УРАН ЗОХИОЛ: 'Рашёомон' Акутагава Рюүносүкэ

I

Нар жаргахын алдад юмсан. Нэгэн барлаг эр Рашёомоны дор бороо намжихыг хүлээж зогслоо. Уужим хаалган хавьд түүнээс өөр хүнгүй. Харин улаан будаг нь хаа нэг халцарсан бүдүүн баганын оройд ганц хүүрэлзгэнэ саатан буй. Уул нь Рашёомон хаалга Улаан Шувуут замын хаяа дэрлэж байгаагаас хойш бороо намдахыг хүлээсэн зах зээлийн хүн харын шүхэр, зарц ядуусын дэлдэвч малгай дахиад ганц нэг харагдаж байвал баймаар. Тийм байтал түүнээс өөр хүн харын бараа сураг байхгүй бөлгөө. 

Ойрын хоёр гурван жил Кёотоод газар хөдөлж салхи шуурахаас авахуулаад, гал түймэр, өлсгөлөн зовлон гээд гай гамшиг тасраагүйн улмаас тэр. Хотын гудамж хөл татраан доройтохдоо хэдэн төрлийн араншинтай. Хуучны бичигт тэмдэглэснээр бол бурхан багшийн дүр, буян номын хэрэгслийг буулгаж салгаад  улаан шараар эрээлж, алт мөнгөөр шармалдсан модыг нь замын хажууд  дөрвөлжлөн өрөөд түлээний мод болгон зарж байсан гэх. 

Төдий зэргийн самуун дунд Рашёомон хаалгыг засч сэлбэж байх сэтгэл хэнд л төрөө аж. Гандаж зэвхийрээд ирэхийн цагт нь үнэг нэг үүрлэх, үгээгүй тонуулч хоёр хорогдох. Яван явсаар нутаглуулах газаргүй үрэгдэгсдийг ийш нь зөөж авчраад хаяж оддог хачин зуршил хүртэл гарчээ. Нар шингэж харанхуй ноёлмогц хэн ч энэ хаалган тийш хөл зөөхөөс жийрхэх болсны учир нь тэр.

Харин түүний оронд хар хэрээн сүрэг хаа нэгтээгээс цуглаад ирцгээж. Гэгээтэй үед харвал хар тойрог үүсгээд хаалганы оройн өндөр ганжирыг ороон нисэлдэж байх вий. Рашёомоныг хучин  хүглийх тэнгэр  жаргах нарны  туяанд улбартаад ирэхийн хамтаар тэдний сүрэг тэнгэрт хар шош цацсан юм шиг улам тодрон харагддаг бөлгөө. Хаалган дээр хэвтүүлсэн үрэгдэгсдээс хоол шиншлэн ирж буйг нь андах юун. Тийм байтал өнөөдөр цаг орой болсных юм уу хүн байтугай хэрээ ч үзэгдэхгүй. Харин юу юугүй нурах нь гэмээр, басхүү ан цаваар нь өвс ногоо ургасан чулуун шатны дээр хэрээний сангас хаа сайгүй наалдаж хатсан байгаа нь харанхуйд цайран харагдана.  Манай гол дүр үжирч гандсан тэрлэгнийхээ хормойг хумьж долоон шат чулууны хамгийн дээд талд хөл жийн суугаад, баруун шанаанд нь батга гарсанд бага зэрэг сэтгэл түвдэнгүй бороон дуслуудыг ажсан болж  суулаа. 

Үүнийг үзэглэгч бээр “Нэгэн барлаг эр Рашёомоны дор бороо намжихыг хүлээж зогслоо”  хэмээснээр үгүүллээ эхэлсэн. Тэгээд бороо намжлаа гээд яах ийхийн тухай санасан зүйл сэдсэн зорилго бий юу гэвэл байхгүй юм. Уул ёсоороо эзнийхээ гэрийг бараадвал зохих.  Даанч дөрөв тав хоногийн өмнө хамжлагаас чөлөөтэй явах зөвшөөрөл буусан бөлгөө. Дээр нэгэнтээ дурдсан ёсоор энэ цаг нь Кёото хотын энгүй бууран доройтож асан үе бөгөөд, олон жил хөлс хүчээ өргөсөн эзнээсээ чөлөө хүртэнэ гэдэг ч мөнхүү шуурганы нэгээхэн жижиг эргүүлэг болох нь маргаангүй хэрэг.  Тэгэхээр   “Нэгэн барлаг эр бороо намжихыг хүлээж зогслоо” гэхээс илүү, “Бороонд норж хөрсөн барлаг эр очих газар зорих эцэсгүй гунихарч зогслоо” гэсэн нь  уул нь зүйтэй байж ч мэднэ. “Дөлгөөн”* эриний иргэн, энэ хар хүний сентиментализмд тэнгэрийн байдал бүүр ч нэрмээс болно.  Мичин цаг хэвийхээс авахуулаад орж эхэлсэн бороо даанч зогсох шинжгүй. Тэгээд л мань эр ямархан нэгэн аргаар маргаашийн аж ахуйгаа аялдуулахсан гэж-- тодруулвал яаж ч болохгүй юу нэгнийг яаж ийгээд болгочихсон гэж тов тоймгүй бодол эргэцүүлэл уралдуулангаа түрүүнээс хойш Улаан Шувуут замын ховил бөмбөрдөн орох бороон чимээг сонсоё ч гэсэн санаагүй сонсож суугаа нь энэ билээ.

 

II

Алсаас хурж ирсэн бороон чимээ Рашёомоныг нөмөрлөнө.  Бүрэнхий тэнгэр улам доошлон газарт ойртоод, дээшээ харвал налуу оройтой хаалганы дээвэр хүнд саарал үүлийг мөрлөн байх аж. Яаж ч болохгүй юмыг яаж ийгээд болгох хэрэг гарахаар арга ухаан шилж голж  суух сэхээ ч байхгүй болно. Шилж голж суувал халхавчны ёроол юм уу замын мөр дэрлээд өлсөж үхэхээс өөрцгүй. Тэгээд л эзэндээ хаягдсан гөлөг шиг энэ хаалгыг бараадан ирсэн нь энэ билээ. "Голж шилэхгүй гэвээс..”: барлаг эр бодоод бодоод бодын шийр дөрөв болсон бодлын үзүүрт арайхийн энд хүрлээ.  “Гэвээс” гэдэг нь даанч хэзээд “гэвээс” хэвээр л байх аж. Тэрбээр шилж сонгох сөхөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх  хэрнээ, энэхүү “гэвээс”-ийг арчаад хаяхын тулд хулгай дээрэм хийхээс өөр замгүй гэдэг үнэнтэй эвлэрэх зориг гаргаж чадахгүй суусаар байж. 

Хар хүн нэг том найтаагаад цуцсан шинжтэй босч зогслоо. Үдшийн сэрүү буусан Кёото гал ноцоож дулаацмаар хүйтэн болж амжжээ. Салхи үдшийн бүрэнхийн хамтаар хаалганы багана хоорондуур дур зоргоороо нэвтлэн хүүгэнэ. Улаан будагт баганын оройд сууж асан хүүрэлзгэнэ ч хаа нэг тийшээ арилаад өгч. Мань эр хүзүүгээ нугдайлгаж цайвар шаргал дотуур цамцан дээр хар хөх хүрэм хэдэрсэн  мөрөө өргөөд хаалганы хавь орчмыг тойруулан харав. Бороо шорооноос халхалж бусдын нүднээс нуугдаад нэг шөнийг бие амар өнгөрүүлчихмээр газар харагдвал юутай ч тэнд өглөөг хүлээе гэж бодож байлаа. Азаар хаалганы дээвэр өөд гарах мөн л улаанаар будсан өргөн шат нүдэнд туслаа. Дээр бол хүн байлаа ч бүгд нөгөө ертөнцөд одогсод. Ташаандаа зүүсэн гурван толгойт бариултай бүдүүн сэлмийг хуйнаас нь алдуурахааргүй болгоод сүрлэн шаахайт хөлөөр шатны хамгийн доод талын гишгүүр дээр гишгэв.

Үүнээс хэдэн мөчийн дараах явдал. Рашёомоны орой уруу хөтөлсөн өргөн шатны дунд хавьцаа нэгэн эр муур шиг биеэ хурааж амьсгаа түгжээд дээвэр ширтэж хэвтэнэ. Дээврээс тусах галын бүүдгэр гэрэл  түүний баруун шанаанд тусч байна. Тачир сахалтай, бөндийж улайсан батгатай шанаа аж. Анхнаасаа дээвэр дээр дан нөгөө ертөнцөд одогсод байгаа гэж омтгойрсон байжээ. Хоёр гурван шат өгсөөд хартал дээвэр дээр хэн нэгэн гал түлж, тэр байтугай галаа ганц нэг засч суугаа бололтой юм.  Сүүдэртсэн улбар гэрэл нь булан тохойгүй аалзны шүлс хэрсэн таазны ард сүүмэлзэн тусч байгаагаас андашгүй. Ийм бороотой шөнө Рашёомоны дээвэр дээр гал засч суугаагаас хойш зүгээргүй нэгэн байгаа нь лав.

 

III 

Тэрээр гүрвэл шиг мярааж гэтсээр огцом шатны хамгийн дээд гишгүүр өөд арайхийн мөлхөж гарав. Биеэ аль болох нам хэвтэж, эрүүгээ аль болох урагш нь сунгаад хаалган доторхыг халган халган харлаа. Хартал дотор талд хэдэн цогцос хамаа намаагүй хаягдсан байх нь хов ярианы үнэнийг батлан байх агаад санасныг бодвол галын гэрэл хавь ойрыг гэрэлтүүлж шалихгүйн улмаас хэд гэдгийг нь хэмжиж тоолох аргагүй аж. Гахцхүү энэ дунд хувцастай болон хувцасгүй үхдэл байгаа гэдгийг бүдэг бадаг баримжаалж болохоор байв. Мэдээж эрэгтэй эмэгтэйгээрээ ч холилдсон байгаа бололтой. Эд бүгд нэгэнтээ амьд хүн байсан гэдэг үнэнд эргэлзэмээр, шавар зуурч хийсэн хүүхэл шиг амаа ангайх нь ангайж гараа сунгах нь сунгаад шалаар нэг сарайж хэвтэнэ. Түүнчлэн мөр, цээж гэсэн товгор хэсэгт нь  бүдэг галын гэрэл тусч бусад хэсгийг нь улам харанхуйлаад мөнхийн анир чимээгүй.

Хар хүн үхэгсдийн үнэрт эвгүйрхэж өөрийн эрхгүй хамраа дарав. Гэвч дараагийн агшинд дарсан гар нь хамраа мартав. Ямар нэгэн хүчтэй мэдрэмж түүний хамаг л мэдрэхгүйг хааж таглаж орхисонд хамаг  учир нь байсан бөлгөө.

Үхдэлүүдийн дунд хэн нэгэн сөхөрч суугааг харсан нь тэр юм. Бор кимоно,нам нуруутай, туранхай, цагаан толгойтой самж мэт хөгшин эмгэн аж. Эмгэн баруун гартаа нарсны цучил бариад аль нэг үхдэлийн нүүр өөд шагайн харж байна. Урт үстэйг бодоход эмэгтэй хүний цогцос бололтой.

