Монголын эдийн засаг 2011 онд: Дэлхийд тэргүүлсэн өндөр өсөлт хэний гавъяа вэ?

3 жил гацсан Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зээлдэгчид шийдэгдсэн нь маш том мэдээ байлаа. 

Харин хүмүүс сайн муу янз бүрээр л ярьцгааж байна. Зарим нь “Эх орноо худалдлаа, өр зээлд баригдлаа” гэж байхад өөр нэг нь “Монгол бизнест эргэн ирлээ” гэх. Эсвэл “Ямар ч их мөнгө орж ирсэн гэмт хэрэгжсэн төртэй байхад бүтэхгүй” гэж уурсах нь ч байна. Харин төслийн санхүүжилт (project finance) гэж юу болох талаар (санхүүгийн модел болон хууль зүйн) ойлголтгүй хүмүүс хэн нь зөв ярьж байгааг мэдэхгүй гайхаж үлдэнэ…Ямар ч гэсэн маргалдсан эргэлзсэн хэн бүхэн нэг зүйл дээр санал нийлэх байх. Тэр нь юу вэ гэвэл Оюу Толгойн баялгийн 80%-ийг эргэлтэд оруулах эхлэлийг тавих 4.4 тэрбум доллар Монголд чухал нөлөөтэй гэдэг факт. Тэгвэл тэр нөлөө нь яг яаж илрэх вэ: 2011 он шиг эдийн засгийн өсөлтөөрөө Монгол дэлхийд эргээд тэргүүлэх үү? Эсвэл гутранги төсөөлөл биеллээ олж Монголд бүх зүйл дордох уу?

Энэхүү асуултад нэг хариулт өгөхийн тулд 2011 оныг эргэн нэг санацгаая. 2011 онд эдийн засгийн өсөлт дэлхийн эргэн тойронд ямар байсныг үзвэл:

  • Хөгжсөн орнуудын өсөлт: АНУ 1.6%, Европын холбоо 1.8%, Япон -0.5%
  • Хятадын өсөлт: 9.3%
  • 2 оронтой тоогоор өссөн (Монголоос бусад) 12 орны дундаж өсөлт: 12%
  • Дэлхийд №1 өндөр эдийн засгийн өсөлт: Монгол 17.5% (Эх сурвалж: ОУВС)

Гадны зарим хэвлэлд бичснээр дэлхийд ийнхүү тэргүүлсэн 17.5%-ийн эдийн засгийн өсөлт маань Чингис хаанаас хойш олон зуун жил мартагдсан Монголыг дэлхийн газрын зураг дээр дахин авчирсан зүйл байв. Саяхан л Mongolia-ийн талаар ойлголтгүй шахуу байсан барууны медиагаас эхлээд ядуу буурай гэдгээр нь л мэддэг байсан олон улсын байгууллагууд хүртэл гэнэт л баялгаар хахсан “Minegolia”-ийн тухай ам уралдуулан ярьцгааж эхэлсэн. Эдийн засагчид ойрын ирээдүйд  өндөр өсөлтийн төсөөлөл гаргаж, хөрөнгө оруулагчид Монголыг дараагийн Катар, Кувейт шиг баян орон болно гээд мөнгөө барьсаар орж ирцгээж байлаа...

Гэвч эдгээр таамаг, төсөөллийн аль нь ч биеллээ ололгүй өнөөдөр бид хямралын тухай яриад сууцгааж байна. Тэгвэл энэ ер нь ямар учиртай өсөлт байв?

2011 онд Монголын эдийн засагт яагаад өндөр өсөлт бий болсон, мөн энэ өсөлт яагаад ул мөргүй алга болсныг мэдэхийн тулд ДНБ-гээ хэрэглээ талаас нь харвал илүү ойлгогдоно (мэргэжлийн хэллэгээр бол ДНБ-ийн эцсийн ашиглалтын арга, дэлгэрэнгүйг нэмэлтээс).

Эхлээд Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) ба Экспорт ямар байсныг харцгаая. 2011 онд Монголын эдийн засагт 2 сайн зүйл тохиолдсон байдаг.

- Нэгт, 2011 онд 4.7 тэрбум доллартай тэнцэх ГШХО орж ирсэн нь 6.2 тэрбумын хэмжээтэй байсан эдийн засагт маань өндөр өсөлт бий болох гол санхүүжилт болжээ. Энэ их мөнгөний 85% нь уул уурхайн салбарт орсон. Тэр дундаа 50% гаруй нь зөвхөн Оюу Толгойн бүтээн байгуулалттай холбоотой 2 тэрбум гаруй доллар. Харин үлдсэн нь уул уурхайн бизнесийг өөдрөгөөр харж байсан хөрөнгө оруулагчдын авчирсан мөнгө байв.

- Хоёрт, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ 2008-09 оны хямралаас хойш эргэн сэргэсэн тул Монголчуудын хувьд 2011 он гадаад худалдаан дээр ч аз тохиосон жил болсон. Тухайн үед нийт экспортын маань 87%-г бүрдүүлсэн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тос, цайрын баяжмал, алт гэсэн 6 гол бүтээгдэхүүнийн үнэ 2008 оны эцэстэй харьцуулахад 1.6-аас 3.2 дахин өссөн байлаа:

Улмаар экспорт 2011 онд өмнөх жилээсээ 1.9 тэрбум доллар буюу 65% өсч 4.8 тэрбум болсон нь урьд нь байгаагүй өндөр дүн байв.

Ийнхүү Америк, Япон болон Европ гэсэн гол эдийн засгууд хямралаасаа бүрэн сэргэээгүй, харин өндөр өсөлттэй Хятад дэлхийн эдийн засгийн мотор болж байсан нь Монголд ашигтай тусчээ. Хятадын эрэлтийн ачаар эрдэс бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр өндөр үнэд хүрсэн нь манай экспортын орлого өсөхөөс гадна уул уурхайд их хэмжээний мөнгө орж ирэх нөхцөл болсон байна.

Харин одоо Импорт ба Хэрэглээг харцгаая.

Уул уурхайн супер циклийн таатай нөлөөгөөр Монголд орж ирсэн мөнгөн урсгалын нөлөө манай импорт болон хэрэглээнд шууд мэдрэгдэж байв. Импорт 2010 оны дүнгээс 2 дахин өсч 6.5 тэрбум долларт хүрсэн байдаг. Үүний 50% гаруйг уул уурхайн машин механизм, тээврийн хэрэгсэл болон эдгээрийг ажиллуулах нефтийн бүтээгдэхүүн бүрдүүлж байлаа. Жишээ нь, автомашины импорт л гэхэд 2010 онд 26 мянга байсан бол 2011 онд 56 мянга болж өсчээ. Харин өргөгч, ачигч, буулгагч зэрэг тоног төхөөрөмжийн импорт 10.1 дахин, бульдозер зэрэг зам барих ажлын тоног төхөөрөмж 2.5 дахин, ачааны машины импорт 2 дахин ихэсчээ. (Ийнхүү гадаад худалдаа алдагдалтай, валют гадагшаа урсч байсан ч доллар 1300 хавьцаа тогвортой байсан нь нөгөө талд 4.7 тэрбумын ГШХО орж ирсэнтэй холбоотой байв)   

2011 онд хэрэглээ огцом өссөнийг харуулах баримт ч олон. Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оноос 70% өссөн байв. Орон байрны түрээс, нийтийн хоолны салбарын борлуулалт 80% орчим, худалдаа үйлчилгээний салбарын борлуулалт 40% орчим өсчээ. Уул уурхайн бизнесийн таатай нөхцөл байдал, импортын барааны татварын ачаар улсын төсөв ч зарлагаа 1.6 дахин өсгөх чадамжтай болсон байв. Улмаар төсвийн ажилчдын цалинг шууд 30% нэмэх тухай яригдаж, иргэн бүрт 21 мянга тараах гэх мэт баруун солгойгүй цацах улстөр оргил үедээ хүрч байв (2011 онд хүний хөгжил сангаас 900 тэрбум орчим ₮ бэлнээр тараасан нь 2005 оны нийт төсвөөс давсан байдаг).

Ийнхүү түүхэндээ байгаагүйгээ мөнгөөр туйлсан үед Монголд амьдрал ямар байв?

Импортоос харахад гаднаас орж ирсэн их хэмжээний хөрөнгө оруулалтын 50% нь эргээд элдэв техник тоног төхөөрмжийн төлбөр болоод буцаад гараад явсан байна. ДНБ түүхэнд байгаагүй өсөлт үзүүлсэн ч эдийн засагт халалт ч давхар явагдаж инфляци 2 оронтой тоогоор өссөн нь олонхи ард иргэдэд хүндээр тусч байв. Монголбанкны судалгаагаар 2011 онд эдийн засгийн нѳхцѳл байдал иргэдийн 40%-д сөргөөр, 20%-д нөлөөгүй гэсэн дүгнэлт гарч байв. Монголын нийт ажиллах хүчний ердөө 4% нь харъяалагддаг уул уурхайн салбарт ѳрнѳсѳн эерэг сайхан зүйлс (21 мянгыг эс тооцвол) олон хүнд мэдрэгдэлгүй өнгөрчээ...

Эндээс Оюу Толгойд орж ирсэн ГШХО 2011 онд Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байсан ерөнхий дүр зураг харагдаж байна. Харин одоо 2 дахь шатны хөрөнгө оруулалт орж ирэхээр яах бол?

Мэдээж түгээмэл яригдаж бичигдэж байгаа шиг эхний ээлжинд бүтээн босголттой холбоотой ажлын байр нэмэгдэнэ. Ойрын хугацаанд Монголын зээлжих зэрэглэл сайжирч, хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл ч өснө. Ирээдүйд экспортын орлого нэмэгдэх г.м зүйлс болох байх.

Гэхдээ 2011 оноос ялгаатай нь Хятадын өсөлт саарснаар уул уурхайн супер цикл дууссан. Улмаар эрдэс бүтээгдэхүүнүүдийн үнэ болон хөрөнгө оруулагчдын уул уурхайн бизнесийн ойрын ирээдүйн талаарх төсөөлөл ёроол руугаа явж байгаа нь одоогийн нөхцөл байдал. Иймд Оюу Толгойн хөрөнгө оруулалт орж ирлээ ч 2011 он шиг дагаад их хэмжээний ГШХО орж ирнэ гэсэн баталгаа үгүй. Энэ нь магадгүй сайн зүйл ч байж болох. Учир нь “уул уурхайн хөрөнгө оруулалт эдийн засагт тод ул мөр үлдээдэггүй талтай” байдгийн зэрэгцээ их хэмжээний хөрөнгө оруулалт манайх шиг жижиг эдийн засгийг савлуулах эрсдэлтэй (энд).

Ямартай ч макро үзүүлэлтүүд унаж буй энэ үед ОТ ийн хѳрѳнгѳ оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал нөлөөтэй байх нь гарцаагүй. Харин хэр ихээр вэ гэдгийг ирэх жилээс харцгаая.

 

Холбоотой нийтлэл: 

Гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт ба сайхан амьдрал  

 

 НЭМЭЛТ:

  • Хаштагууд:
  • #OT

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%