Нийтлэл 11 сарын 24, 2015

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ 3 ЗҮЙЛ

Мөнгө төгрөг, хөрөнгө чинээ, тансаг сайхан амьдрал, өндөр цалинтай ажил, алдар нэр хүнд үү эсвэл бусдыг хайрлах хайр, хүнлэг энэрэнгүй сэтгэл, сэтгэлийн тэнхээ, хувиа үл хичээх зан чанар, бусдад туслаж дэмжих нь чухал юм уу? Миний бие “Морритой өнгөрүүлсэн Мягмар гарагууд” хэмээх номыг 2 дахь удаагаа уншиж дуусаад энэ номноос ойлгож ухаарсан зүйлсээ та бүхэнтэй хуваалцъя гэж зорьлоо.

Товчхондоо энэ номонд эмчилгээгүй аймшигт хорт хавдрын улмаас амьдралынхаа сүүлийн өдрүүдийг туулж буй нэгэн настай профессор өөрийнхөө нэгэн хуучин шавьдаа сүүлчийнхээ хичээлийг зааж байгаа талаар өгүүлдэг юм. Энэ хичээл нь 7 хоногийн 2 дахь өдөр болгон профессорын гэрт нь болдог байсан ба энэ хичээлд сурах бичиг хэрэглэдэггүй. Хичээлийн сэдэв нь амьдралын утга учир гэх ба цэвэр туршлагаас үндэслэн заадаг.

  1. “Хайр бол цорын ганц ухаалаг алхам”

Амьдралд хамгийн чухал зүйл бол бусдад хайраа хэрхэн түгээж мөн хэрхэн хайрыг өөртөө хүлээн авж сурах вэ гэдэг юм. Их яруу найрагч Дашбалбар асан нэгэнтээ

“Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж ойлгоном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном”

 хэмээн шүлэглэсэн байдаг. Юутай агуу үнэн үгс вэ? Тиймээ амьдрал хайргүйгээр зүгээр л нэг хоосон хий хүйтэн орон цагийн дараалал болж хувирах тийм л зүйл. Хайр нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ч энэ бидний зүрх сэтгэлд оршдог хамгийн хүчирхэг бас нандин зүйл. Бид амьдралаа материаллаг эд баялгаар дүүргэдэг боловч тэд биднийг хэзээ д ч сэтгэл дүүрэн болгодоггүй. Түүгээр ч үл барам бид хүрээлэн буй орчлон ертөнц, биднийг хайрладаг хүмүүсийг аль хэдийн байх ёстой зүйл мэтээр бодон амьдарч эдгээр зүйлсийн үнэ цэнэ ач холбогдолыг нь төдийлөн анзаардаггүй. Гэвч үнэндээ эдгээр зүйлс үгүй бол энэ амьдрал гэдэг зүйл оршин тогтнохгүй байсан биш гэж үү? Байгаль дэлхийгээ, хүндэт эцэг эхээ, ачит ах эгч дүү нараа, анд нөхөд үеийн найзууддаа, гудманд таарах танихгүй нэгэнд, өтгөс бууралд, нялхс балчир дүү нартаа, ачит багш нартаа инээмсэглэл бэлэглэ тэднийгээ хайрла эргээд харин хариуд нь та энэ амьдралын хамгий нандин зүйл болох ХАЙРЫГ мэдрэх болно.

  1. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх

Энэ амьдралд аз жаргалтай байхад шаардлагатай элементүүдийн хамгийн эхний хэсэг нь энэ юм. Хэрвээ та өөрөө өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун байж чадахгүй үргэлж өөрийгөө ямар нэг байдлаар хангалтгүй,дорой мэтээр бодож явбал энэ нь таньд ямар ч тус дэм болохгүй харин ч бүр таны амьдралыг стресс, зовлон шаналалаар дүүргэх болно. Үүний оронд та өөрөө өөрийгөө хэн гэдгээрээ хүлээн зөвшөөрч өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг байх хэрэгтэй. Ингэснээр та амьдралаас илүү их сэтгэлийн таашааллыг мэдрэх болно.

  1. Нийгмийн соёл иргэншил, дадал зуршлыг та заавал дагах албагүй

Та бид хоорондоо бүгд адилхан биш харин өөр өөр үзэл бодолтой, зан чанартай хүмүүс. Нийтээр дагаж хийдэг бүхэн, нийтээрээ итгэдэг тэр үзэл бүхэн таны үзэл бодолтой заавал нийлж нийцнэ гэж та бүү бод. Жишээлбэл, өнөөдрийн нийгмийн нийтлэг хандлага бол яаж ийж байгаад нэр хүндтэй сайн сургуульд орох, өндөр цалинтай ажил хийх, том байшинд амьдрах, тансаг үнэтэй машин унах гэх мэтийн материаллаг зүйлсээр аз жаргалыг бий болгоно гэж бодох болжээ. Гэвч үнэндээ хүний сэтгэлээс хэлсэн нэг сайхан үг, дотно тэврэлт, сайхан инээмсэглэлийг энэ материаллаг зүйлсийн аль нь ч орлож чадахгүй. Тиймээс хэрвээ таньд таалагдахгүй, таны үзэл санаанд нийцэхгүй зүйлс байвал та өөрийнхөө дагаж мөрддөг хэм хэмжээ, итгэл үнэмшлийг бий болго. Эцэс сүүлд нь та ямар шийдвэр гаргахаас хамаарч та өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуус амьдрах эсэх нь шийдэгдэнэ шүү дээ.

Эцэст нь хүн бүхэн хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин одно гэдгээ мэддэг хэрнээ та бид хэзээ ч энэ талаар ярихыг хүсдэггүй харин ч эсрэгээрээ үхэл гэдэг зүйлийг мартсанаар алга болох мэтээр сэтгэн амьдардаг. Харамсалтай нь энэ бол зөвхөн өөрийгөө хуурч буй явдал юм. Гэхдээ энэ нь үхлийн талаар өдөр болгон бодож айдас хүйдэс дунд амьдрах гэсэн үг биш юм. Харин энэ нь та энэ хязгаартай амьдралдаа үнэхээр өөрийнхөө хийхийг хүссэн зүйлсээ хийж байна уу үгүй юу, амьдралдаа та аз жаргалтай сэтгэл хангалуун байж чадаж байна уу үгүй юу, амьдралдаа та талархаж чадаж байна уу гэдгээ бодож тунгаах гэсэн утгатай юм. Тиймээ амьдралд юу чухал юм бэ? Та бодоод үз. Материаллаг зүйлс үү аа эсвэл сэтгэлийн нандин мэдрэмжүүд үү? Та сонголтоо хийсэн бол өнөөдрөөс эхлэн шинээр өөрөөр амьдраад үз!

 Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

arrow icon