Нийтлэл 12 сарын 10, 2015

Секс борлуулалт

Америкийн халдварт өвчинтэй тэмцэх төвийнхөн халдвартай тэмцэхээс гадна эрүүл мэндийн мэдлэг түгээх бас үүрэгтэй билээ. Тиймд, интернэтээр тараад байгаа вакцинуудын талаарх хуурамч мэдээнүүдийг судалдаг юм байна. Өөрсдөө хүртэл вакцины тухай эерэг, сөрөг юм жиргэж аль нь олон дахиж жиргэгдэхийг нь тоолжээ. Мэдээж сөрөг мэдээ нь илүү тархсан байна... гэхдээ миний бодлоор хүмүүс төрөлхийн зэвүүн баагийнууд болохоор ийм үр дүн гарсан хэрэг лав биш байх. Харин хүний анхаарал хамгийн түрүүнд аюултай, бөгстэй бөөртэй, ноцтой юманд хандаж сурсан нь олон мянган жилийн шалгаралтай холбоотой байж болохыг өмнөх нийтлэлдээ хөндөж байсан. Сээкс сонирхохгүй бол яаж ч удам аа үлдээх юм билээ? Тэгэхлээр хүний анхаарлыг хэрэгтэй мэдээлэлд татахын тулд бас л ноцтой, аюултай эсвэл бөгстэй бөөртэй зүйлээр татах хэрэгтэй гэж болох байх. Та нар ч энэ нийтлэлийн гарчигнаас л болж уншиж байгааг жижигхэн туршилтаар батлах гэж бичиж сууна.

Энэ блог жилийн өмнөөс л тэр чигээрээ ийм зүйл турших зорилготой явж байгаа гэж хэлж болно. Нийтлэлүүд бол үндсэндээ хоёр төрлийнх байгааг зарим хүн анзаарсан байх. Нэг нь мэргэжлийн мэдээлэл хүргэх зорилготой хагас мэргэжлийн нийтлэлүүд. Нөгөө нь галзуу хүний өдрийн тэмдэглэл. Мэргэжлийнх нь  голдуу томоотой гарчигтай, үг хэллэг нь бас арай боловсон бичхийг хичээсэн (Чирхийн шижинтаргалалтэлэг өөхлөлт гэх мэт гарчигтай). Харин нөгөөх нь гарчигтаа хүртэл дорд2-р сувагийн хандлагатай. Хоёуланг нь facebook, twitter дээр зарлахдаа хэд хэдэн тодорхой цагт хэвлэж эхний өдөртөө хэр их хүн хандахыг нь харьцуулж, этгээд гарчиг нь илүү их хандалттай байна гэх таамаглалыг шалгав. Мэргэжлийн нийтлэлүүдийг хэзээ ч нийтэлж, яаж ч рекламдсан гэсэн 2-7 хүн л эхний өдөрт нь уншина. Бүтэн сайны өглөө УБ-ын цагаар 9, 12, нэгдэхийн өглөө 9, 13 цагт хэвлэсэн ч ялгаагүй. Хэдхэн хүн л уншина.  Харин дэмийрлүүдийг бол хэдэн цагт ч бай, яаж ч жиргэсэн бай 30-60 хүн эхний өдөр нь уншина. Одоогоор хамгийн их уншилттай байгаа нийтлэл нь дарлагдсан эрчүүдийн тухай сэдэв байна. Бодвол миний соошил орчинд эрэгтэй нь олон байх. "Шатааж ал", "удирдлага боов" гэх мэтийн гарчигнууд бол эхний өдрийн уншилтаар рекорд тогтоогчид. Дэмийрэл мөртлөө гарчигтаа ээдрээтэй хэллэг оруулсан "монголын мизантропи" бол мэргэжлийн чиглэлийн "хавдрын вакцин" -тэй адил тооны уншигчтай байх жишээтэй.

