Нийтлэл 12 сарын 04, 2015

Уурхайн хаалт зөвхөн нөхөн сэргээлт биш

Манай улсын томоохон уул уурхайн төслүүд болох Оюу Толгой уурхай, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой уурхай, Багануур зэрэг уурхайдыг хаахад тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн байдал тогтвортой үлдэх үү гэдэгт эргэлзээтэй. Иймд бид энэ тухай бодох, ярих, хэлэлцэх, асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох цаг нь болжээ.

Уурхайн хаалт гэдгийг мэргэжилтнүүд зөвхөн нөхөн сэргээлт хийгээд зогсохгүй уул уурхай хөгжсөн тухайн бүс нутагт нийгэм болоод эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах арга замыг тухайн уурхайн үйл ажиллагааны үе шатуудад төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна.

Уурхайн хаалттай холбоотой нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон талт асуудлуудыг дараах байдлаар шат дараатай бөгөөд системтэйгээр шийдэж эхлэх шаардлагатай байна.

  • Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уурхайн хаалтын талаарх олон улсын тэргүүн туршлага, бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдээр судалгаа, шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах.
  • Судалгааны дүнд үндэслэн уурхайн хаалттай холбоотой эрх, үүрэг, хаалтын барьцаа, хаалтын барьцааны сан, хаалтын дараах үүрэг хариуцлага зэрэг гол асуудлуудыг олон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт үзэл санааг ашиглан үндэсний эрх ашигт нийцүүлэн хуульчлах.
  • Орд ашиглах Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг гол бичиг баримтуудад уурхайн хаалтын асуудлыг хэрхэн тусгахтай холбоотой аргачилсан зааврууд бий болгох.

Уурхайн хаалтын эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ дараах асуудлуудыг онцгойлон анхаарахыг зөвлөж байна.

  • Уурхайн хаалтыг зөвхөн булж, дүүргэж нөхөн сэргээх бус аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн, сургалтын бааз, хог хаягдал булшлах цэг, загасны аж ахуй гэх мэт орон нутгийн эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц, оршин суугч, уурхайд ажиллагсдыг цаашид тогтвортой ажлын байр, амьжиргаагаар хангахуйц уул уурхайн компани, улс орон нутгийн хөгжил, ошин суугч зэрэг оролцогч талуудад бүгдэд ашигтай байх боломжийг буй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  • Ордын төрөл буюу алт, нүүрс, хайрганы орд гэх мэт өөр өөр төрлийн байгалийн баялаг ашигласан уурхайн хаалтын бодлого, эрх зүйн зохицуулалт, ордын нөөцийн хэмжээ, ашиглалтын эдийн засгийн үр ашиг буюу том, жижиг уурхайн хаалтын бодлого, эрх зүйн зохицуулалт, газарзүйн байрлалын хувьд нэг дор зэрэгцээ эсхүл ойролцоо орших /тухайлбал Заамарын алтны бүлэг шороон орд ашиглаж буй/ олон уурхайнуудын хаалтын бодлого, эрх зүйн зохицуулалтын онцлогийг онцгойлон анхаарах.
  • Уурхайн хаалтын барьцаа хөрөнгийн сангаас уул уурхайн ашиглалтын ид үед орон нутгийн хөгжилд нөлөөлөхүйц макро, багц төслүүдийг санхүүжүүлэх, санхүүжүүлсэн төслийн ашиг, эргэн төлөлтөөс тухайн сан өөрөө өсөн нэмэгдэж байх тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг хийх.
  • Уурхай хаагдсаны дараа тухайн уурхайд ажиллаж байсан ажилчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тухайн орон нутгийн эдийн засгийн хөөсрөл, ажилгүйдлийг хэрхэн зохицуулах талаар уурхайн хаалтын төлөвлөгөөнд онцгойлон авч үздэг байх зохицуулалтыг Уурхайн хаалтын журамд тусгах.

Уурхайг эдийн засгийн үр ашигтайгаар хаах боломжтой

Манай улсын эдийн засгийн үндсэн тулгуур нь уул уурхай гэж дүгнэж Монгол Улсын цаашдын хагжлийн чиг хандлага уул уурхайгаас шалтгаалах тул уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах асуудлыг одооноос эхлэн зохицуулах нь онцгой чухал гэж үзээд оролцогчид дараах санал зөвлөмжүүдийг санал нэгтэй гаргалаа. Үүнд:  

  • Уул уурхайн компаний үйл ажиллагааны явцад хийгддэг худалдан авалт, бүтээн байгуулалт, нийгмийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт зэрэг олон боломжуудыг орон нутгийн хөгжилд чиглүүлэх, хуулиар орон нутагт хуваарилагдах татвар төлбөрүүдийг олгодог болох зэрэг уул уурхайн хөгжил орон нутгийн хөгжилд шингэдэг байх тогтолцоог бүрдүүлэх.
  • Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стратегийн том ордуудын хаалтын бодлогыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг бодлогуудтай уялдуулан тодорхойлж үе, үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
  • Уул уурхай бүхий аймаг орон нутаг өөрийн нутаг дэвсгэрт ажиллаж буй уурхайн хаалтын бодлогыг орон нутгийн хөгжлийн бодлого, нийгмийн асуудалтай уялдуулан тодорхойлох, Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих.
  • Уурхайн хаалтын сангаар санхүүжүүлэн улс, орон нутагт хөгжүүлэх багц төслүүдийг боловсруулах хэрэгжүүлэх тогтолцоог буй болгох.

Сэтгэгдэл бичих

arrow icon