Нийтлэл 03 сарын 28, 2016

Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ ингэж бүртгүүлээрэй

Хүүхэд харах үйлчилгээ ирэх сарын 1-ээс хүүхдүүдээ албан ёсоор авч эхлэх тухай бид өмнө нь энд хүргэсэн.  Энэ удаад аль аймагт, аль дүүрэгт хэдэн хүүхэд авах квот батлагдсан, хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд өгөх хүсэлтэй байгаа эцэг эхчүүд ямар материал бүрдүүлэн хаана очих талаар мэдээллийг эх сурвалжаас тодруулан хүргэж байна. 

2016 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 тэрбум төгрөгийг баталсан. Нэг хүүхдийг харахад гарах зардал сард дунджаар 116 мянга 900 төгрөг гэж тооцвол төсөвлөгдсөн мөнгөөр энэ жил 10 орчим мянган хүүхэд харах боломж бүрдсэн.  Энэ төсвийн хүрээнд  хүүхэд харах үйлчилгээнд хөдөө орон нутагт 4415, нийслэлд 5913, нийтдээ 10,328 хүүхэд хамруулах квотыг баталсан байна.

Аймаг, дүүргүүдэд тус бүрт нь хүүхэд харах үйлчилгээнд хэдэн хүүхэд хамруулах квот баталсныг доорх графикт харууллаа.

Харин хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулах хүсэлтэй эцэг эхчүүд эхний ээлжид 4 сарын 1-ээс өмнө харьяа хороо, дүүргийнхээ ХГБХХ-ны нийгмийн ажилтанд хандан хүүхдээ хаана байрлаж байгаа хүүхэд харах үйлчилгээний төвд өгөх боломжтойг асууж, үйлчилгээний төвийн багштай холбогдох дугаар болоод хаягийг нь аваарай. Үүний дараа та хүүхэд харах үйлчилгээний төвийн багштай шууд холбогдон хүүхдээ бүртгүүлж, өгөх  юм байна. 

 Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөх хүсэлтэй хүмүүс ямар материал бүрдүүлж, хэрхэн бүртгүүлэх талаар  Баянзүрх дүүргийн 6 р хорооны хүүхэд харах үйлчилгээний төвийн багшаас тодруулахад дараах зүйлсийг хэллээ. Үүнд: 

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, цээж зураг,  аав ээжийн иргэний үнэмлэхийн хуулбар     
  • Цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн бичиг 
  • Унтлагын болон биеийн тамирын хувцастай байх 
  • Ариун цэврийн хэрэгсэл бусад зүйлс 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon