Үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгалд ТА бэлэн үү?

Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч Klaus Schwab-ийн бичсэн энэхүү нийтлэлийг  та бүхэнд орчуулан хүргэж байна. Үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгалын тухай сэдэв нь 2016 оны 1 сард болсон Давосын чуулганы үндсэн сэдвээр сонгогдсон бөгөөд дэлхийн бүх лидерүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй сэдэв бөлгөө.

 

Үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгалд ТА бэлэн үү?

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өөрсдийн аж амьдрал, ажлын орчин нөхцөл юугаан сайжруулахын тулд мэргэн оюун ухаанаа харамгүй зарцуулж, заримыг нь бараг шавхаж байна. Hargreaves-ийн анх зохиосон эргэлдэх хөдөлгөөнөөр ноос самнах машинаас авахуулаад Ford-ийн машин үйлдвэрлэл, угсралтын анхны шугамууд, Wozniak-ийн компьютерийн хэрэглээнд хувьсгал гаргасан шийдлүүдийг энд дурдаад байвал дуусашгүй. Харин өнөөдөр бид хоорондоо холбогдсон хэдэн тэрбум төхөөрөмжүүд, 3D хэвлэгч, супер ухаалаг роботуудыг нэгэнт бүтээж чадсан болохоор “Дэлхийн аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал”-ын тухай нухацтай ярих цаг нь нэгэнт болжээ.

Энэ хувьсгал зөвхөн манай нийгэм ба эдийн засгийг өөрчлөөд зогсохгүй хүн гэдэг бодгалийн шинж төлөвийг ч өөрчлөх хүчтэй байна. Харин ХҮН бид үүнд бэлэн үү?

Аж үйлдвэрийн хувьсгалын түүхүүд

Энд бидний ярих гэж буй үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал нь өмнөх 3 хувьсгалаасаа ялгаатай. Ийм ч учраас үүнийг хувьсгал гэхээс илүү хувьсал гэж хэлбэл зохилтой. Өмнөх хувьсгалуудын үед гарч байсан технологийн дэвшлүүд нь нийгэмд бодитой үр нөлөө үзүүлэх хүртлээ хэдэн арван жилийг элбэг шаарддаг байв. Жишээ нь, эдийн засагч Robert Gordon-ийн бичсэнээр “Үйлдвэрлэлийн 1 ба 2-р хувьсгалын хэмжигдэхүйц үр дүн хүмүүст хүрэхэд элбэг 100 жил шаардагдсан” гэжээ. Үнэхээр өнөөдрийг хүртэл дэлхий дээр 1,3 тэрбум хүн байнгын гэрэл цахилгаангүй амьдарч, дэлхийн нийт хүн амын багагүй хэсэг нь өнөөдрийг хүртэл 1 ба 2-р хувьсгалаас үүдэн бий болсон шинэ технологи, дэвшлүүдээс хүртэж чадаагүй байгаа нь харамсалтай ч бодит үнэн билээ. Харин одоо бидний ярьж буй хувьсгал нь бодит цагийн (real-time) хувьсгал юм. Өөрөөр хэлбэл өчигдрийн шинжлэх ухааны ололт нь өнөөдрийн хамгийн хоцрогдсон бүтээгдэхүүн болон хувирдаг асар хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй нийгэмд бид амьдарч байна.

Энд зөвхөн өөрчлөлтийн хурдыг яриагүй бөгөөд өөрчлөлтийн хамрах хам хүрээг бид бас дурдах ёстой билээ. Саяхныг хүртэл бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс үйл ажиллагаагаа сайжруулахын тулд өөрсдийн ажиллаж буй орчилдоо л, бүтцийн өөрчлөлтийг дотроо хийхийг шийдэл гэж ойлгодог байлаа. Тэдний гаргаж буй шинэлэг санаа, санаачлага нь зарим нөхцөлд үнэхээр шинэ хөгжүүлэлт болж чаддаг ч харамсалтай нь энэхүү хөгжүүлэлт нь дийлэнхдээ зөвхөн ганц бүтээгдэхүүнээр л хязгаарлагддаг байв. Харин үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал нь тэднийг, биднийг дээр дурдсан уламжлалт системийг эвдэхийг шаардахаас гадна системийг шинээр тодорхойлох ёстойг сануулаад удаж байна. Энэ нь улмаар манай нийгэм тэр дундаа бидний технологи, хоорондын харилцаа, улс төрийн бүтэц, төрийн загвар эрс өөрчлөгдөхөд ч хүргэж болох дүр зураг тодхон харагдаж байна.

Дөрөвдүгээр хувьсгалыг тодорхойлох дараагийн нэг том зүйл бол түүний БҮТЭЭЛЧ УСТГАЛЧ (Creative Destruction) шинж чанар юм. Өөрөөр хэлбэл ямар нэг шинэ технологи гарч ирснээр хуучны үүрэг, функцыг тэр чигээр нь орлохоос гадна хамаагүй илүү өндөр түвшинд хийж өмнөх шийдлийг хэрэглээнээс шахах процессийг БҮТЭЭЛЧ УСТГАЛ гэж томъёолж буй хэрэг юм. Гэхдээ бид хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэрийн салбар руу шилжсэн хувьсгалыг сайшаан ярихын сацуу өнөөг хүртэл хөдөө аж ахуйн салбартаа ажиллаж, тэднээс хоолоо олж идэж буй хүмүүс болон машин, тоног төхөөрөмжийн “ачаар” ажилгүй болсон олон хүмүүсийг давхар бас бодолцох ёстой билээ.
Гэхдээ товчхондоо өнгөрсөн хугацаанд явагдсан бүх үйлдвэрийн хувьсгалууд хүн төрөлхтний аж амьдрал, нийгэмд маш том эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэн хэлж болно. Энэ удаагийн хувьсал, хувьсгал ч гэсэн бүрэн автоматжуулалт, технологийн дэвшлээрээ дамжуулан АНУ-ын нийт ажлын байрны 47% хүртэлхийг ирэх 12-24 жилд бүрэн устгаж байхгүй болгох магадлалтай байна. Гэтэл ийм нөхцөл үүсвэл санал болгох гарц, шийдэл БИД-ний хэнд маань ч байхгүй хэвээр л байна. Ийм учраас технологийн энэхүү өндөр хурдацтай хөгжил буюу цахим хувьсгалын хүн төрөлхтөнд, БИДний нийгэмд ямар сөрөг үр дагавар учруулж болох талаар орон орны лидерүүд нухацтай тооцон бодож, хэлэлцэх цаг нь нэгэнт болжээ.

БИД-ний өмнө тулгарч буй асуудлууд

Би бээр эдгээр бүх технологийн хувьсгал, хүч нь БИД-ний амьдралд эерэгээр нөлөөлөх болно гэдэг бат итгэлтэй байдаг. Ухаалаг системүүдийн орчил болох ухаалаг гэр, үйлдвэр, ферм, цахилгаан сүлжээ, хот нь бүтээгдэхүүн ба үйлдвэрийн нийлүүлэлтийн систем, ложистикт гардаг асуудлуудаас авахуулаад дэлхийн дулаарлыг шийдэхэд ч бодитой нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. ХАМТЫН ЭДИЙН ЗАСАГ (Sharing Economy) гэсэн ойлголт өдгөө аль хэдийн хүчээ авч эхэлсэн бөгөөд энэхүү шийдэл нь хоосон байшингаас авахуулаад хүмүүсийн машин хүртэл бүхий л зүйлсийг үр ашигтай эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой шийдэл юм. Санхүүжилтийн хувьд ч олон шинэ арга хэрэгсэл, механизмүүд хүчээ авч байна. Дурдвал, олон нийтийн санхүүжилт (Crowdfunding), хувь хүний зээллэг (peer-to-peer lending) зэрэг нь олон хүнийг хил хязгаар, цаг хугацааны асуудалгүйгээр дурын санхүүжилтийн эх үүсвэртэй золгох боломжуудыг бий болгож байна.

Технологийн эдгээр дэвшлүүд яагаад ийм амжилттай, хурдтай яваад буйн нэг нууц нь бие биенээ нөхцөлдөн хөгжиж буйд оршиж байна. Генетикийн нээлт, хөгжлүүд, хиймэл оюун ухаан, роботууд, нано технологи, 3D хэвлэгч, био технологи гэх мэт нь бүгд бие биенээ нөхөж, бие биенээ түшин хөгжиж байна. Чухам ийм учраас л аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь бидний төсөөлснөөс илүү их нөлөөг асар богино хугацаанд нийгэмд, дэлхий даяар үзүүлэх хүчтэй юм.

Эдгээр асар их боломжийн зэрэгцээ том хэмжээний сорилтууд ч бас БИД-ний өмнө байсаар л байна. Жишээ нь, технологиос шалтгаалан ажлаа алдаж буй хэдэн мянган хүмүүсээс гадна зарим судлаачид “Solow Paradox”-ийг нэрлэж байна. Энэ нь хүмүүс хэдий их хэмжээний хөрөнгө оруулах тусмаа зөвхөн мэдээллийн технологид л найдан хувь хүн, хамт олны бүтээмжгүй болох парадоксийг хэлдэг аж. Түүнчлэн зарим хүмүүс цахим хувьсгал нийгмийн тэгш бус байдлыг жигдлэн балансжуулахад асар их нэмэртэй гэж байхад бүр зарим нь харин ч эсрэгээрээ нийгмийн ялгааг улам ихэсгэж, монополиудыг үүсгэн, соёл, нийгэм, эдийн засгийн эрх мэдэл, хүчийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж байна гэж хүчтэй мэтгэлцсээр байна.

Цахим хувьсгалын хамгийн том сорил нь энэхүү хувьсгал нь дэлхийг өөрчлөөд байгаад огтхон ч биш юм. Харин энэхүү хувьсгал нь БИД-нийг өөрчилж буйд оршиж байна. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын харилцаа, бидний чөлөөт цагаа өнгөрөөж буй хэв маяг, бидний дотны хүмүүс хоорондын холбоос, зохиогчийн эрх, контентийн эзэмшил, хувь хүний нууцлал зэрэг ХҮН байх гэдэг утга учрыг тодорхой хэмжээнд бодитойгоор өөрчлөөд эхэлсэнээс гадна БИД өөрсдөө өөрчлөгдөөд эхэлсэнд асуудлын цөм оршиж байна.

Эдгээр бүх өөрчлөлт, нөлөө нь аж ахуйн нэгж, том корпорациуд, засгийн газруудыг ч өөрчилж эхэлж буй бөгөөд цаашилбал хүмүүсийн хэрэглээ, үйлдвэрлэл ба ажил эрхлэлтэнд шууд нөлөөлж, бүхэл бүтэн салбарыг байхгүй болгож, оронд нь цоо шинэ салбарыг үүсгэж чадаж байна. Тэгэхээр энэ бүх өөрчлөлтөнд шийдвэр гаргачид, бодлого боловсруулагчид маань бэлэн үү? БИД бүгд энэ бүх өөрчлөлтийг мэдрээд эхэлсэн ч энэ нь дөнгөж ЭХЛЭЛ гэдгийг мэдэж буй ХҮН хэр олон байна вэ?

Шинэ “тивийг” хайх нь буюу ЗӨВ чиглэл рүү залуурдах нь

Дээр дурдсан сорилтууд бүгд бодитойгоос гадна БИД судлаач эрдэмтэн Stephen Hawking-ийн анхааруулж буй бодит эрсдэлүүдийг сайтар тооцож анхаарах ёстой. Эдгээр эрсдэлүүд нь голцуу хиймэл оюун ухаантай холбогдох бөгөөд жишээлбэл, жолоочгүй автомашин, цахим туслагч болох Siri, Google Now, Jeopardy асуулга, тааварт ялагч болсон супер компьютерийг нэрлэж болж байна. Холливүүдийн “Transcendence” кино энэ сэдвийг их сайхан гаргасан байдаг. Тэгэхээр энэхүү технологийн хувьсгалтай зэрэгцээд бид хэрхэн ажилгүйдлийг улам бүр багасгаж, хувь хүний бүтээмжийг улам бүр ихэсгэж, дэлхий даяарх мэдлэг, мэдээлэл, баялаг, боломжийн шударга болон тэгш хуваарилалт бүхий системийг бий болгох ёстой юм бол оо?

Харамсалтай нь БИД-ний өнгөрсөн ямар ч түүх дээрх асуултанд хариулах эх сурвалжийг бидэнд өгч чадахгүй. Гэхдээ өнөөгийн ийм нөхцөл байдал маань БИД-энд, улс орнуудын манлайлагч лидерүүдийн ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛС болон ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛСИЙГ нь маш тодорхой гаргаж чиглүүлж өгч буйг дурдах нь зүйтэй. Энэхүү хувьсгалын хүч, боломж нь хэрхэн БИД-нийг, бидний бизнес ба бидний төрийг өөрчилж буйг, өөрчлөх боломжтойг бид мэдэрч байна. Иймээс бид энэхүү боломжийг ХАМТДАА зөв зүгт нь залах машид чухал байнам.

Иймээс миний зүгээс ТАНД тавьж буй сорилт бол дээрх хэцүү асуултуудад хариулахад тусалж, хаашаа ч өнхрөн явах боломжтой байгаа энэ том боломжийг ХАМДАА зөв зүгт залахад туслана уу гэж хүсмээр байна.

 

Орчуулсан  @ganzorigv

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5001

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%