Нийтлэл 07 сарын 03, 2016

Электрон машин газрын тосны салбарт дараагийн хямралыг авчрах уу?

Ямар ч шилдэг технологийн хувьд хэрэглэгчид өөр технологи руу урвах нь зөвхөн цаг хугацааны л асуудал байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ухаалаг утасны шинэ эрин үе ирж, 1970 оны өнгөт телевиз өөрчлөгдсөн бол 21-р зуунд шатахуунаар явдаг автомашин өөрчлөгдөж болох юм. Харин хэрэглээний өөрчлөлт яг хэзээ вэ гэдгийг тодорхойлох хэцүү ч дэлхий даяар өөрчлөлт хурдацтай явагдаж байна.

2020 он гэхэд электрон машины эрин үе эхлэх магадлал тун өндөр байна. Өнгөрсөн жил цэнэглэгч зайн үнэ (battery) 35 хувь буурсан ба ирэх 6 жилд электрон тээврийн хэрэгсэл шатахуунаар явагч машиныг орлох бүрэн боломжтой байгаа талаар Bloomberg New Energy Finance байгууллагын судалгаанд дурьджээ. Энэхүү судалгааны үр дүн бодитой хэрэгжвэл зах зээл тэр чигээрээ электрон машин руу хошуурах болно.

Судалгаагаар 2040 он гэхэд электрон машины дундаж үнэ 22,000 ам.доллараас бага болох төлөвтэй байгаа аж. Мөн дэлхийн зах зээлд гарах нийт машины 35 хувь нь цэнэгээр явдаг тээврийн хэрэгсэл болохоор байна.

Газрын тос нийлүүлэгч компаниуд энэ асуудалд тийм ч их санаа зовохгүй байгаа бололтой. Учир нь одоогоор цэнэгээр явдаг электрон машин дэлхийн нийт машины зах зээлийн 0.1 орчим хувийг эзэлдэг. Электрон машин ихэнх орны зах зээлд нэвтрээгүй, үнийн хувьд шатахуунаар явдаг машинаас өндөр байгаа юм. Газрын тос нийлүүлэгч орнуудын нэгдэл OPEC-н зүгээс электрон машин 2040 онд дэлхийн нийт зах зээлийн дөнгөж 1 хувьд хүрнэ гэсэн тооцоог хийсэн байна. Мөн Conoco Phillips компанийн гүйцэтгэх захирал Ryan Lance хэлэхдээ электрон машин ирэх 50 жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт авчирч чадахгүй байх гэжээ.

Гэвч электрон машины зах зээлийн дараах тоонуудыг анхаарч үзэх шаардлагатай юм. Ирэх цөөн жилд электрон машин үйлдвэрлэгч Tesla, Chevy, Nissan зэрэг компаниуд бүтээгдэхүүнээ 30,000 ам.доллараас доогуур үнээр зарж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Бусад машин үйлдвэрлэгч болон технологийн компаниуд хэдэн арван тэрбум долларыг шинэ электрон машины загвар үйлдвэрлэхэд хөрөнгө оруулахад бэлэн байгаа нь харагдсан.2020 он гэхэд эдгээр шинэ загварын үнэ хурдацтай буурч, шатахуунаар явдаг машинаас илүү дээр сонголт болохоор байгаа юм. Электрон машин үйлдвэрлэгчдийн хувьд АНУ-н тансаг загварын машин үйлдвэрлэгч томоохон компаниудын борлуулалтаас давж гарсан Tesla-н Model S загварын амжилттай тэнцүү хэмжээнд хүрэх машин үйлдвэрлэхийг зорьж байна. 

Гол асуулт нь эдгээр электрон автомашин хэр их газрын тосны эрэлтийг орлох вэ? Мөн эрэлт нь буурсан газрын тосны салбар хэзээ томоохон хямралтай нүүр тулах вэ?

Юуны түрүүнд электрон машины борлуулалт хэр хурдацтай өсөх талаар таамаглал хийе. Өнгөрсөн жил электрон машины борлуулалт дэлхий даяар 60 гаруй хувиар өсчээ. Энэ нь тун сонирхолтой өсөлтийн хувь бөгөөд учир нь Тesla компаниас гаргасан таамаглалаар 2020 он хүртэл тус компанийн борлуулалтын хэмжээ 60 хувь байна гэж тооцжээ. Мөн 1910 онд Ford компанийн нийтэд танилцуулсан Model Т загварын машин морь, морин тэргийг орлож зах зээлд гарахдаа 60 хувийн өсөлтийг үзүүлсэн аж.

Илүү тодруулбал нарны эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт 50 орчим хувьтай байгаа бол ЛЕД гэрэлний борлуулалт жилд 140 гаруй хувиар өсч байна.

Bloomberg-н зүгээс танилцуулдаг судалгаанд электрон машины зах зээл дэхь өсөлт жилийн мөн л 60 хувьтай байх таамаглалтай гарчээ. Мөн тооцооллоор 2023 он гэхэд электрон автомашин нь өдөрт 2 сая гаруй баррель газрын тосны эрэлтийг орлох аж. Энэ нь 2014 оны газрын тосны хямралтай адил нийлүүлэлтийн илүүдэлтэй нөхцөл байдлыг авчирах юм.

Таамаглалын загварт электрон машины үнийг арай өндөр байхаар тооцвол 2028 онд газрын тосны нийлүүлэлт ихэсч хямрал болох магадлалтай байна.

BNEF-н шинжээч Salim Morsy мэдэгдэхдээ “ямар ч нөхцөл байдлаар таамагласан 2040 он гэхэд нийт машины зах зээлийн 25-50 хувь нь электрон машинаар орлуулагдах болно” гэжээ. Тус таамаглал нь электрон машины эзэмшигчээс гарах зардалд голчлон суурилж тооцоолсон бөгөөд шатахууны үнэ болон зай хураагуурын үнийг харьцуулж тооцсон байна.

Зай хураагуурын нь электрон машины өртөгийн 1/3-г эзэлдэг. Гэхдээ дараах 4 хүчин зүйл биелэж байж электрон машин дэлхийн нийтийн хэрэглээ болох аж.

  1. Засгийн газрын зүгээс өртөг бага байхад анхаарч урамшуулал олгох
  2. Үйлдвэрлэгчид хамгийн бага ашгийн хэмжээг хүлээн зөвшөөрч ажиллах
  3. Хэрэглэгчид электрон машиныг худалдан авах хүсэл давамгайлж байх
  4. Зай хураагуурын үнэ боломжит хэмжээнд буурах

Дээрх хүчин зүйлийн эхний гурав нь яг одоо өрнөж байгаа хэдий ч тогтвортой үргэлжилж чадахгүй байгаа бол зай хураагуурын үнэ буурч мөн зөв чиглэлдээ явж байна.

Өөр нэг сонирхолтой асуулт нь электрон машинд хэрэглэгдэх бүх цахилгаан эрчим хүч хаанаас бий болох вэ? 2040 он гээд электрон машинууд 1,900 тераватт цаг эрчим хүч ашиглана гэж BNEF байгууллага тодорхойлжээ. Энэ нь хүн төрөлхтөний өнгөрсөн жил үйлдвэрлэсэн эрчим хүчний 10 хувьтай тэнцэх дүн юм. Сайн мэдээ гэвэл дэлхий даяар салхи, нарны сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж буй эрчим хүчний нийлүүлэлт нь тогтмол өсч нүүрс, байгалийн хий, газрын тосны хэрэглээг орлож байгаа юм. Электрон машин нь баттери хураагуурын зардлыг бууруулж, нар салхины эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд туслах гол хүчин зүйл.

Нөгөө талаас зайнд ашиглагддаг лити болон бусад сэргээгддэггүй материалууд яах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. BNEF үүнд хариулт өгөхийн тулд хийсэн судалгаандаа 2030 он гэхэд зай хураагуур нь лити, никель, мангань болон зэсийн нийт мэдэгдэж буй нөөцийн 1 хувиас бага хэмжээг хэрэглэх тооцоотой байгаа тул үүнд санаа зовох хэрэггүй гэсэн байна. Мөн дэлхийн нийт кобалть гэх металийн 4 орчим хувь л шаардлагатай аж. 2030 оны дараагаас шинэ зай хураагуур хийхэд өөр төрлийн химийн элемент, эд материал шаардагдах хэмжээнд хөгжих ба илүү жижиг, илүү хөнгөн, илүү хямд болох аж.

Тиймээс ирэх жилүүдэд илүү олон электрон машин зах зээлд нэвтэрч тэр хэмжээгээр газрын тосны хэрэглээ багасч эрэлт буурах төлөвтэй байгаа юм.       

arrow icon