Нийтлэл 03 сарын 02, 2016

Солонгосын баг: Их сургуулиас нь хийсэн фото сурвалжлага

Солонгосын их сургууль дээр ирээд чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сургамжтай санагдсан зүйлс, ажиглалтуудаар бяцхан фото сурвалжлага хийлээ. Монголын эдийн засаг, санхүүгийн боловсролыг дэлхийн жишигт ойртуулчих юмсан хэмээн хичээн явдаг бусад хүмүүст ч бас сонирхолтой байж магадгүй хэмээн горьдов.

90-ээд оноос хойш, магадгүй шилжилтийн үед аж ахуй, эдийн засаг тун хүнд байснаас улбаалан монгол залуус эдгээр салбарыг харьцангуй эрчимтэй судалсан мэт санагддаг. Хүмүүн капиталын хувьд ч чамгүй түвшинд хүрч, барууны өндөр хөгжилтэй улсуудын их сургуульд багшилдаг, дэлхийн топ эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд бүтээл нь хэвлэгддэг хүмүүс ч чамгүй олон болсон. Тэгэхээр мэдлэгт суурилсан эдийн засаг, тухайлбал экспортын болон импортыг орлуулах боловсролын үйлчилгээ цэцэглэн хөгжих хөрс суурь харьцангуй сайн бүрэлдэж байгаа мэт.

Сургуулийг үндэслэгч

 

Солонгосын баг: Их сургуулиас нь хийсэн фото сурвалжлага

Уг сургуулийн нэр нь Англиар Korea University бөгөөд уг улсад өчнөөн их сургуулиуд байхад яагаад үүнийг ганцхан Korea University, монголоор Солонгосын их сургууль гэдэг нь сонин санагдав.

Уг сургууль нь Босун коллеж нэртэйгээр 1905 онд байгуулагдаж, Дэлхийн II дайны дараа тусгаар тогтнолооо эргэн олж авахад Солонгосын их сургууль хэмээн нэрээ өөрчилсөн, тухайн улсын хамгийн анхны их сургуулиудын нэг юм байна. Үүнээс өмнө байгуулагдсан, Ёнсейн гэх их сургууль байдаг аж. Ёнсейн их сургуулийг Христийн сүмийнхэн, гэлэнмаа нар анх сувилахуй, анагаах ухааны чиглэлээр байгуулсан аж.

Босун коллежийн түүх

1905 он гэдэг бол Япон улс Орос-Японы дайнд ялж, бүс нутагтаа технологи, цэрэг дайны супер хүч болсноо дэлхий нийтэд зарлаж байсан цаг. Японы Мейжийн засгийн газар, армийнхан, бизнесменүүд нь Солонгосыг Японы нэг хэсэг болгох процессыг1876 оны Япон-Солонгосын гэрээгээр эхлүүлсэн гэдэг. 1905 онд Солонгосын засгийн газрын 5 гишүүн нь эх орноо Японы протекторат болгох гэрээнд гарын үсэг зурж, хаанаа шахаанд оруулсан ажээ. 1910 оны Япон-Солонгосын гэрээгээр Япон улсад албан ёсоор дагаар оржээ.

Мэдээж Солонгосчууд чадлын хэрээр эсэргүүцсэн байх. Колончлолын үр дагавар, түүнтэй холбоотой дотоод болон гадаад харилцааны хурцадмал асуудлууд өдгөө ч эдний нийгмийн хөндүүр цэгүүдийн нэг нь ажээ. Саяхан хүртэл урвагчдын хүүхдүүдийн хөрөнгийг хураах шийдвэрийг БНСУ-ын ерөнхийлөгч гаргаж байв, Мөн "comfort women" буюу Японы армийн хүчирхийлэлд нэрвэгдсэн бүсгүйчүүдийн асуудал нь хоёр улсын дипломат харилцааг гацаадаг нэг асуудал хэвээр байсаар байна. (сүүлийн үед эдгээр эмэгтэйчүүд бүгд нас барж дуусахаас өмнө нь хангалттай нөхөн төлбөр төлж, уучлал дахин гэсэн гуйх ёстой гэсэн хандлага Японд нэмэгдэж байгаа мэт санагддаг).

Тэгэхээр Солонгосын их сургуулийн нэр нь энэ үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэлтэй нь, цэрэг армийн хувьд хүчин мөхөсдлөө ч эрдэм, мэдлэг, оюун ухааны талбарт бууж өгөхгүй байх, технологийн хувьд бүр давж гарах гэсэн ухамсарт оролдлоготой нь холбоотой мэт.

LG, Posco компаниудын нэрэмжит хичээлийн байр.  


Уг сургуульд компани, байгууллагууд, иргэдийнх нь үзүүлдэг дэмжлэг үнэхээр гайхалтай санагдав. Бизнесийн сургуулийн нэг байр нь LG , Posco компаниудын нэрэмжит юм байна. LG-ийн ямар нэгэн цахилгаан хэрэгсэл, электроникийн бүтээгдэхүүн бараг бүх монгол айлд байгаа байх. Posco нь дэлхийн тэргүүлэгч гангийн үйлдвэрүүдийн нэг.

