Нус цэр шүлс агаараар дамжиж өвчин болоод аманд буцаж ордог

Их хотын гудамжинд их л ганган залуу сурамгай гэгч нь нусаа нийж байгаа нь харагдана. Мэдээж энэ бол тааламжтай үзэгдэл биш. Японы нэгэн монголч эрдэмтэн өөрийн номондоо гайхаж, биширсэн аястай дараах зүйлийг өгүүлсэн байдгийг та уншиж л байсан биз дээ. Түүний хэлсэн үгнээс багахан хэсгийг нь сонирхуулбал,

Яагаад монголчууд нусаа ийм сүрхий техниктэй нийж чадна вэ, хавар болсон олон улсын бөхийн тэмцээний үеэр монголын нэг тамирчин өөрөөсөө метр гаруй зайтай байсан хогийн сав руу нусаа маш мэргэнээр нийж оруулсан билээ. Тэгэхэд нь, үзэгчдийн суудалд сууж байсан би болон миний ойр зэрэгцэн суусан Хойд Солонгосын тамирчин, Ираны бөх бид гурав түүнийг хараад ёстой л мэл гайхан, цэл хөхөрч билээ. Нус цэрнээс гадна шүлсээ хаяхыг монголчууд ёстой үзүүлээд өгөх юм. Нусаа гудамжинд нийж хаях гэгч Монголын уламжлалт ёс заншил болов уу ч гэж заримдаа бодогдох юм”

хэмээн бичсэн байдаг.

Газарт нулимсан шүлс, цэр, нуснаас улбаалж сүрьеэ өвчний нян маш ихээр дэгддэг аж. Тиймээс манай улс шиг агаарын өндөр бохирдолтой орчинд хүн болгоны хамар, түүний доорх “хагархай”-наас гарах шүлс хүртэл өвчний эх үүсвэр ч болдог байна.  Тиймд төрийн зүгээс нийтийн эрүүл мэнд, ёс зүйн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор хууль баталж, хэрэгжүүлж эхэлсэн.  

Бусад улсууд энэ тал дээр ямар арга хэмжээ авсан байдаг талаар товчхон сийрүүлбэл:

  • Япон улсад олон нийтийн газар шүлсээ хаяж байгаад баригдсан тохиолдолд 1000-10000 иенээр (монгол мөнгөөр 21800-210800 төгрөгөөр) торгодог аж.
  • Харин Азийн бар Сингапурт олон нийтийн газар шүлсээ хаясан тохиолдолд 500 сингапур доллароор торгодог байна.
  • Өмнөд Солонгос улсад олон нийтийн газар шүлсээ хаясан тохиолдолд 40 ам.доллар хүртэлх хэмжээгээр торгоно.
  • Хамгийн ихээр шүлс, нусаа хаядаг, магадгүй манай орны өмнө эсвэл хойно ч орж болох Бээжин хотын иргэдийг эрх баригчид нь олон нийтийн газар шүлсээ хаясан хүний торгуулийн хэмжээг арав дахин нэмж, 70 ам.доллар болгосон байна. Мөн нулимахдаа алчуур хэрэглэхийг санал болгож, Бээжингийн ёс зүйн хорооны сайн дурын ажилтнууд нь гудамжинд үнэгүй алчуур тараадаг болжээ.

Манайд, Эрүүл ахуйн тухай хууль буюу яг энэ нус, цэртэй холбоотой хууль нь батлагдаж, хэрэгжээд тун удаагүй байгаа. Уг хуулийн цухас хэсгээс  сонирхуулъя гэж бодлоо. Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8-д

Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглоно. Уг заалтыг зөрчсөн иргэнийг 22.4 дэх заалтаар 20 мянган төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно

гэсэн хуулийн заалт бий. Гэвч цагдаа хяналтын байгууллагаас хэн нус, цэрээ хаяхыг харах  гээд мөрддөг болох боломжтой эсэх нь одоогоор тодорхойгүй. Ер нь бидний хөгжлийг нь гайхдаг, дуурайхыг хүсдэг өндөр хөгжилтэй орнуудад бол иргэд нь хуулинд гэхээсээ ухамсартаа захирагдаж нус шүлсээ өөртөө хадгалах буюу салфетка, ариун цэврийн өрөө хэрэглэдэг. Бид ч бас хуулиар хориулж, мөнгөөр торгуулж байж болихоос илүү ухаалаг Монголын ухамсарт залуучууд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж амьдран суугаа хот, эх орноо хогийн сав, угаалтуур мэт үзэж шүлс, нусаар шүршихээ больё. 

Эцэст нь дахин сануулахад ам хамарнаас гарсан нус цэр агаараар дамжаад таны болоод үр хүүхдийн тань ам хамарт орж өвчин үүсгэдгийг битгий мартаарай. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4216

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%