Нийтлэл 04 сарын 26, 2016

1072 ширхэг хувьцааны сургамж

Сүүлийн хоёр долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээлд нэн хачирхалтай үйл явдал өрнөв. Тэр нь “Эрдэнэс Таван Толгойн 1072 ширхэг хувьцааг иргэдээс худалдан авч байна” гэсэн мэдээллээс үүдсэн үйл явдал. Уг үйл явдал хэд хэдэн чухал дүгнэлт хийх боломжийг олголоо.

Хэрэг явдал хаанаас эхэлсэн тухай товч дурдъя. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай 2013 оны зургадугаар сард "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв"-ийг үүсгэн байгуулжээ. Тэрээр энэхүү байгууллагаараа дамжуулан иргэдээс өргөдөл хүлээн авч холбогдох төрийн байгууллагад хүргэн 1072 ширхэг хувьцааг амь оруулахыг шаардан ажиллаж байв. Түүнээс бус хувьцааг нь худалдан авах тухай яриа огт байсангүй.

Иргэддээ 1 сая төгрөгт дүйцүүлэн өгсөн 1072 ширхэг хувьцааг амь оруулахын төлөө төр засгаас ам асуух нь зүйн хэрэг юм. Учир нь бүтэн дөрвөн жил өнгөрөхөд юу ч өөрчлөгдсөнгүй шүү дээ. Харин энэхүү өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа санаатай юу, санаагүй юу үл мэдэгдэх шалтгаанаар “1072 ширхэг хувьцааг арилжаалж буй хэрэг” болж хувирчээ.

“1072 ширхэг хувьцааг иргэдийн гараас 850,000 төгрөгөөр машинтай Хятадууд худалдан авч байна” гэсэн мэдээлэл сүүлийн хоёр долоо хоног чих дэлсэх болов. Энэ мэдээний сургаар иргэд хувьцаагаа зарах санаатай шөнө өдөргүй Монгол-Тайваны төвийн урд цуглараад хоёр долоо хоног өнгөрчээ.

Яагаад ийнхүү удтал зогсож байгааг асуухад

“Хувьцаа авч байгаа гэсэн. Гэхдээ яг авч байсныг нь баталгаатай харсан юм алга. Авч байвал хэдэн төгрөг болгочмоор байна”

гэв. Хэрэв энэ үнэн бол уг үйл ажиллагаа нь Монгол улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.1 дахь заалтыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа юм. Ийнхүү улам олон хүн цугларсаар байдал хяналтаас гарч эхлэх мөчид СЗХ, ЦЕГ-аас арга хэмжээ авч нөхцөл байдал дээрдэв. Гэхдээ бүрэн шийдэгдээгүй хэвээр л байна. Уг хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж эхэлсэн бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Иргэдийн эрх ашгийн төлөө эхэлсэн уг үйл ажиллагаа яагаад гэнэт буруу тийшээ эргэчихэв? Ямар хүн ямар учир шалтгаанаар ийм байдалд хүргэснийг мэдэхгүй ч эндээс хэд хэдэн дүгнэлт хийж болохоор харагдаж байна.

 

Дүгнэлт

Үнэн худал нь үл мэдэгдэх мөнгөний сургаар л бөөнөөрөө цугларч буй иргэд юуг нотлон харуулж байна вэ?

  1. Үнэн худал нь үл мэдэгдэх ам дамжсан яриаг сонсоод “хувьцаагаа зарчихаж юуны магад” гэсээр олон өдөр, шөнийг өнгөрөөж буй иргэдийн горьдлого бол эдийн засгийн хямралаар иргэдийн амьжиргааны түвшин эрс доройтсоны шинж юм. Эс бөгөөс үнэн худал нь үл мэдэгдэх зүйлийн араас яасан гэж үнэт цаг, олон өдөр хоногоо зарцуулах билээ.
  1. Иргэдийн хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх ойлголт хангалтгүй байна. Эрдэнэс Таван Толгойн 1072 ширхэг хувьцаа нь хөрөнгийн бирж, санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдээгүй учраас хууль эрх зүйн орчны хувьд арилжаалах боломжгүй. Боломжтой байлаа ч үнэлгээний хувьд өндөр үнэ хүрэх боломжгүй юм. Энэ талаар иргэд мэдээлэлгүй, мэдлэггүй байгаа нь хий хоосон итгэл найдвар тэээхэд хүргэж байна. Хятадууд ч бай, хэн ч бай энэ хувьцааг авлаа гэхэд хэзээ амилж үнэ цэнэтэй болох нь тодорхой бус хэвээр л байна. Иймээс иргэдээс хувьцааг нь худалдаж авах эдийн засаг, санхүүгийн үндэслэл ямар ч хөрөнгө оруулагчдад байхгүй.
  1. Эрдэнэс Таван Толгойн хувьцааны ач холбогдлыг ойлгуулах үүднээс олон ч мэргэжлийн хүмүүс өнгөрсөн хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санаа бодол, дүгнэлтээ илэрхийлж, цаашид авах арга хэмжээг ярьж байсан. Гэтэл тухайн үед иргэд ингэж их цугларч хувьцааныхаа үнэ цэнэ, ирээдүйд санаа зовоогүй юм. Харин өнөөдөр бэлэн мөнгөөр шууд арилжаалах тухай үнэн худал нь үл мэдэгдэх цуу ярианд итгэн цугларч байгаа нь бид хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй байгааг илтгэх мэт. Хэтэрхий амар хялбарыг хайж байгаа мэт. Бид ийм хандлага, сэтгэлгээнээсээ салахгүй бол энэ мэтчилэн хохирогч болсоор байх болно.
  2. Ерөөсөө төр засаг амласнаа биелүүлж 1072 ширхэг хувьцааг цаг хугацаанд нь амь оруулчихсан бол энэ бүх үйл явдал болохгүй байв. Ярьж хэлснээрээ гадаад, дотоодын биржид хувьцаагаа арилжаалсан бол иргэдэд ингэж хүндрэл, чирэгдэл учрахгүй байлаа. Монголын хөрөнгийн зах зээлийн нэр хүнд унах биш, бүр хэд дахин өсөх байв. Дэлхийд танигдсан Монгол хувьцаат компани бий болж Монголыг дэлхийд сурталчлах брэнд болох байв. Иргэд нь хувьцааны арилжаа, хөрөнгийн зах зээлд жинхэнэ утгаараа оролцож энэ талаар ойлголт, мэдлэгээ дээшлүүлж баялагийнхаа өгөөжийг хүртэх байсан юм. Ийм зохицуулалтыг хэрхэн хийж болох, хөрөнгийн захыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар энд болон энд нийтэлсэн шиг ярилцлага, нийтлэлээр дамжуулан санал шийдлээсээ хуваалцаж ирсэн.  

Өөрөөр хэлбэл энэ удаагийн хэрэг явдлаар хөрсөн доорх нөөцийг иргэний баялаг болгох, Монголын хөрөнгийн захыг олон улсад ойртуулах боломж дүүрэн байсан арга хэрэгсэл хэн нэгний цуу яриагаар хар зах дээр борлогдох хэмжээнд шалдаа буусан нь өнгөрсөн хэдэн жилийн уул уурхайн нөөцийг хөрөнгийн захын эргэлтэд оруулах ажилд нийгмээс тавьсан дүн боллоо. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon