Нийтлэл 03 сарын 31, 2016

САНСАР ДАХЬ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТУХАЙ СОНИН ХАЧИН

Бидний монголчууд хоёр мөнгөтэй хүний төлөө хоорондоо талцан хэрэлдэж байх завсарт манай дэлхийн тойрог замд ямар үйл явдал болж байгаа талаар сонин дуулгая. Энэ удаагийн хамгийн том сонин бол БНХАУ нь өөрийн бие даасан байрлал тогтоох хиймэл дагуулын систем бүтээхээр шаргуу ажиллаж байгаа мэдээ орж байна. Хятадууд 2020 он гэхэд 30 нэгж байрлал тогтоох хиймэл дагуулуудаас бүрдсэн БэйДоу/BeiDou/ байрлал тогтоох системтэй болохоор төлөвлөж байгаа ба өнөөдөр/2016.03.30/ хорин хоёр дохь хиймэл дагуулаа "Xichang" хөөргөх талбайгаас хөөргөв. Тун удахгүй ажиллагаанд орох байрлал тогтоох "БэйДоу" системийн техникийн үзүүлэлт нь АНУ-ын GPS, ОХУ-ын Глонасс болон Европын холбооны "Галилео" зэрэг байрлал тогтоох системүүдтэй ижил түвшинд байх бололтой. 

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын байрлал тогтоох "Глонасс" хиймэл дагуулын систем нь 24 нэгж хиймэл дагуулуудаас бүрдэж байгаа хэдий ч тэдний 23 нь ажиллаж байгаа юм. Энэ систем нь яг одоогийн байгаа цаг хугацаанд, байрлалыг өндөр нарийвчлалтай тогтоохоос гадна газрын гадарга, далай тэнгис, агаарт нисэж буй объектын тухай мэдээллийг маш хурдан дамжуулах чадвартай. Оросууд 2016 онд энэ системд ажиллах зориулалттай 2-3 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа. Цаашид, 2025 он гэхэд оросууд өөрсдийн 44 нэгж хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ийм ажиллагаанд 1,3 тэрбум ам.доллар зарцуулах юм.

Америкийн цэргийнхэн 2014 оны 4 дүгээр сард хөөргөсөн Батлан хамгаалах зориулалттай цаг уурын 19 дүгээр хиймэл дагуулын удирдлагыг 2016 оны 2 дугаар сарын 11-нд алдсан харамсалтай явдал боллоо. Америкчууд 1960 оноос эхлэн сансраас дэлхийн цаг агаар, үүлний байдал, далайн хар шуурга зэрэг цэргийн үйл ажиллагаанд нөлөөлж болох цаг уурын өөрчлөлт, шилжилтийг ажиглах зориулалттай хиймэл дагуул бүтээж хөөргөх санааг боловсруулж "Батлан хамгаалах цаг уурын хиймэл дагуул" гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ зөвлөлтийн цэргийнхэн нэлээд хожуу, 1973 оны 3 дугаар сард америкчууд ийм зориулалтын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд/800 гаруй км-ийн өндөрт Р.Э./ оруулчихсан байсныг ирүүлж байв. 

Сая дэлхийн тойрог замд удирдлагагүй болсон 19 дүгээр хиймэл дагуул нь АНУ-ын Колорадо муж дахь 50 дугаар сансрын цэргийн ангийн мэдлийнх ба "Lovkheed Martin" компанид 5 жил ашиглахаар төлөвлөж бүтээж байжээ. Батлан хамгаалах цаг уурын хиймэл дагуулын хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай мэдээ, мэдээллийг авахын тулд хамгийн багадаа хоёр нэгж үндсэн хиймэл дагуул, мөн өөр хоёр нэгж туслах хиймэл дагуулууд зэрэг ажиллаж байх ёстой болдог. Одоогоор америкчууд системийн хэвийн ажиллагааг хангахын тулд нөөц буюу хуучин хиймэл дагуулыг ашиглаж байна. 

Юм гэж сонин шүү, манай дэлхийн тойрог замын хаа нэгтэй америкчууд өөрсдийн өндөр үнэтэй хиймэл дагуулын удирдлагаа алдаж байхад өөр нэг газар удирдлагагүй болчихсон байсан хиймэл дагуул гэнэт ажиллагаанд орж байх жишээтэй. Япончуудын 2016 оны 2 дугаар сарын 17-нд Хитоми/Hitomi/ нэртэй сансрын уудмыг шинжлэн судлах зориулалттай хиймэл дагуул хөөргөж дэлхийн тойрог замд оруулсан билээ. Төлөвлөгөө ёсоор бол уг хиймэл дагуул нь дэлхийтэй 3 дугаар сарын 26-нд холбоонд орох ёстой боловч таг сураггүй болоод байсан юм. Энэ хиймэл дагуулыг хар нүхнээс гарч буй рентген туяаг бүртгэх, хэмжилт хийх болон бусад төрөл бүрийн одон орон, сансар судлалын даалгавар биелүүлэх зорилгоор бүтээсэн. Бараг найдваргүй болсонд тооцогдож байсан хиймэл дагуулаас 3 дугаар сарын 28-нд дэлхий рүү дуудлага хийж, гэнэт "амь орсон" байна. Гэхдээ үүнийг тус хиймэл дагуулын удирдлагыг бүрэн сэргээсэн гэж үзэж болохгүй. Эрдэмтдийн нэлээд удаан уйгагүй оролдлогын үр дүнд ажиллагаа нь сэргэж магадгүй байгаа юм байна. Газраас хийж буй ажиглалтад хиймэл дагуул нь тойрог замд эргэлдэж яваа ба түүний ойролцоо радарт харагдахуйц хэмжээтэй гурван ч сансрын хог, хэлтэрхий хамт яваа бололтой. Хурдтай эргэлтээс болж хиймэл дагуул нь өөрийн антеннийг дэлхий руу чиглүүлж чадахгүй байгаа тул холбоонд ороход хүнд байгаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ямар ч байсан хөдөлгөөн нь тогтворжоод холбоонд орчихвол япончуудад тустай юм даа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon