Нийтлэл 01 сарын 17, 2016

ЦӨӨН ҮГЭЭР: Цэцийн шийдвэр, ипотекийн зээлтэй холбоотой 10 асуулт  

Цэц ямар шийдвэр гаргасан юм бэ?

Үндсэн хуулийн цэцээс үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой хоёр шийдвэр гарсан.

15 тоот шийдвэр:  Иргэн банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн тохиолдолд барьцааны хөрөнгийг банкнаас шүүхээр дамжилгүй хурааж авч дуудлага худалдаагаар зарах боломжтой байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт. УИХ энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэх шийдвэр гаргасан. УИХ-ын шийдвэрийг тусгасан Цэцийн Их Суудлын дүгнэлт хараахан гараагүй.

13 тоот шийдвэр: Банкинд барьцаалсан орон сууцаа бусдад түрээслэх, худалдахдаа заавал банкнаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан гэсэн дүгнэлт. Цэцийн Их Суудлаар эцэслэсэн шийдвэр гарсан ч УИХ-аас яг эсрэг агуулгатай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл оруулсан. Иргэн давхар барьцаалах, худалдах гэх мэтдээ банкнаас зөвшөөрөл авах ёстой гэсэн үг. Энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэнэ. 

(Бодит барьцааны гэрээн дээрх заалт)

 

Батлагдахаар яах вэ?

Хуулийн орчин эргээд хэвэндээ орно. Цэц дахин шийдвэр гаргаж хүчингүй болговол Цэц, УИХ, банк зөрчилдсөн, иргэд дунд нь учраа олохоо болих процесс давтагдана.

Ипотекийн зээлтэй ямар холбоотой вэ?

Ипотекийн зээл төлөгдөж дуустал байр барьцаанд байдаг. Энэ байраа өөр хүнд худалдах, түрээслэх иргэний эрх нэмэгдсэн. Жишээ нь анх хянаж зээл олгосон хүнээс төлбөрийн чадвар муутай хүнд барьцааны гэрээ шилжиж, бичиг баримт, эргэн төлөлтийн элдэв асуудал үүсвэл банкны эрсдэл нэмэгдэнэ.

8 хувийг зогсоох шаардлага байсан уу?

Байгаагүй. Барьцаалагдсан хөрөнгийг цааш түрээслэнэ, борлуулна гэдэг нь барьцаанаас алга болно, зээл эргэн төлөгдөхөө болино гэсэн үг биш. Нэмэгдэх эрсдэлийг дотоод журам, шалгуураар зохицуулаад үргэлжлүүлэх боломжтой байсан. Цэцийн шийдвэрийн эсрэг иргэдийг турхирах, хуулийн лобби хийх улстөрийн зорилгоор зогсоосон байх магадлалтай.

Ипотекийн зээлийн хүүг 5% болгохтой хамаатай юу?

Хууль зүйн хувьд огт хамаагүй. Улстөрийн хувьд банкнууд хууль сэргээж өгөхгүй бол 8 хувийг зогсооно гэж УИХ-ыг шантаажилж, хариуд нь УИХ банкнуудыг 5 хувь болгож олгохгүй бол хууль эргэж сэргээхгүй гэж шантаажилсан байх магадлалтай.

Ер нь ипотекийн зээлтэй байраа зарж, түрээслэж болох уу?

Болно. Банкнаас зөвшөөрөл авах ёстой эсэх тухай маргаан болохоос зарж, түрээслэж огт болохгүй тухай маргаан биш.

Олон улсад ипотекийн зээлтэй байраа зарж, түрээслэх нь түгээмэл үү?

Түгээмэл байдаг. Монголд ч зөвшөөрөлгүй түрээслэх, худалдах, худалдаж авсан мөнгөө төлөөд зээлээ байрнаас чөлөөлж, үл хөдлөхийн гэрчилгээгээ өгөх, улмаар үлдэгдэл төлбөрөө авах гэх мэт арилжаа бодит амьдрал дээр явагддаг.

Банкнаас зөвшөөрөл авах ёстой байдаг уу?

Зөвшөөрөл ав гэж тулгахаас илүү ипотекийн зээл эргэн төлөгдөхгүй бол банк ямар эрхтэй, иргэн ямар эрсдэл үүрэхийг сайн зохицуулж өгснөөр ипотекийн зээлтэй байрыг худалдан авах, түрээслэх иргэд өөрсдийгөө хамгаалахын тулд банкинд хандах, эрх үүргээ сайн тодруулах тохиолдол их байдаг. Үл хөдлөх хөрөнгө чөлөөтэй арилжаалагдаж байхдаа илүү үнэ цэнэтэй, банкинд өөрт нь ашигтай тохиолдол ч байдаг. 

Цэцийн дүгнэлтийг хэн дэмжиж байгаа вэ?

Цэцийн буюу иргэнд илүү эрх өгөх шийдвэрийн талд Цэц, МАН-ын зарим гишүүд, ХҮН намын С.Ганбаатар гишүүн, банкинд илүү эрх өгөх шийдвэрийн талд Банкны холбоо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, АН.

Цэц, УИХ-ын зөрчил цаашид үргэлжилбэл ипотекийн зээл юу болох вэ?

АН-ын хувьд нэг том мөрийн хөтөлбөр, банкны хувьд нэг ашигтай бүтээгдэхүүн тул нэгмөр зогсох эрсдэл байхгүй болов уу. Харин зөрчил удаан үргэлжилбэл УИХ, Цэц, иргэд, банкнууд, барилга бүх талд улстөр, эдийн засгийн өртөг төлнө. Уг нь зөвшөөрөл өгөх өгөхгүй гэсэн хуулийн заалтаас илүү байр авах, түрээслэх иргэн уг хөрөнгөтэй холбоотой мэдээллийг авсны үндсэн дээр шийдвэрээ гаргадаг хөндлөнгийн системийг хөгжүүлэх, арилжааны процедурыг сайн зохицуулах, зээлийн эрсдлийн даатгал нэвтрүүлэх гэх мэтээр зохицуулалтын зөвшилцөлд хүрвэл илүү дэвшилтэй. Монголбанкны болон банкнуудын уян хатан байр суурь, манлайллаас гадна улстөрчид  улстөржүүлэхгүй байх эсэх нь цаашдын явц, хөгжилд нөлөөлнө. Тэдний байр суурьд иргэд зөв мэдээлэлтэй, өөрсдийн шаардлага, дуу хоолойтой байх нь нөлөөлнө. 

Сэтгэгдэл бичих

arrow icon