The Economist сэтгүүлд 2015 онд хамгийн их уншигдсан нийтлэл: Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү гурав

Бид 2015 оны трэнд нийтлэлүүдийг сэдэв сэдвээр багцлан хүргэж байгаа билээ. The Economist сэтгүүлээс мөн энэ онд хамгийн их уншигдсан 10 нийтлэлийг нэгтгэн гаргажээ.   Хоёр их гүрний харилцаа хүйтэрч, Дундад дорнодоор Исламийн улсуудын хүчирхийлэл гаарч, худалдааны гэрээ хүрээ тэлж, гамшигт газар хөдлөлт, санхүүгийн хямрал, цагаачдын асуудалтай зэрэгцэн урлаг соёл, шинжлэх ухааны гайхамшигт ололтууд шил дараалан төрсөн 2015 он.  Улс төр, эдийн засгийн үйл явдлаар тасраагүй энэ оны  улстөр эдийн засгийн суваг The Economist-ийн трэндийг шинжлэх ухааны нийтлэл тэргүүлжээ.

 

Нийлбэр нь нэмэгдэхүүнүүдээс илүү буюу нэг дээр нэмэх нь нэг тэнцүү гурав

Зарим хүн хүлээн зөвшөөрөх дургүй байж магадгүй ч хүн сексийн харилцагч цөөдөөд ирэхээр зарим нэг шалгуураа буулгах хэрэгтэй болдог,  чоно ч ялгаагүй. Биологичдын үзэж байгаагаар нэг юм уу хоёр зуун жилийн өмнөөс өмнөд Онтарио дахь тоо толгой нь хорогдож асан чонын төрөл нохой болон америк цөөвөр чоно(коётэ)той эвцэлдэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Ой модыг хөдөө аж ахуйн зориулалтаар устгаж, чоныг зохион багуулалттай хомроголон агнаж байсан нь тэсч үлдэхэд хэцүү орчныг бий болгосон юм. Гэхдээ ой модыг устгасан нь эсрэгээрээ америк цөөвөр чонод коётэг уугуул тал нутгаасаа гарч, өмнө нь бол зөвхөн чоно нутагладаг байсан газар руу тархахад хүргэжээ. Тариаланчдын хамт нохой ч “оршин суугч” болж нэмэгдлээ.

Хоёр өөр төрөл эвцэлдэхэд голдуу л эцэг эхийнхээ алиныг нь ч хүч чадлаар гүйцэхгүй дорой үр төл мэндэлдэг, эсвэл бүр амьдарч тэсдэггүй. Тийм байтал чоно, америк цөөвөр чоно, нохой гурав эвцэлдэхээс өөр аргагүй байдалд хүрсэн нь санаанд оромгүй өөр үр дүн авчрав. Эвцлийн үр дүнд орчиндоо гайхалтай зохицсон шинэ төрөл үүсэж, Хойд Америкийн зүүн нутгаар тархжээ. Шинэ төрлийг хүмүүс янз бүрээр нэрлэв. Зарим нь зүүн нутгийн коётэ, зарим нь коиволф гэж нэрлэлээ. Ямар ч нэр авдаг бай, одоо тэд тоо толгойн хувьд хэдэн саяар тоологдох хэмжээнд өсөж үржжээ.

3 төрлийн гень холилдож үүссэн коиволф санаснаас хамаагүй хурдан, цар хүрээтэй, үүсэж, өөрчлөгдөж, хөгжсөн байна. Энэ төрлийн 437 амьтны генийг судалж үзэхэд америк цөөвөр чонын гень давамгай, аравны нэг орчим нь нохойных, дөрөвний нэг нь чононых байв.

Чоно, нохойноос авсан ДНХ аль аль нь шинэ амьтанд том давуу тал авчрав. Том эрүүтэй, илүү булчин, хурдан хөлтэй коиволф цэвэр үүлдрийн коётэг бодвол жижиг бугыг ч төвөггүй агнана. Зарим нь бүр хандгай барьчихна. Чоно шиг ойд, коётэ шиг задгай талд ангуучилж чадна. Улих нь хүртэл холимог, нэг улихнээ чоно шиг, дахиад улихнээ коётэ шиг.

