Ёроол руугаа уралдсан нийгэмд хэн ч түрүүлдэггүй

77 жилийн өмнө  есдүгээр сарын 16-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсын эдийн засагч Николай Кондратьев ыг буудан хороожээ. 8 жилийн турш Гулагт тарчлааж, хорих хугацаа дууссаны дараа дахин шүүх хурлаар оруулж ялыг нь 10 жилээр сунгасан ч хурал тарсны дараа Сталины зааврын дагуу түүнийг ийнхүү алсан юм. 

Тун ирээдүйтэй эдийн засагч гэгдэж байсан түүнийг 1928 онд Америкийн их сургуулиудаар зочилж, илтгэл тавиад ирсэнийх нь дараа атаач, жөтөөчид тагнуул хэмээн ховлож КГБ-д бариулсан байдаг. Тэрээр 1920 онд Конъюнкту́рный институ́т (Conjuncture Institute) хэмээх ЗХУ-ын хөдөө аж ахуй, бизнесийн мөчлөг судалгааны байгууллагыг үүсгэн байгуулсан. Анх 5 хүнтэй эхэлсэн ч нэлээд нэр хүндтэй, бизнесийн мөчлөг судалгааны салбарт анхдагч байгууллага болж байв. Түүний өгүүлэл 1925 онд эдийн засгийн шинжлэх ухааны ууган сэтгүүл болох The Quarterly Journal of Economics (QJE)-д хэвлэгдсэн бөгөөд энэ нь ЗХУ-аас хэвлүүлсэн анхны өгүүлэл биз ээ. Гэвч түүнийг доромжлох замаар бусдын анхаарал татах гэсэн атаархагчдын тоо тоймгүй олон байсан гэдэг. Дараа жил нь ЗХУ-ын Улс Төрийн Товчооны гишүүн Бухарин  "Тансаглагч ангийн эдийн засгийн онол" номондоо "Социалист нийгэмд улс төрийн эдийн засаг (тэр үед экономиксийг ийнхүү нэрлэдэг байв) оршин тогтнох эрхгүй" хэмээсэн байдаг. Уул нь байгууллагаа дэлхийн олон нийтэд танилцуулж, QJE-д хэвлүүлсэн нийтлэлийг уншваас тэрээр Зөвлөлтийн ард түмэнд хар санаж яваагүй нь илт.

Түүний үхэл хоёр зүйлтэй холбоотой байв. Нэгд, улс төрийн болон эдийн засгийн системүүд хоорондоо холбоогүй, тэгэхээр социалист систем ч гэсэн хувийн өмчид тулгуурласан байж болно, бүр тэгэх нь дээр гэсэн үзэл.  Энэ судалгаанд нь Монголд сүүлийн үед "тогтворжуулсан үнэ" гэх ганган нэртэй болсон тогтмол үнийн эсрэг аргумент ч бий. Удаах нь социализм, коммунизмын библи болсон Марксын Капитал зохиол дахь капитализм сүйрэх нь зайлшгүй гэсэн дүгнэлт буруу юм шиг байна гэсэн эргэлзээ. Энэ нь мэдээж маш том үр дагавартай дүгнэлт, учир нь капитализм сүйрэх нь тодорхой биш юм бол социализм бол зайлшгүй гэсэн дүгнэлт хийх боломжгүй болох байлаа.

Эдгээр нь угаасаа үнэний өмнө гуйвшгүй чанарт нь өширхчихөөд байсан Сталинд түүнийг зайлуулах, түүнтэй зөрчилдсөн хүмүүст юу тохиолддогийг үзүүлэх давхар боломж болгосон билээ. Конъюнкту́рный институ́тыг татан буулгаж ажиллагсдыг нь тараасан. Хувийн өмчийг хураасан, коммун байгуулсан, тэнд нь хүмүүс социализмын сайн сайхны төлөө ажиллаж өгөөгүй, яг л Кондратьевын хэлснээр. Ургац алдсан, тэр нь дараа дараагийнхаа ургацад нөлөөлсөн, Европын хамгийн үржил шимтэй газар өлсгөлөн болсон. Юм ойлгодогууд нь түүнийг сонсох нь яав гэж харамссан байх, учир нь эдийн засгийн буруу бодлогоос үүдэлтэй энэ өлсгөлөнгөөр нийт 6-8 сая хүн үхсэн гэдэг.

