Нийтлэл 01 сарын 05, 2016

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТРАТЕГИД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

2015 оны хамгийн сүүлийн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “2016 оны оросын үндэсний аюулгүй байдлын стратеги”-д оруулсан өөрчлөлтийг баталгаажуулж гарын үсэг зурлаа. 2009 онд “2020 он хүртэл Үндэсний аюулгүй байдлын стратеги” төлөвлөлтийн баримт бичгийг ерөнхийлөгч баталсан түүхтэй. Энэхүү стратеги нь ОХУ-ын үндэсний ашиг сонирхол, үндэсний хэмжээнд эн тэргүүнд тавигдах асуудлууд, мөн тус улсын дотоод, гадаад бодлогын зорилт болон бусад асуудлыг багтаасан стратегийн төлөвлөлтийн түлхүүр бичиг баримт юм. Дэлхийн дахинд болон бүс нутагт үүсэж буй цагийн байдалтай холбогдуулан “Оросын үндэсний аюулгүй байдлын стратеги”-ийн шинэчлэгдсэн хувилбарт багтсан зарим томоохон өөрчлөлтүүдийн тухай товч дурдъя.

Орчин цагийн дэлхий дэх Орос орон 

Уг баримт бичигт Орос орон хүчирхэгжиж, дэлхийн хэмжээнд бие даасан гадаад болон дотоод бодлого явуулж байгаад АНУ, түүний холбоотнууд хариу арга хэмжээг авахад хүргэж байна. Энэ нь тэдний дэлхийд ноёлж буй одоогийн байдлаа хэвээр хадгалах зорилготой холбоотой гэдэг нь тодорхой юм. Иймээс эдгээр улс орнуудын зүгээс орос улсад улс төрийн, эдийн засгийн, цэргийн болон мэдээллийн дарамт үзүүлэх замаар оросыг аргагүй байдалд оруулах зорилгоор явуулж буй бодлогоо цаашид үргэлжлүүлэх төлөвтэй байна. 
Тийм учраас Оросын үндэсний эн тэргүүний зорилт бол дэлхийн тэргүүлэх гүрний нэг гэдэг байр сууриа бэхжүүлэх явдал мөн. Баримт бичигт заасан тус улсын урт хугацааны үндэсний ашиг сонирхол гэдэг хэсэгт “... ОХУ-ыг дэлхийн тэргүүлэгч гүрний нэг гэдэг статусыг бэхжүүлэх, мөн тэргүүлэгч гүрнүүд олон туйлт дэлхийн дэх стратегийн тогтвортой байдал болон харилцан бие биедээ ашигтай байдлаар түншлэх асуудлыг баталгаажуулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстойг” дурджээ
“Оросын үндэсний эн тэргүүний зорилт” гэдэгт улс орныг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, үндсэн хуульт системийг хамгаалах, тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, соёл урлагийг хэвээр хадгалж хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх болон үндэсний аюулгүй байдлын бусад зарчмуудыг онцлон тэмдэглэсэн байна. Стратегийн зорилтуудад хүнсний аюулгүй байдалтай холбоотой “Оросын хүнсний бие даасан байдал”-ыг хадгалах гэсэн заалт нэмж оруулжээ. Үүнд оросын хөдөө аж ахуйн хөгжлийг хурдасгах, энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн бизнест засгийн газрын байгууллагууд бодит дэмжлэг үзүүлэх, тус улсад “генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн”-ий хяналтгүй урсгал орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, газар тариалангийн салбарын өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг системтэй сургаж бэлтгэх асуудлууд багтсан байна. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн (GMO-Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар генийн бүтцийг нь өөрчилсөн организмуудын нэгдлийг хэлнэ. 

Дэлхийн шинэ олон төвт дэглэм тогтоох

“Дэлхийн шинэ олон төвт дэглэм” тогтоохын төлөөх үйл явц нь дэлхий даяар болон бүс нутагт тогтворгүй байдлыг араасаа дагуулах болно. Стратегийн бичиг баримтад дурдсанаар “дэлхийн тэгш бус хөгжил, зарим улс орнуудын иргэдийн аж амьдралын тэнгэр газар шиг ялгаа, байгалийн нөөц баялаг болон худалдааны замд хяналтаа тогтоох гэсэн эрмэлзэл, зах зээл олж авах гэсэн өрсөлдөөнөөс болж одоо гарч буй мөргөлдөөн нь улам гаарах төлөвтэй байна. Улс орнуудын хооронд гарч буй сөргөлдөөн нь хэтэрч энд тухайн улс орнуудын нийгмийн үнэт зүйлс болон хөгжлийн модель, хүний, технологийн, шинжлэх ухааны чадавх нь хүртэл татагдан орж, тооцогдох болжээ. Олон улсын тавцанд өөрийн нөлөөллийг тогтоох зорилгоор явуулж буй тэмцэлдээ улс төр, эдийн засаг,санхүүгийн болон мэдээллийн хэрэгслүүдийг ашиглаж байна. Ялангуяа нууц албадыг хүртэл энэ зорилгоор идэвхтэй ашиглаж байгааг энэ бичиг баримтад дурдаж өгчээ.

Хүчний үүрэг, НАТО-тай харьцаж буй харилцааны тухай

Бичигт хүчний үүрэг, роль нь олон улсын харилцаанд голлох үүрэг гүйцэтгэж байгаа байдал цаашид хэвээр үргэлжилнэ гэв. Давшилтын зэвсэглэлийг нэмэгдүүлэх, түүнийг шинэчлэх оролдлого нь зөвхөн дэлхий дахины аюулгүй байдлын системийг дордуулж, олон улсын гэрээ хэлэлцээр болон зэвсэглэлд тавьж буй хяналтыг сулруулах болно. Аюулгүй байдлын салшгүй, тэнцвэртэй байх зарчмууд Евро-Атлантын далайн, евро-ази болон ази-номхон далайн бүс нутагт ажиглагдахгүй байна. НАТО-ийн тэлэлт, энэ нь бүр оросын хилд тулж ирсэн явдал нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аюул занал мөн. 
НАТО-ийн цэргийн хүчин чадлын тэлэлт болон үүнийг дэмжсэн үйл ажиллагааг дэлхий даяар явуулах, олон улсын тогтсон хэм хэмжээг зөрчих, тэдний цэргийн идэвхжилт, цэргийн зориулалттай дэд бүтэц нь оросын хилд тулж ирж буй энэ бүх зүйлсийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аюул занал хэмээн тооцох болно” гэж заажээ. 
Олон улсын хэмжээнд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор цэргийн эвслийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь тухайн асуудал болон аюул заналтай тохирч, нийцэхгүй байдалтай байгаа. Тухайлбал, НАТО болон Европын холбооны суурин дээр байгуулсан Евро-Атлантын далайн бүс нутгийн аюулгүй байдлын систем бүрэн нуран унасан гэдгийг Африк болон Ойрх-дорнодоос Европыг чиглэн ирж буй асар олон тооны цагаачдын хөдөлгөөнөөс харж болно гэжээ.

Өнгөт хувьсгал болон Хууль ёсны улс төрийн эрх баригчдыг түлхэн унагаж буй туршлагын талаар

“Өнгөт хувьсгал” гаргах зорилгоор хийж буй өдөөн хатгалга нь оросын аюулгүй байдалд заналхийлж буй гол аюул заналын нэг юм. Орос улстай хиллэж буй бүс нутгуудад зэвсэглэлээр хөөцөлдөх болон цэрэгжүүлэх байдал өсөн нэмэгдэж буй шинж тэмдэг ажиглагдаж байгаа. 
Орос улсын болон манай нийгмийн аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн гол аюул бол “ОХУ-ын нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, улс орны дотор улс төрийн болон нийгмийн байдлыг тогтворгүйжүүлэх зорилготой, түүний дотор “өнгөт хувьсгал”-ыг өөгшүүлэх замаар уламжлалт оросын оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлсийг устгах зорилгоор үндсэрхэг үзэл, шашны хэт туйлширсан үзэл санаа, гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагууд, санхүүгийн болон эдийн засгийн байгууллагууд, хувь хүмүүсийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй нийгмийн радикал үзэлтэй бүлэглэл болон байгууллагуудын идэвхжилт юм,” гэж заажээ. 
Энд дурдсанаар “Хууль ёсны улс төрийн эрх баригчдыг түлхэн унагаж буй туршлага нэлээд тархах хандлагатай байна” гэжээ. “Хууль ёсны улс төрийн эрх баригчдыг түлхэн унагаах туршлага болон өдөөн хатгах замаар дотоодын тогтворгүй байдал болон мөргөлдөөн үүсгэх байдал газар авлаа.” Тогтворгүй байгаа газруудад Ойрх-дорнод, Алс дорнод, Африк, Өмнөд ази, Солонгосын хойг багтаж байгаа ба шинээр иймэрхүү газрууд ялангуяа засгийн газрын эрх баригчдын хяналтад ордоггүй газар нутаг улам ихсэн томорч байна.

Украины нийгмийг хагалан бутаргаж буй асуудлаар

Стратегийн бичиг баримтад 2014 онд Украинд болсон “Евромайдан төрийн эргэлт”-д АНУ болон Европын холбоог буруутгасан байна. “АНУ болон Европын холбоо нь Украинд болсон үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлтийг дэмжсэн явдал нь тус улсын нийгмийг хагалан бутаргаж, улмаар зэвсэгт мөргөлдөөнд хүргэхэд нөлөөлсөн,” гэж дурджээ. Баримтад Барууны орнуудын зүгээс нэгдмэл байх процесст үзүүлж буй хариу үйлдэл болон евро-Азийн бүс нутагт “халуун цэг” үүсгэсэн явдал нь орос улс өөрийн үндэсний ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. “Хэт барууны үндсэрхэг үзэл санааг нэгтгэж Украины нийгэмд орос улс нь тэдний дайсан гэсэн имижийг зориуд буй болгосон нь Украин улсыг европ дахь удаан хугацааны тогтворгүй байдлын эх үүсвэр болгож хувиргаснаас гадна Оросын хилийн яг хажууд энэ байдал үүсээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй,” гэсэн байв.

АНУ-ын цэргийн-биологийн лабораторийн сүлжээний тухай

Энэ бичигт дурдсанаар бол АНУ нь өөрийн цэргийн-лабораторийн сүлжээг оростой хил залгаа улс орнуудын нутаг дэвсгэр дээр олноор байгуулж байгаа гэнэ. Дэлхий ертөнц нь өнөөдөр химийн зэвсэг хэрэглэх, түүнийг дэлгэрүүлж болзошгүй эрсдэлтэй нүүр тулгарсан хэвээр байгаагаас гадна “гадаадын аль улс биологийн зэвсэгтэй мөн уг зэвсгээ ямар зорилгоор хөгжүүлж, үйлдвэрлэж байгаа нь тодорхойгүй байгаа нь” том асуудал болоод байна. Түүнчлэн цөмийн зэвсэгтэй улс орны тоо нэмэгдэж байгаа явдал нь түгшүүрийн харанга дэлдэх боллоо. Улс төрийн хувьд тогтворгүй орнуудад, ердийн зэвсгийг террористууд гартаа оруулах өндөр эрсдэл дагуулж байгаагаас гадна “аюултай бодис, материалыг найдвартай хамгаалах” асуудал ноцтой хэвээр байна гэж дурджээ

Сэтгэгдэл бичих

arrow icon