Хөдөлмөр хүнийг бий болгодог

Талд оторлож байсан адуу нь хуйлран нэг зүйлээс айн үргэж эхлэв. Эр хүний жаргал эзгүй хээр гэж адуучин хүний хувьд адуу нь оторлож өвсний шимтэй газрыг олон тогтож тайван налайх нь нэг төрлийн сэтгэлийн амар амгалан гэлтэй. Сэтгэлийн амрыг эвдэж адуу нь давхийн үргэсэнд адуучин Даваажав гайхаж, эхлээд хээрийн боохой байна гэж бодов. Гэтэл үргэсэн зүйл нь боохой биш харин эхүүн шатсан үнэр гарахад Түймэр! гэж аман дотроо шивнэв. Дахин чанга дуугаар:
- Түймэр!, босоорой хүүхдүүдээ гал гэж орлив. Даваажав гурван хүүгээ дагуулаад адуугаа оторлуулж яваа нь энэ. Гэнэтийн тайван байдлыг эвдсэн энэ гамшиг дунд хамгийн гол нь ухаантай байх хэрэгтэй ба хүний эцэг, Монгол адуучин хүний хувьд аль алийг нь тогтоож, хяналттайгаар зөв зүгт залан, хэн хэнийгээ эрсдэлд оруулахгүй байх нь чухал бөгөөд салхины эсрэг зүгт адуугаа сөргүүлэн туув. Гурван хүүгийнх нь нүд шөнийн сарны гэрэлд гялалзаж, аавынхаа царай өөд харав.
- Гай газар доороос гэж энэ дээ. Адуучин хүн ямагт болгоомжтой байх ёстой гэж хэлээд уртаар санаа алдав. Маргааш явсаар нэгэн сонин сайхан газар оторлож хүрлээ. Учир юу гэвээс, очсон газрын ихэнх нь түймэрт өртсөн хэрнээ хэсэг газар галд огт өртөөгүйн дээр гал дугуйран тойрч ассан байв. Хөвгүүд дотроос Ганхуяг түрүүлэн ам нээж:
- Ааваа, энэ газар яагаад шатаагүй юм бол гэхэд аав нь тэнгэр өөд харан залбирч:
- Арга ухаан, эрдэм чадал тэнгэрт хальсан ч гэсэн үүрд оршин тогтнодог юм байна гэж хэлээд хүүхдүүдээ! энэ бол маш мундаг лам болох Гэсэр гэдэг хүний онго юм. Тэр овоолсон чулуу булш нь бөгөөд суугаараа тарнийн хүчээр жанч халсан айхтар хүн дээ. Нутаг усандаа ч гэсэн мундаг зүйл хийсэн тун ч их эрдэм чадалтай хүн байсан юм. Хажууд байгаа жижигхэн овоолсон чулуу бол түүний ууган шавийнх нь булш. Мөн л багштайгаа адилхан тарнийн хүчээр суугаагаараа жанч халсан юм. Хардаа хүүдүүдээ, энэ эрдэмтэй хүмүүсийн булшийг түймрийн гал хүртэл дайраагүй тойрч шатсан байгааг гэж хэлээд холоос сүслэн мөргөж, хөвгүүдээ хүртэл мөргүүлээд адуугаа туусаар одлоо. Ганхуяг аавынхаа нь хэлсэн энэ олон үг дотроос "Эрдэм чадалтай байх нь хүний орчлонгийн хамгийн дээд эрхэм зүйл юм байна" гэж ойлгож авчээ. Намар боллоо. Хангай дэлхий алтан шаргал дээлээ нөмөрч, хүүхдүүд мориндоо мордож аав ээждээ үнсүүлэн эрдэм сурахаар сумын төвийг зорино. Аав ээж хоёр нь арван хүүхдээ тэжээх гэж борви бохис хийлгүй ажилладаг тун хөдөлмөрч хүмүүс юм. Нутаг усандаа ч ихээхэн алдартай. Ганхуяг хүүгийн бахархал бол аав нь аймгийн болон улсын сайн малчин гэх эрхэм алдар бөгөөд малтай холбоотой, нутаг устай холбоотой янз бүрийн асуудал гарахад нутгийн олон аав Даваажаваас нь л ирж сураглаж, арга ухаан сурдаг байв. Аав нь ч энэ бүхэнд төвөгшөөлгүй хариулж, чадах чинээгээрээ туслахыг хичээдэг байлаа. Цаг өөр болжээ. Одоо цагт хүн дан ганц мал дагаж амьдрах биш, эрдэм мэдлэгтэй болох хэрэгтэй. Мянган адуутай хүн мянган хүнийг уналгатай болгож чадах бол эрдэм мэдлэгтэй хүн хэдэн сая хүнийг уналгатай болгож чадна гэж Даваажав бодно. Ингээд бусад хүүхдүүдийн адил Архангай аймгийн Цахир сумын төв дээрх дунд сургуульд Ганхуяг хүүгээ оруулсан юм. Эцэг эхээсээ холдох хэцүү байсан ч гэсэн аавынх нь хэлсэн үг бүр сэтгэлд бууж байсан тул эрдэм сурна гэдэг бол хамгийн том оюуны хөдөлмөр юм гэж ойлгож, хичээн суралцах болжээ. Энэ бол 1971 он байлаа. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө. Зуны амралтаараа аав ээждээ тусалж, үеийнхэнтэйгээ ноцолдож, морь сургаж, чийрэг биетэй чанга залуу болж нэг мэдэхэд сургуулиа төгсөх боллоо. 1981 онд Тариат сумын дунд сургуулийг төгсөв. Тэр шөнө нойр хүрсэнгүй. Учир нь сурсан мэдсэн зүйлээрээ маргааш шалгалт өгөх өдөр. Хар багаасаа л сургуулийн дотуур байранд сууж өссөн түүнд амьдралдаа өөрөө шийдвэр гаргах чадвар тэгэхэд төлөвшсөн юм. Үеийн залуусаасаа сурлага хөдөлмөрөөр гоц ялгарч онц сурлагатан байсан түүнд сургуулийн удирдлага болон сумын захиргаа ихээхэн найдлага тавьж, ирээдүйд сумандаа их зүйл хийж бүтээнэ гэж итгэдэг байв. Хүсэн хүлээсэн шалгалт боллоо. Энэ удаагийн шалгалт бол энгийн нэгэн улсын шалгалт биш бөгөөд бүхий л хүчин чармайлтаа дайчлах уралдаант шалгалт байсан юм. Хэрэв тэнцэх юм бол ЗХУ-д суралцана. Босоо жинсэн өмд, банзан гитартай ах нар хааяа сумын төв дээр ирж тоглолт хийх бөгөөд энэ ах нар шиг гоё хувцаслах, жинсэн өмд орост байдаг гэх хүүхдийн мөрөөдөлд автана. Аавынх нь захиас, ээжийнх нь хайр нүдэнд нь харагдаж байсан учир шалтгалтаа маш амжилттай өгч ЗХУ-ын (хуучин нэрээр) Одесса хотын Цэргийн дээд сургуулийн холбооны инженерийн ангид суралцах хуваарь авчээ. Хүний амьдралын хувь заяаны буруу эргэлт нь заримдаа аз авчрах нь бий бөгөөд түүнд тохиолджээ. ЗХУ-руу цэргийн сургуульд явах залуусыг 45 хоног карантилдаг байлаа. Карантийнын хаалтын баяр дээр Ганхуяг барилдаж байгаад өрөөсөн гараа ноцтой гэмтээжээ. Бүх зүйлд ноцтой ханддаг байсан эмч нар түүний гарыг үзээд:
- Сургуульд явуулах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Жирийн малчны, бор зүрхээрээ яваа хөдөлмөрч хүү өөрийн ганц дотны зөвлөх болох ааваасаа асуужээ. Аав нь:
- Эр хүний нэгэнт зориод бүтээгүй юм хэрэггүй дээ. Өөр сургуулийн ая бодсон нь дээр. Зоригтой байгаарай гэж хүнээр хэлүүлэв. Аавынхаа үгэнд орон гараа эмчилж байгаад дахин уралдаант шалгалтанд орж өөрийн хамгийн дуртай зүйл болох өөрийнхөө сонирхдог физикийн ангийг сонгож УБДС-ийн оюутан болов.Тухайн үед япончууд “Говь” комбинатыг барьж өгснөөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж өгөхөөс өөр арга байсангүй. Иймээс МУИС, УБДС-уудаас математик, физикийн хичээлд сайн оюутнуудаас Японы их, дээд сургуульд сонгон шалгаруулж авах болсон байдаг. Манай боловсролын тогтолцоо 10 жил, Японых 12 жил байсан учраас их, дээд сургуулиудаас 2-3 оюутан Японд суралцуулах шийд гарсан аж. Японы ЭСЯ-аас математикийн шалгалт авахад Д.Ганхуягийн хувьд химийн инженерээр суралцах шийдийг дээрээс өгсөн учраас химийн хичээлээр нэмж шалгалт өгснөөр тэнцэж Япон явах болов. Аав ээж хоёр нь эхэндээ дургуй байсан ч цаг өөр болсон, энэ Соцалист тогтолцоо удаан үргэжлэхгүй гэдгийг мэдэж байсан учир арга буюу зөвшөөрлөө. Ингээд МУИС дээр Укада гэх япон багшаар хичээл заалгаж эхэлжээ. Япон руу явахын өмнөхөн Укада багш тэдэнд тус бүрт нь 25 доллар өгчээ. Нэгэнт хөрөнгөтөн оронд явж суралцах нь тодорхой болсон хүүхдүүдэд холбогдох яамдуудаас үзэл суртлын талаар хүчтэйхэн санамж өгчихсөн учраас бүр Японд очсон хойноо сая нэг үрсэн гэдэг. Тухайн цагт насанд хүрэгсэд бүү хэл залуус ч гэсэн айдас түгшүүрт автдаг байсан нь мэдрэгдэж байгаа биз. Эндээс “14 хоногийн турш эх орондоо үйлдвэрлэсэн хувцас өмсөх ёстой” гэж чиглэл өгсөн боловч Японд буугаад л халуун агаар өмнөөс үлээх нь тэр.
Тэр үе бол 1984 оны 4-р сар байлаа. Угтагсдын дотор нэгэн монгол эр байсан нь Японд хэлний боловсролоо дээш­лүүлж байсан НАХ яамны хүн аж. Хаа очиж тэр хүн “Та нар наад хувцастайгаа барахгүй” гэж хэлснээр дагуулж яван тэтгэмж болгон өгсөн 60 мянган иенээр шорт, футболк гээд халуунд тохирохуйц хувцас авч өгчээ. Гял цал болсон ертөнц, бас буруу талдаа жолооны хүрдтэй машин, чийдэнгийн шил нь буруу эргэгдэж ордог гээд тэс өөр ангид орчинд очсон нь гайхал төрүүлсэн нь ойлгомжтой. Ингэж Токио хотын Гадаад хэлний дээд сургуулийн харъяа Япон хэлний сургуульд нэг жил суралцахаар болов.
1989 онд хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн залуухан инженер Монголдоо ирж “Говь” ком­бинатад инженер-технологичоор ажилд орлоо. Японд ижил төстэй үйлдвэрүүдэд дадлагажигчаар ажиллаж байсан болох­лохоор гайхан цочирдоод байх шинэ зүйл байсангүй. Тун удалгүй хүслэн болсон зүрхэн дамжлага дээрээ очлоо. Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанартай утас ээрч, сайн будах хэрэгтэй. Гэхдээ гэмтээлгүйгээр будна гэдэг ярвигтай асуудал. Уг цехдээ технологич инженерээр ажиллаж байгаад ээрэх, будах үйлдвэрийн дарга болж дэвшлээ. Япон менежмент, ажиллах арга барилд суралцсан түүнд ажилчид бус хэвшмэл сэтгэлгээтэй, шинэлэг зүйлийг хүлээн авах чадваргүй хөшүүн хойрго дарга, удирдлагууд тээртэй санагддаг байсан гэнэ.
“Говь”-д ганц хоёрхон жил ажиллах хооронд л моно­поль хувийн хэвшлүүд үй олноороо төрж толгойтой болгон наймаанд хошуурлаа. Америкийн ардчилал, Японы эрх зүйт төрийн байгууллагыг ихэд дэмждэг, аль эрт нүд тайлсан Д.Ганхуяг нөхдийнхөө хамт Ардчилсан холбооны салбарыг байгуулж даргадаа загнуулж байсан гэдэг. Шинэ нийгэм түүнд шинэ биш байсан нь ойлгомжтой. Тийм ч учраас тэр хувийн хэвшлийг сонгохоор шийджээ. “Говь” үйлдвэр нэ­гэнт технологийн дагуу хэвийн ажиллаж чадахаар болсон, тэгээд ч Японы ЭСЯ-аас олон төсөл хэрэгжүүлэхэд өндөр боловсролтой, хэлтэй хүн хайх болсон зэрэг нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь хэзээ мөдгүй зогсчих гээд байсан 4-р цахилгаан станцыг хэвийн ажиллуулахад Японы төсөл хэрэгтэй бай­сан учраас орчуулагчаар явсан явдал байлаа. Дунд сургуулийн дотуур байранд байхдаа шийдвэр гаргах ухаан тухайн үед хүчтэй нөлөөлж өөрийнхөөрөө явмаар санагдаж Говь-оос хоёр найзыгаа дагуулж гарсан юм. Тухайн үед толгойтой болгон ганзагын наймаанд хошуурч байв. Гэхдээ Ганхуягт арай өөр бодол байв. Сурч дассан Япон орноо түшиглэмээр санагдаж Япон Монголыг холбосон компани байгуулъя гэж шийдлээ. Хоёр улсыг холбож байгаа учир "Гүүр" буюу Бридж хэмээх нэрийг компанидаа өгчээ. Тухайн үедээ амжилттай ажиллаж байсан Тахь Ко гэх компаний байранд хуучин шар ширээ, хоёр хар сандалтайгаар ажлаа эхлэв. Тэр болгон хүмүүсийн эзэмшээд байдаггүй мэргэжилтэй, дээр нь Япон хэлтэй байсан учир маш том давуу талаа болгож Монголд хэрэгжиж байгаа бүх Япон Монголын хамтарсан төсөлд орчуулганд явдаг байлаа.1994 он гэхэд нэг удаагийн орчуулганд явахдаа 150$ хөлс авдаг болов. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын уурхайн "Коматцү" төсөл, 4-р цахилгаан станц гээд л том том төслүүд дээр ажиллаж байв. Хааяахан нутагтаа очиж морины захад хэвтэн, аав ээжтэйгээ хөөрөлдөж, ах дүү нартайгаа тэнгэр өөд од ширтэн хэвтэх юмсан гэсэн мөрөөдөл төрдөг байв. Энгийн сайхан гэрийн амьдрал нь хожим түүний очихыг хүссэн мөрөөдөл нь болох юм гэж даанч Ганхуяг төсөөлсөнгүй. Угаасаа хөдөлмөрч зантай түүний бизнес жил ирэх тусам өсч эхэлжээ.
- 1995 онд ноолуурын бизнес рүү орлоо. Малчин хүний арга ухаан энэ бизнесийг нь хөгжүүлэхэд ихээхэн нэмэр болов.
