Нийтлэл 11 сарын 16, 2015

Мухар сүсэгт авралын үүд байхгүй

Монголчуудын маань шашин шүтлэг, сүсэг бишрэлийн хандлагад "Хүн мэдэхгүй юмныхаа дайсан" гэж Төрийн хошой шагналт Д.Намдаг гуайн үг тун зохимоор санагддаг. Үнэндээ монголд будда, христ, лал, бөө гээд шашны олон янзын урсгал нэвтэрч, хэдийнэ өөрсдийн сүм хийд, сүсэгтэн олныг дагуулаад байгаа. Гэхдээ би хэн нэгний шүтэх эс шүтэх асуудалд хүндэтгэлтэй ханддаг. Учир нь  шашин шүтлэг, хүний итгэл бишрэлийн сэдвийг хөндөх нь аль ч цаг үе, ямар ч нийгэмд эмзэг асуудал байсаар ирсэн. Үнэндээ сүжиг байгаад шүтэж чадвал үхсэн нохойн тосоор ч зул барьж болно гэж өвөөгийн сургаалийг сонсч өссөн болохоор хэн нэгний шүтэх, эс шүтэхийн эрхэнд халдахыг хүсдэггүй.

Гэвч бас хэлэхгүй өнгөрч, бичихгүй үлдээж боломгүй асуудал гэж байх юм. Энэ нь шашныг сүүдэр мэт дагадаг мухар сүсэг, мухар сүсэгтнүүдийн итгэл үнэмшил биз. Ялангуяа мухар сүсэгтнүүдийн итгэл үнэмшил нь ашиг хонжоо хайгчид, амар хялбараар амьдрагсдын өгөөш болоод байгаад  эгдүүцдэг. Итгэж, сүсэлж, залбирч байгаа шашиндаа мухар сохроор хандаснаас шашин сүлжээний бизнес болтлоо хөгжиж, хийсэн нүглээ сүм, суварга барьж, бурхан бүтээлгэснээр хаачих юм шиг мөчидхөн санагчдын хүрээ тэлж байна гэх шүүмжлэл хаа сайгүй. Түүний хэрээр үнэн сүсэгтнүүд, үнэн цагаан номын мөр хөөгсдийг хэлмэгдүүлсэн үл хүндлэл газар авах болсон.

Уг нь хийсэн нүгэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж чадвал арилахгүй нүгэл гэж үгүй юм гэнэ лээ. Сүжиг байвал ширхэг будаа ч багадахгүй буян хурааж болно гэх зэргийн өнгө аястай номлол сургааль нь аль ч шашны номлолд бий. Гэвч шашин номынхоо мөн чанарт нэвтрэх зам мөрийг хөөхөөсөө өмнө залхуу, мэдлэггүй, айдсаас үүдэлтэй мухар сүсэгт автагсад цөөнгүй байх шиг. Тийм дээ ч Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хүртэл монголчуудад хандан “Мунхагийн зовлон мөнхийн харанхуй байдаг. Өөрийнхөө ирээдүйг бурханд даатган сүслэн мөргөх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш. Түүний оронд нийтээрээ нийгмийнхээ ухамсрыг дээшлүүлэх нь зүйтэй" гэж хичээнгүйлэн захиад буцсан.

Миний шашны тухай ойлголт их энгийн. Өвөө маань Цалгарын хийдийн оточ лам Санж хэмээх буурал надад зөв хүн болох, буян нүгэлийн заагийг өөрийнхөө үйл хөдлөл, үг яриагаараа ойлгуулж ирж дээ. Өвөөгийн хувьд бурханы номыг шүтнэ гэдэг нь нэг зүйлийг биширч, түүндээ итгэж байгаа нь даруулгатай байгаа хэрэг. Огт юм шүтдэггүй, даруулгагүй хүмүүсээс харгис муу санаа, хорон үйл гардаг гэж үзэж ирсэн нь юу ч шүтдэггүй хүн юуг ч хайрладаггүй гэдэгтэй агаар нэг санагддаг. Нагац ах болох Б.Чимэд, С.Эрдэнэсүх нарын аавынхаа тухай бичсэн “Диваажинд уулзья” эссэ дурсамж номонд  тэмдэглэгдсэн нэгэн дурсамж гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Энэ нь "Зээлчихье гэж хэлээд надаас  дахин дахин мах аваад явдаг ядуу хүн бас бий. Түүнд би  өглөг  болог гэж бодоод, байснаа өгөөд явуулдаг.

Түүнийг хулгайлснаас зээлсэн нь дээр гэж бодоод ирэх бүрийд нь би мах өгдөг. Хэчнээн олон удаа гуйсан ч хулгай хийгээгүйд нь баярлаж ирэх бүрийд нь гар хоосон буцаадаггүй юм” гэж өгүүлсэн байдаг. Хэдий ядуу  ч худал хэлж, хулгай хийхгүй зөв амьдрах хэрэгтэйг энэ жишээ харуулдаг юм. Энэ мэт олон сургааль, сургамжит ярианаас хөдөлмөрлөхгүй баяжиж, зоволгүй амьдрах арга зам байдаггүйг л ойлгосон. Хэдийгээр би шашин номд сүсэглэж шүтээд сүйд болдоггүй ч, өөрт хүсээгүй зүйлийг бусдад аль болох хийхгүйг хичээж явдаг л нэгэн болж төлөвшжээ. Өвөөгийн зөв хүн гэх үнэлэмж миний амьдралын зарчим болно гэж тэр үедээ зүүдлээ ч үгүй явж.

Ер нь аль ч шашны сургааль номд үйлийн үр, нигүүлсэл, гэгээрэхүйн мөн чанар нь угтаа хүн байхын утга учрыг л номлодог юм байна лээ. Тиймдээ ч өөрсдийн сургааль номлолыг айлдсан "Коран", "Библи", "Очирт, их, бага хөлгөн судар"-уудад хүнийг зөв хүн байх, зөв явах арга ухааныг л заасан байгаа. Түмэн зүйлийн хэлээр эдгээр сургаалиудаа хэвлэсэн байдаг нь зөв амьдраарай гэж захиж буй мэт.

Шашин номд шүтэн мөргөж, буяны замыг сонгож, энэ насны нүгэл хилэнцээ наминчлахыг хүсэгчдийн хувьд судар номоо хичээнгүйлэн унших нь зүй ёсны хэрэг. Гэхдээ уншаад өнгөрөх бус судрын айлдвар, сургааль номлолыг нь амьдралдаа хэрэгжүүлж, зөв хүн байх аваас энэ таны хайгаад, сураад байгаа аврал чинь байх болно. Үнэндээ өөрийн үзэл бодолтой, өөрийгөө олсон, таньсан хүн мухар сүсгээс ангид байж чаддаг.  Тиймээс шашин шүтэхдээ  сургааль номд нь нэвтрэн “мөргөдөг”  “Шинэ монгол”-ын өнгө төрхийг бүрдүүлэгч залуус  байхыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon