Нийтлэл 03 сарын 20, 2016

Ардчилсан намын зээлийн бодлого хэмээх АХИСАН түвшний ПОПУЛИЗМ

Ахисан түвшний популизм гэж гарчигласнаас хойш популизм гэдэг маань юу билээ, анхан шатных нь юу байсан билээ гэдгээ товч боловч эргэж харъя. Популизм гэдэг үгээр бол энгийндээ олон нийтийн айдас, хүсэл шунал, санаа зовнил гэх мэт эмоцид дөрөөлж богино зайн харалган бодлого явуулахыг зааж хэрэглээд байгаа байх.

Түүн дундаа цүл пал хийтэл мөнгө тараахыг анхан шатны гэх юм уу нялх популизм гэж нэрлэж болмоор санагдана. 2004 оноос 10 мянгаар эхэлж 20 мянга болсон хүүхдийн мөнгө, хуримын 500 мянга(Баабарын бичсэнээр жилийн дотор 7 гэрлэж амжсан өвгөн ч гарч байжээ хаха), шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, ажилгүйчүүдийн тэтгэмж, оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх, хүн болгоны гар дээр эх орны хишиг  70 мянга, дараа нь 120 мянга, сар бүр 21000, эхийн одонгийн 100 мянга, иргэн бүрийн гарт сая төгрөг, бишээ бүр сая таван зуун мянга...

Бэлэн мөнгө цацах энэ марафоных нь өртөг хэдэн их наяд ч хүрсэн юм бэ, тооцвол сонин тоо гарч таарна. 2016 он. Энэ их хөрөнгөө боловсролд зарсан бол эргээд хэд нугалаад баялаг бүтээж өгөх бүхэл бүтэн нэг үе төрөхөөр хугацаа өнгөрчээ. Юу тарина, түүнийгээ хураана. Өнөөдөр Монголчууд ургацаа хурааж, их мөнгө уусны дараах их шарталт дор элэг эвхэрч, тархи лугшиж хэвтнэм. Энэ үеийн талаар Түмээ энд  сайхан тоймлосон буй.

Анхан шатны талаар нэмж нэг их олныг нуршилтгүй. Тэртэй тэргүй бүгд хуваагаад идсэн юм чинь мэдэхийн сайнаар мэдэж байж таараа. Идсэнээ мартсанууд нь Баабар болон Бат инженер нарын  нийтлэлүүд, эндээс   болон эндээс  бас эргэж харж болохоор байна. Ерөнхийдөө ах намдаа нугаслуулж ирсэн Ардчилсан нам эхэлж, арай нуруутай МАН нь тэсэхээ болихоороо илүүг амлах хар циклээр явж ирсэн бололтой

Арвын 12 жил, нэг үе өнгөрч эрхбиш хортой нигууртай нь мэдэгдэх болж ирмэгц ам амандаа чи популист, үгүй чи өөрөө популист гэлцэх болов. Үзэгдлийг тэмдэглэх түлхүүр үг хэрэглээнд нэвтэрч, сөрөг утгыг олж ирж байгаа нь яамай. Гэхдээ АН сурсан зангаа сураар боож тэвчсэнгүй. Баруун солгойгүй бэлнээр нь цацах нялх популизмд цэг тавьж, банк санхүүгийн систем хэрэглэн мөнгө тараах ахисан түвшин рүү туйлын чөтгөрийн аргаар, туйлын амжилттай шилжилт хийв. АН хэмээгч нь авах юмгүй популист нам болохыг харуулах зарим хөтөлбөрүүд: 

  1. Малчдын зээлийн хүү жилийн хүү 10 хувь, сарын 0.8 хувь болсон. Төрийн болон ХААН банкин дахь 222,7 тэрбум төгрөгийн хуучин зээлээс Төрийн банкин дахь хэсгийн хүү 29.5-аас 18 хувь болсон.
  2. Ипотекийн зээлийн хүү 8%, улмаар хэсэгчлэн 5% болсон.
  3. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт нийт хэдэн их наяд зарсан нь тодорхойгүй. Ямар ч гэсэн М2 мөнгө 2012 оны эхэн үеийнхээс 60 гаруй хувь буюу 4 их наяд орчмоор нэмэгдэж, 10 их наяд давсан.
  4. Хөгжлийн банкнаас АСЕМ-ын хүрээнд зочид буудалд 150 тэрбум, Төмөртэй ордоос Хандгайт хүртэлх төмөр замд 133 тэрбум гэх мэт “хөгжлийн төлөө” зарцуулалтууд хийдэг.

