Нийтлэл 03 сарын 16, 2016

Хөрөнгийн захаас хөрөнгө босгох боломж – ДААТГАГДСАН БОНД

2015 оны 8-р сарын дундуур Монголын хөрөнгийн биржид нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн  мэндэлсэн нь “Эрчим даатгагдсан бонд” байлаа. Уг бондыг “Эрчим Инженеринг ХХК” гаргасан бөгөөд даатгалыг “Соёмбо даатгал” хийж андеррайтераар” Голомт Секюритиз” ажилласан юм. Харин хэдхэн хоногийн өмнө бондын хугацаа дуусч компани эргэн төлөлтөө 100 хувь хийснээр бонд эзэмшигчид эрсдэлгүйгээр өгөөжөө хүртлээ.

Даатгагдсан бонд гэдэг нь

 

 Хэрэв бонд гаргагч компани хугацааны эцэст эргэн төлөлтөө хийх боломжгүй нөхцөл байдалд хүрвэл  даатгалын компани бонд гаргагч компанийн нэрийн өмнөөс бонд эзэмшигчдэд эргэн төлөх нөхцөлтэй бонд юм

Дээрх нөхцлийн дагуу бонд худалдан авагчид нь эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үүний хэрээр бондын эрэлт өндөр байх юм. Энэ нь нөгөө талдаа бонд гаргагч компани нь татан төвлөрүүлэхийг зорьсон хөрөнгөө бүрэн дүүрэн босгох нэгээхэн боломжийг нээн өгдөг.

Эрсдэлээс гадна өгөөж чухал

Бүх хөрөнгө оруулагчид аль болох эрсдэл багатайгаар өндөр өгөөж хүртэхийг эрмэлзэнэ. Иймээс бондын өгөөжийг оновчтой тогтоох нь маш чухал. Эрчим бондын хувьд жилийн 18.5 хувийн хүүтэй гаргасан. Энэ нь дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд банкны хадгаламжийн хүүнээс илүү өндөр өгөөж хүртэх боломжийг олгосон учраас эрэлт нь нийлүүлэлтээсээ 4.7 дахин их байсан юм. Нөгөө талдаа хүүг хэт өндөр тогтоох нь бонд гаргагч компанийн хувьд зардал нэмэгдэх сул талтай. Иймээс бонд гаргагч нь банкнаас авах зээлийн хүүнээс бага зардалтай бонд гаргах ёстой. Эрчим Инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Блүүмбэрг ТВ-д өгсөн ярилцлагадаа “Энэ удаад бонд эзэмшигчид хадгаламжийн хүүнээс 3-4 хувиар илүү хүү хүртсэн. Харин банкнаас бид зээл авахтай харьцуулахад 3-4 хувийн бага хүүтэй байлаа” гэжээ.

Хугацааг хэрхэн оновчтой тогтоох вэ?

Аливаа бонд нь тодорхой хугацаатай байдаг. Энэхүү хугацааг тогтоохдоо эхлээд тухайн тогтоосон хугацаанд компани эргэн төлөлтөө хийж чадах эсэхийг судлах, дараа нь дээрх хугацаатай бондыг худалдан авах эрэлт байгаа эсэхийг судлах нь чухал. Эрчим бондын хугацаа нь 6 сар байв.

Танай компани бондоо хэнд борлуулах боломжтой вэ?

Хэрэв танай компанийн бондыг худалдан авах стратегийн томоохон хөрөнгө оруулагчид байгаа бол тэдгээр хөрөнгө оруулагчидтай урьдчилсан байдлаар ярилцаж хэдэн хувийг нь хэнд борлуулахаа тооцож болно. Харин дийлэнхи компаниудын хувьд ихэнхидээ олон нийтээс хөрөнгө босгох сонирхолтой байна. Ийм тохиолдолд дотоодын жижиг, том хөрөнгө оруулагчдад санал болгоно гэсэн үг. Ер нь аль болох хугацаа богино, хүү өндөр байх нь чухал. Шинжээчийн зүгээс өнөөгийн нөхцөл байдалд 6-18 сарын хугацаатай , 16 ба түүнээс дээш хувийн хүүтэй бонд гаргах нөхцөлд дотоодын хөрөнгө оруулагчдад танай бондыг худалдан авах сэдэл төрнө гэж үзэж байна.

Тооноос гадна чанар маш чухал

Танай компани хүүний түвшин болон хугацааны уян хатан байдлаар дамжуулж хөрөнгө оруулагчдын бонд худалдан авах сэдлийг төрүүлсэн бол үүний дараа “чанар”-аар татах ёстой. Өөрөөр хэлбэл, танай компани юу хийж бүтээсэн бэ?, ямар туршлага, ур чадвартай вэ?, боловсон хүчин, техник технологи хангалттай сайн уу? нягтлан бодох бүртгэлийн ямар нэгэн асуудал юу байна вэ? бондын эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийх санхүүгийн чадамж бий юу? хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байгаа юу? гэх зэрэг асуултнуудад нээлттэй хариулах ёстой. Энэхүү танилцуулга, судалгааг андеррайтерийн компанитайгаа хамтарч хийнэ. Мөн хөрөнгө оруулагчидтай нүүр нүүрээ харсан уулзалтуудыг хийж асуултнуудад нь тодорхой, товч, ил тод нээлттэй хариулт өгөх шаардлагатай. Эдгээр асуултнуудад та болон танай компани хангалттай сайн хариулж чадвал хөрөнгө оруулагчид танай компанид итгэнэ. Тэдний итгэлийг дааснаар хөрөнгөө босгочихлоо гэсэн үг.

Нэмж хэлэхэд, санхүүгийн өнцгөөс нь харвал банк бус санхүүгийн байгууллага, барилгын компаниуд, санхүүжилт нь ирээдүйд найдвартай орж ирэх тендерт шалгарсан компаниуд, томоохон найдвартай төслүүдийн гүйцэтгэгчээр гэрээ байгуулан ажиллаж байгаа компаниуд энэ төрлийн бондыг гаргахад хамгийн тохиромжтойг цохон тэмдэглэж байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-17

    Aytaihan l ym

    • маш гоё ойлгомжтой бичсэн байна. баярлалаа
    • 2016-03-17

    ари

arrow icon