Нийтлэл 11 сарын 23, 2015

8 сарын турш хийсэн шинжилгээ: Хорт хавдар үүсгэдэг органик бохирдуулагчид таны ажиллах орчинд байдаг

Бид агаарын бохирдол сэдвийн хүрээнд цуврал нийтлэл сурвалжлагуудыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт бид гадаад орчны агаар болох нийслэлийн агаарын бохирдол ямар байгаа талаар сурвалжлагаа хүргэсэн. Харин энэ удаад дотоод орчны агаарын талаар бэлтгэн хүргэхийг зорилоо.

Дотоод орчны агаар гэж юу вэ? 

Бид ихэнх хугацааг ажлын байрандаа өнгөрөөдөг. Ажлын байрны дотоод орчны агаарын чанар муу байх нь ажилтны ажлын бүтээмжээс эхлээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж улмаар астма, бронхит зэрэг амьсгалын замын архаг өвчлөлүүдийн эх үүсвэр болдог байна.

Мөн азбест, нарийн ширхэглэгт тоосонцор, химийн хорт болон аюултай бодисын уур, тоосонцор, нарийн ширхгүүд гэх мэт зарим төрлийн хортой, аюултай материал нь олон жилийн дараа үүсэх хорт хавдарын гол шалтгаан болдог ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар дотоод орчны агаарын бохирдлоос үүссэн өвчлөлөөр дэлхийд жилд 4.3 сая хүн нас бардаг гэсэн тоо баримт байдаг байна.  Дотоод орчны агаарын чанарт нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Үүнд агааржуулалт хангалтгүй байх, дотоод орчны чийгшил, дулаан температурын хэвийн бус байдал  нөлөөлдөг ч эдгээрээс илүүтэй хүний эрүүл мэндэд урт болон богино хугацаанд сөргөөр нөлөөлдөг чухал хүчин зүйл бол дэгдэмхий органик бохирдуулагчид ажээ. Тиймээс “Ногоон Титэм” байгаль орчны шинжилгээний лабораториос зарим албан байгууллагуудын агаарын чанарт шинжилгээ хийсэн байна. 

Шинжилгээнд ямар газруудыг хамруулсан бэ 

Тус лаборатори  шатахуун түгээх газар, гагнуурын газар, хүнд машин механизмын засварын газар, автомашины засварын газар, хэвлэлийн үйлдвэр, шинээр ашиглалтад орсон орон сууц зэрэг 6 аж ахуй нэгжийн агаарын чанарт 8 сарын хугацаанд шинжилгээ хийжээ. Шинжилгээ хийхийн тулд аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудаас зөвшөөрөл авсан ба байгууллагууд нэрээ нууцлахыг хүссэн байна. 

Шинжилгээгээр ямар хариу гарав

 

Шинжилгээгээр тухайн аж ахуй нэгжүүдийн агаарт дэгдэмхий органик бохирдуулагчид маш ихээр илэрсэн бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэд дахин илүү гарсан болохыг тогтоосон байна.  

Тодруулбал, шинжилгээний хариуд үнэлэлт дүгнэлт өгөхдөө тухай органик бохирдуулагчдын агаарт агуулагдах ёстой стандарт хэмжээ болох  5885:2008-тай харьцуулан авч үзсэн байна. Ингэхэд шатахуун түгээх станц, автомашины засварын газар, гагнуурын газруудад химийн хортой элемент болох бензол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэд дахин өндөр гарсан байна. Тодруулбал, гагнуурын газрын агаарт тархсан бензол зөвшөөрөгдөх хэмжээнээс 100-1000 дахин өндөр гарсан бол хүнд машин механизмын засварын газар зарим химийн хортой нэгдлүүд  зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 30-10000 дахин их байгаа нь илэрчээ.

Харин шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа барилгын дотоод орчны агаарт хийсэн шинжилгээгээр М-ксилол, стирол, толуол зэрэг бодисууд стандарт хэмжээнээс 15 дахин өндөр гарсан байна. 

Мөн шинжилгээнд хамрагдсан хэвлэлийн үйлдвэрийн дотоод орчны агаарт принтерээс ялгардаг трихлорэтилен, 1.2-дихлорбензол, 1.4-дихлорбензол зэрэг бодисууд 2-19 дахин их агуулагдаж байгаа нь илэрчээ. Гэтэл орчин үед албан байгууллага, офиссдоо принтергүй байгууллага ховор болсон. Хэрвээ таны ажлын өрөөнд принтер байгаа бол агаарт хор нь ялгарч улмаар таны амьсгалын замаар дамжин олон өвчлөлийг үүсгэх сөрөг хүчин болдог байна.

Дэгдэмхий органик бохирдуулагч эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ

Эдгээр бодисууд нь амьдарч, ажиллаж буй орчны агаарт байснаар хүний эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдгийг маш олон төрлийн судалгаагаар тогтоосон байдаг. Эдгээр шууд болон шууд бус замаар нөлөөлөл үзүүлдэг.Дэгдэмхий органик нэгдлүүд нь олон төрлийн харшил, амьсгалын замын өвчлөл, дархлаатай холбоотой өвчлөлүүдийн эх үүсвэр болдог гэж тогтоосон байна.

-Нүд, хамар, хоолой (амьсгалын замын эрхтнүүдийн) цочроох

-Толгой өвдөх

-Анхаарал, тэнцвэр сулрах

-Элэг, бөөр, төв мэдрэлийн системийн өөрчлөлт

-Хорт хавдар

 

Юунаас ялгардаг вэ

-Органик уусгагч бүхий бүх төрлийн будаг лак

-Органик уусгагч, будаг шингэлэгчид,

-Ахуйн химийн бүтээгдэхүүнүүд, цэвэрлэгээний шингэн

-Бүх төрлийн шатах, тослох материал

-Барилгын хуванцар материалууд

-Хэвлэх машин, принтерийн хор

-Цавуу, наалт туузнууд, пламастер, гэрэл зургийн хор 

 

Ашигласан материал: 

- Шинжилгээний дүн PDF файлыг энд хавсаргалаа

-http://www.mne.mn/chemical/

-ажлын байрны эрүүл ахуйн стандарт

Сэтгэгдэл бичих

arrow icon