Нийтлэл 02 сарын 14, 2016

Видео: Хамгийн агуу шинжлэх ухааны нээлтийг хүүхдэд ч ойлгомжтойгоор


Алберт Эйнштэйний таталцлын долгионы онол 100 жилийн дараа батлагдсан нь энэ цаг үеийн хамгийн агуу шинжлэх ухааны нээлтийн нэгд зүй ёсоор тооцогдож байна. Уг нээлтийн талаар шинжлэх ухааны тухай анимэ тайлбар бүтээдэг PHD Comics-ын багийхан хүүхдэд ч ойлгомжтой хөдөлгөөнт видеогоор тайлбарлаж үзүүлжээ. 

Таталцлын долгион гэдэг нь орон зай, цаг хугацааны мандалд үүссэн  долгион юм. Хүүхдийн тоглоомын газар дээр нь үсэрдэг, ойдог тор байдаг. Тийм торон дээр боулингийн хүнд бөмбөг тавих юм бол доошоо хонхойж, бусад хэсгээ татна.  Яг түүнтэй адил, орон зай, цаг хугацааны огторгуйд хүнд массаас болж нугалаа үүсдэг байна.

 

Таталцлын долгион асар хүнд масстай хоёр биет мөргөлдөх, нэгдэх, эргэх зэргээр огторгуйд хэлбэлзэл үүсгэхэд бий болно. Долгион үүссэнийг ажиглахад амаргүй. Учир нь хоёр зайн хоорондох огторгуйд суналт юм уу агшилт үүссэн ч түүнийг хэмжих хэмжүүр мөн адил хэмжээгээр сунаж агших тул орон зай хэвээр юм шиг л харагдана. Харин тогтмол хурдтай гэрлийн хурдыг ашиглан, хоёр зайн хооронд хэр хурдан зорчсоныг нь хэмжих замаар нугалаа үүссэн эсэхийг хэмжих боломжтой . Энэ удаагийн нээлтийг хийсэн ЛИГО байгууламж яг энэ аргыг ашигласан ба 4 км урт туннелыг туулах гэрлийн хурдад таталцлын долгионоос үүдэлтэй ялимгүй өөрчлөлт гарч байгааг илрүүлж чаджээ.

Энэ нээлт яагаад тийм чухал вэ?

Уг нээлтийн ач холбогдлыг дээрх видеонд бүх амьдралаа дүлий өнгөрөөгөөд гэнэт сонсголтой болсон мэт дүрслэлээр үзүүлж байна. Өмнө нь аливааг мэдэрч баримжаалж байсан ч чих онгоймогц тэс өөрөөр сонсож, ойлгож чадахтай агаар нэг, бид бүхэн хүн төрөлхтний орчлон ертөнцийн тухай ойлголт, цаашдын танин мэдэхүйн аялалд асар том ивээс болох таталцлын долгион оршин байдгийг баталсан нээлтийн гэрч боллоо.

Сэтгэгдэл бичих

arrow icon