Хьюндай компаний барьж, бэлэглэсэн байр

Өөр нэг байрыг нь Хьюндай автомашин үйлдвэрлэгч барьж бэлэглэжээ. Монголчуудын худалдан авч буй автомашин, тоног төхөөрөмжийн чамгүй хувь нь уг компанийх байх. Хьюндай мөн барилгын компанитай, Улаанбаатарт Шангри Ла зочид буудлыг барихад оролцсон. Ер нь энэ улс бизнесийг тун сайн, ул суурьтайгаар хийдэг болжээ. Дэлхийд өрсөлдөхийн тулд дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар бүхий боловсон хүчин хэрэгтэй гэдгийг ойлгодог, тийм хүчинг бэлтгэх асуудал бизнесүүдийнх ашиг сонирхлын салшгүй нэг хэсэг мэт санагдав.

Солонгосын их сургуулийн бизнес сургуулийн эрхэм зорилго, зорилт

Улсаа төлөөлөх бизнесийн сургуулиар эднийх шалгарсан юм байна. 2030 он гэхэд Азидаа #1, дэлхийд топ #30 болон зорилготой юм байна. Уг жагсаалтын #35-д Манчестер, #50-д Ланкастер байгаа юм байна. Миний мэдэхээр тэнд маш чадалтай хүмүүс ажилладаг, гэхдээ том зорилго тавиад түүнийхээ төлөө зүтгэж байж л амжилтад хүрдэг байх.

Алдрын самбар

Солонгосыг мэдлэгт суурилсан эдийн засагтай болгох үйл хэрэгт хэн, хэрхэн оролцсон (мөн оролцоогүйг)-ыг мөнхжүүлэх самбар нь Америкийн их сургуулиудынхтай тун төстэй ч, бас өөрийн гэсэн онцлогтой юм. Хандив өргөсөн компани, аж ахуйн нэгж, төгсөгчид, иргэдийн хөрөнгийн хэмжээнээс нь фонт, пайзны хэмжээ хамаардаг аж. Хьюндай компанитай өрсөлдөх компани одоогоор гарч ирээгүй байгаа ажээ.

Самсунгийн нэрэмжит байр

Солонгосчууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өнөөдөр чамгүй амжилтад хүрчээ. Японы Шарп (Sharp) гадны эзэдтэй болж байхад Самсунг (Samsung) мэтийн компаниуд нь барууны Aппл (Apple) зэрэг дэлхийн технологийн тэргүүлэгч компаниудтай өрсөлдөж байна. Боловсон хүчнээ дотооддоо бэлтгэж буй бөгөөд Самсунгийн нэрэмжит байр хамгийн том байруудынх нь нэгээс харахад эргэх холбоо нь ч нэлээд хүчтэй юм. Гэхдээ энэ сургууль хувийнх учир эдийн засаг, бизнесийн гэх мэт хөрөнгө оруулалт харьцангуй бага шаарддаг салбаруудаар харьцангуй давуу талтай, харин асар өндөр өртөгтэй лаборатори, тоног төхөөрөмж шаарддаг бусад салбаруудад Сөүлийн үндэсний их сургууль мэтийн Засгийн газрын, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг сургуулиуд илүү давуу талтай хэмээн сонсов.

Номын сангийн уншлагын танхим

Солонгос оюутнууд маш  ажилсаг юм. Сургуульд байхаас нь өдөрт 4-5 цаг унтдаг сургадаг, ямагт өрсөлдөөний орчинд байгаа учир ядарч, стрессдээд амиа хорлох үзэгдэл өндөр хөгжилтэй улсуудаас хамгийн өндөр нь байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах нь бий. Ямартаа ч гэсэн оюутнуудын суурь маш сайн байгаа нь аргагүй мэдрэгдэх юм.
Мэдээллийн технологи ашигласан, өмнө нь харж байгаагүй тоног төхөөрөмж олонтаа юм. Номын санч машин, мөн номын сангийн суудал хуваарилах систем нь ялангуяа тун их таалагдав. Суудал болгон нь дугаартай, үнэмлэхээ уншуулж байж хаана, хэдэн цаг суух вэ гэдгээ сонгодог юм байна. Системд онлайнаар нэвтэрч болох учир номын санд суудал олдох болов уу гэж эргэлзэхээс, суудал хайж явж цаг алдахаас, мөн хамт орж ирээд яриад байдаг оюутнуудаас сэргийлэх ажээ.

Номын сангийн суудал хуваарилагч машин

Сайн эрдэмтэд, судлаач оюутнууд, тэднийг зорилгод нь хүргэх ажилчдыг татахад, бусад (улсын) их сургуулиас урвуулан авахад нийгмийн хангамжийн асуудал тун чухал байдаг. Их сургуулийн харъяаны цэцэрлэг, эмнэлэг баруунд тун түгээмэл байдаг, эднийх ч ялгаагүй юм. Бүр бага, дунд сургууль байдаг юм байна.

