Нийтлэл 06 сарын 15, 2016

Ардчилсан намын хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын ГУРВАН том алдаа

Энэ хавраас хойш Сайханбилэгийн ЗГ-аас эдийн засгаа идэвхижүүлэх нэрээр эдийн засагт мөнгө нийлүүлэх асуудал нэлээд идэвхижлээ. Олон төрлийн хямд зээл, сүүлдээ хувьцаа нэрээр бэлэн мөнгө тарааж буй нь сүүлийн үед шуугиан тарьж байна. Энэ нь "эдийн засагт  шууд л муу" гэж медиа хангалттай ярьж буй. Мэргэжлийнхэн ч “Монголын төр засаг л тэнэг мангар зүйл хийгээд байна”, энэ нь “төгрөгийг үнэгүйдүүлнэ, эдийн засгийг дампууруулна” гэх мэт нэлээд ерөнхий зүйл л хэлж харагддаг.
-------------------------------------
 
Монголд хэрэгжсэн аль ч нүд бүлтийлгэмээр санхүүгийн арга хэрэгсэл, схемийг аваад үзэхэд өөрсдөө зохиочихсон “илбэ” дунд нь байдаггүй. Эдийн засаг, мөнгө санхүү гэдэг зүйлийг бид анх бодож олоогүй учраас хаа нэгтээ хэзээ нэгэн цагт хэрэгжүүлсэн туршлагыг хуулж авчраад, жаахан "Монголчлоод" л хийчих нь их. Харин ингэж Монголчлох үед зарим нэг алдаа гаргадаг учраас уул нь сайн үр дүнтэй байж болох ажлыг муу болгочихдог.
 
Тэгвэл ѳнгѳрсѳн жилүүдэд АН-ын хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогууд ямар алдаа хийгээд муу болчихсныг тайлбарлахын тулд эхлээд нэг ийм энгийн түүх яръя: 
 
2009 оны хавар, Токиод байсан үе. Хэдхэн сарын өмнө Америкт Lehman Brothers хөрөнгө оруулалтын банк дампуурч, Японд ч нөлөө нь мэдрэгдээд хэсэг хугацаа өнгөрч байв. Японы банкууд Америк, Европын банкууд шиг моргежийн дериватив бүтээгдэхүүнүүдэд ихээр хөрөнгө оруулалт хийгээгүй учир алдагдал нь арай бага, хямрал харьцангуй зөөлөн туссан. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан тэр уналт 20 жил зогсонги байсан эдийн засагт нь хангалттай муу нөлөө үзүүлж, сонин дээр олигтой мэдээ гарахаа байчихав. Байдал хэзээ сайжрахыг хэн ч итгэлтэй хэлж мэдэхгүй, бүрхэг цаг үе байсан.
 
Энэ үед Японы засгийн газраас хүн бүрт 12,000 ен, харин хүүхэд хөгшчүүлд 20,000 ен (Тэр үеийн ханшаар $150 ба $250) бэлнээр тараах шийдвэр гаргасан юм.Хэрэглээ агшиж, хямрал гүнзгийрэхээс сэргийлсэн арга хэмжээ гэж Асо Таро ерөнхий сайд тайлбарлаж байв.
 
Харин сөрөг хүчин (Хатояма) болохоор намар нь болох сонгууль угтсан тэнэглэл гээд хүчтэй шүүмжилж байсан. Энэхүү бодлоготой холбоотой Ёми-Үри, Асахи гээд голлох хэвлэлүүдээс явуулсан санал асуулгаар иргэдийн 65%-75% нь “бэлэн мөнгө тараах шийдвэрийг дэмжихгүй” гэсэн үр дүн гарч байлаа. Гэхдээ “Мэдээж буруу бодлого хэдий ч, мөнгө өгвөл авна” гэх иргэд ч нэлээд байв. Харин орлого муутай хөгшчүүл их амьдардаг хөдөөний жижиг суурингуудаас “мөнгөө хурдан авъя” гэсэн санал цөөнгүй байсан.
 
Ямартай ч хэлэлцэж, шүүмжлүүлж шуугисны эцэст засгийн газар нийт 25 тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгө бэлнээр тараасан юм. Японд амьдарч буй гадаад хүмүүст ч энэ нь хамаатай байсан тул би ч нэг и-мейл бичээд явуултал удалгүй дансанд мөнгө ороод ирсэн.
 
Эдийн засагчид болохоор энэхүү бодлого ямар үр дүн авчрах талаар янз бүрээр л ярцгааж байлаа. “Тараасан бэлэн мөнгө хүссэн хэмжээнд хэрэглээг өсгөхгүй, учир нь хүмүүс үрэхгүй хадгалчихна” гэж зарим нь үзэж байв. “Хэрэглээндээ зарцууллаа ч эдийн засагт 0.1-0.2 нэгж хувийн л өсөлт авчирна” гэх хүн ч байв.
 
Тэр үед Японы үйлдвэрлэгчид, том дэлгүүрүүд тараах мөнгөн дүнтэй ижил үнэтэй янз бүрийн бүтээгдэхүүн санал болгох, эсвэл sale-үүд зарлаж байлаа. Миний хувьд, авсан 12,000 енийхээ талыг  НҮБ-ийн Африк хүүхдүүдэд зориулсан хандивт өгөөд, үлдсэн дээр нь жаахан мөнгө нэмээд хот дотор унах жижиг унадаг дугуй авсан.
Хэдийгээр $25 тэрбум бага мөнгө биш ч, $5 триллионы хэмжээтэй Японы эдийн засагт бас тийм ч их мөнгө биш болохоор үнийн түвшин, өсөлтөд үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал байсан юм. Тэр жилдээ Японд инфляци хасах дүнтэй (дефляци), эдийн засаг нь 5% орчим агшсан санагдаж байна. Рейтинг нь 20% хүртлээ унаад байсан Асо Таро ерөнхий сайд ч намрын сонгуулиар солигдсон.
 
Японы энэ жишээ мэдээж эдийн засагт мөнгө нийлүүлэх хамгийн энгийн арга. Хөгжсөн орнуудад 2008 оны хямралаас хойш л гэхэд тэг хүү (ZIRP), quantitive  easing (QE), qualitative and quantitive easing (QQE), credit easing (CE), forward guidance (FG), хасах хүү (NIRP) … гээд л эдийн засагтаа мөнгө нийлүүлэх арга хэрэгслүүд зарим нь мэргэжлийнхэнд ч ойлгохын аргагүй өндөр түвшинд хөгжчихөөд байгаа. Сүүлийн үед л гэхэд “Helicopter money” гэх шинэ бодлого Америк, Европ, Японы эдийн засагчдын дунд хүчтэй маргаан өрнүүлж буй. Төв банк мөнгө хэвлээд нисдэг тэргээр тусламжийн бараа шидэж байгаа юм шиг тараана гэсэн санаа...
 
Харин одоо Монголд эдийн засагтаа мөнгө нийлүүлэх аргыг Монголчлох үед ямар алдаа хийгээд  сайн байж болох байсан схемийг муу болгочихдог вэ гэдэг яриандаа эргэн оръё. Ер нь медиа, зарим мэргэжлийнхний ярьдаг шиг аливаа эдийн засгийн бодлого өөрөө муу юм уу, эсвэл сайн байдаггүй. Харин хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэхээс л үр дүн нь ихээхэн хамаардаг.
 
2012 оноос хойш хэрэгжүүлсэн АН-ын засгийн газрын үеийн гол хөтөлбөрүүд болох ипотек, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд, хямд зээлүүд, бондын зарцуулалт гэх мэтийг харж байхад дараах 3 алдаа анзаарагддаг:
 
  1. Хэмжээний хувьд эдийн засагтаа хэт томдсон: Жишээ нь, 2009 онд Японд бэлэн мөнгө тараахад тэр нь эдийн засгийнхаа 0.05%-д ч хүрэхгүй мөнгө байв. Харин Монголд сүүлд хэрэгжиж буй “Сайн хувьцаа” хөтөлбөрийн батлагдсан хэмжээ нь 1.6 триллион төгрөг буюу ДНБ-ийн 8% орчим. Сайханбилэгийн ЗГ-аас хямд зээл хэлбэрээр мөнгө нийлүүлсэн бусад “сайн” хөтөлбөрүүд (сайн малчин, сайн хашаа, сайн оюутан, удахгүй сайн бизнес...)-ийн нийлүүлвэл эдийн засгийн 10%-ийг элбэг давна. Ингэж нүсэр хэмжээтэй хийх нь хямралын үед эдийн засгаа эмчилж сэргээх биш, харин ч улам савлуулаад өвчнийг нь хүндрүүлэх эрсдэлтэй. Өмнөх түүх маань уул нь сайн сургамж болсон: Ипотекийн 8% болон үнэ тогтворжуулах хөтөлбөр буюу Монгол маягийн QE хөтөлбөрийн хэмжээ гэхэд ДНБ-ийн 20%-ийг давж байв (Үүнтэй харьцуулахад хөгжсөн орнуудын QE нь эдийн засгийнхаа 5%-аас бага). Үр дүнд нь байрны үнэ 3 сарын дотор 30% өсч, төгрөгийн ханш 30% унасан. Барилгын салбарыг хөөсрүүлж, одоо харин банкууд дээр их хэмжээний чанаргүй зээл цуглараад буй. Хөтөлбөр ч өөрөө цаашид урт хугацаанд үргэлжлэх санхүүгийн боломжгүй болчихоод байгаа.Уул нь бага хэмжээгээр хэрэгжүүлсэн бол урт хугацаанд үргэлжилж иргэдээ байртай болгох, эдийн засгаа дэмжих сайн бодлого. Гэтэл Монголчлох үедээ хэмжээг нь томдуулсан тул одоо ийм үр дүнд хүрчихээд буй.   
  2. Хэтэрхий хурдтай шийддэг: 1072 хувьцаа л гэхэд нэг л өдөр ЗГ хуралдаад 300 мянгыг тараах шийдвэр гарчихаж байна. Магадгүй цөөн хэдэн улстөрч өрөөндөө сууж ярилцаад тогтоолын төслийг бичсэн мэргэжилтэн өмнөх шөнө нь нойргүй суугаад бичсэн гэхийг үгүйсгэхгүй. Ипотек дээр ч мөн адил, 20 жил үргэлжлэх том төслийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх богино хугацаанд л бучигнаад шийдчихсэн. Ийм яарсан хурдаар явчихаар буруу шийдвэр нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн хойно нь дүгнэлт өгөхөөс өөр хувь нэмэр оруулах боломж мэргэжлийнхэнд алга. 
  3. Төлөвлөгөөгүй, тооцооллын хувьд дутуу: Аливаа бодлогын шийдвэр гаргахын ѳмнѳ эхлээд cost/benefit буюу тухайн төслийн эерэг сөрөг талыг зэрэг тооцож үзээд, сайн тал нь их бол хэрэгжүүлэх шийдвэр гаргах ёстой. Гэтэл Монголд зөвхөн сайн талын тооцоог ард түмэнд үзүүлж популизм хийгээд, цааш нь нүдээ аниад хэрэгжүүлчихдэг. Ипотек, ҮТХ ингэж хийгдсэн учир дараа нь гарах сөрөг үр дүнг нь цаг хугацаа л бидэнд хүндээр мэдрүүлж ѳгч байна. Мѳн олон төрлийн бондууд авсан ч хэрхэн үр ашигтай зарцуулах төлөвлөгөө байгаагүй, дараа нь яаж төлөхөө тооцоолоогүй. Үр дүн нь юу болохыг төлөгдөх үед нь л бид харцгаах байх.
Тэгвэл яагаад ийм байна вэ?
 
-Алтанхуягийн ЗГ-ийн үед яаж зарцуулж төлөгдөх нь ойлгомжгүй бондууд байсан,
-Ипотекийн 8% гэхэд 2013 онд Элбэгдоржийн сонгуулийн өмнө хийгдэж байсан,
-Сайханбилэгийн ЗГ-ын “сайн” хөтөлбөрүүд УИХ-ийн сонгууль угтаж хийгдэж байна. 
 
Эндээс харахад, эдийн засагт чухал нөлөөтэй шийдвэрүүд улстөрчдийн популизм (Сүүлд л гэхэд 300 мянгыг яагаад зөвхөн сонгуулийн насны иргэдэд өгч байна вэ?) болж байгаа нь тэдгээр ажлууд сайн төлөвлөгөө тооцоотой хийгдэж, сайн үр дүн авчрах боломжийг хааж байна.
 
Популизмын зорилготой хэт их мөнгө эдийн засагтаа нийлүүлж, энэ нь жижигхэн эдийн засагтаа тус болохоосоо ус болдог зүй тогтол Монголд үйлчилсээр байна.

Сэтгэгдэл бичих

    • Hulan
    • 2016-06-30

    Ugn ta aytaihan uchriig n olood bichchih ym. Gehde jishee n japand ter baga hemjeeni belen mongo taraalt n sain bsn ymu saar bsn ymu gdg n tanii niitlel deer sain garch irsengu. Sain bsn ym shig ehelsnee, said n soligdchihloo geheer muu ch ym shig bolood huvirchihlaa. Sanaaga gargahda dulimag sanagdlaa Gartsuud yu bgag mergejlinhen yagaad yrihgu bn a ve? Ungursund dugnelt hiihees gadna ireeduig harsan niitlel unshmaar sanagdlaa, ingeech tegeech geh mayagtai Bayarlalaa

arrow icon