Сонгох эрхтэй ч түүнийгээ эдлэхгүй бол хэрэг нь гарахгүй

Миний хувьд 2004 оны УИХ-ын сонгуульд саналаа өгснөөс хойш гадаадад сурч, ажиллаж байсан учраас тухайн үеийн хуулиас болж 2008, 2012 оны сонгуульд саналаа өгөх боломжгүй байсан юм. 2 сарын өмнө гарсан Цэцийн дүгнэлтийн гороор гадаадад буй 100 мянга гаруй сонгогчид ч энэ удаа сонгох эрхээ эдэлж чадахгүй болсон нь харамсалтай. Гэвч, миний хувьд Монголдоо ажиллаж амьдарч буй учраас УИХ-ын 8 дахь удаагийн сонгуульд ардчилсан улсын иргэний хувьд оролцож саналаа сая өгчихөөд ирлээ. Монгол ардчилсан дэглэмтэй байгаа нь бидний бахархал, үүнийгээ бид арчилж хамгаалах ёс суртахууны үүрэгтэй учраас ардчилсан сонгуулийн ач холбогдлын талаар товч тайлбарлаж, бусад иргэдийгээ, ялангуяа залуучуудыг сонгуульд оролцож саналаа өгөхийг уриалж байна.
 
Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласнаар төрийн эрх мэдлийн эх үндэс нь ард түмэн. Ардчилсан нийгэмд иргэд хэн нэгний тогтоосон хуульд бус харин өөрсдийн сонгосон төлөөлөгчдийн баталсан хуульд захирагдаж амьдардаг учраас эрх чөлөөтэй. 1990 он хүртэл Монголчууд өөрсдийн эсхүл өөрсдийн сонгосон төлөөлөгчдийн баталсан хуулийн дор бус хаад, язгууртан, намын дарга нарын баталсан хуулийн дор амьдарч ирсэн учраас тэр үед улс төрийн эрх чөлөөгүй байсан юм.
 
Ард түмний сонгосон хүмүүс хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрх ардчилсан сонгуулийн дүнгээр улс төрийн нам, эвслийн хооронд шилждэг. Монголд парламентын сонгуулийг нийт 7 удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг нийт 6 удаа амжилттай явуулжээ. Энэ бүх сонгуулийн үр дүнгийн дагуу төрийн эрх мэдлийг хүч хэрэглэхгүйгээр нэгээс нөгөөд шилжүүлж ирсэн байна. Жишээ нь, 1996 онд МАХН Ардчилсан холбоо эвсэлд, 2000 онд Ардчилсан холбоо эвсэл МАХН-д, 2012 онд МАН Ардчилсан намын бусад нам, эвсэлтэй байгуулсан эвсэлд Засгийн газрыг эмхлэн байгуулах эрх мэдэл очсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс, эрх баригч ямар ч нам байсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, үүний дагуу эрх мэдлийг сөрөг хүчинд шилжүүлэн өгдөг болсон нь өнгөрсөн хугацаанд олсон амжилтуудын нэг яах аргагүй мөн.
 
Монголд сонгууль булхайтай явагдсан гэх хардалт, шүүмжлэл гардаг. Ер нь эхнээсээ төгс шударга явдаг сонгууль гэж байхгүй. Дэлхийн бусад ардчилсан орнуудын түүхэнд ч сонгуулийн булхай гарч байсан, харин түүнийгээ аажмаар багасгах замаар шийдэж иржээ. Харин манай сонгуулиуд харьцангуй шударга явж ирсэн байдаг. Үүнийг гадны ажиглагч, судлаачид ч хэлдэг. НҮБ-ээс, Япон, АНУ, Европын холбооноос, мөн дэлхийн томоохон хэвлэлийн агентлагуудаас төлөөлөгч нар ирж ажиглалт хийгээд манай сонгуулиуд ноён нуруугаараа шударга явагдсан, иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадсан гэсэн дүгнэлт гаргаж байв. Фрийдом Хаусын судалгаагаар ч мөн ингэж гардаг.
Ардчилсан сонгууль явуулж, түүнийхээ үр дүнгээр төрийн эрх мэдэл улс төрийн нам, хүчнүүдийн хооронд шилждэг нь ардчиллыг шинээр тогтоосон улс орон бүрд байдаг жишиг биш. Жишээлбэл, Бирм буюу одоогийн Мьянмар улсад 1990 онд парламентын сонгууль явагдахад сөрөг хүчин болох Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам 80 орчим хувийн саналаар ялалт байгуулжээ. Гэвч, цэргийн эрхтнүүд уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сөрөг хүчний намын дарга Ан Сан Су Чиг гэрийн хорионд оруулж, бусад лидерүүдийг нь хорьж цагдан улс орноосоо дайжихад хүргэсэн түүх бий.
 
2016 онд явагдаж буй УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль ч өмнөх 7 сонгуулийн адил амжилттай явагдана гэж итгэж байна. Сонгуулийн дүн зохих хэмжүүрийн дагуу ямар ч гарсан бай хүлээн зөвшөөрч түүний дагуу УИХ, Засгийн газар эмхлэн байгуулагдах ёстой. Ардчилсан Монгол Улсын иргэн та саналаа өгөөгүй байгаа бол өнөөдөртөө багтаж өгнө үү.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4865

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%