Бага насны хүүхдэд ямар ном сонгох вэ?

Бага насны хүүхдийг номонд дуртай болгоход өөрийнх нь нас сэтгэхүйд тохирсон номыг сонгох ёстой. Тэдэнд хэт хүндэдсэн мэдээлэлтэй эсвэл, хэтэрхий энгийн (хөнгөдсөн) ном сонгох нь сонирхлыг нь бууруулж мэднэ. Тиймээс хүүхдэдээ номоо сонгож авахдаа тэдний насанд тохирсон эсэхийг нь хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдийн хөгжил маш хурдацтай, өдөр сараар хэмжигдэж өөрчлөгдөж байдаг тул хүүхдийн номонд насыг нарийн ангилж заасан байдаг.

3-6 сартай хүүхдэд зориулсан ном

3-5 хуудастай, зөөлөн материалтай, өнцөг нь мохоо байх ба нэг хуудсан дээр гурваас илүү өнгө тавиагүй, зурагт нэг л дүрсийг үзүүлсэн, текстгүй (эсвэл нэгээс хоёр үгээр тайлбарласан) байна. Тоглоомын хэлбэр оруулсан дуугардаг, мэдрэхэд зориулан өөр өөр материал ашиглан хийсэн байж болно.

6-18 сартай хүүхдийн ном

Зөөлөн материалан эсвэл хүүхдийн гарын ая даах хатуу картонон хуудастай, хурц ирмэггүй байна. Зургийн дүрсүүд том, дүрсүүдийн хооронд уялдаа холбоогүй, текстгүй, эсвэл богино тайлбартай, 10 хүртэлх хуудастай байвал зохимжтой. Сөхөгддөг, түлхдэг, дардаг дүрсүүдтэй байвал хүүхдэд бүр илүү сонирхолтой байх болно.

18-24 сартай хүүхдийн ном

Мөн л хатуу картонон хуудастай, хурц ирмэггүй, байх ба харин дүрсүүд нь хоорондоо уялдаа холбоотой болж ирнэ. Мөн богино хэмжээний текст байж болно. Агуулга нь хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбоотой байх нь чухал.

 2-оос дээш насны хүүхдийн зурагт ном

Сэдвийн хувьд өргөжиж, богино дуу, шүлэг, богино үлгэр, танин мэдэхүйн холбогдолтой энгийн тексттэй болж агуулга нь баяжсан байна.

 Аав ээж нь тухлан сууж ном уншдаг, номоос хоолны жор харж амттан бэлтгэдэг зэргээс хүүхдүүд унших үйл явц сонирхолтой болохыг мэдэрч байдаг. Тийм л учраас тэд аав ээжээрээ ном уншуулахдаа маш дуртай. Заавал аав ээж гэлтгүй эмээ өвөө нь, ах эгч нь, багш нь, асрагч нь бүгд л уншиж өгч болох нь мэдээж. Гэртээ номын сантай, аав ээж нь ном уншиж нүдэнд дасал болсон дүр зургаас ном амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг хүүхэд багаасаа мэдэж авна.

Хоолыг гал тогоонд бэлтгэдэг, цэцгийг цонхны дэргэд гэрэлтэй газар байрлуулдагтай адил хүүхэдтэйгээ хамт ном үзэж, уншиж өгөхөд тохиромжтой орчин гэж бий. Номоо аваад анхаарал сарниулах зүйлсээс  хол (зурагт, радио, гар утсаа унтраах гэх мэт) намуухан аядуухан орчинд хүүхдээ дэргэдээ, өвөр дээрээ суулгаад уншаарай.


avatar
    • С. Ариука
    • 202.179.31.*

    Гоё болж хэрэгтэй мэдээлэл бн

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4675

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%