Капитал зохиолд орсон капиталист системийн шинжилгээ нь Энгелсийн хийсэн Английн ажилчин ангийн судалгаанд суурилдаг. Тэр үед амьдрал ямар хэцүү байсан нь Чарльз Дикинсийн зохиолуудад ч тусгалаа олсон байдаг. Кондратьев Марксын хэрэглэсэн түүвэр хэт богино байна, сунгах хэрэгтэй гэж үзсэн. Тэрээр 1760 оноос хойших Америк, Англи, Францын хугацаан цуваан дээр тулгуурлан, капиталист эдийн засаг хямардаг болохоос сөнөчихгүй . Харин хямрал 50-60 жилийн давтамжтай, тэгээд ямар нэг дайн, үймээн гарч байна гэж дүгнэсэн байдаг.  Энэхүү шинжилгээ нь эдийн засгаар зогсохгүй, философи, улс төрийн хүрээнийхний анхаарлыг маш их татсан юм.  

Түүний богино настай карьерийн оргил болох энэ ажил нь 1935 онд шоронд байхад нь The Review of Economics and Statistics (REStat)-д хэвлэгдсэн. Дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн хоёрдох л ажил нь байсан байх. Капитализм сөнөхгүй байх гэсэн түүний эргэлзээ ч бас үнэн болж таарсан, харин коммунизм өөрөө явуургүй болж, түүнийг буудсанаас хойш 53 жилийн дараа бутран унасан.

Глобалчлал хэмээх технологи үр шимээ шавхаж, бүр сөрөг нөлөөтэй болон хувирч, дэлхийн дулаарал, хүн амын хэт өсөлт, ISIS, ойрхи дорнодын тогтворгүй байдал, дүрвэгчдийн хямрал болж буй өнөөгийн дэлхий түүний судалгааг эргэн харах эрмэлзлийг олон хүмүүст төрүүлдэг. Дэлхийн 2-р дайны дараа бие биенийхээ эсрэг хэзээ ч зэвсэг барихгүй гэж байгуулсан Европын холбоо эдийн засгийн хувьд явуургүй болж, өөрийн хууль дүрмээ эхнээс нь зөрчиж, цагаачид, радикал намууд Европ, Хойд Америкт олонхийн дэмжлэг авч, Япон үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан энэ үед  Кондратьев судалгаагаа гүйцээсэнсэн бол, ийм үед юу зөвлөх байсан бол гэж боддогдог. Гарви (1943) түүний нооргуудыг судалж, ажлуудынх нь гол санааг багцалж, мөн хожим нь дэлгэрүүлэн танилцуулсан байдаг. Шинжлэх ухааны топ сэтгүүлүүд хэн нэгний ажлыг дахин авч үзсэн ажил нийтлэдэггүй, оригинал бус санаанууд доод зиндаа руу явах ёстой байдаг. Гарвигийн ажил REStat-д хэвлэгддсэн нь 60 гаруй сая хүний амь авч одсон Дэлхийн 2-р дайнтай холбоотой байж магадгүй гэж би боддог. Кондратьевын санаануудыг бид бүгд зөв ойлгосон биз гэдгийг нягтлан шалгах зорилгоор хэвлэсэн гэсэн үг.

Австрийн эдийн засгийн урсгалынхан санааг нь харьцангуй богино давтамж дээр үргэлжлүүлж, хүүгийн түвшинг хэт нам барих нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлнэ; зээлээр хөөрөгдсөн эдийн засагт эцэстээ хөрөнгө оруулалт хийчихээр төсөл шавхарна; эдийн засгийн үндэслэлгүй, аз туршсан төслүүдэд хөрөнгө оруулдаг болно; үүнээс цааш газар үгүй гэдэг нь болно. Эдийн засгийн өсөлтийнх нь мотор унтарна. Нөгөө талаас зээлийн хүүг хэт нам барих нь хадгаламжийн хэмжээг байж болох түвшингээс нь доош татна; хадгаламж, зээлийн тэнцвэр алдагдаж банкны сектороос эхэлсэн хямрал үүснэ гэсэн онолоо гаргасан байдаг. Хүн төрөлхтний бүх цаг үеийн агуу 10 эдийн засагчийн нэг гэгддэг Жозеф Шумпетр 1939 онд хэвлүүлсэн “Бизнесийн Мөчлөгүүд” номондоо 50-60 жилийн давтамжтай мөчлөгийг “Кондратьевын долгио”хэмээн нэрлэж, түүнийг мөнхжүүлсэн.

Кондратьев хэмээх ийм л цартай эдийн засагч цаг үеийнхээ золионд эрдэнэ мэт санаануудаа дутуу илэрхийлээд үрэгдсэн билээ. Эдийн засагч, эрдэмтэн гэсэн халхавчийн дор дүр эсгэгчид хаа саагүй байсан, байсаар ч байх биз. Шинжлэх ухаан, мэдлэг л аливаа үндэстний оршин тогтнох баталгаа гэдгийг ойлгосон нийгэмд тэдгээрийг жинхэнүүдээс нь ялган танихыг оролдож, хариуд нь тэдний оюуны бүтээл, заавар, зөвлөгөөнийх нь үр шимийг хүртэж байдаг. Дүр эсгэгчид болон нийгмийн ашиг сонирхол үүн дээр хамгийн их ялгарна. Учир нь хоосон толгойтой хүний хамгийн заналт дайсан нь хоолтой толгойтой нь, тиймдээ ч оршин тогтнохын тулд юу ч хийхээс буцдаггүй. Гэхдээ түүний амжилтад хорссон атаачид мэдээж сайнаа үзээгүй байх, ямар ч атаачаас бүр дор улсууд гарч ирнэ гэдэг нь бараг л теорем. Жишээ нь Бухарин 1938 онд өөрөө буудуулсан. Ёроол руугаа уралдаад хэн нь ч түрүүлдэггүй нийгэм-эдийн засгийн зүй тогтол бий. Эдийн засагт үүнийг "Төгс өрсөлдөөнт зах зээл дээр урт хугацааны ашиг 0" гэж баталсан байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр бол хэрэглэгчид энэхүү өрсөлдөөнөөс хожно, харин эрх ямба, алдар нэр, албан тушаалын төлөөх өрсөлдөөн нийгэмдээ маш их халгаатай, зарим тохиолдолд бүр татаж унагадаг. Түүх сөхвөөс Монголын их гүрний уналт, Манжид 200 гаруй жил дарлагдсаны шалтгаан нь ч энэ. Кондратьевыг дарсан хүмүүс унагаж олсныгоо бас алдсан. Эдийн засагт байдаг "нийлбэр нь тэглэгддэг тоглоом" (zero sum game)-той төстэйгөөр. Өөрөөр хэлбэл түүнийг унагаад олсон багахан хэмжээний олзоо дараа нь хэн нэгэнд булаалгана гэсэн үг.

Оросын нийгмийн хувьд Кондратьевын уналт нийлбэр нь тэг тоглоом байгаагүй. 1930-аад оны ажлуудаас нь хойш бүхэл бүтэн 3 арваны дараа л өөр нэгэн даравч дардайдаг, булавч бултайдаг Орос хүн түүний амжилтыг давтаж чадсан байдаг. Тэрхүү ажил нь Management Science буюу Удирдлагын Шинжлэх Ухаан сэтгүүлд нийтлэгдсэн нь егөөтэй ч юм шиг. Муу засаг улсаа баллана, муу эр гэрээ баллана гэдгийг сануулсан мэт.

Мэддэггүйгээ ч мэддэггүй удирдагч нийгэмд хамгийн хор хөнөөлтэй байдаг. Муу удирдагч л бүгдийг өөрөө мэднэ гэж зүтгэдэг болохоос сайнууд нь бол мэддэг хүнийг нь газрын гаваас ч олж ирж сонсдог. Уул нь Кондратьев болон түүний нөхөд ЗХУ-ын сонгосон социалист системд тохирсон чөлөөт үнэ, зах зээлийн механизмд тулгуурласан эдийн засаг байж болно гэсэн таамаглал тавиад судалгаа хийж байсан. БНХАУ улс нэлээд удаан, цуст туршилт хийснийхээ дараа Кондратьевын зөв байсан болохыг батласан билээ.

