Нийтлэл 02 сарын 18, 2016

Бизнесмэнүүдэд: Цэцэрлэгийн багачуулаас суралцах ёстой зүйл

20 ширхэг спагетти гоймонгоор хэр өндөр цамхаг барьж чадах вэ?
Цагийн хязгаар 18 минут. Цаасан скоч ашиглаж болно. Хамгийн сүүлд орой дээр нь Marshmallow (picnic-ийн хөөсөн чихэр) нэгийг хатгаж чадвал барианд орно.

Ийм нэгэн хүүхдийн гэмээр тоглоомыг Marshmallow Challenge гэх бөгөөд анх Петер Ван Жик гэгч бодож олжээ.

Нэг баг 4 хүнтэй тул, компаниуд ажилчдынхаа багаар ажиллах дадлагын програмд үүнийг өргөнөөр авч ашигладаг болоод байгаа юм гэнэ.

Peter Van Dijk уг тоглоомоо тэмцээн болгож дэлхий даяар нийт 70 удаа зохион байгуулсан гэх бөгөөд, хүмүүс дундажаар 50 см өндөр цамхаг барьдаг аж. Харин хамгийн өндөр цамхаг 99 см байсан гэнэ.

Түүний ажигласанаар хамгийн муу тоглогчид гэвэл Бизнесийн сургуулийн төгсөгчид. Тэднээр цамхаг бариулахад гол төлөв дундаж цамхагийн талаас ч намхан юм чүү чаа хийдэг юм байх. Учир нь тэд
- Зөв төлөвлөлгөө зохиох
гэдэг школоор мэргэшсэн тул ихэнх цагаа харилцан ярилцах, зураг төлөвлөгөө зохиох, нарийн чимхлүүр угсралтын ажил хийх зэрэгт зарцуулж орхидог байна.

Төлөвлөгөө ёсоор баригдсан цамхаг нь уул нь ч "Ямрав дээ?" гэмээр бахархам эд. Харин барьж дуусаад хөөсөн чихрээ хатгахаар л...
 ...жинг нь даалгүй нөгөө цамхаг нь нураад уначихна (хуурай нарийхан спагетти гоймонгийн хувьд хөөсөн чихэр нь овоо хүнд байдаг бололтой).

Энэ мөчид нөгөө
- Ямрав дээ?
гэдэг бахархал нь
- Эээ.. ээ...
болж явчина.
Ингээд дахин шинээр барихаас өөр аргагүй болох боловч, төлөвлөгөө ёсоор цаг дуусахаас дөнгөж өмнөхөн  хөөсөн чихрээ хатгасан болоо л
- Цаг дууслаа!!!!!  болно_

Харин тэднээс хавьгүй чадварлаг цамхаг барьдаг нь цэцэрлэгийн жаалууд. Тэд томчуудын барьдаг дундажаас өндөр цамхагийг хөнгөхөөн барьчихдаг гэнэ. Гэхдээ бүр зүгээр нэг өндөр цамхаг төдий бус, дандаа уран хийцтэй сонгодог бүтээлүүд хийнэ.

Бизнесийн сургуульд ном үзээгүй тэдэнд Төлөвлөгөө гэхээр гойд юм үгүй. Зүгээр л гартаа таарснаараа дуртай газраа зоогоод байх нь тэр. Тиймдээ ч тэдний бүтэлгүй оролдлогын тоо нь томчуудынхаас хавьгүй олон. Бас тэд, томчууд цагийг нь тулгаж байгаад тавих гэдэг хөөсөн чихрийг сав л хийвэл үзүүрт нь хатгах гэнэ. Нэг амьсгаагаар ялалтад хүрэхээр санаархдаг Бизнесийн сургуулийн оюутнуудаас чанх эсрэг арга барил. Гэсэн ч энэ бүх бүтэлгүй оролдлого нь эцэстээ өндөр цамхагийг бүтээхэд хүргэдэг байна.


Цэцэрлэгийн хүүхдүүдийн дээрхи тактик нь сүүлийн үед ХИТ болсон Lean startup гэдэгтэй тун төстэй арга барил юм.
Харин Бизнесийн сургуулийн тактик нь үүний эсрэг буюу fat startup гэсэн үг.

Цэцэрлэгийнхэний тактик нь харьцангуй уян хатан төлөвлөлт учир явцын дунд элдэв өөрчлөлт оруулахад хялбар. Харин Бизнесийнхэн бол хэт нарийн төлөвлөлттэй, нэг бүтэлгүйтэхэд л дахин шинээр төлөвлөх нь туйлын зардалтай болж, эцэстээ цагтаа баригдаад дуусна.

Интернэтийн ертөнцөд lean startup-ийг харьцангуй тохиромжтой гэж үздэг. Төгс бүтээгдэхүүн хийгээд тэр нь хэнд ч таалагдахгүй өнгөрснөөс, юу ч гэсэн санаандаа орсноо туршиж үзээд, түүнийгээ хэрэглэгчидийн сонирхолд нийцүүлж бага багаар хөгжүүлээд явах нь ашигтай тусч таардаг бололтой юм.

Багачууд сав л хийвэл Marshmallow-ийг оройд нь хатгаж үздэгийн адилаар, бодож олсон санаагаа тухай бүрт нь хэрэгжүүлж үзээд байвал амжилтад хүрэх замаа хурдан олж болдог оо гэсэн үг. Интернэтийн гигантууд болох Google, Facebook, Apple гээд бүгд л байсгээд өөртөө апдэит хийж, санаагаа хэрэгжүүлдэг шүү дээ.

Магадгүй тэмцээний явцад цэцэрлэгийн багачууд үе үе
- Эээ.. ээ..
гэж уулга алддаг байж болох. Харин Бизнесийнхэн байс гээл
- Ямрав дээ? гэж сонсдоно.

Харин эцсийн мөчид тэдний "Ямрав дээ?", "Эээ.. ээ.." хоёр нь солигдож орхино...
Уул нь, бэлтгэл хийгээд байвал бизнесийн сургуулийнхан хүртэл өндөр цамхаг хийж чаддаг болоод ирдэг гэнэ л дээ. Харин бооцоо шагнал болоод ирэхээр л цамхагийн өндөр нь навс унадаг шиг байгаа юм...

Эрт цагийн Хятадад, 400 жилийн турш оршин тогтносон Хан династийг үндэслэн байгуулагч Их хаан Gaozu (Хан династийн анхдугаар хаан) нь үнэндээ дайн байлдаанд маруухан нэгэн байсан юмсанж. Харин түүнтэй нэгэн цаг үед Xiang Yu гэх мундаг жанжин амьдарч байсан бөгөөд, сэлэм ч барьж үзээгүй Gaozu–г "болъё оо" гэтэл нь хашраадаг байж. Гэсэн ч Gaozu 99 удаа ялагдсаны эцэст ганц удаа Xiang Yu–г ялж орхив. Үр дүнд нь домогт Хан династи бий болсон гэдэг түүхтэй.

Ялагдаж явсан ч үхэлгүй, бас орхилгүй тэмцсэн Guazu нь хуучин цагийн жинхэнэ lean startup байсан гэлтэй.

Сэтгэгдэл бичих

arrow icon