Нийтлэл 11 сарын 10, 2015

21-р зууны монгол хүн хаана байна?  

Дэжид талхны үйлдвэрт ээлжээ өгөөд гэртээ харьж ирнэ. Ирэхдээ шив шинэхэн дугуй талх насан өндөр аавдаа авч ирнэ. Үйлдвэрт өөрөө хийлцсэн талхаа дөнгөж болоход  нь халуунаар нь барихад гар жигнэх мэдрэмж, шинэхэн талхны үнэр,  захыг нь зүсэх,  аавдаа авчрах...

Энгийн нэг масс уран зохиолын романд үйлдвэрийн ажилтан хүний ажилдаа хандах сэтгэл,  хөдөлмөрийн үнэ цэнэ, мэргэжлийн бахархалыг нэн тодорхой зурагласан үзэгдэл одоо ч ой тойнд тодхон.  Бараг 20 жилийн өмнө уншсан, бусад үйл явдал, нэр нь хүртэл мартагдсан энэ бүсгүйн дотоод сэтгэл,  мэргэжлийн бахархал харин санаанд үлдсэн байх нь уран зохиолын үлэмж хүч гэлтэй.  Ганц энэ жишээ ч биш. Эрдэнэт хотын бүтээн босголт,  барилгын залуус, нэгдэл, холын тээвэрчин, цэвэрлэгч...   хэдийгээр үзэл суртлын зэвсэг байсан нь үнэн ч соц үеийн уран зохиол шинэ цагийн монгол хүний дүрийг мэргэжил ажлынх нь агуулгад зураглаж бүтээж чадсан санагддаг. Тээврийн замд хааз гишгэсээр хөл нь доголсон өвөө маань насан хутгийг олтлоо ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг, амьдарсан цаг үеэ хэзээ ч муу хэлж байгаагүй билээ.

Барилгаа өрж, жолоо мушгиж, ажлаа хийж, тэднийгээ уран зохиолын гол дүр болгоод 20-р зуунд Монгол орон шинээр төрсөн. Даанч амьдрал өрнөж байсан тавцан нь “газар хөдлөлт”-д өртөж хайр найргүй нурсан. Нураад гайхаш тасарч байтал үндэсний медиа өөрөө манлайлан халтар царайт хэмээх хөөрхөн хүүхнийг авчирч үзүүлснээр шинэ цагийн Монголын сэтгэлзүйг хөглөх масс медиагийн шинэ эрин эхэлвэй. Тэр драмд яаж автсан нь нийгмийн сэтгэлзүй ямар гоё хаашаа ч залахаар гэнэн цагаан байсны шинж байсан санагддаг, хайран юм. Сонин юм шүү, хүн бээр сармагчин, тэгэхээр нийгэм бээр сармагчин ч юм уу хаашаа юм, хорьхон жилийн дотор хотлоороо шуурсан киногоо яс хуулж хоёр гүүрний наана цаана гарсан. Баахан Стерлита, Санта, Гонзалистай ч болж сүүлдээ тэднийгээ хааш нь хийхээ мэдэхээ байгаад хоёр эхнэр, хормой хотны хууль хэлэлцэхдээ тулаад байна, за тэр ч яахав. Стерлитагаас хойш масс медиад өөр тэрнээс олигтой дүр бараг орж ирсэнгүй. Дунд нь Ошин гэж ганц хүн хальт үзэгдээд, дуучин мөөмчин солонгос драмчны эрин үе үргэлжилж байна.

Масс медиа ажлаа хийж байх зуур уран зохиол яасан? Итгэл үнэмшил нь нурж, ардчилал хэмээх нэн абстракт ирээдүйг зорих болсон үндэстний зуурсан мөчир: Их Монгол гүрний ой санамж. Өлссөн, гутарсан Чингисийн монголчууд өнгөрснөөсөө үхэн хатан зуурав, тахив, омогшив, сүүлдээ хөх шороо нь хүртэл хэнээний бай болов. Тэр нь байсан нь бас чиг яамай. Байгаагүй бол энэ төр хаанаасаа юугаар монголчуудын сэтгэлзүйг тэжээж хуйхаа маажих байсан бүү мэд. Ингээд уран зохиолд хөдөлмөрийн хүний үе дуусаж шүгдэн мүгдэн түгдэн, Бат Сорхугтани Ану Галдан эргэн гол дүр болвой. Худлаа гэвэл энэ 7 хоногийн интерномын бэстселлер жагсаалт хараарай. Сүүлдээ төр шашин түүх соёл батаар холилдож учир нь ч олдохоо болив. Зарим нэг баяжих ухаан энэ тэрээр номын дэлгүүр битүү дүүрсэн ч нөхөд яг үнэндээ яагаад баяжаад байдаг тухай зөв ойлголт өгч хөдөлмөрийн хүн бүтээсэнгүй, улаан мөнгө шүтэх хөрс л болж өгөв.

Энэ хоёр дээр нэмээд non-fiction нийтлэл, түүний дунд Баабарын нөлөөг мартаж боломгүй.  Баабар яахав хоёр том систем солигдоход шинийх нь пропогандаг ганцаараа шахуу чирсэн түүчээ. Хүний үнэ цэнэ, сэтгэл мэтгэл ярьж байхтай манатай. Хүн ярих болохоор тэнэг мангуу барбариан болгоод дуусгачдаг(болсон). Уг нь өнөөх ардчилсан, зах зээлийн тогтолцоо нь бүхэлдээ "идиал хүн"-ий тухай л даа. Ер нь амь бөхтэй асар том идеологитой байлдах түүхэн үүрэг ганц биедээ хүлээчихээр эерэгт манлайлахаас илүү сөрөгт төвлөрч муулахад мэргэших нь аргагүй ч юм шиг. Идиал хүнээ ярихгүй баахан явтал өнөөдүүл нь улам эвдэрч, улам уурыг нь хүргэж, улам муулах цикл эргэлдэж байна гэж харж байгаа. Саяхан нэг сайхан гэгч нь муулаад авсан нь Эрдэнэ ванг хилэгнүүлж элдэв тэтгэврийн хэрүүл ид өрнөж буй.  Ядаж уул уурхай идэвхижиж, бичгийн нөлөө нь үнэд орсон тул сүүлийн жилүүдэд бол товчдоо “Тэнэг монголчуудаа юм үйлдвэрлээд хөдөлмөрлөөд хол явна гэж байхгүй уул уурхайгаа шүт”гэх маягийн зохиол(story)-оор дагнаж буй. Өдөр тутмын хамгийн том сонин дээр цагаан дээр хараар бичигддэг баримттай тул хэлж байгаа юм.

Ингээд гурван талаасаа стерлита сон пак ким, мүгдэн түгдэн, баабарт бүслэгдсэн монголчууд учраа мэдэхээ байсан. Дээр нь мэдээж төр нийгэм бизнесийн толгойд гарсан сайн гарууд загвар дүр болж өгнө. Өөрөөр хэлбэл (fiction)уран зохиолын ертөнцөд өнгөрсний носталжиа, (non-fiction) мэдээллийн ертөнцөд системжүү номлол, бодит амьдрал дээр босоо хэвтээ фёодалууд давамгайлж, үр дүнд нь  өнөөдөр ба түүний эзэн эгэл монгол хүний дүр хаягдаж ирлээ. Хэн байснаа, хэн болсноо, хэн байвал зохихыг ч мэдэхээ байсан. Битгий солиор би өөрийгөө мэджийнэ гэх хүн байвал сайн л байна.  Би бол нийгмийн оюун сэтгэхүйд үлэмж нөлөөтэй үгийн хүчийг нэг бол мунхруулж тархи угаахад, нэг бол муулж доромжлоход, нэг бол буруу дууриалаар баясгахад хэрэглэснээс монгол хүн өөрийн гэсэн үнэлэмж, үнэ цэнийн баримжаагаа алдсан болов уу гэж бодож байна. Мэдээж монгол хүмүүс хөдөлмөрлөж, зүтгэж л байна. Гэхдээ ерөнхийдөө юуг зорьж, юунаас сэтгэл ханамж, өөрийн гэсэн би-хүндэтгэлээ олж байгаа нь тодорхойгүй. Цехэд ажиллах 21-р зууны Дэжидэд гар жигнэх халуун талхны үнэ цэнэ, талхчны үнэ хүнд өөрт нь тод ухамсарлагдаж байна уу үгүй юу...

Монголын нэг өдөр. Элдэв мега төсөл хөтөлбөр өдрийн медиаг, жиргээг эзэгнэнэ. Өнгөрснөө шүтсэн хийрхэл аархал фэисбүүкээр тарна.  Энэ бүхнийг манлайлсан нөхөд  цэнхэр дэлгэцийн голд мөнгө төлөөд хэрэлдэнэ. Мега ба өнгөрсний дунд харин  21-р зууныг авч явах "жижигхэн" монгол хүний дүр эзгүй. Сүүлийн үед хаа очиж үйлдвэрлэл, эрдэм ном, бизнес эрхлэгч залуус нэг шинэ дүр болж, ярилцлага нэвтрүүлэг олноор хийгдэх болж байгаа нь сайн хэрэг. Ер нь байхгүй дүрийг энэ гурван талбар л зураглана. Яг  "идиал хүн"-ээ зурагладаг, бичдэг, түүгээрээ хүнээ хөглөж хөгжиж явдаг улсуудын практикаас дараа бичсэн ч болж байна.  Эцэст нь нөгөөх алдартай хэлцийг нэг давтая даа.

Бодлоо хяна, учир нь бодол чинь нэг л өдөр үг болдог,

Үгээ хяна, учир нь үг чинь нэг л өдөр үйлдэл болдог

Үйлдлээ хяна, учир нь үйлдэл чинь удалгүй зуршил болдог

Зуршлаа хяна, Учир нь зуршил чинь араншин болдог

Араншингаа хяна, учир нь араншин хувь заяа чинь болдог.

Бодлыг харин хэн хянаж ирэв? Бидний хувь заяа хаанаас эхлэв?  Өнөөдөр хэн хянаж байна? Таны бодол, үнэлэмж, хүсэл мөрөөдөл хаанаас эхтэйв? олон асуултыг нээлттэй үлдээе. Ямар ч гэсэн төр бодлого, зохицуулалтын ажлаа хийхгүй бол сүүлийн мөрөн дэх "хувь заяа" үгүйдээ гэхэд өөрсдөө ороогдохоор эвгүйдэж ирж байна. Эрх чөлөө гэж үзэл сурталгүй, үнэт зүйлгүй, идиал дүргүй байхын нэр биш шүү дээ...

arrow icon