Мань эр зургаан хувийн айдас дөрвөн хувийн сонирхолдоо хөтлөгдөөд амьсгаа авахаа ч мартаад харж байсан байна. Хуучны бичээчээс үг зээлдвэл “хуйхны үс босох” шиг л болжээ. Гэтэл өнөө эмгэн нарсны цучлыг шалны хавтан завсар зоож орхиод, тэгээд сая харж суусан үхдэлийн хүзүүнд хоёр гараа сунган хүрмэгц яг л эх сармагчин хүү сармагчингийн бөөсийг хэрхэн түүдэг шиг, түүний урт үсийг нэг нэгээр нь сугалж эхэллээ. Үс нь төвөггүй сугаларч байгаа бололтой.

Үсний ширхэг нэг нэгээр сугалархын хэрээр барлаг эрийн дотроос айдас бага багаар үргэж арилав. Арилахтай зэрэгцээд хөгшин эмгэнд хорссон хачин их жигшил зэвүүцэл огшоод ирлээ. Байз, эмгэнд хорссон гэвэл буруу илэрхийлсэн болж магад. Үнэн хэрэгтээ хорвоо ертөнцийн хамаг л муу муухайд хандсан дургүйцэл хором хормоор хүчээ аван түрж ирж байсан нь тэр юм. Яг энэ агшинд хэн нэгэн түүнд өлсч үхэх үү, хулгай дээрэм хийх үү хэмээх саяхан хаалган доор эргэцүүлж суусан сонголтыг нь сануулах аваас эргэлзэх юмгүй өлсч үхье гэх байсан биз. Төдий зэргийн хүчээр алив мууг үзэн ядах сэтгэл шаланд хатгаатай нарсны цучил шиг л сэтгэл дотор нь шатаад ирж.

Түүнд эмгэн яагаад үхэгсдийн үсийг зулгааж суугаа юм мэдээж мэдэх юм байсангүй. Тийм болохоор учир шалтгааныг ухвал сайн уу муу юу алин бэ гэдгийг шүүн тунгаасангүй. Юутай ч түүний хувьд энэ бороотой шөнө Рашёомон хаалганы дээр үхэгсдийн үс зулгааж сууна гэдэг бол өршөөж уучлахын аргагүй үзлийн муу зүйл байлаа. Мэдээж дөнгөж саяхан болтол өөрөө хулгай хийх сэдэлтэй сууж байснаа аль хэдийнээ мартаад байлаа.

Тэр гэнэтхэн өндөс хийж шатан дээрээс үсэрлээ. Гурвалсан эвэр бариултай бүдүүн сэлмээ атгаад хөгшний зүг зоримог алхав. Эмгэний гайхсан цочсон нь хэмжээлшгүй. Түүнийг хармагцаа эгээ л нумнаас тавьсан сум шиг үсрэн босов.

“Хөөе, хаачихнав”

Үхдэлүүдэд тээгэлдэн сандарч зугтахыг оролдох эмгэний замыг хаагаад ингэж зандрав. Эмгэн бол тэгсэн ч гэлээ түүнийг түлхээд зугтаах гэнэ. Мань эр явуулахгүй гэж буцаагаад түлхэнэ. Хоёул баахан цогцсын дунд үг дуугүй хэсэгтээ зууралдав. Гэсэн ч хэн ялах нь анхнаасаа хэн хэнд нь ойлгомжтой байлаа. Тэр сүүлдээ эмгэний бугалганаас зуурч байгаад хүч мэдэн мушгиад унагаж орхив. Яг л тахианы хөл шиг яс арьс болсон гар байв.    

“Юу хийж байгаа юм? Хэл. Хэлэхгүй бол энүүгээр..”

Тэр эмгэнээс салангуут гэнэт илднийхээ хуйг мулталж гялалзсан өнгөт ган төмрийг гаргаж нүүрэнд нь тулгав. Даанч эмгэн ганц үг ган хийсэнгүй. Хоёр гар нь салганан хүндээр амьсгаадаж, нүд нь юу юугүй зовхиноосоо бүлтрэн гарах нь уу гэлтэй харагдавч нүдээ том нээж харсан чигтээ хэлгүй юм шиг таг чиг. Түүнийг хараад энэ хөгшний үхэл амьдрал бүхэлдээ өөрийх нь гарт атгаатай байгааг анх удаагаа анзаарлаа. Анзаартал айхавтар дүрэлзэж асан хорсол жигшил нь унтраад ирэв. Үлдсэн нь гэвэл ямар нэгэн ажлыг яс сайн хийсний дараах амгалан  хийгээд бардам сэтгэл ханамж төдий. Тэгээд тэр эмгэний дээрээс харангаа дуугаа арай зөөллөөд ингэж хэллээ.    

 

IV

“Би цагдах албанаас яваа хүн биш. Энэ хаалганыг дайрч таарсан явуулын хүн байна. Тиймээс чамайг боож элдэвлэх санаа алга. Харин өдийд энэ дээр юу хийж сууснаа л надад хэлээд аль. ”

Тэгж хэлтэл эмгэн дүрлийтэл харж байсан нүдээ улам том нээж хар хүний нүүр рүү цоргитол ширтэв. Зовхи нь улайсан, махчин шувууных мэт хурц нүд байлаа. Тэгээд үрчлээтээд бараг л хамартайгаа нийлж орхисон уруулаа ямар нэг юм хазаж байгаа мэт хөдөлгөв. Нарийхан хүзүү, төвөнх нь гүрдийж харагдана. Энэ мөчид тэр хоолойноос хэрээ гуагчих шиг хахир хэрчигнэсэн дуун хар хүний чихэнд сонстож ирлээ.

“Энэ үсийг зулгаагаад, энэ үсийг зулгаагаад байна шүү, хиймэл үс хийе гэж санасан юм”

Санаснаас хамаагүй эгэл хариултанд тэр санаагаар уналаа. Санаагаар унахтай зэрэг саяхны үзэн ядалт, хүйтэн үл тоомсорын хамтаар сэтгэл зүрхний гүнд эргээд огшоод ирэв. Түүнийг нь эмгэн ч гадарлах шиг боллоо. Нэг гартаа сая талийгчийн толгойноос үгтээсэн үсийг бариад мэлхий бавтнах шиг дуугаар түгдчэн барин ийн өчлөө.  

“Тийм дээ, талийгчийн үсийг зулгаана гэдэг үзэшгүй муу явдал байх. Гэхдээ л энд байгаа талийгчид бүгдээрээ тэр зэргийг үзэхдээ таарсан улс байгаа юм. Сая би үсийг нь авч байсан эмэгтэй байна шүү дээ, могойг төө төөгөөр хэрчиж хатаагаад, хатаасан загас гээд хэвтүүлийн улсуудад зарахаар явж байсан. Өвдөөд өнгөрчихөөгүй бол одоо ч тэгээд зарж байгаа. Түүгээр ч барахгүй, хэвтүүлийн цэргүүд тэр загасыг нь амт сайтай гэлцээд даруулга болгож дандаа авдаг байсан гэнэ. Би энэ хүүхний хийснийг буруушаахгүй ээ. Өлсөж үхэхгүйн тулд өөр аргагүй болоод тэгсэн биз. Тийм юм чинь саяны миний хийж байсныг ч муу зүйл гэж бодохгүй байна. Аргагүйдээд амиа аврахын тулд л хийж байгаагаас цааш. За тэгээд ч тийм ягтсан байдлыг яс махандаа мэдэрсэн энэ хүүхэн миний алдаанд ч уужуу сэтгэлээр хандах байлгүй.”

Эмгэн багцаагаар нэг иймэрхүү юм хэллээ. 

