1072 хувьцааг хөгжлийн ХУРДАСГУУР биш ХҮНДРҮҮЛЭГЧ болгох шийдвэр гаргалаа

Шууд яриандаа орохоос өмнө Таван толгойн ордын цар хүрээг дурьдаадхая. Үүний дараа яагаад “хурдасгуур” гэж нэрлэх болсон нь тодорхой болно. Ийм хурдасгуураа амь оруулах биш харин ч амьгүй болгож байгааг харах тун харамсалтай байна.  

 Таван толгой гэж юу?

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зvvн тийш 98 км, Цогтцэций сумаас 15 км, Улаанбаатараас 550 км-ын зайд оршдог.

1934 оны үед нутгийн ажигч гярхай малчид Таван толгойн нүүрсийг анх илрүүлж түлшиндээ хэрэглэж эхэлсэн.

1966 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дүгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгожээ. Ийнхүү анхны олборлолт эхэлсэн.

 

Таван толгойн нөөц хэд вэ?

 Ашигт малтмалын газрын Геологи, судалгааны хэлтсийн дарга, Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн У.Борчулууны 2011 оны ярилцлагадаа "Оросын Гипрошахт хүрээлэн Таван толгойн ордын Техник эдийн засгийн үнэлгээг /ТЭЗҮ/ 1989-1990 онд хийхдээ нөөцийн хэсэгчилсэн үнэлгээ, тооцоонуудыг нэгтгэн 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоосон" хэмээн ярисан. 

 “Энержи Ресурс” компани “Норвест” компанийг хөлсөлж, Таван толгойн ордын ТЭЗҮ-ийг боловсруулсан юм. “Норвест” өөрөө Австралийн ЖОРК аргачлалаар буюу орчин үеийн компьютерийн тооцооллоор Таван толгойн нөөц бүр 7 тэрбум тоннд хүрэхээр байгаа тухай зарлаж байсан.

Оросын Гипрошахт хүрээлэн Таван толгойн ордын Техник эдийн засгийн үнэлгээгээр: 

 

 ЖОРК-ийн үнэлгээгээр:

 

 Дэлхийд нөөцөөрөө ч тэр, чанараараа ч тэр дээгүүрт бичигдэх уг ордыг ашиглахдаа хөрөнгийн зах зээлээр дамжуулахаар болсон нь үнэхээр баяртай мэдээ байв.

Эрдэнэс Таван Толгой ХК гэж юу вэ?

 Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор байгалийн баялгийг үр ашигтай, зүй зохистой ашиглах үүднээс тодорхой ашигт малтмалын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан.

“Эрдэнэс Монгол” ХХК (хуучнаар “Эрдэнэс МГЛ” ХХК) нь Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ба 2010 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулагдсан.

 Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцаа эзэмшил

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар тогтоолоор:

Эрдэнэс-ТавантолгойХК-ийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан. 

Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны: 

10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх,

10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах,

30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалахдаа хувьцааны үнэ, тоо, нөхцөл болон компанийн үнэлгээтэй холбоотой асуудлыг боловсруулж Засгийн газарт тухай бүр танилцуулан шийдвэрлүүлж байх.

 

 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дугаар тогтоолоор “Эрдэнэс ТавантолгойХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосугай.

 Ингэснээр ЭТТ ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг иргэд эзэмших болсон. Энэ бүгд хөрөнгийн зах зээлийн мэргэжилтний хувьд хүсэн хүлээж байсан зүйл минь байв. Гэвч эцэст нь байдал бууруугаар эргэлээ. 2012 оноос уг төсөл гацсаар өнөөг хүрэв. Энэ хугацаанд юу болсныг дурьдах нь илүүц биз.

 Энэ хувьцааг олон улсын биржид арилжаалаагүйгээс бид юу алдсан бэ?

 Дэлхийд хувьцаат компаниараа танигдах боломж: Хэрэв засаг үнэхээр ярьснаараа хийсэн бол олон улсад бүртгэлтэй аварга том нүүрсний компани бий болох байв. Энэ нь Монголыг дэлхийд сурталчлах анхны хувьцаат компани болох байсан юм. Учир нь бид Оюу толгойг брэнд болгож чадалгүй алдсан. Монгол улс алт, зэс, нүүрсээр биш “хувьцаат компани, хөрөнгийн зах зээл”-ээр танигдаж эхлэх байв.

 Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдасгуур: Хэрэв энэ компанийн хувьцаа биржид арилжаалагдаж эхэлсэн бол Монголын нийгэм хөрөнгийн зах зээлийг хүссэн хүсээгүй ойлгохыг эрмэлзэж, нэг хэсэгтээ л нийгэм даяараа хувьцаагаар амьсгалах байв.

Энэ утгаараа иргэд хөрөнгийн зах зээлийн боловсролоо нэмэгдүүлж, хувьцааны ач холбогдол, хөрөнгийн зах зээлийн үр өгөөжийг богино хугацаанд ухан ойлгох боломж бүрдэх байлаа. Өнгөрсөн 25 жилийн турш хөрөнгийн зах зээл, хувьцааг ойлгоогүйгээсээ үүдэн хэчнээн их зүйлээ алдсанаа мэдэж, цаашид Монголд хөрөнгийн зах зээл ямар чухал, ус агаар шиг хэрэгтэй байгааг ухаарах байв. Гэвч тэгсэнгүй. Иргэд маань ирээдүйд ямар их зүйлээ алдахаа мэдэхгүй явна.

 Аварга компанийн хаялга: Хэрэв энэ компанийн хувьцааг олон улсын биржид арилжаалсан бол дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаадынхны апетитийг хөдөлгөж хөрөнгийн захаа дэмжих байв. Хөрөнгө оруулагчид орж ирснээр компаниуд IPO хийж шинэ бүтээгдэхүүнүүд бий болж зах зээл идэвхжих байлаа. Гэвч тэгсэнгүй. Хөрөнгийн зах зээлээ богино хугацаанд босгоод авах үнэлж баршгүй боломжийг алдаж орхилоо.

 Баялгаасаа шууд үр өгөөж хүртэх боломж: Оюу толгойн ордыг эзэмшдэг шинэ компани байгуулж, түүнийгээ дотоод, гадаадын биржид арилжаалсан бол Монголчууд бид дотоодын биржээс хувьцааг нь авах замаар шууд өгөөжийг нь хүртэх байсан. Гэвч тэгсэнгүй. Нью Йоркийн биржид бүртгэлтэй гадаадын компанитай хамтран хөрөнгө оруулсан нь иргэд баялгаасаа үр өгөөжөө хүртэх боломжийг хаалаа. Харин Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцааг дотоодын биржид арилжаалснаар иргэд маань хүссэн үедээ хувьцааг нь арилжаалах боломж нээгдэх байв. Гэвч тэгсэнгүй. Иргэд баялагтаа эзэн сууж чадахгүй нь.

 Эдийн засгийн бус улс төрийн шийдвэр гаргалаа

 Өчигдөр засгийн газар иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааны 30%-ийг нэрлэсэн үнээр нь 300,000 төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргав. Энэ шийдвэрт дараах хачирхалтай үзүүлэлтүүд байгаа юм.

 Үнэлгээ хэт өндөр: Эрдэнэс Таван Толгой нь 15 тэрбум ширхэг хувьцаатай. Нэг бүрийг нь засгаас 929 төгрөгөөр үнэлж худалдан авах шийдвэрийг гаргалаа. Тэгэхээр нийт үнэлгээ нь 13.93 их наяд төгрөг буюу 7.03 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн эзэмшилд буй таван толгойн ордын нөөц болох 6.71 тэрбум тн /7.4 тэрбум тн- Ухаа Худгийн 690 сая тн/ нүүрсийг 7 тэрбум ам.доллараар үнэлж байна гэсэн үг.

Тэгвэл Хонг Конгийн  биржид 1 тэрбум тн нүүрсний нөөцтэй Mongolian Mining Corporation-ний зах зээлийн үнэлгээ дефолт болох тухай мэдээлэл зарлагдахаас өмнө 226 сая.ам доллар байв. Өөрөөр хэлбэл 1 тн нүүрсний үнэлгээ 0.226 ам.доллар байв. Тэгвэл 6.71 тэрбум тн нүүрсний нөөцтэй Эрдэнэс Таван Толгой ХК-ийн үнэлгээ 1.51 тэрбум ам.доллар байх ёстой. /Эрдэнэс Таван Толгой ХК нь дефолт болохгүй гэсэн таамаглал дэвшүүлэв/.

Харин манай засгийн газар 1.51 тэрбум ам.долларын үнэлгээтэй ордыг 7.03 тэрбум ам.доллараар буюу 4.65 дахин ихээр үнэлжээ. 

Хэрэв Mongolian Mining Corporation-ний дефолт болох тухай мэдээлэл цацагдсаны дараах зах зээлийн үнэлгээг ашиглан тооцоо хийвэл засгийн газрын үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс 9.3 дахин их байна. 

Иймээс засгийн газрын уг шийдвэрийг эдийн засаг, санхүүгийн ямар ч онол тайлбарлах боломжгүй.

 Арилжааг банкнуудаар дамжуулна: Хувьцааны арилжааг дэлхийн аль ч улс оронд зөвхөн брокерийн компаниар дамжуулж хөрөнгийн биржид арилжаалдаг. Харин манай засгийн газар банкнуудаар дамжуулж байгаа нь бас л эдийн засаг, санхүүгийн ямар ч тайлбар хийх боломжийг олгохгүй байна.

 Сонгуулиас өмнө 300,000 төгрөгийг иргэдэд шилжүүлнэ: Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ сарын 13-наас иргэд банкнуудад хувьцаагаа зарах хүсэлтээ хүргүүлснээр засгийн газраас долоо хоног бүр 100,000 төгрөгийг иргэдийн дансанд байршуулах аж. Ийнхүү сонгуулиас өмнө 300,000 төгрөгийг иргэдийн дансанд байршуулна гэжээ. Яагаад заавал сонгуулиас өмнө дуусгах ёстой гэж?

 Хэрхэн санхүүжүүлэх вэ? Хувьцаа эзэмшиж буй 1 сая 650 мянган иргэн бий. Иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэвэл 30 хувийг нь худалдан авахад 495 тэрбум төгрөг засгаас гарна. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?

Саяхан гаргасан 500 сая ам.долларын бондоос уу? Энэтхэгийн 1 тэрбум ам.доллараас уу? БНХАУ-аас авах 1 тэрбум ам.доллараас уу? Засгийн газрын бондоос уу?

Ямар нэг аргаар шийдлээ гэхэд төсөв алдагдалтай, тодотгол хийх шаардлагатай, валютын нөөц шавхагдсан, өрийн даац хэтэрсэн, банкнууд зээлээ хумьсан, чанаргүй зээл өссөн, ажилгүйдэл өссөн, гадаад захаас дахин бонд босгох боломж хязгаарлагдмал, түүхий эдийн үнэ унасан энэ үед 495 тэрбум төгрөгийг эдийн засагт нийлүүлэх нь ямар нөлөө үзүүлэх бол? Энэ бүгдийг тооцсон л гэж найдан сууя.

Дүгнэлт

 Дээрх хачирхалтай үзүүлэлтүүдэд үндэслэвэл “засгийн газрын уг шийдвэр нь ямар ч эдийн засгийн шийдвэр биш бөгөөд цэвэр улс төрийн шийдвэр” гэж дүгнэхэд хүргэж байна. Төр засаг нь ийм шийдвэр гаргаад байвал хөрөнгийн зах зээл нь яаж өндийх билээ.

 Эрдэнэс Таван Толгой хэмээх стратегийн ач холбогдолтой орд, компани, хувьцааг ийм байдлаар удирдсаар ямар их алдагдсан боломжийн өртөг гаргаж байна даа. Энэ алдагдсан боломжийн өртгийг хэн төлж байна вэ? Иргэд л төлж байгаа шүү дээ.

 

 

 

 

 


avatar
    • Ардчилсан намын популистууд
    • 202.126.91.*

    Ухаа Худагийн коксжих нүүрсний агууламж өндөр юм байна. MMC-ийн үнэлгээг шууд Эрдэнэс Таван Толгойн үнэлгээтэй харьцуулах нь бага зэрэг өрөөсгөл. Гэхдээ ЗГ 1072 хувьцааг 2012 оны үнээр буюу өнөөдрийн байдлаар зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдаж авч байгаа нь бол үнэн юм байна. Зарнаа хө хувьцаагаа ^^

    • ganbold
    • 202.9.40.*

    Deed taliin sxem aldaagtai yumu

    • ER NI HUVTSAGA ZARAH NI HER ZOV BOL
    • 202.9.40.*

    Erik

    • Мишээл
    • 202.126.91.*

    Монголын төр тань шиг ийм сайхан мэдлэгтэй, алсын хараатай хүнээр дутагдаж байх шиг бна. Дараагийн сонгуульд гарвал таныг дэмжинээ

    • ganaa
    • 202.179.16.*

    odoo yahavdee ta nar tord garch bj l ene bvh buruu zuiliig oorchlonosvdee odoogiin baidlaar horongiin zah zeeld buruu zuil zondoo bgashdee huuli dvrem juram, SZH-iin alban haagchid gd l gainuud zondoo bii

    • Бодрол
    • 203.91.117.*

    Энэ тэнэг нөхдүүдийг яалтай билээ... Одоо иргэд бид зөв сонголт хийх л цаг ирээд байна даа. Манайхан одоо тэгээд нөгөөл хэдэн бүтэхгүй ухаан муутай нөхдүүдээ дахиад л гарчихвий дээ...

    • Зочин
    • 150.129.143.*

    mash saikhan toch buguud todorkhoi, haramsaltai tur zasgiin geh nukhduud bolosrolgui, yaduu ard tumneer togloj bna daa

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4460

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%