АРДЧИЛСАН НИЙГМИЙН УУРАГ ТАРХИ, ЗҮРХ НЬ ХЭН БЭ, ЮУ ВЭ? (1)

УЛС ТӨРИЙН ЛИБЕРИАЛИЗМ : ДЭЛХИЙД ХАРАНХУЙ ЗАСАГ МӨХӨЖ, УХААЛАГ, ХУУЛИЙН ЗАСАГ НОЁЛЖ БАЙНА

Харвардын их сургуулийн профессор Ж.Роулсын “Улс төрийн либериализм” бүтээл орчуулагдсан нь ардчилсан сонголт хийсэн Монголчуудын хувьд ардчилсан нийгэм, ардчиллын ба улс төрийн үнэт зүйлсийн ухамсар, сэтгэлгээгээ шинэчлэх, улам бүр тэлэхэд асар том оюуны хөрөнгө оруулалт болж байна.

Судлаачид, улс төрчид, олон нийтэд уг “Улс төрийн либериализм” бүтээлийг шимтэн уншихыг уриалах, “Шударга ёс болсон зүй ёс”-ны үзлийн утга санаа, шалгуураар Монголын ардчиллын хөгжлийн 26 жилийн туулсан зам, бахархах сайн үйлс хийгээд ил, далд аюул, согог юу болоод байгаад анхаарлаа хандуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэж чин сэтгэлээс хүсч, “Улс төрийн либериализм” юу өгүүлэн сануулж байгаад товчхон судалбар хийлээ.  

АРДЧИЛСАН НИЙГМИЙН УУРАГ ТАРХИ, ЗҮРХ НЬ ХЭН БЭ, ЮУ ВЭ ?

           ӨНӨӨГИЙН ЗАСАГЛАЛЫН  ИЛ, ДАЛД АЮУЛ, СОГОГ НЬ ЮУ БАЙНА ВЭ ?  

            Улс төрийн либериализм, түүний нэг чиглэл болох “шударга ёс болсон зүй ёс”-ны үзлийн үндсэн санаа юуг өгүүлдэг вэ?

Ухаалаг, сайн зохион байгуулалттай, Үндсэн хуульт ардчилсан нийгэм орших үндэс нь :

Эрх чөлөөт, тэгш эрхт, ёс суртахууны 2 хүч (сайн зүйлийг ойлгох болон зүй ёсыг мэдрэх чадвар) бүхий иргэд

Үндсэн хуульт ардчилсан тогтолцоонд улс төрийн харилцааны онцлог нь улс төрийн эрх мэдэл эцсийн дүндээ эрх чөлөөт, тэгш эрхт, иргэдийн эрх мэдэл байдаг. Үндсэн хууль нь улс төрийн эрх чөлөөг онцолсон 2 нөхцөлд тулгуурладаг : Нэгд. ард түмэн улс төрийн эрх чөлөөтэй, тийм учраас өөрсдийгөө хамтаараа засагладаг, Хоёрт. иргэд улс төрийн эрх чөлөөтэй, тийм учраас хүмүүсийн биш хуулийн засаглал оршдог. Франк Майклмэн. Дээд хууль болох ардчилсан Үндсэн хууль нь улс төрийн шударга процедурыг тодорхойлж, суурь эрх чөлөө, түүнийг дээдлэх явдлыг хамгаалагч хязгаарлалтыг бий болгодог.   

Бие даасан, хараат бус шүүхийн тогтолцоо

Ардчилсан Үндсэн хуулийн сургаалд нийцсэн шийдвэр гаргах онолын максим, нийгмийн үнэт зүйлсийн тэнцвэрийн сүлжээг дээд зэргээр ихэсгэхэд зайлшгүй гэсэн утгаар  ард түмний төлөө тус тусын үүрэг, хариуцлага хүлээдэг суурь бүтэц буюу шударга ёсны тогтолцоог бий болгодог.

Дээд шүүх нь олон түмний оюун ухааны жишээ болж үйлчилдэг онцгой эрх мэдэл. Дээд хуулийг тайлбарлах, хамгаалах үндсэн эрх мэдэл бол Дээд шүүх. Дээд шүүх нь явцуу ашиг сонирхлоор Үндсэн хуулийн мөн чанар, суурь зарчим, үнэт зүйлийг зөрчигдөхөөс ямагт урьдчилан сэргийлэх ёстой. Энэ агуулгаар хууль, бодлого шийдвэр нь Үндсэн хууль, зүй ёс, олон түмний оюун ухааны улс төрийн үнэт чанарт нийцсэн эсэх, шударга эсэхийг хянах чиг үүрэгтэй.  

Зүй ёсны зарчмууд нь ухаалаг бие хүмүүс нийгмийг журамласны үр дүн.

Суурь эрх, эрх чөлөөг баталгаажуулах, улс төрийн шударга процедур, суурь бүтцийг журамлахад зарчмууд чухал үүрэгтэй.

1. Тэгш эрх, эрх чөлөөний зарчим. Хүн бүр эрх, эрх чөлөөг эдлэх, эрмэлзэх адил тэгш эрхтэй.

2.  Ялгааны зарчим. Уг зарчмын үүрэг бол шударга, тэгш бололцоог хангах, нийгмийн нөөц баялагийг үр ашигтай, шударга хуваарилахын тулд нийгэм, эдийн засгийн системийг зөв журамлах. Зарчмын гол агуулга нь :

- бүх хүнд нээлттэй, шударга, тэгш бололцоо олгосон нөхцөл дахь албан тушаал, эрх мэдэл,

- нийгмийн эмзэг хэсгийнхэнд ашиг тусаа өгсөн нөхцөл дахь нийгмийн нөөц баялагийн хуваарилалт зайлшгүй хэрэгжих ёстой, энэ тохиолдолд тэгш бус байдлыг зөвшөөрч болно.

Нийгэм эдийн засгийн тэгш бус байдал байнга өөрчлөгдөж байх ёстой, тэгснээр тэгш бус байдлын түвшин их, бага ямар ч байлаа гэсэн нийгмийн эмзэг хэсэгт ашигтай тусна.

Шударга хууль

Хууль нь Үндсэн хууль, зүй ёсны зарчмуудад тохирч байх ёстой. Хуулийн систем нь албадлагыг биш ёс суртахууны үүрэгт ач холбогдол өгсөн, жинхэнэ үүрэг гэдгийг зөв ойлгуулсан агуулгатай тохиолдолд тодорхой эрхийг дээдэлж болно.   

Шударга хууль бол ёс суртахууны хуультай зохицсон дүрэм журам. Шударга бус хууль бол ёс суртахууны хуультай зохицоогүй дүрэм журам. М.Л.Кинг    

Хүний хувь шинжийг дээш өргөж байгаа бүх хууль зөв, шударга. Хүний хувь шинжийг доройтуулж байгаа бүх хууль шударга бус. Гэгээн Фома Аквин.

Оюун ухааны чин эрмэлзэл бүхий ардчилсан иргэд өөрсдийгөө “хамгийн ухаалаг хууль зохиогчид” гэж үзэж, зүй ёс ба улс төрийн үнэт зүйлсийн мэдрэмжтэй байж, олон түмний олноо түгсэн, ухаалаг оюуныг зөрчсөн хэнийг ч эсэргүүцэх явдал нь ардчилал орших суурь нөхцөл болно.     

Олон түмний оюун ухаан

Ардчилсан нийгэм нь төвлөрсөн эрх мэдлээс гаргасан дүрэм, журмаар биш, харин олон түмний хүлээн зөвшөөрсөн дүрэм, журам, процедур, олноо түгсэн ухаалаг үзлээр дэмжигдсэн хамтын ажиллагааны шударга систем юм. Үндсэн хуульт мөн чанар,  зүй ёс, улс төрийн үндсэн асуудлууд олон түмний оюун ухаанаас ангид шийдвэрлэгдэх ёсгүй, олон түмний оюун ухааны ухаалаг баримтлал, улс төрийн үнэт чанар нь бодлого, шийдвэр гаргах, тэдгээрийг үнэлэх шалгуур, үндэс болно.    Олон түмний оюун ухаан, олон түмний хяналт хэрэгжих нэг хэлбэр нь олон түмний үзэл санааны хязгаарлалтгүй харилцан солилцоо буюу чуулган, хэлэлцүүлэг явуулах асуудал нээлттэй, чөлөөтэй байх, энэ нь зарчмын хэлбэртэй болсон байх явдал.  Ардчилсан нийгэмд олон ухаалаг ба ухаалаг бус  олон үзэл байх нь гайхах зүйл биш.

Гэхдээ ардчилсан нийгмийг дэмждэггүй сургаалыг ухаалаг гэж үзэхгүй. Зарим иргэд агностицизм, спектицизм, догматизм зэрэг ухаалаг нь эргэлзээтэй үзлээс өөр ухаалаг сургаалтай танил бус байх нь байна. Ухаалаг нь олноо түгж, ухаалаг бусыгаа хянаж, давамгайлж, бас нийгмийн тогтворт байдлыг дэмжих үүрэг гүйцэтгэнэ.    

Ардчилсан нийгэм дэх шашин, философи, ёс зүйн олноо түгсэн, ухаалаг сургаалиудын олон талт байдал нь эрх чөлөөт орчин дахь олон түмний соёлын байнгын нэг нөхцөл, шинж. Эсрэг тохиолдолд эрх мэдлийг дарангуйллын арга замаар ашиглахад хүрэх учир улс төрийн либериализм нь тухайн ухаалаг сургаалуудыг няцаадаггүй, улс төрийн хувьд зохистой гэж үздэг.  

Санал нэг тохироо буюу олноо түгсэн сургаалиудын давхцагч зөвшилцил нь ардчилсан нийгмийн улс төр, соёлын мөн чанар.

Санал нэг тохироо бол нийгмийн нэгдлийн хамгийн ухаалаг үндэс. Улс төрийн ойлголт, асуудал олноо түгсэн, ухаалаг сургаалиудын “санал нэг ухаалаг тохироо”-оор дэмжигдсэнээр ардчилсан нийгэм сайн зохион байгуулалттай, тогтвортой болно, улс төрийн гүнзгий хуваагдлаас сэргийлнэ.

Санал нэг тохироогоор ухаалаг сургаалиуд өөр, өөрийн гэсэн үзлийг шингээсэн улс төрийн баримтлалыг батлан зөвшөөрнө, зөвшилцлийг хийсэн сургаалуудыг тухайн нийгмийн улс төрийн идэвхтэй иргэд зөвшөөрсөн тохиолдолд тогтвортой байдал бий болох боломжтой.

Давхцагч зөвшилцөлд улс төрийн баримтлалыг хүлээн зөвшөөрөхүй нь ялгаатай үзэл баримтлагч хоорондын буулт биш, харин иргэн бүрийн “үнэн, зөв, сайн” хэмээн баталдаг олноо түгсэн сургаал дотор тодорхойлогдсон үндэслэлийн нийлбэр буюу төв цэг,  зангилаа болсон улс төрийн ойлголцлын таарах нийцлээс хамаарна. 

Суурь бүтцийг зөв журамлах асуудал 

Суурь бүтэц (улс төр, эдийн засаг, нийгмийн гол байгууллагууд)-ийг оновчтой хууль, бодлого, шударга нийгмийн төлөө бүтцийн зарчмын хүрээнд, зүй ёсны талаарх улс төрийн хамгийн ухаалаг ойлголтоор үр дүнтэй журамлах, гэхдээ энэ нь нийгэм дэх олноо түгсэн бүх ухаалаг сургаалаас тогтсон “санал нэг тохироо”-гоор батлагдсан байх шаардлагатай.    

Суурь бүтэц нь суурь эрх чөлөөг тогтоох, хамгаалах, шударга, нээлттэй, тэгш бололцоог хангах, эмзэг хэсгийнхэнд ашигтай байх зэрэг нийт эрх ашгийн шаардлагад нийцэх, суурь зүй ёсыг тогтоох, хадгалж, хамгаалахын тулд тулгарч буй шаардлагад зохицон өөрчлөгдөх, тохируулга хийгдэж  байх ёстой, эс тэгвээс шинэчлэлийн төлөөх зорилго, хүсэл эрмэлзэл үгүй болно.  Гэхдээ суурь бүтэц ялангуяа Засгийн газрын бүтцийг зөвхөн улс төрийн зүй ёс, эсвэл ерөнхий сайн сайхан өөрчлөлтийг шаардаж байгааг туршлага харуулсан цагт өөрчилж болохоос аль нэг нам, бүлгийн улс төрийн давуу тал дээр дөрөөлөн хийж болохгүй.    

Улс төрийн зохион байгуулалттай эрх ашгийн төлөө, мөнгөний байнгын эрэлд байгаа үед улс төрийн ардчилсан систем ажиллаж чадахгүй, уг системийн зөвшилцлийн эрх мэдэл саажсан байдаг.

“Үл үзэгдэх гар” нь юмсыг буруу чиглэлд хөтөлж, олигопол (хэдхэн хүний хооронд өрсөлдөөн явагддаг хязгаарлагдмал зах зээл бүхий нөхцөл) байдлыг дэмжиж буй үед шударга бололцоог хязгаарлаж, тэгш бус байдлыг өөгшүүлдэг болохыг шударга ёс болсон зүй ёс сануулж байна.

(Үргэлжлэл бий.)  

 

Г.Ганбаатар


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%