэнгийн ай сав

Онги, Хужирт, Түйн горхи

Онгичиж төнхүүлсэн Уянгын цөөрөм

Онон, Туулын салбар урсгал

Тэс, Байдраг, Ерөөгийн цутгал

Тэгээд Идэр, Яруугийн хөндий

Нэр нь хүртэл яруу найраг...

Нэг л мэдэхэд амьсгал тасрах нь ээ!

Сүүлийн жилүүдэд уул уурхай, эрдэс баялагаа хамаа намаагүй онгичиж цөлмөснөөс үүдээд устаж ширгэх дээрээ тулаад буй Монгол орныхоо сайхан гол мөрнүүдээ “бүртгэж” нэг үзэхэд ийм нэгэн шүлэг урган гарав аа

Энд өгүүлэгдэн буй Хужирт бол миний төрсөн нутаг, хар нялхаасаа шумбаж өссөн гол юм. Дал, наяад оны үед энэ гол нэлээд өргөн, зарим газраа гүнзгий, тэр байтугай Шунхлай уулаас доохно байх “Балдангомбын тохой”-д том хүн зогсоогоороо далд ордог тийм гүнзгий сайхан гол байлаа. Одоо бол алхаад гарчихаар хариугүй нарийхан, самардаад цацчихмаар хариугүй намхан болжээ. Өнгөрсөн жил би бээр нутагтаа очоод нэг л зүйлд ихэд эмзэглэсэн. Тэр нь юу гэвэл “Хужирт рашаан сувилал”-ын бохирын ус гадагшаа хальж урсаад Хужиртын гол руу цутган орж буй ноцтой асуудал байлаа. Энэхүү бохир нь Шунхлай уул хавьцаах гол руу нийлдэг болохоор сумын төвийнхөнд хавирахгүй. Харин сумын төвийн хойд талаар нутагладаг малчид энэхүү бохир горхитой үйлийн үргүй учирна даа. Харамсалтай нь тэд бохир ус уугаад байна уу, цэвэр ус уугаад байна уу гэдгээ ч анзаарах сөхөөгүй яваа юм. “Хужирт рашаан сувилал”-ын гол алдаа бол цэвэрлэх байгууламж нь хуучирч муудсан, биологийн цэвэрлэгээ хийдэггүй. Уг нь биологийн цэвэрлэгээний дараа хэт ягаан туяаны цэвэрлэгээ гэж байх ёстой юм байна. Тиймээс байгаль орчны багц хууль, хүрээлэн буй орчны хуулиудад нийцэхгүй, стандартын шаардлага хангахгүйд хүрч байгаа юм. Мөн нэг ноцтой зөрчил гэвэл усыг дахин ашиглах технологи байхгүй. Хаягдал усыг цэвэршүүлээд аль болох дахин ашиглах хэмнэлттэй байх ёстой байтал шууд байгаль дээр урсгаж байна. Тиймээс би бээр Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Д.Санжмятав, тус газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Нямжав нартай уулзаж, Хужиртын рашаан сувилалд хийсэн удаа дараагийн шалгалтын материалтай бүрэн дүүрэн танилцаад “Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол” хэмээх томоохон нийтлэл бичээд сонинд хэвлүүлсэн юм. Тэгээд Хужирт руу зориуд сонин илгээж дарга даамлуудын гарт хүргэснээр өнгөрсөн жил тэнд “хөөрхөн” дуулиан дэгдээд явчихсан. Эдүгээ харин миний нийтлэлийн мөрөөр цэвэрлэх байгууламж барих, энэ тэр гээд бөөн ажил өрнөж байгаа сурагтай. Энэ бол нэг хэрэг. Харин эдүгээ өөр нэг ноцтой асуудлын мөрөөр яалт ч үгүй орчихлоо. Тэр бол Архангайн Өгийнуур. Өнгөрсөн жил бичсэн нийтлэлийнхээ өмнөтгөлд би ингэж бичиж байсан юм.

Фото эх сурвалж: gogo.mn

“...Хужиртын гол яван явсаар Орхон голд цутгах бөгөөд цаашлаад Архангайн Өгийнууртай холбогдоод явчихна. Сүүлийн үед бохирын устай нийлж урсах болсон Хужиртын голын цаашдын хувь заяа ингэж л уртсаад ирж байгаа юм. Гэхдээ энэ удаад маш богинохон, ердөө л Хужиртын ард иргэдтэй холбоотойгоор асуудлыг хөндөж тавихыг хичээлээ. Ухаандаа Орхон гол, Өгийнуур гэж алс холыг мөрөөдөн хийрхэлгүйгээр тэрүүхэн Шунхлай хавийн дош довондоо эргэлдсү...” гэж бичиж байлаа. Эдүгээ харин дош довноосоо хөндийрөөд жаахан алс холыг харахгүй бол болшгүй нь ээ! Архангайн Өгийнуурын байдал маш хүнд болсон тухай сураг сонсоод саяхан тийшээ яваад ирлээ. 

Уртаашаа долоон км, өргөөшөө таван км, нийтдээ 35 м.квадрат байсан Өгийнуурын ус сүүлийн жилүүдэд 23 м.квадрат болтолоо багасчээ. Уг нуурын хажуухнаар Орхон гол урсаж өнгөрдөг бөгөөд тэндээс салбарласан жижиг гол Өгийнуурт цутгана. Гэвч энэхүү цутгал 3-4 дахин багасаад хариугүй нарийхан болж, мөн Өгийнуураас буцаж гардаг нэг цутгал нь ор тас үгүй болсоноор байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, экологийн ноцтой аюул үүсээд байна. Үүний улмаас Өгийнуурын ойролцоох томоохон хэмжээний намаг, зэгсэн төгөл хатаж хуурайшаад, энд жил бүр ирж зусдаг байсан 112 төрлийн усны шувуу дайжихад хүрчээ. Машин тэрэг байтугай мал ойртож чаддаггүй байсан тэрхүү намаг бүхий зэгсэн шугуй хатаж хорчийсноор эдүгээ тэнд айлууд нутаглаж, бүр байшин бариад суурьшчихсан, мал хуй, хүн зон, машин тэрэг хөлхөлдсөн газар болж хувирчээ. Одоогоос долоон жилийн өмнөөс Өгийнуурын усны түвшин илэрхий багасч, уг нууранд ирж чуулдаг ховор үзэсгэлэнтэй шувуудын амьдрах орчин хомсдож, загас жараахайнууд нь устаж цөөрсөнөөр Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага Өгийнуурын ойр орчмыг хамгаалах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч үнэнийг хэлэхэд уг байгууллага дорвитой зүйл хийсэнгүй ээ. Өгийнуурын усны шувуудыг хамгаалах төсөлд судалгаа хийгээд нэг ном гаргажээ. Тэгээд тус нуурын ойролцоо жижгэвтэр сургалтын төв барьж, тэндхийн хүмүүст байгаль орчныг хамгаалах талаар алдаг оног сурталчилгаа хийдэг юм байна. Бас сувинер зарж борлуулах, эсгий урлал, морин аялал гэх мэтийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж. Ингэлээ гээд Өгийнуур маань өмнөх шигээ цэвэр сайхнаар цэлэлзээд ирсэнгүй ээ. Мөн Архангайн залуусын үүсгэн байгуулсан “Өгий сан” гэж байдаг бөгөөд эд нар Өгийнуур орчмын хоёр ч газар мод тарьжээ. Харамсалтай нь нэг газрынх модыг хашаалж амжихаас нь өмнө мал идчихсэн тул ургасангүй. Түүнчлэн “Өгий сан”-гийнхан өвлийн цагт Өгийнууран дээр хэдэн зуун цооног гаргаад өөр байгууллагынхны дунд загас барих уралдаан зарладаг гэнэ. Энэ одоо хамгаалалт, нөхөн сэргээлт, байгалийн тэнцвэржүүлэлт мөн үү?

Ер нь иймэрхүү түр зуурын галт унтраах маягаар л Өгийнуурыг “хамгаалж” байна. Уг нуураас арав гаруй мянган мал ундаалдаг боловч нэгэнт Орхон голын цутгалт багассан болохоор усны төвшин дундрах нь тодорхой. “Хойд мэргэн шанаа”, “Урд мэргэн шанаа” гээд нуур луугаа орсон хоёр хушуу байдаг юм байна. Энэ хоёр хушууг яг голоор нь диагналдаад зүүн талыг нь аялал жуулчлалын бүс болгоод, баруун талын нөгөө намаг, зэгэстэй байсан их газрыг байгалийн онцгой хамгаалалттай бүс гэж зарлажээ. Гэсэн ч малчид үүгээр суурьшиж, машин тэрэг тасрахгүй. Зүүн талын аялал жуулчлалын бүс болох нуурын эргийг тойроод дөрвөн том жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Зуны цагт уг нуурыг тойроод гэр-амралтын газрууд бүчээд авна. Ингээд нуурын ойролцоо машин тэрэг, хүн зон зай завсаргүй хөлхөлдөж, амрагч нар нуураас загас шүүрдэхийн сацуу эрэг дээр нь машин тэргээ угаана. Гэр-амралтын газрууд жижигхэн завьнуудтай. Үүнийгээ амрагч нарт хөлслөх бөгөөд тэд завиараа нуур луу орж загас барина. Эхэндээ тэд тэсэлгээ хийж загас барьдаг байсан бол одоо харин дэгээгээр барьдаг болжээ.Зарим нь тороор барьж шуналтана. Гэвч тороор загас барих нь асар их хорлонтой гэнэ. Усных нь төвшин илт багассан, бас Орхон голоос орж ирдэг цутгал хумигдах маягтай болсон, нуураас буцаж урсдаг цутгал нь хаагдсан болохоор ус мэдээж бохирдож таарна. Үүн дээр амрагч нар загас шүүрдэх гэж нуурыг жинхэнэ “тамалж” байна. За энэ ч дүүрсэн хэрэг.

Өгий нуурын өглөө. Фото зургийг Баяр Балганцэрэн

Гэвч аливаа сүйрлийн үед хамгийн муу ёрын зүйл л хосыг нь шувтарч, амьсгалыг нь боогдуулдаг жамтай. Тэр бол уг нууранд нэгэн цагт цэнгэн баясаж байсан 112 төрлийн усны шувуудаас үлдэж хоцорсон махчин хар галуу юм. Нэг хар галуу өдөрт найман кг загас иддэг юм байна. Хэдэн зуугаараа тоологдох ийм хар галууд Өгийнуурын загасыг ёстой цөлмөх шиг болж байна. Цөлмөхдөө зүгээр нэг цөлмөх биш загасны шим тэжээлийг нь сорж аваад буцаагаад гулигаж гаргана. Тиймээс нуурын ус элдэв сэг зэмээр бас бохирдоно. Уг нь цэнгэг уст нуур гэгдэж байсан юмсан. Цэнгэг усанд нь улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс, мөнгөлөг хэлтэг, цурхай, хулд зэрэг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байдгийг судлаачид тогтоожээ. Мөн жилийн жилд ховор шувууд ирж чуулдаг байсан учраас Зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд Өгийнуур маань бүртгэгджээ. Тэгтэл одоо махчин хар галуунаас өөр юу ч үлдсэнгүй. Түүнчлэн Өгийнуурын зэгсэн төгөл, ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд тэртээ 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэж байсан байх юм. Өвөг дээдэс маань биднээс өмнө Өгийнуурыг олон улсын конвенцид хамруулчихжээ. Гэтэл өдгөө мөнөөх зэгсэн төгөл, намгархаг газрын экосистем нь юу ч үгүй сүйдэж, хүн мал, машин тэрэгний хөлд нэрвэгдэн тарчилж байна. Энэ бол гамшиг.

Харин яг ийм гамшигийн ирмэг дээр, ухаандаа Өгийнуурыг бохирдон эмгэнэж байх яг энэ агшинд нэг хүн гарч ирсэн нь бас олзуурхууштай. Тэр хүн бол Өгийнуурын усны түвшинг сэргээх, Орхон голын ай савыг ойжуулах, хамгаалах зорилго бүхий “Өгий нуур алтан шүтээн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Алтанбагана юм. Саяхан байгуулагдсан энэхүү байгууллага сэтгүүлч намайг удирдах зөвлөлийн таван хүнийхээ нэгээр сонгосон бөгөөд би бээр цаашдаа Өгийнуурын тухай бүхий л мэдээллийг нийгэмд түгээж, хүмүүсийг соён гэгээрүүлэх зорилготой. Харин Б.Алтанабаганын хувьд гэвэл Өгийнуурыг аврахын тулд түр зуурын “галт унтраах” маягтай рекламын ажил, сонгуулийн шоу хийхгүй, ерөөсөө уг нуурын байгалийн тэнцвэрт байдлыг дахин сэргээх зорилго бүхий судалгаа хийж, хөтөлбөр боловсруулаад байгаа аж.

Тэр өгүүлэхдээ

“Би 1993 онд Өгийнуурт очиж амарч байлаа. Тэгээд хориод жил очилгүй байж байгаад энэ зун гэр бүлээрээ очиж амарсан. Тэгтэл нуур маань танигдахын аргагүй эмгэнэлтэй болжээ. Эргэн тойрон жуулчны бааз, машин тэрэг. Амрах гэж очсон боловч сэтгэл өвдөөд эргэж ирсэн. Нуур маань үндсэндээ мөхлийн гэж болох тийм байдалд хүрсэн байна. Тэгээд л нуураа хамгаалах, усны шувууд, загасаа хамгаалахаар шийдсэн. Сая би тийшээ очиж Өгийнуур сумын засаг дарга Лодой-Осорын Алтангэрэл, Байгаль орчин хариуцсан түшмэл Ж.Батмагнай, газрын даамал Г.Урантүлхүүр нарын хүмүүстэй оройжингоо хуралдаад, маргааш өглөө нь нуурын эрэг дээр очиж нөхцөл байдалтай танилцлаа. Нуурын ус ширгэх хэдэн гол шалтгаан байна. Нэгд бол мэдээж дэлхийн дулааралтай холбоотой өөрийнх нь ууршилт. Мөн нуурын ус маань хоёр янзаар тэжээгддэг. Нэг нь ус цуглуулах орчин гэж байдаг. Урд талын уул нуруудаас бороо хурын ус орж ирдэг. Хамгийн гол нь Орхон голын цутгалтаар усныхаа 40 хувийг авдаг байж. Одоо бол 5-10 хувь хүртлээ буурчихсан. Зарим гантай жилд Орхон голоос орж ирдэг цутгал бүр тасарна. Ер нь бол Өгийнуурыг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна. Олон нийт, төр засаг, гадаад, дотоодын байгууллага, эх орноо гэсэн хүн болгон үүн дээр сэтгэл өвдөхөөр болчихож. Сумын засаг дарга Алтангэрэл, Батмагнай, Урантүлхүүр нарын нуураа хамгаалах сэтгэл зүрхтэй хүмүүс орон нутгийнхаа төсвөөс 50 сая төгрөг төсөвлөж, мал хуй, машин тэрэг орж гараад байгаа нуурын ойр орчмын газарт модон хашаа барихаар шийджээ. Тэгээд бид газар дээр нь очоод энэ модон хамгаалалт бол түр зуурын “гал унтраах” арга байна гэж үзээд экологийнх нь байдлыг сэргээе гэдэг шийдэлд хүрлээ. Энэ нь манай байгууллагын хийх ажил болоод байна. Одоо юу хийх вэ гэвэл Орхон гол дээр далан байгуулъя. Энэ далан Өгийнуур луу цутгаж ордог усны хэмжээг нэмэгдүүлнэ. Орхон гол маань заримдаа эргээсээ хальж үерлэдэг. Тэр илүүдэл усыг нь Өгийнуур луугаа цутгуулж гаралтыг нь сэргээе. Мөн Өгийнуураас гадагшаа урсдаг жижиг цутгалыг хуучнаар нь урсгадаг болгоно. Ингэснээр нуурын бохирдол тийшээ гарч нуур маань дахиад цэнгэгшээд ирнэ. Нэгэнт ингээд цэнгэгшээд, Орхон голын цутгалт нэмэгдээд ирвэл байгаль маань өөрөө аяндаа экологийн тэнцвэрт байдалдаа орж нөгөө хатаж хорчийсон зэгст намаг дахиад бий болно. Газар чийгтэй болчихвол зэгс өөрөө аяндаа ургана. Бидний гол зорилго бол энэ. Хэрвээ зэгст намаг хуучнаараа сэргээд ирвэл тэнд буусан айлууд аяндаа нүүгээд явчихна. Бид нуурын хойд хэсэгт мод тарина. Мод бол усыг газрын гүнээс татдаг. Би Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн захирал Нямсүрэнтэй уулзаж, Өгийнуурыг ойжуулах, моджуулах, усжуулах их үйлст хамтран зүтгэхээр шийдсэн. Эрдэмтэн доктор Бат-Эрдэнэ моджуулалтын тал дээр, Оюунтуяа доктор усжуулалтын тал дээр судалгаа хийхээр болсон. Өгийнуурын засаг дарга Л.Алтангэрэл манай байгууллагын ажлыг маш их дэмжиж, орон нутгийн зүгээс шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэж хэллээ. Бид Өгийнуураа аврахын тулд ингэж л хамтран тэмцэх ёстой. Хамгийн гол нь хүний хүчин зүтгэл...”

