Нийтлэл 03 сарын 24, 2016

НОМ ИХ УНШИХААР МУНДАГ УХААНТАЙ БОЛОХ УУ ???

Хүүхдүүдтэй уулзалт хийж, ном сурталчилж явахад ийн асуух нь нэг бус. Шулуухан

“Тийм ээ, маш их ухаантай болно”

гэж хариулахад ихээхэн өрөөсгөл хариулт болно. Ном их уншсанаас болж хорвоо ертөнцийн амьдралыг зөвхөн номд бичсэнээр л хардаг, бодит ахуй, амьдралыг төдийлөн сайн ухаж ойлгодоггүй, мэддэггүй, мэдэрдэггүй, амьдрал, хүмүүст маш субьектив хийсвэр ханддаг, сэтгэлгээний ихээхэн доголдолтой болчихсон хүмүүс ч мэр сэр байдаг. Тийм хүмүүсийг “Номын цагаан солиотой хүмүүс” гэлцэх... 

Сүүлийн үед хүүхэд залуус маань номд ихээхэн анхаарч, уншдаг, хайрладаг болсон. Энэ их сайн үзүүлэлт. Номын маш олон клубууд байгуулагдаж, хэдэн мянгаас хэдэн арван мянган гишүүнтэй номын группүүд нээгдэж байна. Тэдгээрт уншсан номынхоо талаар санал бодлоо хуваалцах, номын тухай элдэв мэдээлэл солилцох, ном сурталчлах, бичлэг, эсээний уралдаан зохиох, ном түгээх гэх мэт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Ийнхүү хүүхэд залуус маань ном руу анхааран хошуурах хэрээр өнөөх хүүхдүүдийн олонтаа асуудаг

“Ном их уншихаар мундаг ухаантай болох уу?”

гэсэн гэнэхэн хөөрхөн асуултуудтай улам олон тулгарна. Тиймээс энэ асуултад ямар нэгэн хэмжээгээр хариулахаас аргагүй. Гэхдээ нэг хоёр үгээр хариулахад бэрх, олон талтай, олон хариулттай асуулт юм.
Үзэг нэгт сэтгүүлч анд С. Энх-Амар маань маш өвөрмөц сэтгэдэг, эрж хайдаг хүн. Тэрбээр олон залуус ном руу хошуурч байгаагийн цаана бас зарим нэгэн өрөөсгөл хандлага ажиглагдаж буйг гярхай ажигласан байлаа.

“Хүний мэдлэгийн цар хүрээ, ухааны түвшин зэргийг зарим хүн зөвхөн уншсан номоор нь хэмжих гээд байх шиг ээ. Энэ бол нэг янзын туйлшрал юм уу даа”

хэмээн асуудлын голыг сөхөн гаргаж ирэв. Хүний мэдлэг, оюуны цар хүрээг зөвхөн уншсан номоор нь хэмжих үнэхээр өрөөсгөл явдал.
XIX зууны Английн зохиолч, шинэчлэгч үзэлтэн С. Смайлс

“Номноос хичнээн чухал туршлага суралцаж мэдэж авлаа ч гэсэн эцсийн дүнд сургаар мэдэхийн хаалтыг давж чаддаггүй юм. Харин бодит амьдралаас олсон туршлага бол жинхэнэ ухаан болдог... Оюун ухаан болон танин мэдэх хүч бол ном уншихаас нэлээд өндөр хэмжээний дасгал сургуулийг дамжиж байж олдог зүйл билээ

” хэмээн бичиж байжээ. С. Смайлс огт ул үндэсгүй зүйлийг бичиж үлдээсэнгүй.
Амьдралын биеэр туулсан туршлага, түүнээс авсан сургамж, ухаарал хэмээх нэн чухал хүчин зүйл бий. Гэхдээ зөвхөн туршлагад найдаж, түүнийг өргөн мандуулах нь мөн л өрөөсгөл явдал. Амьдралд биеэр туулсан туршлагыг номын ухаантай хослох, өөрөөр хэлбэл, практик, онол хоёрын нэгдлийг хангах нь жинхэнэ оюун санааг хөгжүүлэх, чадавхижуулах гол үндсэн нөхцөл болно.
Үүнийг дараах үндэслэлүүдээр дэлгэрүүлэн хэлж болмоор...

