Нийтлэл 11 сарын 20, 2015

Хүйтний менежмент хийж Нарниагийн орон болъё

Тэртээ хэдэн жилийн өмнө аялал жуулчлалын салбарт хөл тавихад “Монгол улс 2010 гэхэд сая жуулчин авна” гэж сонсож байв. 2015 он болсон чинь бас дахиад “сая жуулчин авна” гэж сонсов. Харин одоо “2016 онд нэг сая, 2020 он гэхэд 2 сая жуулчин авна” гэж дахиад л сонслоо.  Дээгүүр  ямар үндэслэл,  ямар бодлогоор  “сая жуулчин авна” гэж давтаж, доогуур ямар цөхрөшгүй итгэлээр “ сая жуулчнаа хүлээж суудаг зуршил тогтчихов оо?

Улиг болсон онгон байгаль, дээлтэй монголоор аялал жуулчлал хэмжигдэхээсээ нэгэнт өнгөрчээ. Улс орнууд өдөр бүр шинэ зүйлс сэдэж, жуулчдыг өөртөө татаж байна. Урин дулаан цаг аялал жуулчлалын хамгийн таатай үе мөн ч үнэхээр сая жуулчин авахыг хүсэж байгаа бол “жуулчны улирал” –гүйгээр бодож сэтгэх цаг нэгэнт болжээ.  Өвлийн хүйтнийг есөн ес хоногт хувааж тус бүрийн онцлогийг хэлцдэг өвлийн соёлтой ард түмэн манайхаас өөр байхгүй.  Хүйтэн өвлөө аялал жуулчлалд ашиглаж,  цас мөс үздэггүй орнуудаас жуулчин ирүүлэхийн төлөө  “хүйтний менежмент”-ийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

 

.... ХЭРЭГТЭЙ ЮМ

Тур операторууд вэб хуудасныхаа зуны өнгөтэй сурталчилгааныхаа талыг өвлийн өнгөөр солих. “Дулааны маршрутаа хүйтний маршрут руу” шилжүүлж “өвөл ч гэсэн аялах боломжтой ” гэдэг ойлголтыг гаднын жуулчдын сэтгэлгээнд суулгаж өгөх...

Өвлийн улиралд тээвэр, үзвэрийн үнийг 30% хүртэл хөнгөлөх, аялал жуулчлалын бүс бүрээс нэг жуулчны баазыг өвөл ажиллуулахаар сонгон шалгаруулж, бүх татвараас нь чөлөөлөх, тур операторуудын захиалгыг тэдгээр бааз руу чиглүүлэх бодлого хэрэгжүүлэх...  

Орчин үеийн тохижилттой цанын баазуудыг бий болгоход төрөөс хөнгөлттэй зээлээр дэмжих. Өвлийн болон тусгай аяллын зориулалттай зарим төрлийн техник хэрэгсэл,  аяллын хувцаснаас зарим нь албан татвараас чөлөөлөгдөж байгаа ч энэ талаарх мэдээлэл тун бага байна. Энэ талын сурталчилгаа, мэдээллийг өргөжүүлэх ...

Өвлийн улиралд жилд 80000 орчим жуулчин ирдэг гэж мэдээлдэг ч 4-5-хан байдаг өвлийн арга хэмжээнд хамгийн ихдээ 40-60 гадны жуулчин харагддаг. Одоохондоо өвлийн аяллын маршрут нь Хөвсгөлийн “Мөсний баяр”, Өмнөговийн “Тэмээний баяр”,  Чингисийн хүрээ жуулчны баазын “Бүргэдийн баяр” гэсэн хэдхэн эвентээс цааш олигтой өргөжөөгүйгээс гадна дорвитой төрийн бодлогогүй аргацаасаар ирлээ. Ялангуяа цас мөсний арга хэмжээнүүдийг зорьж очиход зардал мөнгө ихтэй алс газарт зохион байгуулахгүйгээр нийслэлдээ ойрхон Өгий нуур, Туул гол, Орхон голын мөсөн дээр зохион байгуулах боломжуудыг эрэлхийлэх...  

Өвлийн аяллын бас нэгэн чухал сэдэв бол “Цагаан сар”. Монголын цагаан сар Хятадын цагаан сартай ойролцоо тохиодог ч зан заншлын хувьд өөр. Сүүлийн үед хятадууд нүүдлийн соёл, цагаан сарын уламжлалт ёс заншлыг Өвөрмонголоор дамжуулан танилцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Монгол ба Хятад соёлыг нэгэн зэрэг сурталчлах бодлого хэрэгжүүлж байна. Манай Монголчуудын санаачилсан “Бүргэдийн баяр”-ыг Казакстан улс хуулбарлаж, төрийн дэмжлэгтэйгээр олон мянган жуулчдыг өөрсдийн нутаг руугаа татах боллоо. Улаанбаатараас ч хүйтэн хэрнээ 10 сая жуулчин авч чадаад байгаа Харбин хот, Сибирийн өвлийн аялал жуулчлал цас мөсөн хотхон, усанд шумбалт, тэшүүр, уулын цана гэх мэт олон улсын өвлийн тэмцээний хөтөлбөрөөрөө, Өмнөд Солонгос мөсөн хананы олон улсын тэмцээн,  Япон улс өвлийн халуун рашаан хөтөлбөрөөрөө алдартай болцгоочихлоо.  Хойд Солонгост Мэйсикронж гээд манай Скай ресортоос хэд дахин том цанын бааз бүхий хотхоныг өнгөрсөн жил ашиглалтанд оруулаад Хятад ба Европын улс орнууд руу аялал жуулчлалын бодлогоо чиглүүлж байна.  Хойд хөршийн Новосибирск, Красноярск, Улаан-Үдийн хамтарсан “Нүүдлийн workshop” хөтөлбөрт ойр хавийн бүсийн 60 гаруй компани жуулчдаа оролцуулж байна. Бид хөрш зэргэлдээ орнуудаасаа дахин дахин суралцах ХЭРЭГТЭЙ болжээ.

Гадныхан манай өвлийн аяллыг сонирхдоггүйдээ биш, бид мэдээллээ хүргэж чаддаггүйд хамаг учир байна. Хойд туйлаас 900 км зайтай Франц улс Иосифийн арлаа, АНУ Аляскийн хойгоо, Норвег улс Шпицбергээ “өвлийн аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.  Эдгээр газруудад манайд байдаг шиг цаст уул, цасан тал, мөсөн гол бүгд байна. Жуулчид нь мөс хагалагч усан онгоцонд тухалж, онгоцны цонхоор гадна орчныг харж дулаахан сайхан аялдаг бол манайд морин чарган дээр дах нөмөрч, дэгтий өмсөн, үнэгэн лоовууз толгой дээрээ тавьчихаад аялж яагаад болохгүй гэж? Хойд туйлд ойрхон тэдгээр бүсэд 10-20 мянган америк доллар зарцуулан байж аялдаг жуулчдын 90%-ийг Хятад тэргүүлж, Япон удаалж, Америк гуравдугаарт орж эзэлдэг судалгаа байна. Хятад, Японы хувьд хаяанд нь байгаа Монголыг алгасан тэр алс холын цас мөс рүү явж байгаа нь сонирхолдоо хөтлөгдсөнийх биш гэж үү. Иймд  ITB, WTM, JATA, Бээжин, Хонконгийн гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохдоо өвлийн аялал жуулчлалтай холбоотой сурталчилгааг түлхүү хийх...  

Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт, Багануур гэсэн томоохон хотуудаа түшиглэсэн аялал жуулчлалын эвент(арга хэмжээ)-үүдийг бий болгож, 300 гаруй жилийн түүхтэй Цайны зам, 2000 жилийн түүхтэй Торгоны зам дагуух аялал жуулчлалын тухай сэтгэе. Олон улсад танигдсан ноолууран  бүтээгдэхүүнээрээ  жуулчдын анхаарлыг татах томоохон “Ноолуурын баяр”-тай болъё.  Дах, дэгтий, үслэг малгайнуудыг сэдвээ болгосон үндэстэн ястны “Өвлийн монгол хувцасны шоу”-тай болъё.  МУГТ, уулчин Г.Өсөхбаяр хойд өргөрөгийн 90°-д хүрсэн 240 дэх хүн болж байсантай адил Монголын төв цэгт хүрсэн тэд дэх аялагч, эсвэл Монгол-Орос-Хятад гурван улсын уулзвар цэгт хүрсэн тэд дэх аялагч гэх мэтээр алдаршуулан онцолж болох бүхнийг маршрутдаа сэтгэн оруулъя.  “Улаанбаатар – Скай ресорт – Горхи Тэрэлж – Налайх - Тоньюкукийн хөшөө – Зуунмод - Манзуширийн хийд” гэх мэтээр өвлийн аяллын дөт маршрутуудыг бий болгож байгалийн болон түүх, соёлын аялал жуулчлалыг одоо байгаа материаллаг бааздаа түшиглэн хөгжүүлье. Өвлийн морин аялал, тэмээн аялал, морин чарганы аялал, нохойн чарганы аялал, цана тэшүүрийн аялал, мөсөн хананд авирах, цаа буга унах, өвлийн нар мандахыг харах,  цас мөсний баяр үзэх, шинэ жилийн баяр үзэх, цагаан сарын баяр үзэх, мал төллүүлэх, ан хийх, цооногоос загас барих, харзны усанд орох, Цэнхэрийн халуун рашаанд орох, шинийн гуравны бөөгийн тахилга үзэх аялал гэх мэт маш олон сонирхолтой аяллын хөтөлбөр гаргаж  сурталчлая.  Ид зуны улирлаар тэмээ унаж  элсэн дээгүүр аялахад “хэцүү” тул намрын 9, 10, 11 дүгээр саруудыг “Тэмээн аяллын улирал” болгон хөгжүүлцгээе. Таагүй нөлөөлдөг мэдээллийг багасгаж “манай орон маш хүйтэн, өвөлдөө -30 хэм хүрч хүйтэрдэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай,  цас ордог, та зун л аялсан нь дээр дээ” гэж ухуулдагаа больё.

Эцэст нь хэлэхэд, Монголын аялал жуулчлал сүүлийн 25 жилд БОР ЗҮРХЭЭРЭЭ ЯВЖ ИРЛЭЭ. Харин Азийн бусад орон тухайлбал, Тайланд, Хятад, Солонгос, Вьетнам, Тайван, Хонконг, Малайз гэх мэт олон орны аялал жуулчлал ТӨРИЙН БОДЛОГООРОО ХӨГЖИЖ ИРЛЭЭ.  Монгол улс аялал жуулчлалынхаа салбарыг хэзээ бодлого шиг бодлогоор хөгжүүлэх вэ? 10-р сараас 4-р сар хүртэл төр засаг, ард иргэдэд хүндрэлтэй үе бөгөөд дулаан халаалт, түлээ түлш, зузаан хувцас гээд хаа сайгүй зардал нэмэгддэг энэ хүнд үеийг даван туулахад аялал жуулчлал чухал хэрэгтэй нэг гарц гэдгийг бүх шатанд ойлгож анхаарах цаг болжээ.

Түүнээс гадна шулуухан хэлэхэд Монголын Аялал Жуулчлал янз бүрийн яамны ХАВСАРГА бус бие даасан,  цомхон бүтэцтэй ӨӨРИЙН ГЭСЭН ЯАМТАЙ болж байж хөгжих боломжтой болно. Аялал жуулчлалын салбарт оногдох төсөв бага, төр засгийн анхаарлын төв рүү орохгүй байгаа хэрнээ Монгол Улсын ТЭРГҮҮЛЭХ САЛБАР гэж яригдаад байгаа нь авцалдахгүй байна!

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-04-10

    uneheer unen hellee

    • Зочин
    • 2016-04-03

    tiim shuu, demjij bnaa, (y)

    • Зочин
    • 2015-11-22

    Дэмжиж байна

    • Зочин
    • 2015-11-20

    хоосон шүүмжлээд байх биш гоё бодитой маркетингийн санаанууд гаргажээ

    • Монхүү
    • 2015-11-20

    Би хэдэн жуулчинтай Монголоороо тойрч үзсээн. Хамгийн аймшигтай, муухай юм гэвэл очсон газар болгонд, бүр хоолны газар хүртэл шүү, Гадаад хүний тэд, монгол хүний тэд гэж үнийн ялгаатай байдаг. Ичиж үхмээр, арьс өнгөөр ингэж улайн цайм ялгаварладаг тэрийг нь төр нь дэмжээд сууж байдаг улс ер нь байдаг болов уу?? Жуулчин авчирдаг манай компаниуд хөтөлбөрөө гоё, сэтгэл татахаар болгохын тулд дэндүү худлаа хульхи юм бичдэг. Тийм алдартай уул, ийм ч эртний бичиг гээд яг очиод нутгийн хүмүүсээс асуухаар доог болдог. Мөнгөө хэмнэхийн тулд юуны чинь орчуулга, ойр зуурын юм ч зөв хэлчихэж чадахгүй оюутнуудаар гайд хийлгэдэг гэх мэт гадны хүмүүстэй явж байхад нүүр байтугай улаймаар өчнөөн асуудлаа шийдэж чадаагүй байж, одоо хөхөө өвлийн хүйтнээр авчирч хөлдөөж алах нь . Эхлээд зуны дэлгэр цагтаа аятайхан байлгах, дахиад ирэх сэтгэгдэл үлдээхээр болчих дараа нь харин .... гэхдээ мэдэхгүй юмдаа юу л бол уучлаарай.

    • MONREVE
    • 2015-11-20

    Асуудлууд ч их байгаа шүү. Сая УИХ-д бүс нутгийн алслагдсан байдлаас хамаарсан татварын хөнгөлөлтийг үзүүлэх хуулийн төсөл орсон. Хэрэв энэ батлагдвал манай орон нутгийн аяллын компаниуд мөн хөгжих боломжтой. ТУхайлбал 1000 км-ээс цааш алслагдсан аймгуудад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын татварын тэглэх (0) тухай юм.

    • A.Anuka
    • 2015-11-20

    Энэ хүний юу хийж бүтээдэгийг аялал жуулчлалын салбарынхан мэднэ. Маш хөдөлмөрч хүн. бичсэн зүйлийг нь дэмжиж байна.

arrow icon