Нийтлэл 02 сарын 19, 2016

С.Ганбаатар 'ХҮН байх ёс' - ыг хэрхэн зөрчсөн бэ?

ХҮН-ын хэсэг гишүүд намын дарга С.Ганбаатарыг намын дүрэм зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан шалтгаанаар ажлаа өгөх шаардлага тавьсан. С.Ганбаатар маргааш нь тэс хөндлөн мэдэгдэл хийж, намын тамгыг хүчингүй болгосон зар сонинд гарах зэргээр үргэжлилж байгаа шинээр байгуулагдаад удаагүй ч олны анхаарлын төвд орсон энэ намын дотоод зөрчил хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар Н.Одонгуагаар солигдон алдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын тушаал гарч Н.Одонгуа, Т.Ганболд, Т.Бат-Оргил нарийн хариуцлагатай гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Хэрэг явдлын учир, намын дүрэм, Улс төрийн намын тухай хууль, ёс зүйн ямар зөрчил гаргасан талаар ХҮН-ын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Баттуяагийн гаргасан гомдолд дэлгэрэнгүй тайлбарлажээ. 

 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН

ХАРИУЦЛАГЫН ЕРӨНХИЙ ХОРООНД

 

2016 оны 02  сарын 16-ны өдөр                                                                        Улаанбаатар хот

 

Гомдол гаргах нь

Цэрэнхүүгийн Баттуяа миний бие тус намын гишүүн бөгөөд намын дүрмийн 2.10.2 болон Хариуцлагын хорооны ажиллах журмын 1.7-д заасан эрх, мөн Хариуцлагын хороог хүчин төгөлдөр бүтэц гэж дүгнэж Хөдөлмөрийн үндэсний намын дүрмийн Арваннэгдүгээр бүлэгт “Хариуцлагын хороо”-ны чиг үүрэг, бүтэц, хянаж шийдвэр гаргах үйл ажиллагаа, бүрэн эрхийн хугацаа гэсэн ойлголтуудад тулгуурлан намын дарга С.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Одонгуа нарыг Хөдөлмөрийн үндэсний намын удирдах албан тушаалд сонгогдсон шийдвэрийг өөрчлүүлэх, намын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.

ХҮН-ын Удирдах зөвлөл, Намын төв хороо, Намын их хурал гэсэн субъектууд нь нийт намын гишүүдийн олонхийн санал, дотоод ардчилал, итгэлцэл, ил тод, шударга зарчмын үндсэн дээр байгуулагдаж, үйл ажиллагаа нь явагдаж, дүрэм, журам нь батлагдан гарсан юм.  Гэтэл ХҮН-ын дарга С.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Одонгуа нар нь Улс төрийн намын тухай хууль, ХҮН-ын дүрэм, журмууд болон “За” андгайг ноцтой зөрчиж, тэднийг нийт гишүүдээс сонгох шалтгаан болсон тэдний “үзэл баримтлал, хүсэл тэмүүлэл, хувийн намтар, зорилго, зорилт” нь үнэн бодит баримтуудаар үл батлагдаж, дур зоргоороо, хууль дүрэмгүй үйлдлээр удаа дараалан үргэлжилж байна. Иймд тэднийг ХҮН-ын дарга болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшин өрсөлдөх шаардлагыг хангаагүй байсан, үүгээрээ намын дарга, удирдах зөвлөлийн гишүүнээс түдгэлзүүлж, нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох явцыг дахин хэрэгжүүлэх үндэслэлтэй байна.

Нэг. Намын даргаар ажиллахдаа С.Ганбаатар нь Удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “хуралдаан” гэх хууль бус уулзалтаас гаргасан хүсэлтийг хүлээн авч 2016-2-08-ны өдөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг “ 2016-2-05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Удирдах зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон тухай “тушаал” гэх тамга тэмдэггүй, албан бланк байхгүй гарын үсэг бүхий хууль бус шийдвэрийг гаргахдаа тус намын дүрэмд заасан Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан явагдах үндэслэл журмыг зөрчин,  хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан хурлын санал дүгнэлтийг хүлээн авч, шийдвэр гарган дүрэм журмыг зөрчиж өдөрт нь тушаал гаргаж, эрх мэдлээ хэтрүүлсэн.  

            Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн ажиллах журмын 4.5-д  “Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг ерөнхий нарийн бичгийн дарга эсвэл түүний томилсон Удирдах зөвлөлийн гишүүнээс зарлан хуралдуулна” гэж заасан.  Намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд нь 2016 оны 2 сарын  1-нээс 2016 оны 2 дугаар сар 8-ны өдрүүдэд гадаадад хувийн ажлаар явсан ба энэ богино хугацаанд өөрийн бүрэн эрхийг албан ёсоор бусдад шилжүүлсэн шийдвэр гаргаагүй байсан. Харин түүний явсныг мэдсэн хүмүүс “чоно борооноор” гэгчээр богино хугацаанд буюу битүүний өдөр үгсэн үл ойлгогдох үйлдлүүд гаргаж, зөвхөн ХҮНамд бус монгол хүнд, монголын ирээдүйд чөдөр болж ирсэн бохир аргаар амьсгалж, ажилласныг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.

С.Ганбаатар нь энэхүү 01 тоот “тушаал” гэх зүйлийг Намын удирдах зөвлөлийн ажиллах журмын 3.7, 3.8-ыг үндэслэл болгосон ба уг заалтуудын агуулга нь Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн нь ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, эсвэл үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан тохиолдол хамаардаг. Улмаар дараагийн Төв хорооны хурал болох хүртэлх хугацаанд намын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргыг түр томилон ажиллуулж болохоор тусгагджээ.

Гэтэл тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг дурдагдсан заалтуудыг хэрэглэх урьдчилсан нөхцлүүд болох “ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, эсвэл үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан” зэргийн чухам алинд хамааруулж, тушаалдаа аль үндэслэлийг нь баримтлан чөлөөлөхөөр шийдсэн тухайгаа дурдаагүй, ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд нь ажил үүргээ биелүүлэх боломжгүй гэх нөхцөл бүрдээгүй, үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзаагүй болох нь түүний 2016 оны 2 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд гаргасан мэдэгдэлд тодорхой тайлбарласан.  Харин албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн нөхцлийн талаар Удирдах зөвлөлийн 2016 оны 2 сарын 08-ны өдрийн хууль бус хурлаас С.Ганбаатарт хандсан хүсэлтэнд “Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын удирдах арга барил, хувийн зан байдал нь намын удирдах байгууллагыг хагаралдуулж, хамтын удирдлага, дотоод ардчиллын зарчмуудыг хөсөрдөхөд хүргэлээ” гэж дурьдсан байна. Хууль зүйн дүгнэлт нь тушаал шийдвэр бүртээ тусгагдсан байх чанар нь алдагдсан байна. Мөн ХҮН-ын ээлжит бус их хурал 2016 оны 1 сарын 17, 18-ны өдрүүдэд хуралдаж ХҮН-ыг удирдах бүтэц бүрэлдэхүүнээ сонгон баталсан. Энэ үед Т.Доржхандыг санал нэгтэй сонгохдоо Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааг нь үнэлж дүгнэсэн байх нь гарцаагүй , нөгөө талаас С.Ганбаатар нь ХҮН-ын даргаар сонгогдсоноос хойш анхны мэдэгдэл, шийдвэр нь Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх тухай байгаа нь бодитой дүгнэлт хийгдсэн нэг хүний санал дүгнэлт гэж үзэхэд туйлаас итгэл үнэмшилгүй байна.

 Ерөнхий нарийн бичгийн дарга “үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” эсэхийг тогтоох субьект нь Удирдах зөвлөлийн гишүүн болон намын дарга аль нь ч биш юм. Учир нь Намын дүрмийн 5.8.9-д “Намын Удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх” нь намын Төв хорооны бүрэн эрх байхаар, түүнчлэн намын Хариуцлагын хорооны ажиллах журмын 2.8.7-д “Хариуцлагын ерөнхий хороо нь ерөнхий нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг үндэслэлийн хамт намын даргад, Удирдах зөвлөлийн гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг үндэслэлийн хамт ерөнхий нарийн бичгийн даргад тус тус гаргах”-аар заасан.

Харин Хариуцлагын хорооны ажиллах журмын 2.8.8-д уг журмын 2.8.7-д заасны дагуу гаргасан саналыг намын дарга хянан үзээд, намын Төв хорооны хуралд уг асуудлыг өөрийн санал, дүгнэлтийн хамт танилцуулж, шийдвэрлүүлэхээр заасан байна.

 Гэтэл Хариуцлагын ерөнхий хорооноос Ерөнхий нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал ирээгүй байхад С.Ганбаатар нь хууль бус саналыг “хүлээн авч намын Төв хорооны хуралд өөрийн санал, дүгнэлтийн хамт танилцуулалгүй,  эрх мэдлээ хэтрүүлэн, Төв хорооны бүрэн эрхэд ноцтой халдаж, хууль бус “тушаал” гарган намын Удирдах зөвлөлийн гишүүдийн хооронд зөрчилдөөн үүсгэж, улмаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхэд халдан, намын үйл ажиллагааг гацаан намын нэр хүнд, үйл ажиллагаанд ноцтой хохирол учрууллаа.

