Нийтлэл 11 сарын 11, 2015

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - Бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулна

 

УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж багагүй хугацаанд ажилласан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар оруулж ирсэн байна. Уг хуулийн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 


 

Хэнд хамаатай вэ ?

Өөрийн болоод улс эх орныхоо төлөө зөв сонголт хийхийг эрмэлзэж байгаа хэн бүхэнд

Үндэслэл, шаардлага

Сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэлийн уялдааг хангах, зөрчлийг арилгах зорилгоор сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн сонгуулийн нэг хуультай болох шаардлага бий болоод байна.

Өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

  1. Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн, олонхийн, хувь тэнцүүлсэн болон олонхийн хосолсон гэж ангилна. УИХ-ын сонгуулийн мажоритар тойргийг нэг мандаттай байхаар байгуулна.
  2. Сонгуулийн хугацааг санал авах өдөртэй уялдуулан жил, сар, хоног, цаг, минутаар тоолохоор зохицуулна.
  3. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь нэг өдөр зохион байгуулна.
  4. Сонгогчдын бүртгэлийн систем бүрэн автоматчилагдсан тул сонгогч заавал иргэний үнэмлэхээ авч очихгүйгээр зөвхөн хурууны хээг таниулах замаар сонгуульд оролцож, саналаа өгөх боломжтой болно.
  5. Сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан иргэнийг сонгуулийн санал авах өдөр ч гэсэн санал өгөх боломжоор хангана.
  6. Ээлжит бус, дахин, нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн 6-р сарын сүүлийн бүтэн сайн өдөр болон 10-р сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулах
  7. Сонгуулийн маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  8. Сонгуулийн кампанит ажлын зардлыг хамгийн бага хэмжээнд хүртэл багасгах зохицуулалт хийнэ. Ингэхдээ сонгуулийн зардлын эх үүсвэрийг зааж өгөх юм. Тухайлбал, хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэт.Зээлийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэхийг хориглож байгаа.
  9. Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох үүргийг ҮАБ-д шилжүүлнэ.
  10. Сонгуулийн зардлын дансыг байнгын болгож зарлага гаргах хугацааг хуулиар нарийвчлан заана.
  11. Сонгуулийн мөнгөн хандив иргэний хувьд 3 сая, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг байх бөгөөд жилд зөвхөн нэг удаа хандив өгч байхаар тусгана. 
  12. Сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааг нарийвчлан зохицуулна. Ингэхдээ мэдээллийн тэнцвэрт байдлын хангах үүднээс сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны 15 минут нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ноогдохоор зохицуулалт хийнэ.
  13. Сонгуулийн байгууллагуудаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргаж байгаа аливаа шийдвэрийг ХМХ, цахим хуудсаар нийтэд албан ёсоор мэдээлэхээр үүрэг болгоно.
  14. УИХ-д суудалгүй улс төрийн намууд дангаараа болон хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж болно.
  15. Тухайн газарт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн газрын сонгуульд оролцож, шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй.
  16. Сонгуулийн хэсгийн хороо гэж байсан анхан шатны сонгуулийн байгууллага нь “сонгуулийн хэсэгт сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж” болж өөрчлөгдөж байгаа. Сонгуулийн хорооны хуралдааны дэгийг сонгуулийн төв тогтооно.
  17. Байнгын бус ажиллагаатай хорооны ажилтнууд нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байна.

Юу өөрчлөгдөх вэ ? 

Монгол улсад сонгууль зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжирна.                                               

Сэтгэгдэл бичих

arrow icon