Нийтлэл 04 сарын 12, 2016

Хорогдсон малын тоо 669 мянгад хүрчээ

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл хоѐр жил орчмын хугацаанд тогтмол ашигтай гарч байгаа ч сүүлийн саруудад ашгийн хэмжээ буурах хандлагатай боллоо. Эхний улиралд гадаад худалдааны тэнцэл 359.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.1 сая ам.доллараар буурчээ.

Азийн Хөгжлийн банк зудад нэрвэгдсэн малчдад хоѐр сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор боллоо. Үүнээс өмнө НҮБ 2.4 сая ам.долларын тусламж үзүүлж эхлээд байсан юм. Цаг агаарын хүндрэлийн үр дагавар нийт малчдын 41 хувь буюу 225 мянган иргэнд шууд нөлөөлсөн тухай мэдээллээ. Одоогийн байдлаар 669 мянган мал хорогдож, улмаар энэ тоо хавар 1.2 саяд хүрч магадгүй байна. 

Гуравдугаар сард БНХАУ-ын инфляцийн түвшин жилийн дүнгээр 2.3 хувиар өсч, өмнөх сарын түвшинд тогтлоо.

Энэ оны эхний улиралд улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар Сангийн яамнаас мэдээллээ. Оны эхний гурван сард төсвийн орлого бүрдэлт зарлагын төлөвлөгөөнөөс давж биелснээр алдагдал батлагдсан төсвөөс бага гарчээ. Тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт 88.3 хувьтай биелж, нэг их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс 88 хувийг зөвхөн татварын орлого бүрдүүлсэн байна. Импортын барааны НӨАТ, импортын гаалийн татварын орлого болон төсөвт байгууллагуудын орлого тасарснаас шалтгаалан татварын орлого бүрдүүлэлт муудаж байгаагаас гадна, тайлант хугацаанд НӨАТ-ын буцаан олголтоор 10.9 тэрбум төгрөг олгожээ.

2016 оны эхний улирлын дүнгээр Монгол Улс нийт 49 мянга 562 жуулчин хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны 53.8 мянган хүн хүлээн авсан үзүүлэлтээс 7.9 хувиар буурсан тоо болжээ. Монголыг зорьсон жуулчдын урсгалын дийлэнхийг БНХАУ-ын иргэд бүрдүүлсэн хэвээр байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon