Эрдэмтэй болох хүсэл

Өнөөдөр манай эцэг, эхчүүд үр хүүхдээ яаж ийж байгаад боловсролтой болгохын тулд өөрсдөө хоолгүй хоноод ч болтугай сургалтын төлбөрийг нь төлж байна. Харин тэрхүү өндөр зардалтай сургалтын чанарын тухайд том асуудалтай сэдэв тул ерөнхийлөөд “тун тааруу” гээд дүгнэчихвэл надтай санал нийлэх олон хүн байгаа болов уу. Хуучин социалист Монголын үед хүүхдүүдэд тун сайн суурь боловсрол/10 жилийн/ олгодог боловсролын системтэй байжээ гэж боддог. Харин харамсалтай нь одоо энэ системээ бүрэн устгаад удаж байна. Ингээд та бүхэндээ аливаа хүн сургуульд сурах, эрдэм боловсролтой болохыг үнэхээр хүсвэл ямар ч бэрхшээлийг даван туулах боломжтой юм шүү гэдгийг харуулсан нэг жишээг танилцуулах гэж байна. 

АНУ-ын Нью Мексико мужийн иргэн африкийн-америк гаралтай Клара Велле Виллиамс/Clara Belle Williams/ нь 1885 онд Техас мужид боолын гэрт мэндэлжээ. Эцэг эх нь ямар  ч эрх чөлөөгүй боолууд байсан тул түүний өссөн орчин, нөхцөл тун хүнд байсан гэдгийг төсөөлж байгаа байх. 
1908 онд Клара охин өсөж, 23 настай залуу бүсгүй боллоо. Ингээд өнгөт арьстнуудад зориулсан газар тариалангийн чиглэлээр мэргэжил олгодог коллежид элсэн оржээ. Тухайн үед уг коллежийн төлбөр нь 130 ам.доллар байсан ба үүнд 9 сарын хугацааны сургалтын төлбөр, нэг ширхэг дүрэмт хувцасны үнэ багтаж байв. Мэдээж хүний л эцэг эх болсон хойно охиноо боловсролтой болгох хүсэлтэй байсан хэдий ч ямар ч цалингүй ажилладаг боол эцэг эхэд тийм их мөнгө төлөх боломж байсангүй. Бодвол өгөөмөр сэтгэлтэй эзэн нь өмнөөс нь төлсөн бололтой. Энэ бүхний хариуд Клара тун шаргуу суралцаж, сургуулийнхаа хүндэт сонсогчоор төгсжээ. Одоо манайхаар бол “улаан диплом”-той төгсжээ. 1917 онд Жаспер Виллиамс гэдэг залуутай гэрлэн 3 хүү төрүүлсэн нь хожим бүгд физикчид болсон байдаг. 
Коллеж төгссөн Клара нь тухай үедээ нэлээд боловсролтой хүнд тооцогдож байсан тул Бүүкер Вашингтон/Booker T.Washington/ дунд сургууль багшлах болжээ. Тэр өдрийн цагаар хар хүүхдүүдэд хичээл заагаад орой нь гэртээ эцэг, эхдээ эдийн засгийн хичээлүүд заадаг байсан гэнэ. Тухайн үед Америкийн боолууд эрх чөлөөтэй болоод байсан хэдий ч тэднийг нийгэмд хүлээн зөвшөөрөх хүртэл дахиад 50 гаруй жилийн хугацаа хэрэгтэй байсан юм. Арьсныхаа өнгөнөөс болж алхам тутамд гадуурхагдаж, доромжлуулна. Гэвч тэрбээр ингээд зогссонгүй, улам цааш нь улам гүнзгийрүүлж сурах хүсэлтэй байлаа. Ингээд 1928 онд “Нью Мексикийн Хөдөө аж ахуй болон механикийн урлагийн коллежид шалгалт өгч тэнцэн өдрийн ангид элсэн оржээ. /Уг коллежийг одоо “Нью Мексик мужийн их сургууль” гэж өөрчлөн нэрлэх болсон./ 
Энэ коллежийн анхны хар арьст оюутан болсон тул алхам тутамдаа бэрхшээл, зовлонтой тулгарч байв. Тухайлбал, коллежийн олон профессор түүнийг хичээлдээ суулгах дургүй байсан тул тэр коридорт зогсож байгаад хаалганы цаанаас хичээлээ босоогоороо бичдэг байжээ. 
Гэвч тэр энэ бүх бэрхшээлийг бүгдийг нь амжилттай даван туулж, 1937 онд 9 жилийн дараа бакалавр зэрэгтэй төгсөж чадсан юм. Клара бол аливаа хүн үнэхээр хүсвэл ямар ч бэрхшээлийг даван туулах боломжтой юм гэдгийг өөрийн амьдралаар нотлон харуулж чадсан хүн байлаа. Клара Велле Виллиамс нь 1994 онд 108 насандаа нас барьжээ. 
1961 онд “Нью Мексик мужийн их сургууль”-ийн оюутны хотхоны нэг гудамжийг түүний нэрээр нэрлэсэн бол 1980 онд тус сургуулийн удирдлага түүнд сургуулийнхаа хуулийн хүндэт докторын зэрэг олгож, оюутан байх үед хүндэтгэлгүй харьцаж байсан явдалд албан ёсоор уучлалт гуйсан юм.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5001

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%