Хар хүн сэлмээ гэрт нь буцааж эвэр бариулыг зүүн гараар атгаад хүйтэн царайлан сонсож байлаа. Баруун гараар бол шанаанд товойн гарсан том батгыг тэмтрэн шаналангаа сонсож байв. Гэтэл сонсох зуур түүний дотор нэг төрлийн зүрх зориг мэдрэгдээд ирлээ. Тэр нь саяхан хаалган дор сууж байхад хар хүнд дутаад байсан зүрх зориг байжээ. Түүнчлэн хаалган дээш авирч гараад хөгшнийг заамдаж байх үеийн зүрх зоригоос бас тэс өмнөө аж. Өлбөрч үхэх эсвэл хулгай дээрэм хийхийн тухайд эргэлзэхээ больсон төдий биш. Одоо түүний сэтгэл санаа руу өнгийвөл өлбөрөх мэтийн сонголтыг бодолцож чадахааргүй болтол бодол санаанаасаа таягдан хаясан байлаа.

“Нээрэн л, тийм байх”

Хөгшнийг яриагаа дуусмагц хар хүн тавлах мэт ийн лавлалаа. Тэгээд урагш нэг алхаад баруун гарыг батганаас санамсаргүй салгаж, эмгэний захаас зуураад агсран өгүүлрүүн.

“За тэгвэл чамайг нүцгэллээ гэж уурлав. Би ч бас тэгэхгүй л бол өлбөрч үхэхэд тулаад байна ”

Тэр даруй эмгэний кимоног мултлаад авлаа. Аваад хөлд нь зууралдах хөгшнийг хайр найргүй үхдэлүүд тийш өшиглөж унагаав. Шатны ам хүртэл таван алхам л юмсанж. Хар хүн мулталж авсан хүрэн бор  кимоног сугандаа хавчуулаад нүд ирмэхийн зуур огцом шатыг уруудаж шөнийн харанхуй руу уусан алга боллоо. Хэсэг зуур үхсэн мэт хэвтсэн хөгшин үхдэлүүдийн дундаас нүцгэн өндийх нь хэдхэн хормын дараах явдал. Тэрээр шивгэнэх мэт, гиншин ёолох мэт енгэнүүлсээр асаатай хэвээр байгаа галын гэрэл бараадан шатны ам хүртэл мөлхөж очлоо. Тэгээд тэндээс богино цагаан үсийг сэгсийлгэн тонгойж хаалганы доош шагайн харав. Гадаа гүн харанхуй ноёлсон шөнө цаг хэвээр аж. Барлаг эр хаачсаныг хэн ч эс мэднэ.

 

 

-------------------------------------------- 

Акутагавагийн энэ шидээвэр өгүүллэгийг япон хэл дээр нь http://jclab.wordpress.com/2008/09/21/rashomon-1/ эндээс сонсож болно. Хүний тухай хамгийн "нүцгэн" өгүүллэгийн нэг юм. Орчин цагийн хүнийг  1000 жилийн өмнөх Рашёомон хаалган дээр аваачиж нүцэглээд түүхээр түүхий эд хийн хүүрнэсэн төгс зохиомж бол Акутагавагийн суу билиг. Тиймдээ ч уншихад ч орчуулахад ч дулаан оргихгүй. Гэхдээ Акутагава амьдралд,  "хувцсанд" түй гэж тоож ач холбогдол өгөөгүй, урлаг бүхнээс дээр, урлаг бүхний өмнө, даарлаа ч, өлслөө ч урлагт бүхнийг.  Ийм хүйтэн, ихэмсэг харцаар ертөнцийг харсан түүний зохиолууд их гоёмсог, өөрсдөө урлаг болсон. Орчуулахаар, ялангуяа сайн дурын би орчуулахад хайран юм..гэхдээ яая гэхэв дурлаад болсонгүй. Дашрамд хэлэхэд Куросавагийн Рашёомон бол Акутагавагийн өөр нэг шидээвэр "Шугуйд"  богино өгүүллэгээс сэдэвлэсэн, гэхдээ энэ зохиолоос бас зарим зохиомжоо санаа авсан юм гэсэн. Орчуулагч @bolushka  2011/02/06

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5578

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%