Нийтлэл 04 сарын 10, 2016

Хөөрхий бидний НИЙГМИЙН УХААН

Эрчим хүчний эдийн засгийн салбарын тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүлд нэг ажил маань нийтлэгджээ.

Шинжлэх ухааныг Монгол улсад нэвтрүүлж, түгээж, дэлгэрүүлэх үүрэгтэйгээр 1942 онд байгуулагдсан МУИС-ийн нэрийг зүүн эдийн засаг, бизнесийн салбараар Монгол улсаас дэлхийн шинжлэх ухаанд гарч буй 8 дахь, нийт нийгмийн ухааны салбарын хувьд 16 дахь, миний хувьд 3 дахь ажил болох ажээ.  

Уг ажил дээрээ Сангийн яамыг нэг харъяаллаа болгов. Миний мэдэхээр энэ нь 100 орчим жилийн түүхтэй уг байгууллагын хувьд анхны тохиолдол бөгөөд, тусгаар Монгол улсын эдийн засгийн мэргэжлийн байгууллагууд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашигт авталгүй, улам бүр мэргэшиж, шинжлэх ухаанч болоосой хэмээн ийнхүү билэгдэв. Үүсгэхэд нь оролцсон эдийн засгийн нэгдсэн түрүүлэгч индикаторыг яамнаас гаргахаа больсонд тун их эмзэглэсэнээ нуух юун.

МУИС-иас бүртгэлтэй нийт 451 ажилтай харьцуулахад нийгмийн ухааны салбарынх 16-хан байгаа нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн түүхэн замнал, гол нь социализм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо бутран унаснаас хойших Монгол улсын болон МУИС-ийн захиргаанаас баримталж ирсэн харалган бодлоготой холбоотой. Хүн хоёр хөлтэй байж хол явдгийн нэгэн адил аливаа их сургууль байгалийн болон нийгмийн ухааны салбаруудаа ижил анхаарч байж хөгждөг.

Анхаарч хөгжүүлэхгүй бол дор хаяж хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд яагаад сонирхлын бүлгүүдийн пи-ар зэвсэг болдог, энэ нь ямар үр дагавартай байж болох вэ (нийгмийн ухааны салбар: социологи, олон нийтийн мэдээлэл, харилцаа (communication)), яагаад УБ хотын талаас илүү нь цэвэр ус, халаалт гэх мэт дэд бүтэцгүй, замууд нь байнга түгжээтэй байгаа юм, үр дагавар нь юу байх вэ  (нийгмийн ухааны салбар: суурин судлал (urban studies), тээвэр (transportation)), яагаад улс төрчдийг шүүмжилсэн сурвалжлагч гэртээ байж байгаа нас барчихдаг, хүн гэрээсээ гараад Хөвсгөлд живж үхэхээр амиа хорлосон болдог, эсвэл зарим хүн маш ноцтой гэмт хэрэг үйлдээд зүгээр өнгөрчихөж байхад аргагүй хамгаалалт хийсэн, гэр бүлийн хүчирхийллийн золиос бологсод өндөр ял хүлээж байгаа нь, үүний нийгэмд үзүүлэх үр дагавар нь юу байх вэ (нийгмийн ухаан: криминалоги, пеналоги, хууль) гэх мэт асуултад  хариулах хүнгүй байсаар байх болно.

Сэтгэгдэл бичих

    • Ariuna
    • 2016-07-02

    niiteeree yavdaggyimaa gehed, yadaj gants goe pop or selebrity social scientist garch irehgyim daa, busaddaa heregtei bhgy yu

    • МУИС
    • 2016-04-11

    МУИС Байгалийн ухааны салбараа харж үзээд байгаа юм бас харагдахгүй л бна. Хэдэн багш нар нь бор зүрхээрээ судалгаагаа хийж, заримдаа гадны их сургууль, хүрээлэнгүүдтэй хамтарч олон улсын сэтгүүлд хэвлүүлж бна

arrow icon