Соошил медиа яагаад биднийг улам мулгуу болгодог вэ?

Соошил медиад худал мэдээлэл яагаад тийм хурдан тардаг вэ? Тарсных нь дараа яагаад залруулга гардаггүй вэ? Зарим нэг үнэнийг тодруулах тийм ч хэцүү биш байтал хүмүүс яагаад худалд дурладаг вэ?

Эдгээр асуултад Блүүмбэргийн багаас зарим нэг тайлбар өгчээ. Худал мэдээлэл амархан тардгийн нэг шалтгаан хүмүүсийн confirmation bias буюу “өөрийгөө батлах хэтийдэл”-ээс үүддэг байна. Өөрөөр хэлбэл хүн өөрийнх нь үзэл бодол, итгэл үнэмшлийг баталгаажуулах мэдээллийг илүүтэй хайдаг, харин эсрэг утгатай мэдээллийг үл тоох хандлагатай байдаг аж.

5 жилийн турш Фэйсбүүк хэрэглэгчдийн зан төлвийг их хэмжээний пост, дата ашиглан туршсан судалгааны үр дүн их сонирхолтой.  Хүмүүс онлаинаар зөрүүтэй саналыг хүлээж авч чадаж байна уу? Эсвэл хаалга хаалттай байдаг уу?

Товчдоо, ихэнх групп, пэиж голдуу төстэй үзэл бодолтой хүмүүсээс бүрддэг, мөн өөрийн угийн үзэл бодол, итгэл үнэмшилд нийцтэй мэдээллийг идэвхитэй түгээдэг үр дүн гарчээ. Фэйсбүүкийг тэгэхээр төстэй үзэл бодол бүхий найз нөхөд, коммюнитинүүд дор бүрнээ өөрсдийн кластерийг үүсгэсэн аварга сүлжээ гэж төсөөлж болно. Тухайн кластер буюу фэисбүүкийн хонгорцогт нийцэх мэдээ нэг дотор нь орчихсон л бол цаашаа хэдхэн цагийн дотор асар хурдтай түгнэ. Өөрөөр хэлбэл кластержилт нь нэг их шүүлт, цензургүй цуу яриа, үл итгэл, бүхнийг үгүйсгэх, шүүмжлэх маягийн хэтийдсэн мэдээлэл амархан түгэх хөрс болдог.

 

Бүлэг туйлшрал

Фэйсбүүк гэлтгүй ер нь ижил төстэй бодолтой хүмүүс уулзаж ярилцаад салахдаа итгэл үнэмшлийнхээ бүр хурц хэлбэрийг олж аваад салдаг агаад үүнийг group polarization буюу “бүлэг туйлшрал” гэж нэрийддэг байна. Group polarization худал мэдээлэлд ч үйлчилнэ. Та үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг таныг тойрон хүрээлж буй ижил төстэй үзэл бүхий хүмүүст баяртай гээч нь тархаахдаа нөгөө хэдийнхээ уур унтуу, үзэл бодлыг улам хурцалж байдаг байх нь. Үүний учрыг дээр дурдсан хүний өөрийгөө батлах хүсэлтэй холбож тайлбарлах нь бий. Өөрөөр хэлбэл бид бусад хүн санал нийлж байгааг мэдэрмэгц илүү өөртөө итгэлтэй, илүү туйлшрамтгай болж ирдэг аж.

Ингээд нэг үзэл бүхий бүлэг нэг нэгнийхээ итгэл үнэмшлийг бэхжүүлж, бэхжсэн итгэл үнэмшил нь дахиад шинэ мэдээллээр бэхжих маягаар улам бүр өөрсдийгөө хүчитгэх явц үргэлжилнэ.

Та жишээ нь Ноён уулд олборлолт явуулах нь ариун явдал биш гэж үздэг байя. Эхэндээ өөрийн үзэл бодолдоо бүрэн итгэлтэй биш, харьцангуй даруухан байна. Харин олон хүн тантай санал нийлж байгааг мэдмэгц зориг орж, улам итгэлтэй болж, санал зөрдөг хүмүүсээс улам холдож, улам басамжилж, улам бүр чанга дуугарч эхэлнэ. Таныг чанга дуугарахын хэрээр нөгөө хэд бас итгэлтэй болно, бас чанга дуугарч эхэлнэ, цикл үргэлжилнэ.

Ийм үзэгдэл Фэйсбүүкт өрнөдөг нь хэд хэдэн судалгаагаар тодорхой болж ирээд байна. Буруу ойлголт, итгэл үнэмшлийг няцаах, хэлж ойлгуулах оролдлого голдуу хөсөр хаягддаг, анхаарсан ч улам параной хандаж, улам эсэргүүцэх араандаа ордог аж.

Тэгээд одоо яах вэ? Блүүмбэргийн багийн хувьд даруу зан, нээлттэй, бусдыг хүлээн зөвшөөрөх соёлыг хөгжүүлэхээс өөр гарцгүй гэж үзсэн байв. Ямар ч гэсэн өөрийгөө ямар кластерт байгаагаа ажиглаж байх, аль болох олон төрлийн кластерт нэгдэж хүрээгээ томсгох,  нээлттэй сонсож байхыг хичээвэл тустай байж мэднэ. 

Хоёрдугаар дайн өрнөж байсан цаг. Холбооны мундаг шүүгчдийн нэг Л.Хаанд “ардчилал, эрх чөлөөний амин сүнс нь аливааг гарцаагүй зөв гэж хатуу итгэхгүй байхад оршино” гэж хэлж байжээ. Соошил медиа хэрэглэгчид харин өөрсдийн эрх чөлөөг хэтрүүлэн хэрэглэх хэмжээнд хүрчээ. Хатуу итгэлдээ баригдаж, өөрийгөө батлах хүслийн занганд орж явсаар эргэж гарахын эцэсгүй бурууд ороогдож дуусах эрдсэл хангалттай харагдаж байгааг санаж байгууштай.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4989

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%