- 1996 онд "Бридж констракшн" компианаа байгуулж тухайн үеийн Монгол улс Японы засгийн газартай хамтарсан тусламжийн болон бусад барилгын ихэнх ажлыг гүйцэтгэх боллоо. Энэ ажлынхаа туршлагын ачаар хожим маш олон барилга байгууламж барьж, улсынхаа хөгжил дэвшил, өнгө чанарт хувь нэмрээ орууллаа. Олон ч залуусыг ажлын байраар хангаж эхлэв. Ингээд Бридж групп цаашдаа Монголын байр сууриа хадгалсан томоохон групп болох хөгжлийн замд эргэлж буцалтгүйгээр урагшилсан юм.
- Энэ үеүүдэд мөн Архангай аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар болон халуун рашааныг түшиглэж жуулчны бааз байгуулав.
- “Бридж”-ийн удирдлагууд л Японд сургууль төгссөн болохоос бус ажилтнууд нь Монголд боловсрол эзэмшсэн байгаа. Тэгэхээр хүнээ сургах шаардлага гарна гэсэн үг. Энэ ч утгаараа тодорхой цаг хугацааны шалгуурыг давсан ажилтнууд нь Японд очиж мэргэжил дээшлүүлдэг аж. “Бридж”-ийн гурвыг “Говь”-гүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймдээ ч хөрөнгийн зах зээл дээрээс тус компанийн 12 хувийг цуглуулж дөнгөсөн аж.
Бэлтгэсэн ноолуураа “Говь”-д угаалгаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлснээр зах зээл дээр борлуулдаг аж. Зөвхөн цамц л гэхэд гурван сая долларын борлуулалт хийдэг гээд бодохоор “Бридж”-ийнхэн ашигтай ажилладгаас гадна ухаан зарж чадаж байна гэсэн үг. Мөн мах бэлтгэлд хөрөнгө оруулж, Эрдэнэт дэх махны үйлдвэрээс хувь эзэмшдэг. Махаа Орос руу экспортлохоос гадна Япон руу өлөн гэдэс, үхрийн хэл, гүүний эхэс гаргаж байна. Монголчуудын дунд элэг өвчлөх нь түгээмэл байгаагийн улмаас “С” вирусыг эмчлэх эмийг чихэр өвснөөс гаргаж авахаар төсөл хэрэгжүүлж, Баянхонгор аймагт тариалалт явуулж байна. Энэ нь амжилтад хүрснээр “Minophagen-Е” гэдэг эм бэлдмэл гаргаж авчээ.
- Бриджис стоун дугуй, Сузуки гээд л маш олон дэлхийн брэндийг Монголдоо албан ёсоор оруулж ирлээ.
Хуулийн дагуу явах нь компаний хамгийн том өрсөлдөх чадвар гэж хэлэх дуртай Ганхуягийн товчхон намтар түүх гэвэл нэг ийм.
Биеэ засаад гэрээ зас.
Гэрээ засаад төрөө зас гэж түүн шиг хүн төрд хэрэгтэй гэж би бодож байна.

"Мянган адуутай хүн мянган хүнийг уналгатай болгож чадна. Харин эрдэм мэдлэгтэй хүн сая сая хүнийг уналгатай болгож чадна"

гэж хэлсэн аавынх нь үг түүнийг ийм амжилт өөд хөтөлжээ. Хүн ямар ч байж болно. Малчин эсвэл барилгачин. Хамгийн гол нь хийж байгаа зүйлийнхээ мөн чанарыг ойлгож эрдэм ухааны бодлын чанадад өөрийгөө хөтлөн аваачих ухаанд суралцах хэрэгтэй. Энэ бол амьдралын ухаан, гэрийн ухаан, суурь хүмүүжил гэж би бодож байна. Хөдөлмөр хүнийг бий болгодог.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%