Багш, ажилчин, оуютнуудын хүүхдийн цэцэрлэг


Байгууллагын маань спорт өдөрлөг зохион байгуулагдсан заалны шал нь модон бус, мод шиг харагддаг хулдаас байсны харгайгаар гэмтээсэн өвдөгний бэртлээ Солонгосын их сургуулийн эмнэлэгт нь эмчлүүлэв. Монголчуудын ирж хэвтдэг гол эмнэлгүүдийн нэг нь юм байна. Өдөрт амбулторт үзүүлэхээр 20 орчим, хэвтэж эмчлүүлэхээр 10 орчим хүн Монголоос ирдэг ажээ. Монголын эдийн засаг сайн байх үед өдөрт 40-50 орчим хүн ирдэг байсан гэж сонсов. Зарим сувилагч нар нь бага зэргийн Монгол хэлтэй болчихож, гэхдээ 4-5 монгол бүсгүй орчуулга хийдэг юм байна. Гадаад өвчтөнүүдийн тасагт Монголчууд дийлэнх нь бөгөөд Орос, Казахстан, Хятадаас, бас гадаадад байдаг Солонгосчууд ихэвчлэн ирдэг аж. Миний хувьд Монголд байгаа мэт л санагдав.

Эмнэлэг доторх Монгол пайз

Өндөр технологид суурилсан эрүүл мэндийн салбар нь Солонгосын экспортын үндсэн салбаруудын нэг бөгөөд энэ нь мэдлэгт суурилсан бизнесийн том жишээ юм. Вол Стрийт Журналд(Wall Street Journal) дурдсанаар 2012 онд уг улсад дэлхийн 188 улсаас 160 мянган хүн эрүүл мэндийн жуулчлалаар иржээ. Нийт ирж эмчлүүлэгчдийн тоогоор БНХАУ, АНУ, Япон, ОХУ-ын дараа Монгол орсон байдаг. 2020 он гэхэд жилд 1 сая гадны өвчтөн авч, жилд 4,2 тэрбум ам. доллар олох төлөвтэй байгаа ажээ. Мэдээж асар их туршлага мөн хуримтлуулна.
Өндөр хөгжилтэй улсуудаас ирэгсэд нь ихэвчлэн гоо сайхны мэс засалд, харин Монголоос ирж байгаа өвчтөнүүд голдуу хүнд өвчний улмаас ирдэг бололтой. Зарим хүмүүс нь гайгүй боллоо гээд гарч байхад, заримыг нь ч эмчилж чадахгүй юм байна гээд буцааж оёод гаргачихдаг тухай бас сонсов. Тасагтаа явуулсан "бичил" түүвэр судалгаагаар хамгийн өндөр дүнтэй санхүүгийн төлбөрийн баримт авсан нь 71 сая төгрөг байв. Ямартаа ч бид анагаахын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ололт амжилт, тоног төхөөрөмж дээр суурилсан эрүүл мэндийн салбартыг дотооддоо бий болгохгүй л юм бол энэ асар их хэмжээний гадагшлах хөрөнгийн урсгал Монголын эдийн засаг, нийгэмд асар их хохирол учруулах нь тодорхой. Их сургуулиуд нь хүртэл эрдэм шинжилгээний сэтгүүл захиалдаггүй Монголд Лансет уншдаг анагаахын багш хэр олон байдаг бол доо.

Эссе бичих шалгалтанд орохоор ирж буй элсэгчид

Их сургууль, коллежийн (дээд сургууль) элсэлтийн шалгалт хэрхэн явагддаг нь сонирхолтой санагдав. Орон даяар нэг өдөр, нэг цагт зохион байгуулдаг ЭЕШ-ын сонсголтой холбоотой шалгалтын үеээр онгоц хөөрөх, буухыг, мөн автомашины хөдөлгөөнийг зогсоодог ажээ. Түүний дараа хүссэн сургуулиуд дээрээ очиж эссе бичиж өрсөлддөг ажээ. 

Эдийн засгийн гэрийн боловсролын сурталчилгаа

Эдийн засгийн салбар хамгийн өрсөлдөнтэй салбаруудынх нь нэг ажээ. Эссений шалгалтын өдөр элсэлтийн шалгалтанд тэнцэж чадаагүй хүүхдүүдэд гэрээр зааж өгөх үйлчилгээ санал болгосон ахлах ангийн оюутнууд тун элбэг харагдав.

Боловсролыг шүтсэн нийгэм, оршин тогтнох үндэс нь өндөр боловсролтой боловсон хүчин хэмээн хөрөнгө мөнгөө зориулж, гар бие оролцох бизнесийн лидерүүд, асар ихийг золиослон хичээнгүйлэн суралцаж буй залуус, дээд боловсролыг технологи гэж харан хөгжүүлж буй их сургуулиуд гэсэн хослолын хүрч буй амжилтыг ойшоохгүй байхын аргагүй.  

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-03

    gudamj ntr yamar tsewerxen ym bee!!! manaix bol boon shuls tser!!!

arrow icon