гэж онцлов. Мөн “Өгий нуур алтан шүтээн” байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Д.Ерөө хэмээх бүсгүй гадаадын орнуудад хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэж буй нуур цөөрмийг хэрхэн сэргээсэн тухай сайхан түүх өгүүлсэн боловч тэр бүгдийг энд багтаах арга алга.

Ямартай ч эртний сайхан цэнгэг устай, 100 гаруй төрлийн нүүдлийн шувуутай, төрөл бүрийн загас жараахайтай байсан Өгийнуур маань сайн санаат хүмүүсийн хүчин зүтгэлээр дахиад хэвийн байдалдаа орох сайхан эхлэл тавигдаж байна. Энэ сайхан эхлэлийг рекламны шоу, улс төр, сонгууль энэ тэртэй холбоод “царцаачихгүй” юмсан. Улаанбаатар хот бол тэртэй тэргүй утаандаа баригдаад хэдэн жил болж байна. Энд манай төрийн дээд эрхмүүд суудаг болохоор ямар нэгэн арга хэмээ авах нь тодорхой. Харин утаа униараас ангид хол үүлэн цэлмэсэн саруулхан хөдөөдөө үнэнхүү цэмцгэр амьдрах юмсан даа. Зөвхөн Өгийнуур гэлтгүй өөр бусад ширгэн хатаж байгаа гол мөрнүүдээ нутгийн ард түмэн хараандаа авч, үүлэн цэлмэсэн саруулхан хөдөөдөө үнэнхүү цэмцгэр амьдрахын төлөө зүтгэх хэрэгтэй болсон байна шүү!  


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5580

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%