Арга нь нарийн, хумсаа нуугаастай тул зүйл бүрт дэлгэрэнгүй тайлбар, зүүлт хэрэгтэй ч  дээрх жишээнүүд хэдэн нийтлэг шинж чанартай. Гоё нэртэй. Мөнгө эрэх, орон сууцтай болохыг хүсэх, олон улсад үнэлэгдэхийн хүсэх... гэх мэт олны эмоцид дөрөөлнө. Эдгээр нь анхан шаттайгаа адилхан.   Харин анхан шатнаас ялгарах хоёр гол ялгаа байгаа. Нэгд, өмнөхтэй адил уул уурхайн сул орлого байхгүй тул баруун гараараа нэг кармаанаас нь хүүний төлбөр, төгрөгийн ханш(мөнгө хэвлэх),  татвар хэлбэрээр авч, зүүн гараараа хямд хүүтэй зээл байдлаар нөгөө хармаанд хийнэ. Нөгөө хармаандаа авах нь бүгд ч биш. Засгийн газар банкнуудтайгаа уралдаад 14-өөс дээш хувийн хүүтэй үнэт цаас өдөр шөнөгүй хэвлэж байгааг мэдэх үү гэж асуухад мэдэхгүй хүн олон байдаг.  Үнэт цаас хэвлэнэ гэдэг нь зээл авч байна гэсэн үг, өөрийн гэсэн мөнгөгүй тул эцсийн дүндээ иргэд л төлнө.  Хоёр дахь ялгаа нь  нэгэнт өөрсдөөс нь мөнгө аваад өөрсдөд нь сайн хүн болж өгч байгаа тул баахан систем дамжуулж, банк санхүүгээр эргэлдүүлж, танигдахын аргагүй сайхан нэр, сайхан эзэнтэй зээл болгон хувиргах чамин аргатай. Хотноос нь хонийг нь хулууж аваад явчихсан хөрш нь дал дөрвөн өндөр чанаад дайлахаарүнэгүй хоолонд нугасгүй монгол учиргүй башийх мэт үзэгдлүүд үнэнхүү сүр дуулиантай үргэлжлэхийг үзэхүйеэ Хойд Солонгосын ТВ хажууд нь юу ч биш.

Төрийн санхүү байтугай, түцний худалдагч ч 15 хувийн хүүтэй зээлсэн мөнгөө өөр хүнд 5 хувийн хүүтэй зээлүүлэхгүй.  Энэ мэт бодлого явуулах хэрнээ одоо энэ популимзаа болъё гэхчлэн сүржин зураг даржин үгтэй фотошоп түгээх нь анхан шатны ургацаа хүртээд шартаж үхэж байхад нэмж шараад зовлонтой.Үүнийг нь гаргаж хэлэх ёстой МАН үнэхээр мэдэхгүй ма-н-агдуу юм уу, мэдээд ярих гэхээр олон нийтэд нэр нь унах гээд байдаг юм уу, эсвэл нийлж хийгээд идэш уушаа тохирч хийж байдаг юм уу бүү мэд,  сөрөг хүчний хувьд жинхэнэ чацга царайлж амаа үдүүлсэн мэт хүлцэж сууна. АН сөрөхгүй байхад маниус нь яаж АН мэт чаралбааг сөрж дийлэх билээ.

Овоо найдаж байсан ХҮН нь бол бодлогын шүүмж хийхтэй манатай. Хотноос нууцаар хулуух байтугай хамгаар нь тууж аваачаад ахмадуудад хуваарилах шинжийн ком-пин-популистыг тойрч хуваагдаад орондоо орох завгүй. Энэ эрчээрээ АН ахисан түвшний оноогоо авч сонгуульд ялаад ахиад 4 жил төр, төрийн мөнгө санхүү самралцах ажлаа үргэлжлүүлэх байх. Аан тийм, үүнийг уншаад уур нь хүрч уушиг нь сагсайгаад, чи муу тэрний энэний хөлсний юу юу билээ гэж бичих хэдэн залуу хүүхдийн цаг завыг хэмнэх үүднээс урдчилаад хэлье: би ямар ч гэсэн танай нам шиг чиний хотноос хонь хулгайлаад чамд мах чанаж өгөөгүй шүү!

arrow icon