ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР – Үндсэн хуулийг өөрчлөхөд юуг анхаарах вэ?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаас хойш Үндсэн хуулийг тойрсон асуудлууд газар авч соошил ертөнц тэр чигээрээ энэ асуудлаар амьсгалж байна гэхэд нэг их хол зөрөхөөргүй болжээ. 

Тэгвэл эцэг хуулийн өөрчлөлтийг 2010 оны 12-р сарын 23-ы өдөр батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журамд заасны дагуу хийдэг байна. Энэхүү журамд үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй нөхцөлийг тодорхой зааж, чуулганы хуралдаанаар хэрхэн хэлэлцэж, ард нийтийн санал асуулгыг ямар үндэслэлтэйгээр явуулдаг зэрэг асуудлуудыг тусгаж өгчээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын гол хэсгүүдийг тоймлон хүргэе.  

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох нөхцөл

- Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, Ерөнхийлөгчийн ба УИХ-ын сонгуулийн тов зарлах нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

- УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй.

- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим

Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах

  • Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлахгүй байх.
  • Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно
  • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна.

Ард түмний оролцоог хангах

  • Төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангана.
  • Иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгоно.

Бодитой, ил тод байх

  • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлага, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй.
  • Улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхолд нийцсэн байж болохгүй.
  • Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулсан, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчмыг үгүйсгэсэн байж болохгүй.
  • Төслийн бүрэн эх болон түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, эцсийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлнэ.
  • Төслийн талаарх иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг УИХ-ын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх.
  • Төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд тойрогтоо уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг харгалзан үзнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх

Үндсэн хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхэд дараах зарчмыг баримтална.

- УИХ-ын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/ -аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ.

- УИХ-ын гишүүн хуралдаанд биеэр оролцож, саналаа өгнө. Бусдыг төлөөлж санал өгөхийг хориглоно.

- Төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. Нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглоно.

- Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно.

- Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж байдал, нөхцөл байдлыг харгалзан илээр, эсвэл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

- Хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Үндсэн хуулийн төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол баталтал УИХ өөр асуудал хэлэлцэхгүй.

Ард нийтийн санал, асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл журам

- Ард нийтийн санал асуулгад оруулах хуулийн төслийг чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ.

- Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол гаргана.

- Ард нийтийн санал асуулгад оруулж байгаа төслийг санал асуулга явуулах өдрийг зарлан тунхагласнаас хойш ажлын гурван өдрийн дотор албан ёсоор нийтэлнэ.

- Ард нийтийн санал асуулгад 18 насанд хүрсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд нийтээрээ оролцох бөгөөд уг ажлыг УИХ-ын сонгуультай зэрэгцүүлэн явуулж болно. Хэрэв өөр цаг үед явуулж байгаа бол УИХ-ын өмнөх сонгуулийн үед гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг шинэчлэн баталгаажуулж, зохион байгуулна.

- Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн иргэдийн олонх нь оролцож, тэдгээрийн олонх нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно.

- Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуульд УИХ ямар нэгэн засвар оруулах, ҮХЦ-ээр хэлэлцэхийг хориглоно.

- Ард нийтийн санал асуулгад иргэдийн олонх нь оролцоогүй бол санал асуулгыг хүчингүйд, санал хураалтад оролцогчдын олонх нь татгалзсан санал өгсөн бол уг хуулийг батлагдаагүйд тооцно.

- Санал асуулгыг хүчингүйд тооцсон, хуулийг батлахаас татгалзсан бол санал асуулгын дүн гарсан өдрөөс хойш УИХ 8 жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5441

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%