Нийтлэл 03 сарын 10, 2016

Хуучнаас үлдсэн ганцхан гэрэл зураг

Гуравдугаар сарын 11. Зүүн японы их гамшиг гэгдэх газар хөдлөлт, цунамигаас хойш 5 жил өнгөрчээ. Японы ард түмэн мянган жилд нэг тохионо гэгдэх их гамшгаар үзсэн зовлон, учирсан хохирол, алдсан амь бүрийг марталгүй дурсаж, эмгэнэж, сэрэмжлүүлж, харилцан туслаж ирлээ. Нуранги болсон нутаг орныг хамтран босгохоор, газар газраас гар сунгахаар, туслахаар очсон сайн дурынхан...  тэдний нэг болох сайн дурын ажилтан цунамид автаж сүйрсэн байшингаас ганцхан ширхэг гэрэл зураг олж, түүнийхээ эзнийг уйгагүй хайсан түүх. Япон хүний амь амьдрал, хувь заяа, бусдад хандах чин сэтгэлийг тольдон харуулах мэт...

Таникава гуай газар хөдлөсөн 2011 онд нас сүүдэр 59, Оосакад ахлах сургуульд ажилладаг байжээ. Гуравдугаар сарын 11-ний гамшгаас сар орчмын дараа хохирол үзсэн Минамисанрикү тосгоныг зорьжээ. Өөрөө зураг авах хоббитой тэрээр бусдын алдсан зураг сэлт цуглуулж, цэвэрлэх сайн дурын ажилд нэгдэв. Тосгонд цунамид сүйдэж урссан байшин, машин, элдэв эвдрэл сэг уул овоо мэт хуримтлагдсан байв. Унаж ирсэн хувийн машиндаа хоног төөрүүлэнгээ хэд хоног гэрэл зураг, бугуйн цаг, медаль гэх мэт дурсгалын эд зүйлс цуглуулжээ. Шизү гэх өртөөний ойрхон ажиллаж байгаад эвдэрч сүйдсэн байшингийн ойролцоо ганц ширхэг гэрэл зураг байгааг анзаарчээ. Хоёр хуруугаа гозойлгон V тэмдэг гаргаж инээсэн залуу хосын зураг. Далайн усанд халтартаж, хунирсан зураг. Хажууд нь хэвтэж байсан гар утасны хамт яагаад ч юм бэ гэрэл зургийг нь авч,  “амьд байгаасай” гэж залбирангаа зураг, утас хоёрыг түүж авчээ.

 

Эх сурвалж: Асахи Дижитал

Энэ өдрөөс хойш Таникава гуай нэг жилийн хугацаанд мөнөөх жижиг хотод 10 удаа эргэж иржээ. Эргэж ирэх болгондоо нөгөө залуу хостой таарахгүй байгаа гэж горьдож ирнэ. Энэ удаа л таарна даа гэж санана. Яваандаа сүйдсэн хотод илүү ойр сууя гэж санаад жил орчмын дараа ажлаа өгч, Минамисанрикү тосгоноос 20 орчим км зайтай Томэши хотод ирж суурьшив.

 

Тэр оныхоо намар сүйдсэн газар ажиллаж байхдаа авсан 50 зурагаар түрээслэж суусан жижиг байшиндаа зургийн үзэсгэлэн гаргав. Мэдээж нөгөө зурагаа багтаана. Эхний өдөр. Хуучин байшинг зорьж ирсэн залуу эмэгтэйгээс санаанд оромгүй атлаа эрж хүлээж байсан үгээ олж сонсжээ.

“Энэ зураг дээрх эмэгтэй нь би байна”

29 настай Косака сан. Цунамид өртсөний дараа Томэши хотод Таникава гуайн байшингаас км хүрэхгүй зайд ажиллаж амьдарч байсан аж. Хамт ажилладаг хүнээсээ зураг чинь гарсан байна гэж дуулаад зорьж иржээ. Таникава гуай хамт авахуулсан залуу нь яасан гэж асууж чадахгүй хэсэг дүлэгнэв. Өнгөрчихсөн байвал яадаг билээ...хамаагүй асууж бас болохгүй гэж бодно. Тэгээд зориг гарган асуув, “Таны хажууд авахуулсан залуу нь?”  

“Найз залуу маань. Одоо ч үерхэж байгаа...”

Баярлаад нулимс гарах дөхжээ. За ашгүй, хоёулаа амьд байж.

Амьд гарсан нь ид шидийн гэмээр түүх ажээ. Найз залуу Кэнжи нь төрсөн нутагтаа ажиллах гээд гуравдугаар сарын 10-нд буцаж ирээд байжээ. Гэтэл 11-нд гэр нь цунамид урсаж, өөрөө ч цуг урссан аж. Бүх хүчээрээ сэлж яваад усны мандалд нэг гарахдаа аз таарч уулын гадаргуу таарч амьд үлджээ. Нүүж ирсэн 30 хайрцаг нь тэр чигтээ урсаж, ганц гэрэл зураг, гар утас хоёр үлдсэн байсныг Таникава гуай олж авсан байжээ.

Хурим хийхээр төлөвлөж байсан ч Кэнжи өвөөгөө алдаж, хоёр гэр хогшил хоёул сүйдсэн тул хуримтай манатай болжээ.  Харин их гамшгаас хойш хоёр жилийн дараа 2013 оны зун залуу хос хуримаа хийв. Хурим дээр хуучны дурсамжаас нь ганцхан гэрэл зураг өлгөөтэй.

17000 орчим оршин суугчтай Минамисанрикү тосгон 620 хүнээ алдаж, 212 нь ор сураггүй болжээ. Энэ хотын сайн дурын төвд 15 мянган гэрэл зураг ирж сэргээгдэж, 4 мянга нь эзэндээ буцсан аж.

Кэнжи “Ингээд зурагаа олж, олсон хүнтэй нь уулзана гэж зүүдэлж ч байсангүй, хувь заяа юм даа” гэнэ. Анх уулзангуутаа хэлсэн Таникава гуайн үгийг одоо ч санаж явна.

“Хоёулаа амьд мэнд байж, яамай даа!”

Эзэндээ буцаж ирсэн зураг өдгөө номын тавиур дээрээс  байгалийн сүр хүч, амь амьдралын төлөө тэмцэл, хамтдаа сэргэх хүч, бусдын төлөө дулаан сэтгэлийг сануулан инээмсэглэж буй.

Сэтгэгдэл бичих

arrow icon