Нийтлэл 11 сарын 29, 2015

МОСКВА ХОТОД ТЕРРОРИЗМИЙН АЮУЛ ЗАНАЛХИЙЛЭЛ ХЭР БОДИТОЙ БАЙНА ВЭ?

Намайг ОХУ-ын нийслэл Москва хотод цэргийн академид суралцаж байгаа гэдгийг зарим нь мэдэх байх. Хоёр хоногийн өмнө өглөө эрт сургууль руугаа гараад явж байхдаа дотуур байрны үүдэнд каск, сум үл нэвтрүүлэх хантааз өмсөж, гартаа автомат буу барьсан цэрэгтэй таарав. Гайхасхийгээд гараад явтал академийн нэгдүгээр байрлалын шалган нэвтрүүлэх цэг дээр бүрэн зэвсэгтэй гурван цэрэг бас хамгаалалтад зогсож байгаа харагдлаа.


Өмнө нь Москва хотод терроризм үйлдэж болзошгүй тухай анхааруулга, сануулга гарч, цагдаа нар үзвэр үйлчилгээний болон олон нийтийн газар, метро зэрэг хүн олон цугладаг газар олноороо эргүүл, үзлэг шалтгалт явуулж байгаа тухай тодорхой мэдээлэлтэй байгаа. Ялангуяа Франц улсад болсон халдлагын дараа ийм анхааруулга улам ихсэж байгаа. Харин ингээд өөрийн амьдарч буй дотуур байранд буу зэвсэгтэй хамгаалалт гараад эхлэнгүүт, энэ чинь юу билээ? Бидний аюулгүй байдал хэр хангагдсан, ер нь аюул занал хэр ойрхон байгаа вэ? гэдэг бодол өөрийн эрхгүй төрч байна.

Мэдээж академийн зүгээс гадаадын офицеруудын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе-гийн алба, манай БХЯ-наас орост суралцаж буй цэргийн алба хаагчддаа өөрсдийн шугамаар тодорхой анхааруулга, санамж өгөгдсөн.

Москва бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотын тоонд багтдагаас гадна гэмт хэргийн гаралт өндөр, аюулгүй байдал тийм ч тайван байж чаддаггүй гэдгийг бид мэднэ. Энэ нь саяхнаас интернетээр тархсан “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн заналхийлэлтэй ч огт холбоогүй асуудал юм. ОХУ бол хүн ам, нутаг дэвсгэр ихтэй, олон үндэстэн ястнаас бүрдсэн том улс. Тэр утгаараа төрөл бүрийн проблем ихтэй байдаг. Түүнээс гадна дотооддоо салан тусгаарлах үзэл бодолтой, одоогийн засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн хууль бус бүлэглэл үйл ажиллагаа явуулж байдаг. Түүнчлэн хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан “Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд”-ын хэдэн сая(хэдэн саяаараа шүү) цагаач иргэд визгүй чөлөөтэй орж ирдэг нь Холбооны аюулгүй байдлын алба тэдэнд хяналт тавихад хүндрэлтэй байдаг бололтой. Дээрээс нь ЗХУ-ын задралын үед олон мянган галт зэвсэг иргэдийн гар дээр тарсан гэдгийг мартаж болохгүй. ОХУ-ын “Холбооны аюулгүй байдлын алба” нь иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд эрчимтэй ажиллаж байгаа хэдий ч терроризмийн аюул бодит хэвээр байна. 

ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос гаргасан тайланд дурьдсанаар бол зөвхөн 2013 онд Орос улсын хэмжээнд терроризмтай холбоотой 661 удаагийн хэрэг бүртгэгдсэн ба энд 31 удаагийн шууд террорист халдлага болж 40 гаруй хүмүүс амь насаа алдаж байжээ. Тухайлбал 2013 оны 12 дугаар сард Пятигорск хотод автомашинд бөмбөг дэлбэлсэн бол Волгоград хотод 2 амиа золиослогч дэлбэрэлт үйлдэж 34 хүний амь насыг авч одсон аймшигтай хэрэг гарч байлаа. Мөн Москва хотод 2010 оны 3 дугаар сарын 29-ны өглөө хүмүүс ажилдаа явдаг ид ачааллын үеэр “Лубянка” болон “Парк культуры” метроны станцад хоёр амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэрлэснээс болж 40 хүн амиа алдаж 100 гаруй хүн шархдаж байв. Энэ “Парк культуры” метроны станц бол манай гэртэй хамгийн ойрын станц тул өдөр бүр үүгээр дамжин хичээлдээ явдаг билээ.

Анзаараад харвал терроризмын хамгийн түгээмэл хэлбэр нь байр, орон сууц, автомашинд тэсрэх бөмбөг тавих, эсвэл хүн олонтой газар амиа золиослогч өөрийгөө дэлбэлж байна. Оросын ихэнх цэргийн академи, дээд сургуулиуд нь сонсогчдын амьдарч буй байр, хичээлийн байр нь нэг хашаан дотор байрладаг тул тэр болгон гараад олон нийтийн тээврээр явж, хүмүүстэй хутгалдаад байх нь ховор. Харин манай академийн хувьд амьдардаг болон хичээллэдэг байр нь хоорондоо хол зайтай, 2-4 дамжин нэг цаг гучин минут орчим явж байж хүрдэг юм. Тийм учраас өглөө бүр Москва хотын төвийг дайран нэг захаас нь нөгөө зах хүртэл автобус, троллейбус, трамвай, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл ашиглан дамжиж явдаг. Үүнийг манай Улаанбаатар хоттой зүйрлэж хэлбэл “Офицеруудын ордон”-оос “Таван шар” хүртэл хотын төвөөр явж сургуульдаа очоод орой энэ маршрутаар гэртээ буцаж харьдаг гэсэн үг.

Академид хамт суралцаж буй гадаадын офицерууд аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа тухай цухас дурьдая. Бид Өмнөд Солонгос, БНХАУ-ын офицеруудтай хамт суралцдаг. Өмнөд Солонгос Улс бол АНУ-ын хүчтэй нөлөөнд байдаг өндөр хөгжилтэй улс. Тус улс нь Москва хот амьжиргааны өртөг өндөртэй, амьдрахад хүнд нөхцөлтэй гэж үздэг тул энд сурч буй өөрийн офицеруудын цалинг нь хоёр дахин нэмэгдүүлж өгөхөөс гадна байрны зардал, хувьд нь автомашин худалдаж авах мөнгийг нь засгийг газраас олгож байна. Хувийн автомашинтай солонгос офицер сургуульдаа ирж очихдоо тэр бүр олон нийтийн газар ороод байхгүй тул аюулгүй байдал харьцангуй хангагдсан гэж үзэж болно.

ОХУ-БНХАУ хоёр улсын харилцаа бүх салбарт жигд хөгжиж байна. Энэ талаар хэвлэл мэдээллийн бүх сувгаар мэдээлж байгаа. Харин энд сурч байгаа офицеруудынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ. Сар хагасын өмнө Москва хотын метронд бөмбөг тавьсан мэдээ гарсан. Үүний дараа БНХАУ-ын ЭСЯ энд сурч буй офицеруудаа метрогоор зорчихыг хориглож, таксигаар явж байхыг үүрэгдсэн бөгөөд гарах зардлыг нь элчин сайдын яамнаас дааж байв. Харин саяхнаас хятад офицерууд хоногийн 400 мянган төгрөгөөр микро автобус хөлслөөд бөөнөөрөө явж байгаа. 1,4 тэрбум хүнийхээ тоогоороо дэлхийд нэгт ордог энэ улс, нэг ч гэсэн иргэдийнхээ амь насыг хамгаалахад зориулж тодорхой хөрөнгө зарж чадаж байна.

Харин бидний хэдэн монголчууд хасагдсан цалингаа ч хугацаандаа авч чадахгүй, “Арай тэр терроризм, дэлбэрдэг бөмбөг нь таарч аз хийморь харьчихгүй байлгүй” гэсэн цэвэр монгол эрчүүдийн гүндүүгүй сайхан зангаар “метро”-доо сууж явна даа ...

Сэтгэгдэл бичих

    • Болд
    • 2015-12-01

    Ккк их сонин байлаа. Ххх

    • WAVY
    • 2015-11-30

    Haha, manai Mongolchuud heegui gdg shg bas l hainga bna daa, mungugui gehees iluu setgel, anhaaral halamj l dutaj bga daa yr ni.

arrow icon