Баярлалаа, Коби!

“Ямар нэг зүйлд сайн байх эсэх нь чиний өөрийн сонголт. Гэхдээ дагалдах золиосыг нь ч цуг сонгохгүйгээр шилдэг болох аргагүй”

Коби Брайнт

Хэрэв сагсан бөмбөгийн бурхан “Дуртай нэг өдрөө Коби Брайнт болж үзмээр байгаа нь энд жагс” гэвэл нэлээн урт дараалал үүсэх биз. Захиалгаар хийлгэсэн брэндийн костюм өмсөөд, “офис” руугаа нисдэг тэргээр явдаг өдөр нь байвал янзтай л байх. Тэгээд очиход хамтрагч нь Shaq, боссын оронд Зен Мастер, төвөгтэй харилцагч үйлчлүүлэгч биш харин Жэк Николсон тэргүүтэй фэнүүд угтана...

Хэрэв ийм боломж олдвол Яо эсвэл Двайтийн дээгүүр тохох ч юм уу, гурваас 12 удаа хийн NBA-ийн рекорд тогтоох ямар байдгийг үзэх...эсвэл Торонтогийн эсрэг 81 оноо байсан ч муугүй сонголт. Тэгээд талбай дээр гишгэсэн минут тутамдаа $10 мянга давсан цалин, дээр нь мэдээж өөрийн нэрийн шинэ пүүз гэхээр...тун дажгүй.

Харин мистер Брайнтийн ТВ-ээр гардаггүй, хоосон заланд ганцаараа хийдэг зүйлсийг нь хий гэвэл мэргэжлийнхэн ч шантрах байх. “Өөртэй нь харьцуулагддаг залуу одууд дунд Коби л зохих ёсоор хөдөлмөрлөдөг нь” гэж агуу Жордан хэлсэн удаатай. Цээж нь шатаж амандаа цус амтагдтал гүйх, талбайн байрлал бүрээс хэдэн зуу шидэх, нэг хөдөлгөөнийг төгс болтол ахин дахин давтах, мөстэй усанд ясаа янгинатал суух нь Кобигийн амьдралынх нь хэв маяг гэгддэг. Бэлтгэлээ хэрхэн хийж, тоглолтын бичлэгүүд эсвэл хоолны дэглэмдээ яаж анхаардгаараа Коби шилдгүүд дундаа ч онцгойрдог байв.

Өнөөдөр Айверсон, Ти-Мак, Винсанити гээд Кобигийн нэг үеийн өрсөлдөгчид нь аль хэдийн үзэгчдийн суудал эсвэл сэлгээнд сууцгааж. Оронд нь Кёрри, Леброн, Дюрант гээд дараа үеийн залуус лигийн шинэ нүүр царай болцгоожээ. Коби л ганцаараа өөрийнх нь тоглолтыг үзэж өссөн эдгээр залуустай цуг талбай дээр үлдсэн нь нэгийг хэлнэ. Ид үедээ гэмтэл багатай байсан нь том аз ч, цаг хугацааг сөрж зогсоод 20 жилийн турш өндөр түвшинд тоглосон нь түүний хөдөлмөрч зантай салшгүй холбоотой.

Хөлд орсон цагаасаа л Мейжик, Жорданы тоглолтыг үзээд хөдөлгөөн болгоныг нь дууриах гэж оролдож эхэлсэн Кобигийн хувьд тэдэн шиг агуу тоглогч болох нь нэлээн эртнээс тодорхой болсон мѳрѳѳдѳл байв. Тиймдээ ч дунд сургуульд байхдаа “сагсан бѳмбѳг бол амьдрал нь” гэдгийг нэгэнт ойлгосон байжээ. Үеийнхэн нь ирээдүйд хэн болох талаар бодит төлөвлөгөө битгий хэл төсөөлөл ч үгүй байхад ахлах сургуулийн сурагч Коби ѳглѳѳ бүр 5 цагт босоод бэлтгэлдээ явдаг байсан гэдэг.

Кобигийн зорилгыг ийнхүү маш тодорхой болгож, түүнийхээ төлөө шургуу зүтгэх тэвчээрийг өгдөг тэнгэрт тулсан амбиц нь гэхдээ заримдаа  яг л 2 иртэй хутга шиг үйлчлэх үе ч байв.

Rookie жилдээ плэйофийн тоглолтын төгсгөлд 3 дарааллан эйрболдсон ч дахиад нэг шидэх зориг зүрх Кобигийн л цээжинд багтна (4 дэх шидэлт нь мөн цагиргаа онолгүй хожигдсноор Лейкерс тэр жил плейфоос хасагдаж байсан). Жордантай анх уулзаад “Хоёулаа тогловол би хожно” гэдэг үг зѳвхѳн Кобигийн амнаас л гарч байв (Жордантай уулзсан фэнүүд яг л бурхны өмнө очсон мэт болж, Буллзийн хамтрагчид нь чөлөөтэй харьцаж чаддаггүй, харин эсрэг багийнхан нүд рүү нь эгцэлж харахаасаа айдаг байсан гэдэг).

Тиймдээ ч хэтэрхий онгироо бардам, бусдыг ойлгодоггүй, сайн лидер сайн хамтрагч биш гэж шүүмжлүүлэх тохиолдол Кобид нэлээд гардаг байв. Shaq-ийг 3 хамгаалагч нийлээд зогсоож дийлдэггүй байсан ид үед нь “залхуу” гэж хэрэлдээд 1 багт таарахгүй салж байлаа. Байн байн үгэнд нь орохгүй тоглолтыг ганцаараа шийдэх гэж зүтгэдэг залуу Мамбаг “дасгалжуулах аргагүй” гэж Фил Жексон бичиж байв. Сүпермен хочит Ховардад хүртэл Кобигийн өндөр амбиц дарамттай санагдаад нь Лейкерсийг орхиж явсан гэдэг.

Ямартаа ч Кобигийн гоц авъяасан дээр маш тодорхой зорилго, бусдаас онцгой өөрийгөө дайчлах чадвар нэмэгдэхэд  гялалзсан амжилт эрт ирсэн байдаг.

Дунд сургуульдаа тэрээр холбогчоос төв хүртэлх бүх байрлалд ээлжилж тоглоод багаа мужийнхаа аварга болгож, ингэхдээ агуу Чемберлений тогтоосон онооны рекордыг эвдэж байв. 18 ч хүрээгүй байхдаа коллежийг алгасан шууд NBA-д орон лигийн түүхэнд хамгийн залуу тоглогч болов. Мэргэжлийн карьер нь слэм данкийн хамгийн залуу аварга, бүх оддын тоглолтын түүхэн дэх хамгийн залуу гарааны тоглогч гэх мэт амжилтаар дүүрэн эхэлж. Тэгээд NBA-ийн аварга, онооны лидер, финал улирал болон All star-ын MVP, Олимпийн алт гэх мэт өдийг хүртэл цуглуулсан шагналууд нь түүнийг манай гаригийн хамгийн танигдсан сүпер одуудын нэг болгожээ. 

Харин сүүлийн 2-3 жил Коби болон фэнүүдийн хувьд хүндхэн цаг үе байлаа. Удаа дараагийн гэмтлүүд түүнийг жил дарааллан улирлын дундаас талбайг орхиход хүргэж байв. 20 улирал, 30 мянга давсан оноо, баргийн тамирчны карьерт цэг тавьдаг хүнд гэмтлүүдийн дараа NBA-ийн 5 удаагийн аварга маань яг л 300 мянга давхисан Феррари шиг болжээ.

Иймд энэ улирлыг дуусгаад зодог тайлахаар болсон нь санамсаргүй зүйл биш байв. Хурд хүч, тэсрэлтийн цогц үзүүлбэр болсон урьдны тоглолт нь Кобигоос нэгэнт гарахаа больж, 6 дахь бѳгжний мѳрѳѳдѳл ч биелэх боломж хаагджээ. Гэлээ ч үзэн ядагчид нь ч, хөгжөөн дэмжигчид нь ч ялгаагүй талбай дээр бүтээсэн гайхамшгуудынх нь төлөө Кобид өнөөдөр талархлаа илэрхийлцгээж байна.  Харин Коби анхны хайр, хамгийн сайн найз, амбицаа биелүүлэх талбар, амар тайвныг авчирдаг зүйл нь ч болсон сагсан бөмбөгөө орхихоор хэн болох бол..?

Анхнаасаа л онооны машин болохоор бүтээгдсэн түүний хувьд сагсны талбайгаар л ертөнц төсөөлөгдөж, аваргын бөгжөөр л бүх зүйл хэмжигддэг байсан гэхэд болно. Амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх дөхсөн шүүх хурал хүртэл 2004 оны финалд хожигдсон сэтгэлзүйтэй нь ихээхэн холбоотой.

Итали Америкийн хооронд нүүдэллэж өнгөрсөн Кобигийн хүүхэд насанд сагсны бөмбөг л шинэ орчинд орох тоолонд өөрийгөө илэрхийлж, бусадтай ойлголцох хэл нь болдог байв. Насанд хүрсэн хойно нь ч хэцүү зүйлтэй тулгарах үед нь сагсны талбай л оюун бодлоо цэгцлэх орон зай нь болдог байлаа.

Коби талбайд гараад өрсөлдөгчөө ганцхан хатгалтаар устгадаг хурдан хөдөлгөөнтэй анчин могойн дүрд орон хүйтэн цустай алуурчны сэтгэлзүйтэй болох үедээ ирээдүй өнгөрсний аль алийг огоорно. Ийнхүү Black mamba болонгуут гэрлэлтээсээ болж эцэг эхтэйгээ тасалсан харьцаа, хүүхэд нь зулбасан гашуун зовлон гэх мэт хувийн амьдралын хүнд асуудлууд нь ч мартагддаг байв. Тэрхүү зоонд бодит амьдрал замхарч харин замд нь таарсан бүхэн түүний золиос болно. Талбайн нэг талд эсрэг багийн хамгийн шилдэг тоглогчийг хөдөлгөхгүй барьж, нөгөө талд очихоороо зогсоох аргагүй машин ингэж төрдөг байв. Харин өнөөдрөөс эхлэн энэ бүхэн түүх болон үлдэж, “Сагсан бѳмбѳг=Коби” байсан нэг үе ингээд төгсч байна.

Хэдийгээр одоо Кобид гэр бүл, алдар хүнд, эд хөрөнгө гээд бүх зүйл байгаа ч сагсан бөмбөггүйгээр амьдрал нь ямар байхыг төсөөлөх хэцүү. Харин фэнүүдийн хувьд Кобигүй NBA хэзээ ч урьдынх шигээ санагдахгүй байх. Ордон дүүргэх 20 мянган үзэгчийн шуугиулж эсвэл чимээгүй болгох чадалтай Мамбагийн шоунуудыг ч, шөрмөсөө тасалчихсан хэрнээ шүдээ зуун алхаж ирээд торгуулийн 2-оо хийдэг дайчин занг нь ч тэд санагалзсаар л байх болов уу...

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4868

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%