С.Ганбаатарын энэ үйлдэл нь Улс төрийн намын тухай хуулийн 13.4-т заасан “Намын Их хурлаар батлагдсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэж болно”, мөн хуулийн 13.5-д заасан “Намын төлөөллийн төв байгууллага өдөр тутмын ажлыг эрхлэх намын гүйцэтгэх байгууллагыг байгуулан ажиллуулна гэсэн заалтыг тус тус  зөрчсөн. Намын дүрмийн 6.2.2-т заасан “Намын дэд дарга, Намын ерөнхий нарийн бичгийн даргыг Төв хороонд санал болгох” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн нь илэрхий байна.

 Аливаа албан тушаалтныг томилсон байгууллага нь чөлөөлдөг  “эрх зүйн энгийн логик”-оор намын дүрмийг тайлбарлан ойлгохоос аргагүй тул Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, шинээр томилоход эхлээд Хариуцлагын ерөнхий хорооны үндэслэл бүхий санал гараад, түүнийг нь намын дарга Төв хороонд оруулах эсэхийг шийдээд оруулсан тохиолдолд намын Төв хороо шийдвэрлэх зохицуулалттай байна.

 Нөгөө талаас цаг хугацааны хувьд намын даргын тушаал 3 хоногийн өмнөөс хэрэгжих зохицуулалттай байх боломжгүй ба энэ хугацаанд гарсан аливаа шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн болон бусад үр дагаварыг ойлгомжгүй байдалд хүргэж, намын үйл ажиллагааг зөрчилдөөнт, гацсан байдалд оруулж, хууль ёсоор сонгогдсон намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг ажлаа хэвийн явуулах боломжгүй болгосон байна.

 Удирдах зөвлөлийн хурал 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр болсон гэх атал Удирдах зөвлөлийн намын даргад хандсан “бичиг” нь 2016 оны 2 сарын 05-ны өдрийн огноотой байна. Түүнчлэн нэр бүхий намын гишүүд, Удирдах зөвлөлийн зарим гишүүд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Удирдах зөвлөлийн хурал болоогүй гэдгийг нотлож байгаа тул бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, огноолсон байх магадлалтай байна.

 

Хоёр. 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр буюу Хариуцлагын ерөнхий хорооноос шаардлага хүргүүлсний маргааш нь Удирдах зөвлөлийн гишүүн Н.Одонгуа өөрийгөө Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн нэрлэн намын даргад Хариуцлагын хорооны ажиллах журмын 3.9-ийг үндэслэж хүсэлт гаргасан нь намын дүрмийг зөрчсөн, Хариуцлагын ерөнхий хороо, удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдсан ноцтой үйлдэл боллоо.

 Үндэслэл болгосон заалтуудын тухайд намын дүрмийн 5.8.1 бол намын Их хурлын “сонгогдсон бүрэлдэхүүнд” албан тушаалаараа ордог хүмүүс солигдвол оронд нь сонгогдсон, томилогдсон этгээдүүдийг дараагийн их хуралд оруулах боломжийг намын Төв хороонд олгосон агуулгатай заалт юм. Харин намын Их хурлаас сонгогдон байгуулагдсан байгууллагын “сонгогдсон бүрэлдэхүүн”-ий тухай асуудлыг зохицуулаагүй болно. Харин Хариуцлагын хорооны ажиллах журмын 3.9-д “Хариуцлагын ерөнхий хорооны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс тус хорооны бүрэлдэхүүний тоо 3-аас бага болсон тохиолдолд дарга, дэд дарга, гишүүнийг сонгох намын их хурал хуралдах хүртэл хугацаанд намын Төв хорооноос хариуцлагын ерөнхий хорооны дарга, дэд дарга, гишүүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж болно.” гэж заасан. Энэ нь орон гарсаар байгаад 5 гишүүн нь 2 болчихвол гэсэн нөхцөлтэй байна. Тиймээс уг хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 Энэхүү хүсэлтдээ Хариуцлагын ерөнхий хорооны гишүүд “эрх мэдлийг давуулан ашиглаж” “илт сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулж, хэт нэг талыг  барьсан шийдвэр гаргасан нь Хариуцлагын ерөнхий хорооны гишүүнээр ажиллах чадамжгүй, хууль, дүрэм, журмуудыг сахиулах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх эрхгүй” хэмээн дурдаад Хариуцлагын ерөнхий хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, үүрэг гүйцэтгэгч гишүүдийг томилох, энэхүү шийдвэрээ дараагийн Их хуралд оруулж баталгаажуулахыг намын Төв хороо, намын даргаас, мөн “Намын Төв Хорооны Хурал хуралдаж асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд Хариуцлагын ерөнхий хорооны үйл ажиллагааг түр түдгэлзүүлж өгөхийг” намын дарга С.Ганбаатараас хүсжээ.

 Энэ үйлдэл нь хараат бусаар ажиллах ёстой Хариуцлагын ерөнхий хорооны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж, намын дүрмийг зөрчсөн, намын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг алдагдуулсан бусармаг үйлдэл болжээ.

 Учир нь Хариуцлагын хорооны ажиллах журмын 6.2-т “Хариуцлагын ерөнхий хорооны шийдвэр эсвэл хариуцлагын ерөнхий хорооны гишүүн, дарга, дэд даргын үйлдэлтэй холбоотой гомдлыг намын их хуралд гаргах ба гомдлыг Удирдах зөвлөл хүлээн авч намын их хуралд танилцуулна.” гэж заасанд оршино. Өөрөөр хэлбэл, Н.Одонгуа нь Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан ч ийм хүсэлт гаргах эрхгүй байна.

 Гэтэл намын дарга С.Ганбаатар нь түүний энэхүү дүрмийн бус хүсэлтийг нь үндэслэн, өөрийн бүрэн эрхийг хэтрүүлэн ашиглаж, Хариуцлагын ерөнхий хорооны гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, намын Төв хорооны хурлыг хуралдуулахыг Удирдах зөвлөлд даалгасан агуулга бүхий “02 тоот тушаал” гэх ойлгомжгүй, эрх зүйн үндэслэлгүй “зүйл”-ийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гаргажээ.

 Түүнд намын дүрэм, журмуудын дагуу Хариуцлагын ерөнхий хорооны гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, удирдах зөвлөлөөс аливаа шийдвэр гаргахыг даалгах ямар ч бүрэн эрх олгогдоогүй.

 

Гурав. 2016 оны 2 сарын 08-ны өдөр http://politics.news.mn/content/235211.shtml цахим хуудсанд “ХҮН Ерөнхий нарийн бичгийн даргаа солив” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд намын дотор асуудал эцэслэн шийдэгдээгүй, маргаантай байгаа нөхцөлд ийм захиалгат мэдээлэл нийтлүүлснийг намын ажил хэргийн нэр хүнд, гишүүд, дэмжигчид, сонгогчдын итгэлд ноцтой хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.

 Мөн С.Ганбаатар нь зарим мэдээллийн хөтөлбөрөөр “бүгд дотооддоо эв нэгдэлтэй байгаа, нэг даргаас хамааралтай бус гишүүдээс хамааралтай, манай гишүүд хагараагүй бужигнаагүй, намд зарим бүлэглэлүүд шургалан орж мэдэгдэл хийж байна” гэх мэтээр хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийн хооронд ямар ч уялдаа байхгүй, бодит үнэнд үл нийцэх зүйл ярьж намын гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Хөдөлмөрийн үндэсний нам бол шинэ тутам байгуулагдсан шинэ эрч хүч, сэтгэлгээний үзүүрт нэгдэж өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн, ийм намд Намын дарга, Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал аливаа хэлбэрээр хөндөгдөх нь шударга гишүүн нэг бүрийн санаа зовж, гишүүдийн дуу хоолой, бодит үнэн, шударга үнэнийг бэхжүүлэх гэсэн гомдол тэмцлийг өөрийн эрхгүй дагуулж байгаа. Мөн С.Ганбаатар нь хэвлэл мэдээллээр хэлэхдээ “даргын хувьд бол бодлого чиглэл бодлогын асуудал дээр голчлон оролцдог, харин бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны асуудал дээр Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга түлхүү оролцдог, Удирдах зөвлөлийн олонхийн шийдвэр гарсан байсан, Удирдах зөвлөл болон Төв хороо үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Манайд зарим бүлэглэл Улс төрийн намд гаднаас  хүмүүс орж хагалан бутаргах үйл явц нь урьд гарч байсан практик” гэж  байгаа нь өөрөө намыг хагалган бутаргах зорилго бүхий үйлдэл хийж байна. Харин бидний хувьд үзэл бодол, итгэл үнэмшлийн биежсэн хэлбэр болсон намын дүрмийг зөрчиж тунхагласан шийдвэр, намын дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, харин ч даргын шийдвэрт тулгуурласан, тулга тойрсон бүтцэд найдсан, үгсэн хуйвалдсан удирдлагын бүтцийг шинэчлэнэ. Өнөөдрийг хүртэл ХҮН-ын мянга мянган гишүүд ямар ч мэдээлэлгүй, хууль бус бүтэц шийдвэрийн талаар дуу хоолойгоо нэгтгэж байхад Удирдах зөвлөл, Төв хороо хэвийн ажиллаж байгаа гэж хэлж байгаа нь  монголын ард түмнийг доромжилсон тайлбар байна. Үнэн чанартаа түүнийг дэмжин ажиллаж буй хүмүүс нь ХҮН-ын дарга, удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэж байсан, энэ намыг эхнээс нь удирдахад санал өгч байсан хүмүүс бөгөөд намыг зөрчилдөөнт хэлбэрт оруулах, үйл ажиллагаа, нэр хүндийг унагаах оролдлогыг эхлэн санаачилж байгааг анхаарах нь зүйтэй.  Мөн ХҮНамд үүсч буй нөхцөл байдлыг С.Ганбаатар “эрх ашгаар нэгдсэн бүлэглэлүүдийн намыг зөрчилдүүлэх оролдлого, улс төрд урьд нь гарч байсан үйлдэл, бид энэ нөхцөлд туршлагажсан ”гэж хэвийн үзэгдэл мэтээр нийтэд ойлгуулж тайлбарлаж байгаа нь энэ бүхэн Улс төрийн амьдрал дахь бохир башир аргад ууссан хүний үг, үйлдэл гэдгийг баталж байна.

Иймд миний гомдлыг хүлээн авч намын дүрмийн 2.11.4, 2.11.10-т заасныг зөрчиж, намд ноцтой хохирол учруулсан тус намын гишүүн бөгөөд намын дарга С.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Одонгуа нарт намын дүрмийн 2.12, Хариуцлагын хорооны ажиллах журмын 2.10-т заасны дагуу хариуцлага тооцож өгнө үү.

 

Хавсралт нийт ....... хуудас.

 

Хүсэлт гаргасан:                                                  Ц. Баттуяа 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-02-21

    Энэ гомдлыг эхнээс нь уншиж дуусгалаа. Гомдлын үндэслэл болон агуулгын хувьд маш нягт байна. Дүрэм журам гаргасан юм бол яг ихгэж мөрдөж ажиллах нь зүй ёсны хэрэг. ХҮН одоо л миний итгэл үнэмшлийг төрүүлж байна. Цаашид чухам яаж үргэлжлэхийг харж л байя даа. #Гэжуга

    • Зочин
    • 2016-02-21

    Энэ угаасаа мэдрэл хүүхэн ш дээ. ХҮН намд өмнө нь гологдоод албан тушаалаа өгцөн байсын. Хариу авч байгаа юм байх даа

    • Зочин
    • 2016-02-20

    Ганбаатар боловсролгүй гэдэг нт үйлдлүүдээрээ харагдаж эхлэв. Байгууллага эж юу болох, өүтэц, дүрэм гэж ойлгохгүй ээ цаалдах чинь. Нам,, улс төрийн нарийн үйл ажиллагаанд боловсрол, толгой нь даанч хүрэхгүй дээ. Танай нам хаа очиж овоо дүрэмтэй газар бна

    • gishuun n boloh shahav
    • 2016-02-19

    Ganbaatar darga n baihaar l HUN nam gej yu bokoh n yodorhoi. Bi sonsood bur gutsan shuu.

    • Зочин
    • 2016-02-19

    Маш холоос шидсэн чулуу Одонгуа Баярцогтын хармааны бvсгvй Ганбаатарын сайхан чадлаа Одонгуа хожиж Баярцогт баясаж Ганбаа шившиг болов

    • Зочин
    • 2016-02-19

    hinshu ganbaa iim l ajil hiine de

    • Зочин
    • 2016-02-19

    Ganbaatar batorgil metiin nohdiig hurdan zailuulah heregtei. Hudal huurmagaar duursen amitad

    • Зочин
    • 2016-02-19

    Төв хороо нь хэзээ хуралдана гэлээ, ганбаатарыг огцруулах юм уу?

    • Zochinbuuz
    • 2016-02-19

    Ganbaatariig zailuulahiin tuld odongua, orgil 2-oor tug tahij bga yum biz dee

arrow icon