Түүнийг 1987 онд цагаатгасан, гэхдээ оросын нийгэм маш их цаг алдсан. Гайгүй нэгнийг нь боорлож байхад мэдээгүй мэт царайлсан оросын ард түмэн мэдээж хамгийн том буруутан нь. Хүн төрөлхтний түүхэнд үй олон нийгэм үүсч, хөгжиж, дийлэнх нь сөнөжээ. Хамгийн илүү ухаантайгаа барьж иддэг нийгмийн тогтолцоо ч Африкт байв. Ухаантай хүний тархийг идвэл өөрөө ч бас ухаантай болчихно гэсэн үнэмшлээс үүдээд. Харамсалтай нь тийм нийгмүүд эрдэм мэдлэгийг шүтдэг нийгмүүддээ арчуулаад өнгөрдгийг түүх гэрчилнэ.

Кондратьевт 46-аас олон жил амьдрах боломж олдсон бол тэрээр ЗХУ-ын эдийн засаг, нийгэмд эерэгээр нөлөөлж, тэр нь дэлхийн хоёрдох социалист улс болох Монголд ч тусгалаа олох байсан биз ээ. Хялбарыг сонгож гадагшаа дүрвэлгүй, нэр төртэйгээр амьдралаа дуусгасан нэгэн орос эрийг харийн би хүндэтгэх, уншигч танд сургамжтай байж магадгүй хэмээн хуваалцахын учир энэ билээ. 


avatar
    • Economist
    • 103.57.93.*

    Эрдэнэбат багшаа жаахан юм нэмж унш, бас жаахан бодит байдал онол хоёрынхоо логик холбоог ойлгохыг хичээ!!!! Кондратьевын барьж байан онолд зөв юм бий, гэхдээ та түүнийг БУРУУ тайлбарлаад байна. Буруугаар ойлгоод байна. Жишээ нь Контдратевын яриьсан Каптилизм, таны шүтээд буй капитализмууд бол ӨӨР юм. Монголд буй каптилизм бол зэрлэг хэлбэр нь мөлжлөгийн капиталзм бөгөөд энэ нь 25 жил Монголыг БООЛ болгож бүх баялгийг нь ховх сороод ард түмэнд нь юу ч үлдээсэнгүй!!! Угаасаа энэ каптилзм Монголоос өөр газар байхгүй. Евопын орнууд аль хэдийн энэ төрлийн каптилизмаас татгалзсан. Таны ярьж буй тэр каптилзм дэлхий дээр байхгүй СӨНӨСӨН шүү дээ!!!!!!!! Нүдээ нээ!!!!! Үнэ тогтворжуулах хөтөлбөр энэ тэр бол ЗӨВ асуудал. Хайрн манайд хэрэгжиж биагаа арг хэлбэр, цаг үе нь л буруу болхоос. Эрдэнэбат багш мэдлэгийн хүрээгээ жаахан тэлэх хэрэгтэй байна.

    • Зочин
    • 163.152.3.*

    Би энд капитализмыг шүтсэн зүйл огт уншсангүй. Капитализмын төрлүүдийн тухай ч нийтлэл биш л юм шиг байх юм. Гэтэл дээр Эрдэнэбат багшийг юм ойлгодоггүй, мэдлэгийн хүрээ муутай, нүдээ нээдэггүй хэмээх юм. Нийтлэлд гарч байгаа шиг дайран давшилсан, мэдэмхийрсэн л comment байна. Удахгүй ч тэгээд юм бичдэг хүн бүр алга болоод Монголын нийгэм маань сүйрэх юм байна даа. Энэ веб сайт нь ч гэж чааваас, ийм илт дайран доромжилсон, нийтлэлтэй хамаагүй комментыг устгахгүй байлгаад л байж байдаг. Эрдэнэбат багшийг хүндэтгэж явдгийн хувьд хэзээ болтол Монголд тэсч үлдэх болдоо л гэж харамсах юм даа.

    • Зочин
    • 103.26.194.*

    Ямар гоё юм уншчихав аа.

    • Зочин
    • 202.179.25.*

    баярлалаа

    • Зочин
    • 103.26.195.*

    Ямар гоё нийтлэл вэ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%