Нийтлэл 02 сарын 01, 2016

Бид нийгмийнхээ 10 хувийг үгүйсгэж, сэтгэл гутрал, амиа хорлолтод түлхэж байна

Ямар ч нийгэм, хүмүүсийн бүлэг бүхэнд өөрийн гэсэн цээртэй, хөндөж болдоггүй сэдвүүд байдаг.  Тийм сэдвүүд голдуу сүсэг, шашин,  түүх, заншилтай нь холбоотой үүссэн байдаг. Австралийн уугуул иргэдийн дунд нас барсан хүний тухай ярихыг цээрлэдэг. Лалын шашинд Аллахын дүрсийг гаргаж болдоггүй. Европын олон улсад холокостыг үгүйсгэх нь бүр хуулиндаа хориотой.  Мэдээж тэдгээр сэдвийн тухай ярьдаггүй гэсэн үг биш, зүгээр л, олон нийтийн дунд ярьсан хүнд нийгмийн зүгээс янз бүрийн санкц ирдэг. Гэхдээ тэр сэдвүүдийг хөндөхгүй байх нь зөв үү? Цаг үетэйгээ хамт алхахгүй байгаа юм биш биз?

Монголчуудын дунд ч бас тийм ярьдаггүй сэдвүүд олон байдаг. Санаанд орсон дарааллаар нь дурдахад, жишээлбэл, хүний сэтгэцийн асуудлууд, ижил хүйстнүүд гээд олон сэдвүүд байна.

Нэг гэр бүлд амиа хорлосон юм уу оролдсон тохиолдол гарвал тэр тухай тийм ч нээлттэй ярьж чаддаггүй. Ичиж, бусдаас далд байлгахыг хичээж байгаа байх.  Харьцуулахад, чихрийн шижинг нуугаад байдаггүй. Гэтэл энэ хоёр хоёулаа л бие, сэтгэлийн өвчин. Сэтгэцийн эрүүл ахуйнхаа тухай дотны хүмүүстэйгээ нээлттэй ярилцаж, тусламж хүсч, тэр тусламжийг нь үзүүлж чаддаг байхад нийгмийн нээлттэй байдал их чухал байдаг. Энэ нь ялангуяа эрэгтэй хүмүүсийн жишээ дээр их тод харагддаг. Эрэгтэй хүүхдийг  Монголд багаас нь сэтгэлээ илэрхийлж болохгүй гэж сургадаг нь сэтгэцийн эмгэг, донтолт, хүчирхийлэл, амиа хорлолтын өндөр тооны шалтгаан гэж хэлж болох байх. Монголдэрэгтэй хүний амиа хорлох тоо эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4.4 дахин их байгаа нь дэлхийн дундаж 3,3-аас их байгаа юм. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Найз нь, хамт ажилладаг хүн нь хямраад, гутраад яваад байхад нь “зүгээр үү?” гэж асууж чаддаг, энэ талаар нийгэмд чөлөөтэй ярьж болдог болгох хэрэгтэй.

Монголд ижил хүйстнүүдийг гадуурхдаг, буруугаар ойлгодог явдал байсаар байгаа нь энэ тухай бас ярихгүй байгаагийн үр дүн, энэ тухай ярихгүй байгаагаас үүдэлтэй юм. НҮБ-ийн хүний эрхийн коммиссийн тайланд 2015 онд дурьдагдсанчлан Монголд ижил хүйстнүүдийг гадуурхсаар байгаа бөгөөд энэ нь бэлгийн цөөнхийн талаар мэдлэг, мэдээлэл дутуу байгаатай холбоотой гэж НҮБ-ийн ХАС-ын тайланд бичжээ. Энэгадуурхал, үл ойшоолт нь ижил хүйстнүүдэд ЭМ-ийн тусламж, үйлчилгээг хүргэхэд саад болж байна. Жишээлбэл, 2015 оны UNAIDS-ийн тайланд гарсанчлан Монголд 2014 оны байдлаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт 0.01% байгаа ч УБ хотод амьдардаг эрэгтэй хүмүүстэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэй хүмүүсийн (MSM)дунд энэ вирусын тархалт 12% байгаа юм. Хэдийгээр мэргэжлийн хүмүүсийн дунд MSM-ийн талаар мэдлэг дээшлүүлэх ажил хийгдэж байгаа ч нийт хүн амын дунд энэ талаар мэдээлэл буруу, дутуу байна. Цэвэр жирийн хүний үүднээс бодоод үзэхэд нийгмийнхээ 10 орчим хувийг байхгүй гэж үгүйсгэх нь тэр цөөнхийнхөө сэтгэл санаанд ямар хүндээр нөлөөлж байгаа талаас нь бодолцох хэрэгтэй. Бэлгийн цөөнх болж байгаа хүүхэд залуучуудын өөртөө итгэх итгэл, амьдралын хатад нь ч сөргөөр нөлөөлж дээрх амиа хорлолтын тоонд багагүй нөлөөлж байгаа нь ойлгомжтой. НҮБ-ийн ХАС-ын дээрх тайланд “ижил хүйстэн залуу хүмүүсийн 70% нь амиа хорлох тухай бодож байсан” гэсэн тоо дурдагдсан байсан нь ч үүний баримт болох байх.

Австралийн уугуул иргэдийн талийгаач хүний ясыг өндөлзүүлдэггүй заншил нь дээр үед антибиотикгүй халуун оронд зөв зүйл байсан байж болно. Одоогийн зурагт, гэрэл зургийн эринд зөрчихгүй байхын аргагүй болохоор ямар нэг дундын шийдэл, санал нэгдэлд хүрэх хэрэгтэй. Тийм болохоор зурагт, радио нэвтрүүлэг болгоны эхэнд “нас барсан хүмүүсийн нэр, дүрс гарна шүү” гэж сануулж уугуул иргэдийнхээ нэг ч болсон заншлыг нь хүндэлдэг. Лалын шашинд ч гэсэн, Аллахыг зурсан болгоныг буудаад байж барахгүй болохоор, Австралийнхтай ижил нэг дундын шийдэлд удахгүй хүрэх байх. Харин Монголчуудын хувьд, нэгэнт морин дэлэн дээрээс хэн нэгнийг эзэлж гавьяа байгуулах цаг үе өнгөрсөн болохоор мачо(бие эрхтний хүч тэнхээд ач холбогдол өгөх) сэтгэлгээгээ өнгөрсөндөө орхиж, нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээж авах цаг болсон бус уу.

Сэтгэгдэл бичих

arrow icon