1. Ном уншихаас ангидаар гэгээрэх боломж байж магад, гэхдээ маш ховор бөгөөд цоорсон нэвтэрхий билэг авьяастанд хамаарах зүйл болно.
2. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь өргөн утгатай зүйл. Мэдлэгээ дээшүүлж, сэтгэх бодох, төсөөлөх, аливааг задлан шинжлэх, дүгнэх чадвар гэдэг төрөлхийн байдаг ч түүнийг дан ганц амьдралын практик туршлагаар хөгжүүлэх боломж хязгаартай. Ихэнхдээ ном, гэхдээ мэдээж хэрэг сайн номын хүчээр, онолын мэдлэгтэй хосолж байж төрөлх энэ чадвар илүү амжилттай өсөж хөгждөг.
3. “Оюун ухаан болон танин мэдэх хүч бол ном уншихаас нэлээд өндөр хэмжээний дасгал сургуулийг дамжиж байж олдог зүйл билээ” гэсэн ч мөн адил. Танин мэдэх хүчний нэг тал нь практик, нөгөө тал нь ном буюу онол, мэдлэг болно. Нэгийг нь авч хаяснаар тэр согогтой хөгжил л болно.
4. Бодит амьдралаас олсон туршлага зүрхэнд, яс маханд, зүүд зөнд хүртэл үлддэг нь үнэн ч хэрвээ номын туршлага буюу мэдлэг, онолын сэтгэлгээний өргөн цараа дутмаг бол тэр туршлага Гал хэмээх гайхамшигтай хүчирхэг өөрчлөн бүтээгч хүчийг олсон ч хүн төрөлхтөн түүнээ хэрхэн гүйцэд бүрэн төгс ашиглахаа мэдэхгүй 40 мянган жил эргүүтэж тэнэсэнтэй яг адил тийм л туршлага байна.
5. Эцэст нь нэмэхэд Их Толстой “Ном унших хортой” хэмээн тэмдэглэлдээ бичсэн гэдэг. Энэ үнэн. Гэхдээ Л.Толстой огт ном уншиж байгаагүй гэсэн хэрэг биш. Мань хүн маш сайн, бүр гайхамшигтай уншигч байсан.

Харин оюун санааны тодорхой өндөрлөгт оччихсон хүнд аар саархан, жишээлбэл Л.Толстойн хувьд ном унших нь хортой нь ойлгомжтой. “Ном унших хортой” гэдэг үгийг Л.Толстой өөртөө хандсан тэмдэглэлдээ бичсэн. Насны төгсгөлд Толстойн хувьд авч явсан хоёр ном нь Евенгали, Монтений “Туршилтууд” хоёр байж... Мэдээж хэрэг Их Толстойн хүрсэн өндөрлөгт энэ хоёроос өөр ном дэндүү чулдана.
Ном уншдаг хүн уншдаггүй хүнээс илүү урт насалдаг, зөнөх нь харьцангүй бага, амьдралд илүү идэвхтэй, бүтээлч байдаг хэмээн судлаачид үзсэн нь бий.
Мөн, ном уншдаг эмэгтэй эрчүүдийн сэтгэлийг уншдаггүйчүүдээсээ илүү ихээр татдаг байна.
Ер нь ном уншдаггүй хүнтэй хамт байхад зарим талаар их уйтгартай, амьдралын алив үзэгдэлд нарийн мэдрэмжгүй ханддаг, гоозүйн таашаал болхи талдаа нь ихэнхдээ байдаг ба энэ нь баталгаатай үнэн юм.
Залуусын унших дуртай “Уншиж сурахад урам хэрэгтэй” хэмээх номд ном уншихын ашиг тусын тухай тун тодорхой, ойлгомжтой зөвлөгөө бий. Тухайлбал,

НОМ УНШИХ НЬ

1. хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг
2. таны эрүүл мэндэд тустай
3. орчин тойрондоо эерэгээр нөлөөлдөг
4. таныг харилцаанд сургана
5. чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд тустай
6. амар амгаланг бий болгоно
7. таны мөнгөнд хэмнэлттэй
8. оюун ухаанаа төвлөрүүлэхэд тустай
9. таны гадаад үзэмжинд эерэгээр нөлөөлдөг
10. эцэг эхчүүдэд ашиг тустай гэх мэт...

Дэлгэрүүлж уншихын хүсэх аваас уг номын бүтнээр нь уншаарай. Мөн ЭМОС Клубын залуус “Ном унших ном” хэмээн бас нэгэн ном гаргасан байна билээ.
Амьдралын ухаан буюу туршлага, номын ухаан буюу онол хэмээх хоёр чухал зүйлээс гадна хүний төрөлхийн ухаан, өгөгдөл гэж байх. Хамгийн чухал суурь нь энэ юм. Дорнын ухаанд үүнийг “Билгийн гол мод” хэмээн тайлбарласан байдаг.

Алив модны үндсэн гол нь хичнээн бүдүүн, өндөр, хүчирхэг байна тэр хэрээр үндэс нь олон салаатай, хөрсний гүнд хаван шигдсэн байдаг. Салхи, шуурганд тэр бүр уначихгүй, бат бөх. Эсрэгээрээ гол нь намхан, нарийхан бол үндэс муутай, салхи шуурганд өртөмхий байх нь. Үүн лугаа адил хүний төрөлх оюун билгийн чадамж гэдэг нь модоор бол гол нь юм. Гол мод хичнээн өндөр хүчирхэг ч навч мөчиргүй бол цулгуй, цулдан харагдана. Мөчир навч их байх хэрээр улам ч сайхан сүрлэг үзэсгэлэнтэй. Эрдэм, мэдлэг, боловсрол гэдэг нь тэр мөчир, навч юм. Тэгэхээр эхлээд “Билгийн голыг онох” асуудал их чухал байх нь.  Гол нь өндөр ч бай, намхан ч бай ялгалгүй мөчир навчгүй бол тэр юуны сайхан мод болох билээ. Түүн лугаа адил хүний төрөлх оюуны чадамж ямар ч бай, боловсрол мэдлэггүй бол бас юуны тус билээ.

Эцэст нь ... энэ бүгдийг нэгтгэн хэлэхэд ном уншсанаар таны оюун санааны чинь мод улам сүрлэг сайхан болж, оюуны чинь илд улам хурцлагдан, алив асуудлыг олон талаас нь харж, ялган задлан бас нэгтгэн дүгнэх чадвар хөгжинө. Мэдээж хэрэг сайн ном уншваас илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой. Ялангуяа сонгодог зохиол бүтээлүүд бол хүн хийгээд нийгмийн амьдралын мөн чанар, утга учрын тухай өргөн цараатай мэдлэг өгч, таны ертөнцийг үзэх үзэл, зан чанарыг тань төлөвшин тогтоход үлэмжхэн нөлөө үзүүлнэ. Гол нь дотоод ертөнц тань ер бусын баялаг өгүүлэмжтэй болно.

За тэгээд ном уншаад мэдлэг, мэдээлэлтэй болох нэг хэрэг, ухааран ухаж, танин мэдэж, түүнээ өөрийн зам мөрдөө шингээх нь илүү чухал даа. Дээр дурдсан өнөөх билгийн гол модоо л эхлээд сайн ургуул, хүчирхэг бат суурь үндэстэй бол, өөрөөр хэлбэл ертөнцийн алив үзэгдлийг үзэж харах өөрийн гэсэн суурь итгэл үнэмшил, үзэл бодолтой болох л чухал. Хуучин цагийн "Номтой хүн" гэсэн нэг үг бий. Энэ номтой хүн гэдэг нь олон ном уншчихсан, эсвэл гэртээ баахан ном хураачихсан хүн гэсэн үг биш, харин номын мөрд шингэсэн хүнийг хэлдэг болов уу... Энэ тухайд Равжаа хутагт "Аяа бас, Номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг, ичиг" хэмээсэн буй. Ингэхэд мэдлэгтэй байх нэг хэрэг, ухаарал сэхээрэл гэдэг нэлээд өөр юм. Сэтгэлд нинж суух гэж нэг сүрхий ойлголт бий. Энэ бол мэдлэгийн тухай яриа биш юм. Харин ухаарал, энэрэл, хайрын тухай юм. Их мэдлэгтэй атлаа хүйтэн аминч, хатуу хэрцгий хүмүүс бий. Бишгүй олон. Номын зорилго нь үүний тулд биш юм. Харин ухаарч, сэхээрч, энэрэл хайрын мөн чанарыг олох явдал. Товчхондоо ном унш, аль болох их унш, тэгээд хандах зүг аяндаа тогтоно.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-11-01

    Монголчууд хот хөдөөгүй ном их уншдаг. Гэвч гоо сайхан урлагын ямар ч мэдрэмжгүй хэвээр. Гадаа гараад харахад мэдэгдэнэ дээ. Гэхдээ ном унших нь зөв. Даанч монгол хэл дээр унших ном цөөн юмдаа...

arrow icon