Амжилт үе үе бөөндөх биш өдөр тутмын тогтмол хөдөлмөр шаарддаг

Аливаа зүйлийг хийхдээ бид бөөндөх дуртай. Хоол идэхдээ бөөндөө л өдөрт ганц хоёрхон хоол идчихнэ, хичээлээ хийхдээ семестржингээ зүгээр суучихаад, шалгалтын өмнөх өдөр бөөндөөд уншчихна. Тэгээд бас болоогүй өнөөхөө ухаарлын долоо хоног гээд өөрсдөдөө таарсан ухаантай нэр бодоод олчихсон. Ажлаа ч мөн адил сайхан бөөндчөөд үлдсэн цагт нь твиттер, фэисбүүкдэнэ. Гэсэн мөртлөө хичээл дээрээ онц авсангүй гэж аашилна, ажил дээрээ тушаал дэвшсэнгүй гэж гомдоллоно. Гэвч амжилт гэдэг үе үе бөөндөх биш өдөр бүрийн тогтмол хөдөлмөр л шаарддаг. Тогтмол тогтмолдоо бүр өдөр бүрийхийг! 

Зурагтаар үзэх кинон дээр гэнэт амжилтад хүрсэн хүний тухай л байх, сонин дээрээс унших нийтлэл дээр минь хүртэл гэнэт баяжсан залуугийн тухай л гарах. Үүнийг дуурайгаад бид ч өөрсдөө гэнэт л баяжиж, бүх зүйлийг өөрийн болгохыг хүснэ. Та нарт нэг түүх ярьж өгье. Олимпийн аварга, олны танил нэгэн боксчны лекцэн дээр суусан юм. Гол санааг нь үгчлэн биш ч утгачлан буулгахыг хичээлээ.

"Яг үнэндээ олимпын боксын аварга болоход 48-хан минут хангалттай.  4 хүнийг дөрвөн үеийн туршид зодож чадвал аварга болох болно. Үзэгчдийн нүдэн дээр ил өнгөрөх энэ 48 минутыг харсан хүн "Хэний ч мэдэхгүй энэ хүү аварга болчих гэж их азтай юмаа" гэж хэлэх энүүхэнд. Гэхдээ энэ 48-хан минутын төлөө би амьдралынхаа 10 жилийг зориулсан юм шүү дээ. Ихээхэн хэмжээний нулимс, хөлс, түүнээс ч их хөдөлмөр зарцуулж байж тэр 48 минутын ялалтыг авсан юм" гэж хэлсэн.

Бид нэг өдрийн дотор амьдралаа орвонгоор нь 100% өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ яг үнэндээ амьдралд хэзээ ч тийм зүйл болохгүй. Бид бүгдийн мартаж орхидог хамгийн чухал зүйл гэвэл хэдий нэг өдрийн дотор зуун хувь өөрчилж чадахгүй ч 1 хувь бол хангалттай өөрчилж чадна. 1 хувь хэтэрхий бага байна уу. Тийм. Гэхдээ 1 хувь чинь хуримтлагдсаар 100 өдрийн дараа 100%-ийн өөрчлөлт болдог юм шүү. Сажилж явахад хүрнэ гэдэг дээ. Гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Гол нь зогсолтгүй. Тогтмол.

Өдөр бүр яг тогтсон цагт тогтмол хугацаагаар өөрийхөө зорилгын төлөө алхах хэрэгтэй. Жишээ нь та нийтлэлч, зохиолч болох мөрөөдөлтэй бол өдөр бүр орой орондоо орохоосоо өмнө 20 минутын туршид юуны ч талаар хамаагүй нийтлэл бич. Хэрэв та багш болохыг хүсэж байгаа бол өдөр бүр ганц цаг хэн нэгэнд юу ч хамаагүй заа. Ийм л энгийн. Өдөр бүрийн уйтгартай юм шиг эдгээр дасгал сургуулилтууд тань 1, 1 хувиаар хуримтлагдсаар тодорхой хугацааны дараа таныг 100% өөр хүн болгосон байх вий.

Амьдрал өөрөө том тоглолтын өмнөх жижиг бэлтгэлүүд юм гээ биз дээ. Таныг амжилтанд хүргэх аз, зорилгод тань хүргэх зам заавал гарч ирж л таарна. Томрох нь тодорхой, баяжих нь баараггүй гэдэг шиг. Харин та түүнд бэлэн үү? Цаг нь ирэхэд та бэлэн байх нь л чухал. Үүний тулд өдөр бүр зорилгынхоо зүг нэг алх.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5101

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%