ҮҮЛИЙН ҮНЭР...

 

Сүүлийн хэд хоног Э.Бат-Үүл даргын Хотын цэвэрлэх байгууламж дээр масктай, аягүй үнэрт нь ихэд эвгүүцсэн төрх бүхий зураг соошил ертөнцийн нэгэн "чимэг" болов. Муухай байна л гэнэ, масктай очихдоо яадаг юм л гэнэ, муухай ярвайж байна л гэнэ. Элдвээр л өөчлөх.
5 шараас бараг 22-ын товчоо ортол тэсэх аргагүй үнэр аль зунаас хойш л ханхалсан. Тэр хавьд амьдардаг хүн амьтны тэсвэр тэвчээрийг гайхаад баршгүй.Тийм үнэрт чинь Баатар байтугай баргийн амьтан тэсэхгүй, ярвайхгүй яадаг юм. Шоолох, гоочлох юун.
Ингэхэд харах, хүртэх, үнэрлэх, сонсох, амтлах гэсэн энэ 5 мэдрэхүйн чинь хүний оюун сэтгэхүйд, сэтгэл санаанд, бие эрхтэнд, тэр бүү хэл үзэл хандлагад хүртэл хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг нь ҮНЭР юм шүү дээ. Шинжлэх ухаан аль хэдийнээ нотолчихсон, хүн төрөлхтөн үнэрийн энэхүү давуу талыг олон салбарт ашиглаад эхэлчихсэн. Наад зах нь томоохон молл дэлгүүрүүдэд ороход өөрийн эрхгүй юу ч юм худалдаад авчихмаар сэтгэгдэл төрүүлдэг үнэр анхилуулдаг гэнэ.Элдэв сургалт, эрүүл мэндийн хөтөлбөр, бүр тагнуулд хүртэл ашиглаж буй.

Охид хүүхнүүд маань юуны тулд анхилам үнэртэн хэрэглэхийг, сүм хийдэд юуны тулд ариун үнэртэн уугиулахыг эрхэмлэдэг гэж бодном бэ? Хүнээс янз бүрийн л үнэр гарна. Аав, ээжийн үнэр, амны, хөлийн, хөлсний, элдэв сүрчигний, тосны, нялхын үнэр гэх мэт. Түүнээс гадна оюун сэтгэлгээнээс ч эвгүй болоод элдэв сайхан "үнэр" бас ханхалдаг юм шүү дээ. Ердийн үнэр хувь хүнд хүчтэй нөлөөлдөг бол оюун сэтгэлгээний "үнэр" олон нийтийн үзэл хандлага, итгэл үнэмшилд сайнаар ч, муугаар ч асар хүчтэй нөлөөлдөг. 
Эрхэм мэр Э.Бат-Үүл УИХ-ын чуулган дээр хэлж байна. "НИТХ-ын нэр бүхий 12 гишүүн намайг их хэмжээний хөрөнгө мөнгө үргүй зарцуулсан гэж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн учир Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн" гэлээ. Шүүх нь үнэхээр шударга байх аваас гүтгэсэн хийгээд идсэн эсэхийг нь ялгаж салгана биз. Гэхдээ сүүл үед зарим нэгэн улс төрийн агуулгатай томоохон хэргүүдийг ихэнхдээ нохойн замаар шийдэж байгааг нь харахад Шүүх үнэхээр зөв шийднэ гэсэн итгэл тунчиг хомс байна.
Харин энэхүү хэрэг явдлыг дагалдаж хоёр асуудал үүссэн нь Үүл баатарын үнэрийн тухай эрхгүй сөхөхөд хүргэв

Эхнийх нь Үүл баатарын хүү Чулуудайн бизнестэй холбоотой асуудал. Тэрхүү нэр бүхий 12 нөхрөөс Үүл баатарыг ширээнээс ширдэг рүү холбируулахаар өргөсөн өргөдөлд дурдсан бусад асуудлууд бол харин эргэлзээтэй, маргаж мэтгэх, бүр үгүйсгэх ч үндэслэл бий.
Харин үгүйсгэх боломжгүй нь энэ. Хэрвээ аав нь Хотын захирагч болоод дарга байх аваас хүүгийнх нь компани хотоос зарлаж буй ямарваа нэгэн тендер, төсөлд бүр өчүүхэн төдий ч орооцолдох ёсгүй. Тэгэх аваас ашиг сонирхлын зөрчлийг автоматаар бий болгочихдог нь хууль эрхзүйн анхан шатны мэдлэгтэй хэнд ч мэдээжийн ойлгомжтой асуудал. Ямар ч маргаан, ямар ч сайхан гэгээлэг, эх оронч тайлбар хэрэггүй, тэр мэтээр халхлах, цагаатгах боломжгүй. Хэрвээ эх оронч сэтгэл, эрмэг зүтгэл нь хатгаад байгаа бол арай өөр нөхцөлд, арай өөр салбарт түүнээ сорих хэрэгтэй.
Гэтэл бүр хэдэн тэрбум /5.1/-ын асуудал яригдаж байгаа. 25 жилийн турш улс төрийн халуун тогоонд даргитлаа буцалж, үхэхээс бусдыг үзсэн Бат-Үүл баатар үүнийг мэдэхгүй биш сайтар мэднэ. Мэдсээр байж хүүгээ, түүний удирдсан компанийг энэ тендерт оролцохыг зөвшөөрсөн нь, оролцож байхад нь нүдэн балай, чихэн дүлий сууж байсан нь хачирхалтай. Огт мэдээгүй гэхэд эргэлзээтэй. Хэрвээ сөрөг хүчнийх нь хэн нэгэн яг ийм нөхцөл байдал үүсгэсэн бол Үүл баатар маань хэрхэн яаж баатарлан тэмцэж байх байсан нь бүр нүдэнд харагдахаар төсөөлөгдөж байгаа. Гэтэл өөрөө бол болоод байдаг. Бахархан дуурайх дуртай барууны орнуудад төрсөн хүү нь бүү хэл жолоочийнх нь эхнэртэй холбоотой асуудлаар ч сайд нь огцорч харагддаг юм билээ.

Удаах нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийг ажлаас нь гэнэтхэн халсан явдал. Шалтгаан нь НИТХ-ын гишүүн Б.Саранчимэг Үүл баатарыг огцруулахаар гарын үсэг зурсан өнөөх эсэргүү 12-ын нэг гэнэ. Хэвлэлүүд одоогоор ийм тайлбар хийж байна, гэхдээ бараг л үнэний хувьтай. Учир нь овоолготой шороонууд дунхайж, шарилж хөглөрч, гялгар уут хийссэн, бас урдхан талд нь байх Туулын бургасаар нийслэлийн орон гэргүйчүүд бөөгнөдөг газрыг энэ шавилхан бүсгүй өнөөдөр ямаршуухан бүтээн байгуулалт болгосныг олон баримт, түүх нуршихгүйгээр хэн бүхэн харсан, мэднэ. Манай нийслэлийнхний амралт чөлөөт цагаа ая тухтай, үр дүнтэй өнгөрүүлэх нэн таатай сайхан газрын нэг болсон. Цаашид ч улам өргөжнө. Өнөөгийн бүтээн байгуулалт бол хийхээр төлөвлөж буй ажлынх нь зөвхөн 30 орчим хувь нь. Бүрэн хэрэгжиж дуусахаарааАзи тивдээ байхгүй аварга том цэцэрлэгт хүрээлэн болох нигууртай. Тэгэхээр ажил муу хийсэн гэсэн шалтгаан лавтай байхгүй гэдэгт итгэлтэй байна. Саяхан Аудитийн шалгалт оруулж байна гэсэн. Элдэв юм идлээ, уулаа гэсэн юм ч гарсангүй. Ердөө л өөрийг нь огцруулах өргөх бичигт гарын үсэг зурсан.

Ингэхэд нэг л эвгүй үнэр ханхлаад явчих юм. Хаанаас гэхээр Үүл баатраас, түүний сэтгэлгээ, зарчмааснь... Энэ лав ардчиллын цэвэр цэнгэг үнэр биш ээ... Тэгвэл юуны үнэр байж таарах вэ?


avatar
    • ард
    • 202.179.11.*

    үнэхээр сайхан бичсэн байна Үүл баатарыг муулаач үгүй тэгсэн мөртлөө хэлэх гэсэн зүйлээ оруулсан байна

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%