Тэгэхлээр интернэтээр дамжиж байгаа мэдээллүүд нь бусад зүйлтэй л адил тухайн хүний багахан анхааралд өртөхийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд тэр анхаарлыг нь сонирхолтой аргаар татаж, хэрэгтэй мэдээлэл хүргэж болох юм байна. Зөвхөн мэргэжлийн мэдээлэл байлаа гээд хүн уншихгүйдээ биш харин яаж хүргэснээс анхаарал татах эсэх хамаарч байна. Интернэт нэгэнт мэргэжлийн хүмүүсийн хувьд энгийн олон хүнд нэг доор шууд хүрэх их том боломжийг хямдаар олгож байгаа боломж учир заавал ашиглах ёстой гэж бодож байна. Манай мэргэжлийн хүмүүс энэ тал дээр их хоцрогдолтой байгаа нь асар харамсалтай. Эрүүл мэндийн яам нь одоо болтол facebook, twitter хаяггүй байгаа нь үүний илрэл юм. Гэтэл тэдэнтэй харьцуулахад мэргэжлийн хүмүүсийн эсрэг ажиллаж байгаа эрүүл мэндийн талаар буруу, хуурамч мэдээлэл тараадаг хүмүүс энэ боломжийг бүрэн ашиглаж энгийн иргэдийг төөрөгдүүлж байна. Хүүхдийн вакцинжуулалтын эсрэг тэдний тарааж байгаа мэдээлэлд хариу барих эх сурвалж байхгүйгээс дархлаажуулалтын үзүүлэлт удахгүй унаж эхлэх аюулд орчихсон байна гэж бодож байна. Аюул ч гэж бүүр бодит байдалд биелэлээ олчихсон нь энгийн жишээнээс харагдана: Гардасил вакцины бүх гурван тунг хийлгэсэн хүүхдийн тоо анх эхний тунг хийлгэсэн хүүхдийнхээс 16% буурсан байсан. Уг нь бол хоер дугаар тунг 98% хийлгэсэн байсан. Тунгуудын хооронд 3 сарын зайтай. Тэгэхлээр 16%-ийн бууралт  2, 3-р тунгийн хооронд өрнөсөн нь интернэт, хэвлэл мэдээллийн хуурамч шуумаас шууд үүдсэн гэж хэлж болох байх. Маш харамсалтай. Хэрэв хүүхдийн халдварт өвчний дархлаажуулалт ингэж унах юм бол зөвхөн тариулаагүй хүүхдүүд өвдөөд, үхээд зогсохгүй тариулах болоогүй нярайнууд, хүндэтгэх шалтгаанаар вакцин тариулж болохгүй, тариулсан боловч гүйцэд дархлаа тогтоогүй гэх мэт жирийн хүүхдүүд хүртэл өвчилж, эндэх нөхцөл үүсэх магадлалтай (энэ жил болоод өнгөрсөн улаан бурханы дэгдэлтийн хэдэн хувь нь вакцин хийлгэхийг хүсээгүй аав ээж нараас болсон бол? Хэдэн аав, ээж вакцины талаарх худлаа мэдээллээс болсон бол?). Вакцин бол нэг жишээ л юм, бусад мэргэжил, салбарынхан ч гэсэн өөрсдийнхөө мэддэг зүйлээр блог, нийтлэл бичиж, жиргэж, нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгч байвал Монгол хэл дээрх мэдээлэл нэмэгдэж, жирийн хүмүүсийн мэдлэг ч тэлэх ёстой. Мэргэжлийн хүмүүс цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй байна. 

Эцэст нь нэг асуулт,  энэ нийтлэлийг эхний өдөр хэдэн хүн унших бол доо...

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-15

    BAS L SAIN BICHSEN BNA

    • WAVY
    • 2015-12-13

    Сексү.

    • Зочин
    • 2015-12-11

    Гэхдээ төгсгөлийг нь унших хүсэл төрсөнгүй.

    • Овоо доо, Одоо л нэг юм зөв нийтлэл бичиж
    • 2015-12-11

    Зоочин

    • Уншигч
    • 2015-12-11

    Сонирхолтой нийтлэл байна, баярлалаа. Хүмүүсийн тэр сөрөг мэдээлэлд татагддаг ухамсрыг нь ашиглаж тархийг нь чиглүүлбэл зөв болох бололтой.

arrow icon