Коиволф хагас зууны дотор Америкын зүүн хойд хэсгээр хот газрыг ч үлдээлгүй бүхэлдээ тархаж, зүүн урагшаа тэлсээр байна. Цэвэр үүлдрийн коётэ хэзээ ч тал нутгаасаа зүүн тийшээ гарч үзээгүй билээ. Чононууд бол зүүн зүгийн ой модонд намнагдаж дууссан. Харин энэ хоёрын гень нийлээд эцэг өвгөд нь хэзээ ч хүрч төсөөлөөгүй газар нутгаар тархан амьдрах чадвартай амьтан бүтээжээ. Одоо бүр Бостон, Вашингтон, Нью-Йорк хотуудаар хүртэл амьдарч байна.

 

Бүр ч зальжин

 Зарим судлаачид коиволфын хотод амьдрах чадварыг хүний нөхөр нохойноос авсан геньтэй холбон тайлбарлаж байна. Тэрнээс гадна олон төрөл эвцэлдэж үүссэн нь элдэв төрлийн хүнс идэж амиа зогоох чадвар ч суулгасан байж ч болзошгүй, тийм бол хотод яг тохирно гэсэн үг. Коиволфууд хулуу, шийгуа, өөр бусад хүлэмжийн ногоо, хаягдал хоол идэж чадна. Мэрэгчдийг барьчихна, жижиг хөхтнүүдийг ч гаргаахгүй.  Хотод ихэнх цэцэрлэг, зүлэг сийрэг өвс, буттай, тэгэхээр хэрэм, тэжээвэр амьтан барьж идэхэд бүр амар. Муур бол бүр хөөрхий, зарим нэг үлдэгдлээс нь коиволфод бариулсныг нь мэдэж болохоор толгой түрүү юутай хээтэйгээ зууш нь болно.

Ийм өгөөмөр хотууд байгаагийн улмаас коиволфууд хөдөө орон нутагт бол хот байгаагүй бол эзлэх байсан нутгийн дөнгөж талд нь амьдарцгааж байна. Хотод орж ирэх ч амархан, төмөр зам дагаж шогшсоор байгаад ороод ирнэ.

Хотод амьдрах гэхдээ хэзээ амар байлаа даа. Жижигхэн зайд, шөнө унтаж амрахгүй, зам харахдаа хоёр талаа харж гарна. Энэ мэт дасан зохицох чадвар нь эрдэмтдийг гайхшруулж, эрүүг нь мултлах дөхөж байгаа аж.  

“Яг бидний хамар дор өрнөж буй орчин цагийн эволюцийн гайхамшигт үзэгдэл” Судлаач доктор Р.Кэис

Коиволф бие даасан төрөл зүйл болж хөгжсөн эсэх нь одоохондоо хараахан эцэслэгдээгүй маргаан. Зарим нь эцэг өвгөдөөсөө хангалттай өөр болсон гэнэ. Зарим нь нэг төрөл зүйл болж хөгжсөн бол өөр зүйлтэй эвцэлддэггүй, харин эд чонотой ч нохойтой ч эвцэлдэх хэвээр тул бие даагаагүй гэнэ.

Үнэн хэрэгтээ “төрөл зүйл” гэдэг хүмүүс бидний л зохиож гаргасан ойлголт юм. Энэ төрлийг тойрсон маргаан дээр харагдаж байгаачлан нарийн тодорхой болоо ч үгүй ойлголт. Коиволфийн жишээнээс юу харж болох вэ гэвэл эволюц гэдэг нь сурах бичигт заадагчлан нэг зүйлээс олон төрөл зүйл салбарлан гардаг маягийн энгийн явц бас биш юм. Тэр ч байтугай саяхан хийгдсэн шинжилгээгээр  оюун ухаант хүн Homo sapiens хүртэл зүйл хоорондын эвцлээс төрсөн бүтээгдэхүүн аж.  Орчин үеийн Европчууд Неандартал хүний генийг агуулдаг, нөгөөтэйгүүр Зүүн Азийнхан ч шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөөд удаагүй байгаа Денисован төрлийн хүний генийг агуулдаг. Яагаад ингээд холилдчихсон юм бүү мэд. Магадгүй өмнөд Онтариогийн чононууд шиг л, эртний хүмүүсийн болзооны хүнээ олох эцсийн арга байсан болохоор тэр байж ч магадгүй.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5404

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%