Нийтлэл 04 сарын 08, 2016

Улаанбаатарчуудын сонгуульд оролцох итгэл үнэмшил 100 иргэн тутамд дунджаар 65 хувьтай байна

Энэхүү судалгаа нь ямар нэгэн улстөрийн нам, улс төрчийг сурталчилаагүй бөгөөд бодит нөхцөл байдлыг илэрхийлсэн болно.

Сонгууль гэдэг дуусахгүй мэт үргэлжилж, дахиж болохгүй юм шиг дуусдаг сэдэв. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө бид сонголтоо хийсэн. Өнөөдөр сонгууль хаяанд ирчихлээ. Энэ удаад судлаачид сонгуулийн ирц ямар байх талаар тандалт хийжээ. Сонгогчид сонгуульд оролцох эсэх нь улстөрчдийн шүдний өвчнүүдийн нэг болсоор удаж байна.

Миний л уншиж байснаар 2012 оны сонгуульд санал өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25, 25 хувь нь 18-35 настай залуус. Тэд Монгол Улсын хүн амын 40-өөс дээш хувийг эзэлдэг болохыг сануулахад илүүдэхгүй биз. Санал өгсөн сонгогчдод гар утасны нэгж өгч, төр нь иргэнээ ил цагаанаар “хахуульдсан”-ы үр дүн энэ. Ийм бүрэн эрхийг Сонгуулийн Ерөнхий хороонд төр өгсөн.

Энэ тоо ирэх сонгуулиар огцом нэмэгдэх ямар ч найдлага байхгүй. Харин энэ түвшингээ барих, багахан ч атугай өсгөх найдвар байвал дээдийн заяа, аманд орсон шар тос. Бас л бага ч атугай “өгөөш” хэрэгтэй болох биз.

Ямартай ч өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын сонгуульд оролцох итгэл үнэмшил 100 иргэн тутамд дунджаар 65 хувьтай байна. Оролцохгүй гэж гөжүүдлээд байгаа хэсэг нь 8 хувь, шийдээгүй байгаа нь 27 хувь. Сонгуулийн Ерөнхий хороо ямар арга хэрэглэх, нэр дэвшигчид хэн байхыг тэд харзнаж байгаа. Гэхдээ тэднээс яагаад оролцохгүй гээд байгааг нь тодруулж асуухад “Итгэл алдарсан, сонгочихмоор хүн алга даа” гэж хариулсан байна. Тэгэхээр намуудын нэр дэвшигчдийн сонголт сонгогчдын итгэл үнэмшил, сонгууль өгөх байр руу явах, эсэх шийдвэртэй шууд хамааралтай бололтой.

Судалгаанд оролцогчдын 53 хувь нь аль намд санал өгөхөө шийдээгүй байна. “Улстөрийн тоглоомын нарийн ухаантай” хүмүүс тэднийг саарал хэсэг буюу хөвөгчид гэж нэрлэдэг. Тэд сонгуулийн өдөр аль намыг дугуйлах эсэхээ сурталчилгааны өдрүүдэд, сонгуулийн өдрийн өглөөний нар, тэнгэрийг шинжиж байж шийддэг.

Гэхдээ хэн нь ч намуудын мөрийн хөтөлбөрийг бүрэн уншихгүй. Магадгүй зарим хэсэг нь бие даагчдыг сонгож мэдэх юм. Аз сорьсон үйлдэл. Ардынх нь байна уу, Ардчилсан уу, хөдөлмөрийг дээдэлдэг үү, хуучны түүхтэй юу эсэхээс үл хамааран өөрийн шийдсэн сонголттой, холбирохгүй сэтгэл 47 хувьтай харагдаж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon