Нийтлэл 06 сарын 09, 2016

Дэлхийн уул уурхайн “Топ-40” компани өнгөрсөн онд анх удаа бүхэлдээ алдагдалтай ажиллажээ

Завгүй уншигчдадаа: Өнөөдрийн эдийн засгийг 90 секундэд

-Монгол Улсын авто замын мэдээллийн сан бүрдүүлэх төсөл эцсийн шатандаа ороод байна. 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн үр дүнд улсын чанартай авто замын техникийн үзүүлэлт, дэд бүтэцтэй холбоотой мэдээллийг нарийвчлан гаргаж, сан бүрдүүлж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд байгаа нийт авто замын урт 49 мянга 900 км, үүнээс улсын чанартай авто замын урт нь 12 мянга 700 км орчим байгаа ажээ.

-“Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалт хариуцсан гэрээлэгч компаниар АНУ-ын “Jacobs Engineering Group”-ийг сонгон шалгаруулсан гэж “Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ. Тодруулбал "Инженерчлэл, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежмент”-ийн гэрээг талууд байгуулсан гэж “Оюу Толгой” компаниас мэдээллээ. “Jacobs Engineering Group” нь Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд ирэх 5-7 жилд гүний уурхайн бүтээгдэхүүн, тоног, төхөөрөмж тээвэрлэлт, түүнтэй холбогдох гадаргын болон газрын гүний дэд бүтцийг хариуцан ажиллах юм байна.

-БНХАУ-ын гадаад худалдааны үзүүлэлтүүд тавдугаар сард харьцангуй тогтворжсон дүнтэй гарлаа. Ам.доллараар илэрхийлсэн экспорт өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар, импорт үл ялиг буюу 0.4 хувиар буурсан гэж тус улсын Статистикийн товчооноос мэдээлжээ

-Уул уурхайн салбарын уналт дуусах болоогүй гэж дэлхийн аудитын дөрвөн том байгууллагын нэг “PricewaterhouseCoopers”-ээс мэдээллээ. Тус байгууллагын “Mine 2016” тайланд дурдсанаар уул уурхайн “Топ-40” компани өнгөрсөн онд анх удаа бүхэлдээ алдагдалтай ажилласан байна.

-Дэлхийн эдийн засаг энэ онд 2.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банк таамагласан байна. Харин 2017 онд дэлхийн эдийн засгийн өсөлт эрчимжиж, 2.8 хувьд төлөвтэй байгаа аж.

Сэтгэгдэл бичих

arrow icon