Нийтлэл 04 сарын 28, 2016

9,8 сая долларын хөрөнгө оруулалтаар дэлхийн жишигт нийцсэн эмийн үйлдвэртэй боллоо

Төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монос групп нь Европын Сэргээн босголт Хөгжлийн банктай хамтран Олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Цогцолборын үндсэн үйлдвэрийн нээлт нь өнөөдөр боллоо. 

Шинэ эмийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн хүчин чадал 3,5-3,9 дахин нэмэгдэх бөгөөд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP /Good Manufacturing Practice/ стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон иж бүрэн цогцолбор ажээ. 

 Төслийн хөрөнгө оруулалт 9,8 сая доллар бөгөөд Монгол улсын эм үйлдвэрлэлийн салбарт хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм байна. 

Монос эмийн үйлдвэр нь өмнө үйлдвэртээ Олон улсын iso 9001 стандарт, чанарын хяналт, лабораторидоо iso 17025 стандартуудыг нэвтрүүлж байсны дээр нэмээд Шинэ эмийн үйлдвэр ашиглалтад оруулж GMP стандартыг хангаснаар Олон улсын 3 чухал стандартыг нэвтрүүлж дэлхийн жишигт хүрсэн эмийн үйлдвэр болж байгаа

хэмээн Монос группийн удирдлагууд онцолж байлаа. 

Одоогоор Монос эмийн үйлдвэр 70 орчим нэр төрлийн эм, бэлдмэлийг үйлдвэрлэж ард иргэддээ хүргэдэг  бөгөөд энэхүү төсөл хэрэгжиснээр бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, эмийн чанар улам сайжирч экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажээ. Түүнчлэн тус үйлдвэрт  жилд 352 сая шахмал эм үйлдвэрлэж  шинээр 100 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Үндэсний үйлдвэрлэгчид маань Дэлхийн жишигт хүрсэн үйлдвэр байгуулж, орчин үеийн техник, технологи нэвтрүүлж, өндөр чанартай, боломжийн үнэтэй эм үйлдвэрлэж улс орны эдийн засаг, цаашлаад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төсөв санхүү, ард иргэдийн амьдралд томоохон хувь нэмэр оруулах боломж нэмэгджээ. Үндэсний үйлдвэрлэгч компанитай энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийсэн байгууллага бол Европын сэргээн босголтийн  хөгжлийн банк бөгөөд  Европын сэргээн босголт  хөгжлийн банк 80 төсөлд 1,3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэхүү төслүүдийн хамгийн томоохон, мөн эрсдэлтэй төсөл нь үйлдвэрийн цогцолбор барих ажил байжээ. 

Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын дарга З.Энхболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар шинэ үйлдвэрийн нээлтэд оролцож баяр хүргэлээ.

Эрүүл мэндийн салбарын нарийн бичгийн дарга С.Ламбаа “Жилд 377 сая ширхэг эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай GMP-ийн шаардлага хангасан аварга үйлдвэр Монголд анх удаа ашиглалтад орох гэж байна. Энэ бол Монгол улсын Аж үйлдвэрийн салбарт баримталж байгаа бодлогын үр дүн.  Энэ үр дүн эрүүл мэндийн салбарт гарч байна. Бид  эм хангамжийн 30 орчим хувийг Монголд үйлдвэрлэж байгаа. Бусдыг нь импортоор авдаг Цаашдаа эмийн 50 хүртэлх хувийг Монголдоо үйлдвэрлэнэ гэсэн их том зорилттой байгаа. Энэ зорилтыг биелүүлэхэд Моносын эмийн үйлдвэр маш том нөлөөллийг бий болгоно гэж үзэж байна. Монос групп эм ханган нийлүүлдэг байгууллага байсан бол эм үйлдвэрлэгч байгууллага болж байна' гэв. 

Мөн Аж үйлдвэрийн сайд Д.ЭрдэнэбатМонос группийн хамт олонд баяр хүргэе. Би " Монголчууд бид Монголыг бүтээнэ. Хэрэглэгч улс орноос бүтээгч ард түмэн болно.  Бид IQ өндөртэй ч гэсэн худалдаачин явж ирсэн сэтгэлгээнээс салж бүтээгч ард түмэн болъё"  гэж хэлдэг.  Үүний цоо шинэ хуудсыг Монос групп нээсэнд талархаж байна. Монголчууд бид чадна гэдэг итгэл үнэмшлийг бий болголоо. Монголчуудын эрүүл мэндийн төлөө, ирээдүйн төлөө их зүйлийг хийгээрэй гэж хүсэн ерөөж байна' гэв. 

Сэтгэгдэл бичих

arrow icon